• Өнөөдөр 2024-04-24

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: НААДМЫН НЭЭЛТИЙГ ЦОМХОН ТӨЛӨВЛӨЖ, БЭЛТГЭЛ 70 ХУВЬДАА ХҮРЧЭЭ

2022-06-29,   532

              Үндэсний их баяр наадам болоход 11 хоног үлджээ. Хүүхэд, хөгшидгүй үндэсний хувцсаараа гоёж, нижгэр баярлах өдрүүдийг иргэд тэсэн ядан, сэтгэл догдлон хүлээж байна. Цар тахлын улмаас Үндэсний баяр, наадмаа тэмдэглэлгүй хоёр жил “өнжиж”, урлаг соёлын арга хэмжээ хаалттай байлаа. Тэр ч утгаараа энэ жилийн баяр наадамд монголчууд ихээхэн ач холбогдол өгч байгаа бололтой.  

Түүхэн ойг нөхөж тэмдэглэх баяр наадмын бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгааг сурвалжилхаар өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнг зорилоо.

           

-ОЛОН ЖИЛ ЗАСВАР ХИЙГЭЭГҮЙ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН ӨНГИЙГ СЭРГЭЭН БУДАЖ БАЙНА-

              Баяр наадам гэхээр стадион буюу Төв цэнгэлдэх хүрээлэн төсөөлөгддөг. Наадмын талбайд хуран цугларсан иргэд эрвийх, дэрвийхээрээ гоёж үндэсний баяраа өргөн тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн тухайд төрөөс ч, түмэн олноос ч баяр наадмыг хэрхэн зохион байгуулах бол гэсэн битүүхэн эргэлзээ, багахан хүлээлт үүсжээ. Өчигдөр биднийг их үдийн алдад Төв цэнгэлдэх хүрээлэнд очиход олон жил засвар хийгээгүй, хуучирч гандсан талбайн өнгийг сэргээж, будаж байлаа. Мөн хуучирч гандсан үзэгчдийн суудлыг шинэчлэн, шаардлагатай засварын ажлыг хийж байгаа харагдана. Стадионы гадна ч, дотор ч цагтай уралдаж ажиллах олон хүн байна. Бүгд л өөрийн гэсэн үүрэгт ажлаа хийж, бусдыг анзаарах ч зав алга. Төв цэнгэлдэхийн гадна хэсгийн өнгө үзэмж, сэргэж будгийн үнэр ханхална. 
        Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайн голд тайз засжээ.  Тайзан дээгүүр ижил хувцсаар хосолсон ихэр хүүхдүүд, багшийн хэлсний дагуу нааш, цааш алхаж, бэлтгэлээ хангаж байлаа. Мөн талбайн голд дэвссэн ногоон зүлгэн дээгүүр цэргийн хувцастай хүмүүс их бэлтгэлийн дараа түр амс хийгээд сууж байгаа бололтой харагдав. Талбайн сандлыг шинэчлэх ажил ид өрнөж, хуучин сандлуудыг нь хүний хөлнөөс хол овоолоод орхижээ.  
 
       
       Төв цэнгэлдэх хүрээлэнд түмэн олон бужигнаж, наадмын бэлтгэлийг өглөөнөөс үдэш хүртэл хийж байгаа гэнэ. Бид бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Т.Нямдаваатай холбогдож, тодруулсан юм.
        Тэрбээр “Баяр наадмын бэлтгэл ажил эхэлсэн. Миний хувьд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилт, үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Гэрэлтүүлэг, сандал, зам, зүлэг засварлаж, шинэчлэн, нийтийн бие засах газрыг нэмэгдүүлж байгаа. Санхүүжилтийн тухайд Баяр наадмыг зохион байгуулах комисс, нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэл, хувийн аж ахуйн нэгж зэрэг газраас дэмжлэг үзүүлсэн.
    Тохижилт үйлчилгээнд салбараасаа хамаараад олон хүн ажиллаж байна. Засвар, тохижилтын ажил зургадугаар сарын эхээр эхэлсэн. Цаг хугацааны хувьд нэлээн давчуухан байлаа. Гэсэн хэдий ч бүх ажлыг амжуулах гээд хичээж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд ковидоос болоод Төв цэнгэлдэх хүрээлэнд наадам зохион байгуулаагүй. Тиймээс энэ жил иргэдийг тав тухтай, сэтгэл ханамж дүүрэн баярлаад гараасай гэж хүсэж байна. Одоогийн нөхцөл байдал бол өмнөх жилүүдийнхтэй адил зохион байгуулалт хийгдэж байгаа. Халдвар хамгааллын хэрхэн сахиулах талаар мэдээлэл алга. Наадмын үйл ажиллагааг угтсан тохижилт, засварын ажил одоогоор 70 хувьтай байна” гэсэн юм. 

-СОЁЛ, УРЛАГИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БЭЛТГЭЛ АЖИЛ 70 ХУВЬТАЙ БАЙНА-

           Баяр наадамд соёл урлагийн арга хэмжээ томоохон үүрэг гүйцэтгэдэг. Урлаг, соёлыг үзүүлбэрүүд болон тухайн найруулагчийн ур ухаан шингэж тухайн жилийн наадмын өнгө аясыг тодорхойлдог билээ. Энэ жилийн наадмын Ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллаж байгаа.
 
       Бид соёл, урлагийн арга хэмжээний талаар баяр наадмыг зохион байгуулах комиссын гишүүн Ардын жүжигчин Б.Жаргалсайхантай холбогдлоо.Тэрбээр “Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж байна.Энэ жилийн баяр наадмын урлаг соёлын арга хэмжээний бэлтгэл 70 хувьтай явж байна. Соёл урлагийн арга хэмжээ “Монгол бахархал” гэсэн долоон дэд хэсэгтэй байхаар төлөвлөгдсөн. Мөн цар тахлаас өмнө баяр наадмыг олон хүнийг оролцуулан бэлтгэл сургуулилалт, үзүүлбэрүүдийг хийдэг байсан. Баяр наадмыг зохион байгуулах комиссоос  энэ жил минималист хэв маягийг баримтлан ажиллаж байна. Тодруулбал, Зэвсэгт хүчний байгууллагын 700 гаруй алба хаагч наадмын нээлтийн арга хэмжээнд оролцдог байсан бол энэ удаад 200 гаруй алба хаагчыг хамруулж байна. Мэдээж хэрэг Улаанбаатар хотод соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллага, уран бүтээлчид болон СУИС, Хүүхдийн ордонтой хамтран оюутан, сурагчдын арга хэмжээнд харуулж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд баяр наадмыг цахимаар зохион байгуулсан.  Нэмэлтээр баяр наадмын үйл ажиллагааг шинэлгээр байх болов уу гэсэн хүлээлттэй байна.
      Мөн нээлт, хаалтын арга хэмжээг зохион байгуулна. Миний хувьд баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг хуучин шигээ өргөн, дэлгэр сайхан зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна. Бэлтгэл ажлыг хариуцан авсан хүмүүс сайн зохион байгуулж, хүч хөдөлмөрөө зориулж байгаа, үр дүнг үзэгчид дүгнэх байх.  Долдугаар сарын 4-ний өдөр баяр, наадмын комисс хяналт явуулдаг. Мөн долдугаар сарын 8-ны зохион байгуулж буй комисс шалгаж, үнэлэлт дүгнэлтээ хийнэ. Тэгж байж үзэгчидтэйгээ уулзах болно. Төв цэнгэлдэх хүрээлэнг зорин ирэх наадамчин олондоо хандаж хэлэхэд баяр наадмаа үзэхдээ хувь бэлтгэлээ сайн хийж, орчин тойрноо цэвэрхэн байлгахад анхаарч, соёлтой боловсон байгаасай. Мөн танихгүй ч гэсэн бусдыгаа хүндэлж сайхан наадаасай гэж хүсэж байна даа” гэлээ.

-ЗАСЛЫН АЖЛЫГ 5-6 ХОНОГИЙН ДОТОР ДУУСГАЖ, ХҮЛЭЭЛГЭЖ ӨГНӨ-

             Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орох, гарах хаалга, хананы будгийн ажлыг Н.Есөн-Эрдэнэ хийж байгаа аж. 
Тэрбээр “Би хувиараа ирж, цалин хөлсөө тохироод Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хана, хаалганы засал, чимэглэлийг хийж байна. Ерөнхийдөө Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалганы өнгө үзэмжийг засаж, сайжруулж байна. Энд ажиллаж эхлээд 15 хоног болжээ. Одоо 5-6 хоногийн дотор үлдсэн ажлуудаа дуусгаад хариуцсан хүнд нь хүлээлгэж өгнө гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Миний хувьд барилын ажил хийгээд 20 гаруй жил болж байна. Энэ жил баяр наадмыг хүлээх олон хүн байгаа. Тийм  болохоор энэ ажлыг хийж, өнгө үзэмжийг сайжруулж байгаадаа туйлын их баяртай байна. Та хэд анзаарсан бол гаднаас орж ирэхэд харагдах хаалганы өнгө, хамаагүй гоё сэргэсэн байгаа биз. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилт, дотоод засал нэлээн олон хүн байна. Энэ хэрээрээ сайхан болно байх гэж бодож байна даа” гэлээ. 
         Тэнд ажиллах олон хүн байна. Гэрэлтүүлэг, цэвэрлэгээ, сандал суурилуулалт, шал будах гээд салбар, салбараараа мэрийж, иргэдийг тав тухтай баярлах орчинг бүрдүүлэх гэж хичээн ажиллаж байлаа. 

-НААДМЫН ТАЛБАЙН ТАЙЗАН ДЭЭРЭЭС МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛНЭ ГЭХЭЭР ДОГДОЛЖ БАЙНА-

            Стадионы голд байршуулсан тайзан дээр алхах ихрүүдийг чиглүүлж, халуун наранд ажиллан буй багш болон хүүхдүүдийг хараад өөрийн эрхгүй бахархал төрсөн. Учир нь, тэнд сонсогдох дуу чимээ, нарны халуун илчинд өөрийгөө үл ажран зогсох хүмүүсийг харсан хэн ч бахархам. Ойролцоогоор 20-25 ихрүүд цугларсан байсан. Хаанаас нь ч  харсан хачин адилхан хүмүүсийг анзаарахгүй байхыг аргагүй.Тэдний төлөөлөл болгон ихэр дүүгээ дагуулан ирсэн Н.Анударь болон Б.Энүүнгоо, Б.Энгүүнгоотой ярилцсан юм.
        Н.Анударь “Манай хоёр дүү наадмын нээлтийн арга хэмжээнд оролцож байгаа. Зургадугаар сарын 25-ны өдрөөс бэлдэж эхэлсэн. Ер нь бол ихэр хүүхдүүд болон томчууд мэндчилгээ дэвшүүлэх юм билээ. Миний хувьд хоёр дүүг бэлтгэлд хүргэж, зөөх ажлыг хийж байна. Дүү нар маань баярлаж байх шиг санагдсан. Бэлтгэл сургуулилалтын хувьд өдөр бүр ирдэггүй. Дуудсан үед нь ирдэг. Энэ удаагийнх хоёр дахь нь байсан. Дараа долдугаар сарын 4-ны өдөр ирээрэй гэж хэлсэн” гэв.
        Б.Энүүнгоо “Би анх удаа наадмын бэлтгэлд орж байна. Сая гуравдугаар ангиа төгссөн. Удахгүй дөрөвдүгээр ангид орно. Ихэр хүүхдүүд болон том хүмүүс дүү бид хоёртой хамт тайзан дээр гарна гэсэн. Бэлтгэл сургуулилт хүнд санагдахгүй байгаа. Наадмын талбайн тайзан дээрээс олон хүний өмнө мэндчилгээ дэвшүүлнэ гэхээр догдолж, гоё санагдаж байна” гэсэн юм. 
 
       Б.Энгүүнгоо “Ирэхээсээ өмнө би бүжиглэх байх гэж бодсон. Тэгсэн бүжиглээгүй, зүгээр л тайзан дээр алхаж, мэндчилгээ хийх байсан юм билээ. Бэлтгэлийн үеэр ихэр хүүхдүүдтэй танилцахаар нэрийг нь солиод, хооронд нь андуураад л байгаа. Эгч бид хоёртой адилхан ихэр хүмүүстэй хамт байх гоё байна. Тэгээд бүр гурван ихэр хүмүүс хүртэл ирсэн гээд боддоо. Гоё байгаа биз” гэлээ.

Үндэсний баяр наадмын өмнөх бэлтгэл ажлууд  дуусах дөхжээ. Тал талаас нь хөдөлмөрлөж, хөлсөө урсган ажилласан хүн бүхний бүтээл түмэн олон танилцуулагдахад  хэдхэн хоног л үлдлээ.

 

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: НААДМЫН НЭЭЛТИЙГ ЦОМХОН ТӨЛӨВЛӨЖ, БЭЛТГЭЛ 70 ХУВЬДАА ХҮРЧЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188