...Үд дундын үед хүн хөл тасардаггүй Бөмбөгөр худалдааны төвийн хүнсний тасгийг зорилоо. Зах худалдааны төвүүд дундаа хамгийн эрэлттэй, Барс бөөний төвийн дараа ордог энэ төв биднийг очих үеэр ил хуль, хүнгүй шахам байна.
Ганц хоёрхон худалдан авч гурил, будааны үнэ асууж, хий дэмий нааш цааш холхино. Зарим нь лууван, төмсөө грамлаж аваад, торны дундуур ногоо, ганц, хоёр кг гурил, будаа аваад гарч байгаа харагдана. Лангууны ард ярайтал зогссон хэдэн худалдагч хүний бараа хармагцаа “Юу авах вэ, асуугаарай” хэмээн булаацалдах шахам ам уралдахаас өөрөөр чимээ алга тэнд.
Гэтэл энэ нам гүмийг эвдэж гэнэт нэг өвгөн чанга дуугаар худалдагч залуутай маргаж эхлэх нь тэр. Хүн багатай болоод ч тэрүү тэдний маргаан худалдааны төвийг амь оруулах шиг боллоо. Дөхөөд очвол өвгөн “Өнгөрсөн долоо хоногт би танайхаас үүнийг 2500 төгрөгөөр авсан. Долоо хоногийн дотор 500 төгрөг нэмээд байвал тэтгэврийн хэдэн хөгшчүүл бид яаж амьдрах болж байна” хэмээн худалдагч залуу руу уурлаж байх.
.jpeg)
Өмнөөс нь худалдагч “Та бидэнд уурлаад яах вэ, шатахууны үнэ нэмэгдээд бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж ирээд байна шүү дээ” хэмээн тайлбарлаж байлаа. Учрыг нь лавлан асуувал өнгөрсөн долоо хоногт 2500 төгрөгийн үнэтэй байсан 300 граммын “Нүүдэл” гоймон 3000 төгрөг болж, 500 төгрөгөөр үнэ нь нэмэгджээ. Гэтэл өвгөн худалдагч залуу руу уурлаж “Та нар хэдэн хувийн ашиг харж байгаа болоод хэдхэн өдрийн дотор 500 төгрөг нэмэх билээ” хэмээн бухимдсан гэдгээ тайлбарлав.
Ийн өдөр бүр л худалдагч, худалдан авагчдын дунд маргаан гарах нь наад захын ажил болжээ. Бухимдсан өвгөн хоёр гоймон авахаар орж ирсэн ч яалт ч гүй үнэ нь өссөн тул нэг гоймонгоо аваад буцлаа. Өвгөнийг явсны дараа худалдагч “Ер нь энэ шатахууны хомстол, дизель түлшний үнэ нэмэгдснээс болоод өдөр болгон л өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, иргэд хоногийн хоолтойгоо арай хийн залгаж байна. Авсан тэтгэвэр, цалин нь сарынхаа хэрэглээнд хүрэхээ больчихоор бухимдах нь ч аргагүй биз. Борлуулагчаас үнэ нь нэмэгдээд ирж байгааг бид ч яаж ч чадахгүй л байна” хэмээн учирллаа.
ГУРИЛ БУДААНЫ ҮНЭ 200-300 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДСЭН

Хажууханд нь зогсож буй өөр нэг худалдагч “Эгчийнхээ нүүрийг ил битгий гаргаарай, хүүхдүүд фэйсбүүкээс хараад уурлана” хэмээн учирлаад “Хүсний бүтээгдэхүүний үнэ шатахууны үнийн өсөлттэй холбоотой нэмэгдсэн. Сүүлд гурил 100-150, будаа 200-300 төгрөгөөр нэмэгдсэн. Харин ургамлын тос зэрэг импортын барааны үнэ одоогоор гайгүй байна. Манайх уг нь сар болгоны эхэнд бараагаа татдаг. Шатахууны үнэ нэмэгдсэн гээд дахиад л нэмэгдээд ирэх байлгүй. Одоо хүмүүст үнэ нэмэгдсэн гэж хэлэхээс ч хэцүү болж байна. Зарим нь ч яах вэ ойлгоно. Бид чинь ялгаагүй хоногийн хоолоо олох гэж байгаа хүмүүс шүү дээ. Хүмүүст шуналтай, баян цатгалан гэж хэлүүлэх ч наад захын ажил. Түрээсийнхээ төлбөрөөс илүү гарч чадахгүй шахам л байна даа” гэв.
Тус худалдааны төвд гурил кг нь 2500-2800 төгрөг, бээжин будаа 3500, Шинэ ургацын будаа 4000 төгрөг, бусад төрлийн будаа 4200-5000 төгрөгийн үнэтэй байлаа.
ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР БУУРЧ, ИРГЭД ХҮНСНИЙ НОГООГОО ШИРХЭГЛЭЖ АВДАГ БОЛСОН
.jpeg)
Гурил, будааны тасгийн урд хэсэгт хүнсний ногооны хэсэг бий. Энэ хэсэг ч мөн хүн багатай байна. Хамгийн урд хэсэгт байх хүнсний ногооны худалдагчийг Г.Очирбат гэдэг. Түүний хувьд Бөмбөгөр худалдааны төвд 30 гаруй жил ногоо зарж байгаа юм байна.
Тэрбээр “Би 30 гаруй жил хүнсий ногоо зарахдаа худалдан авалт ийм муу байхыг үзсэнгүй. Би бас худалдан авагчдаа чамгүй сайн мэднэ. Байнгын ч үйлчлүүлэгчтэй. Гэтэл одоо өдөржин зүгээр шахуу сууж байна. Нэг кг төмс авах чадалтай байсан хүн төмс луувангаа ширхэглэж авч байгаа бол 5,6 кг ногоо авдаг байсан айл нэг кг авдаг болж байна. Байцаа хувааж зардаг бол хувааж авах ч хүн байдаг боллоо. Жижигхэн байцаа байна уу гэж л шилж авдаг болчихоод байна шүү дээ. Манайх сүүлд татан авалт хийхэд хүсний ногоонууд бүгд 200-300 төгрөг үнэ нь нэмэгдэж ирсэн. Дотоодын ногоо ч бас арай гайгүй байна.

Тухайлбал, сарын өмнө хятад байцаа 2800 төгрөг байсан бол одоо 3000 мянгөн төгрөг болсон байна. Монгол лууван 3000, монгол төмс 3000 төгрөг, монгол сонгино 5000 төгрөгийн үнэтэй байна. Өнгөрсөн жил төмсний ургац алдсан учраас энэ жил төмс үнэтэй байгаа. Шуудай төмс 95 мянган төгрөгөөр авч байгаа шүү дээ. Иргэдийн худалдан авах чадвар асар муудсан” гэлээ.
Ийн биднийг хэсэгхэн зуурт ярилцах хооронд хоёр хүн ирж, төмс, лууван, байцаа гэхчлэн цөөхөн нэр төрлийн ногоо аваад гарч байлаа.
Худалдан авагч Н: Уг нь би мах худалдаж авахаар энд ирсэн юм. Махны үнэ хүнсний ногооны үнээс ч аймар өссөн байна. Би ихэвчлэн гурил будаагаа бөөнөөр нь авчихдаг юм. Харин өнөөдөр багахан хүнсний ногоо авлаа. Өмнө нь 10 мянган төгрөгт тор дүүрэн ногоо аваад гардаг байсан юм. Сая 20 мянган төгрөгөөр долоо хоногийн хүнсний хэрэгцээгээ авлаа. Мах, нарийн ногоо бол одоо бараг тансаг хэрэглээ болох нь. Төмс, лууван, байцаа, сонгино аваад л 20 мянган төгрөг болж байна даа. Тэтгэвэр ч нэмэгдэхгүй, барааны үнэ өсөөд байх юм.
БӨМБӨГӨР ХУДАЛДААНЫ ТӨВД ҮХРИЙН ЦУЛ МАХ 29-33 МЯНГА, ХОНИНЫ МАХ 25-26 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

Бөмбөгөр худалдааны төвийн нэг давхарын зүүн урд жигүүр байх махны лангуу мөн л ил хуль, хүнгүй шахам байна. Тус төвд үхрийн цул мах 33 мянга, үхрийн ястай мах 29 мянга, хонины цул мах 26 мянга, хонины ястай мах 25 мянган төгрөгийн үнэтэй байна.
Ийн худалдааны төвүүд хүнгүй шахам, худалдан авалт эрс буурчээ. Тэгвэл Үндэсний статистикийн газраас гаргасан 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 9.2 хувиар өссөн байна. Харин өнгөрсөн долоо хоногоос 1.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
| ИРГЭД ҮНИЙН ӨСӨЛТӨД “ӨРЦЛҮҮЛЖ”, ХҮНСНИЙ ЗАХУУД ХҮНГҮЙДЭЖ БАЙНА |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |