• Өнөөдөр 2024-05-04

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Хогон дунд, хүүхдүүдийнхээ нүдэн дээр архидах Туул голын эрэг дээрх амрагчид

2023-06-26,   3215

-МОДОН ДОТОР ЯВАХДАА БОЛГООМЖИЛ, ТЭНД ЯЛГАДСАН “МИНА” БАЙГАА- 

      Хотын дарга Д.Сумъяабазар албатууддаа “Туул гол дээр очиж шалгалт хий. Дрон нисгэ, амарч байгаа хүмүүсийн үнэн амьдралыг ил болго” гэж үүрэгдсэн. Тэндэх амрагчдын байдал тэгж хянахаас аргагүйд хүрсэн эсэхийг сурвалжлахаар бид Туул голын эх рүү өнгөрсөн бямба гарагт явлаа.  Бид  Улиастайн  тэндэх төв замаасаа салж, Туулын гүүрнээс голоо өгслөө.
        Энд тэндгүй  автомашинууд хоорондоо мөргөлдчих шахан давхилдах ажээ. Машины цонхоор толгойгоо гаргаж, гартаа шар айраг  барьсан халамцуу залуус  зөрж өнгөрөх машин бүр рүү хашхирах ажээ.  Эндээс эхлээд л Туул голын эрэг дээрх амрагчдын үнэн төрх илэрч, зэс нь цухуйгаад эхлэх ажээ. Энхэл донхолтой замаар нааш цааш тасралтгүй давхисны улмаас шороо, тоос байнга бужигнах юм. Харин энэ жил хур бороо элбэгтэй болоод ч тэр үү  голынхоо эргийг дагаад  зүлэг сайхан ургажээ.  Даанч  энд тэндгүй амрагчдын хог  хөглөрнө.  Тэр тусмаа шар айрагны лааз, хуванцар бор сав хаа сайгүй үзэгдэнэ. Бут, нялх модны мөчирт нойлын цаас наалдчихсан салхинд намирч харагдана.  Голын эрэгт хөл гишгэх зайгүй шахам  хаяа хаяагаа бараадан майхан барьцгаажээ. Майхан бүрийн үүдэнд түүдэг гал асааж,  хорхог боодог,  шорлог шарж, хүүхдүүд нь голын усанд умбан шумбах ажээ.  Мөн  майхан, машин, сүүдрэвчнийхээ доор  амрагч нар пиво, архи уун налайн сууж, чанга чанга ярилцана. Иймэрхүү дүр зураг биднийг угтлаа.  

-ТУУЛИЙН ЭРГЭЭР “БЭЛЧИГЧИД”-ИЙН ТАРЬСАН ХОГ, НИЙСЛЭЛЧҮҮДИЙН УНДНЫ УСЫГ БОХИРДУУЛЖ БАЙНА -

            Туул гол бол Улаанбаатарчууд бидний  ундны усны хэрэгцээг хангадаг томоохон ач холбогдолтой эх үүсвэр билээ. Гэтэл өнөөдөр Туул голын эрэг дагасан хог, хаягдал хэрээс хэтэрнэ гэдэг шиг “Аймшигтай, болчихжээ”. Иргэд ч зорьж очсон зорилгоо биелүүлээд буцахдаа асаасан түүдгээ унтраалгүй, асгасан зүйлээ цэвэрлэлгүй, авч очсон хоол хүнсний хаягдлаа тэр чигт нь үлдээж, хайрлахгүйгээр хаяж, бодлогогүйгээр бусниулчхаад буцаж байна.
          Энэ мэт хайхрамжгүй үйлдлүүдээс болж Туулын ус бохирдож, байгалийг баар мэт ашиглах хүн олон болжээ. Олон салаа зам дундуур будилж явсаар эрэг бараадан ирэхэд, үнэтэй машины хажууханд хөлдөө хоёр том пивоны сав хаячихсан, ухаангүй унтаж буй хоёр эмэгтэй биднийг угтлаа. Хэсэг бууж, эрэг орчмоор иргэд ямаршуухан байгааг анзаарахад аав, ээж нь найзуудтайгаа түүдэг асаачихсан, тамхи татаж, архи ууж наргиж суух зуур хүүхдүүд нь хараа хяналтгүйгээр Туул голын усанд тоглоно.
             Энэ үйл явдалтай зэрэгцэн “Яана аа, туслаарай. Манай найз живчихлээ” гэж орилох дуу тэнд буй хүмүүсийн анхаарлыг татна. Юу болсон юм бол гэж сониуч зандаа хөтлөгдөн чанга чимээ гарсан газар руу очвол өнөө л сархад, пиво эгнүүлэн зассан ширээний цаана байрлах майхнаас хагас  нүцгэн хэдэн залуус усанд живж буй нэгнийгээ гаргах гэж орилохоос өөр хийх зүйл байсангүй.
    Харин цаахан талд гар бөмбөг тоглож байсан хэдэн залуус ирээд “Юу болсон юм бэ, зүгээр үү” гэж асуухад нэлээн согтуу шаргал үстэй эмэгтэй электрон тамхи амандаа зуучихсан “Би зүгээр л байна. Яасан юм бэ” гэхэд нөгөө залуусын хоёр нь усруу үсрэн орж хөл алдан живж буй залууг татаж, эрэг рүү авчирсан юм.  Хэрэв цаанаас гар бөмбөг тоглож буй хэдэн залуус ирээгүй бол нэгэн эр золгүй тохиолдлоор амиа алдахад ойрхон байсан юм. Үүнийг хараад балмагдаж, өөрийн эрхгүй айдас төрсөн. Туулын эрэг дээр эрүүл хүн байж л аварсан болохоор байхгүй бол согтуу хэд нь живсэн нэгнийхээ араас ороод бүгд живэх ч эрдэлтэй харагдсан. Живсэн залууг аварсан хоёр залууд “Баярлалаа” гэж хэлэх хүн байсангүй. Учир нь, найзыгаа аварч чадсан нь тэдний хувьд зол байсан байх. 
                 Живсэн залууг аварсан хоёр залуу дээр очиж “Та хоёр яагаад шууд ус руу үсрээд орчихов. Хэрэв муу зүйл тохиолдсон бол яах байсан юм бэ” гэхэд “Бид найзуудтайгаа амралтын өдрөө байгальд сонирхолтой өнгөрүүлэх гэж ирсэн. Өглөө 10:00 цаг өнгөрөөд ирсэн байх. Багаасаа найзтайгаа хамт усан спортоор хичээллэдэг байсан. Тэгээд л хүний амь аваръя гээд шууд усруу орсон. Ирсэн цагаасаа хойш бараг гурав дахь хүнээ уснаас гаргаж байна. Ус руу орж бусдаас тусламж хүсэх хүмүүс бүгд согтуу байгаад харамсаж байна” гэсэн юм.
       Амрах бус архидах гэж ирж буй хүн олон байгааг Туул голын эрэг өгсөхөд л анзаарагдана. Бүгд согтуу биш ч маш цөөн хүмүүс гэр бүлтэйгээ нэг өдрийг цэвэр агаарт өнгөрүүлэх, найзуудтайгаа архигүйгээр агаарт гарч сайхан дурсамж бүтээхийг зорьж ирсэн байлаа. Тэдний нэгэн төлөөлөл нь бусдын амыг аврахын тулд өөрсдийгөө үл хайхрах цөөн хэдэн залуу. 
 
             Туул голын эрэг даган алхахад чанга гэгч дуу энд тэндээс сонсогдоно. Тав тух хаана байна вэ зүгээр л иргэд энд дураараа архидаж, хүссэн үедээ усанд орж, идсэн зүйлийнхээ үлдэгдлийг хаа хүссэн газраа хаяна. Тэр дунд хувцас угаасан бохир усаа, эргийн наахан асгах хүн ч харагдана. Цааш өгсөх тусам л иргэдийн хайхрамжгүй, хэнэггүй байдал олноор ажиглагдана. Эргийн хажууд ургасан сүндэрлэг сайхан модны мөчрийг тасдаж, түүдэг асааж буй хүмүүстэй таарав. Үүнийг хараад чимээгүй өнгөрч чадсангүй. Очоод “Та нар яагаад модыг тасдаж, түүдэг асааж байна вэ. Ингэж болдог юм уу” гэхэд нэг нэгнээ харан, хөөрсөн хэдэн залуу “Бид тасдахгүй юм аа гэхэд, нэг салхиар тасарч унаад Туул голд хог болно шүү дээ” гэж биеэ өмөөрч инээлдэнэ. Энэ мэт ёс бус үйлдэл хийх хүн цөөнгүй. 
          Майхан, саваа босгочихсон хүүхдүүдтэйгээ сайхан тухалж харагдах хүмүүсийн хамгийн ахмад нь голын эрэгт сандал тавьж, хөлөө усанд дүрэнгээ, оймс болон бас бус зүйлсийг савандаж угаана. Шууд голын усанд угааж байгаа нь ичмээр бас гомдмоор. Гэтэл жаахан цааш яваад нөхөр нь хүүхдүүдээ дагуулан усанд орж, бөмбөг тоглоно. Юм угааж байсан эгч “Хүүхдүүдээ сайн хараарай. Голд өгөөд явуулчихав” гэхэд хариуд нь “За,юу гэж дээ. Дандаа дэмий юм ярьж байх юм” гэж ам зөрнө. 
          Тэнд байгаа иргэдээс машиныхаа дэргэд 4-5 сартай хүүхдээ салхилуулж суугаа нэгэн эмэгтэй дээр очиж, Туул голын эрэг дагасан иргэдийн байр, байдлын талаар тодруулахаар болов. Тэрбээр “Намайг П.Аззаяа гэдэг. Туул гол дээр ирээд хоёр цаг орчим болж байна. Хүүхдүүдтэйгээ цэвэр агаарт гарангаа амраад буцъя гээд Баянзүрх дүүргээс зорьж ирсэн. Ирэхээсээ өмнө цахимаар амралтын газар хайж олоод холбогдоод ирэхээр болсон юм. Туул голын эрэг дагуу, мод устайгаа ойрхон сайхан зурагтай амралтын газар байсан. Гэвч өнөөдөр утас нь ерөөсөө болсонгүй. Намайг холбогдох үед “Та ирэхээсээ өмнө урьдчилгаа 60 хувиа шилжүүлж, баталгаажуулаарай” гэсэн. Хариуд нь “Төлбөр мөнгөө очоод асуудалгүй, бүгдийг нь өгчихнө” гэхэд  “За” гээд л чимээгүй болчихлоо. Улиастайн голыг өгсөөд Туул голын эрэг дээр амралтын газар огт байсангүй. Би ч олсонгүй. Буцах гээд л байж байна. Энд өнгөрүүлсэн хоёр цагийн хугацаанд үнэхээр гайхах, бачимдах зэрэгцээд сууж байна. Зам дагаж явсаар байгаад хүрээд ирсэн. Хамгийн түрүүнд овоолсон хог угтаж авсан. Ямар ч эмх замбаараа алга. Туул гол улаанбаатарчуудын ундны усны эх авдаг газар гэтэл өнөөдөр аймшигтай байна. Үнэхээр эргэлзээ төрж байна. Энд байгаа иргэдэд ухамсар соёл гэдэг зүйл харагдахгүй байна. Хаашаа ч явсан эрсдэлтэй, хүүхдүүд ч тухтай хэсэг тоглох боломжгүй байна. Хүүхдүүдээ дагуулаад голд орж тоглож, хувцсаа угааж байна. Үнэхээр хэн дуртай нь юу ч хийж болдог газар мэт санагдлаа. Үүнд ээж хүний хувьд, монгол хүний хувьд харамсаж байна. Мөн иргэдэд анхааруулах тэмдэг тэмдэглэгээ байхгүй байна. Ирсэн цагаасаа хойш гурван ч хүн голд живэх гэж буйтай таарлаа. Иргэдэд хандаж хэлэхэд ядаж хогоо аваад явдаг, эх дэлхийдээ хайртай байхгүй бол болохгүй нь. Энд харагдаж байгаа хогийг хүн л бий болгосон. Хүн л цэвэрлэж арчилна. Тарьсан хог өөрөө алга болчихгүй шүү дээ. Энэ мэт ухаантай байж, ухамсартай үйлдэл хийдэг болдог болчхоосой гэж хүсэж байна” гэсэн юм.
                Тарьсан хогоо түүж, майхныхаа хажууд овоолох нэгэн эмэгтэйг анзаарсан юм. Энэ зүйл нь надад их содон санагдаж, түүнтэй уулзахаар очиж, хэсэг зуур ярилцлаа. Тэрбээр “Намайг Ч.Ундрах гэдэг. Сонгинохайрхан дүүргээс өчигдөр шөнө ирсэн. Хүүхдүүд амралт эхэлсэн. Голын эрэг дээр амармаар байна гээд байхаар нь ажлаа тараад хүүхдүүдээ аваад ирсэн. Шөнө 12 өнгөрөөд майхнаа босгоод амрахаар болсон. Шөнө ер нь унтсангүй. Дуу чимээ ихтэй юм байна. Хоорондоо дуу тавьж бүжиглээд, дараа нь хэрэлдэж зодолдоод. Юу юугүй дайрчих вий дээ гэж чимээ сонсож байсаар өглөөтэй золголоо. Амрах гэсэн биш хэдэн хүүхдүүдээ айлгачих шиг боллоо. Замраагүй байдал их байдаг юм байна. Хаа сайгүй хог. Тэгээд хэрэглэсэн зүйлсийнхээ савыг хураагаад ойр орчмын хогоо түүж байлаа.  00-н асуудал хэцүү юм байна. Шөнө майхны ойролцоо хүмүүс шээж, бие зассан байсан. Өглөө босоод нөгөөдүүлийг цэвэрлэсэн. Хүүхдүүд л устай ойр гэхээр нь ирсэн үнэхээр хэцүүхэн л байлаа. Дахиж ер нь ирэхгүй байх” гэсэн юм.
            Ч.Ундрах эгчийн хэлсэн зүйлс нь бүгд төсөөлөгдөж байлаа. Учир үнэхээр замбараагүй байсан. Түүний ярианаас 00-н асуудал сөхөгдөхөөр нь нийтийн 00 болов уу гэмээр модон жорлонгийн ойролцоо очиход эхүүн, огиудас хүрмээр үнэр сэнгэнэж ялаа овоорсон харагдана. Ойртоод очвол үнэхээр хүн орж бие засах ямар ч боломжгүй болсон байсан. Энэ бүгдийг хүмүүс л бий болгосон гэхээр аймшигтай санагдсан. 

-ТУУЛ ГОЛЫН ЭРЭГ ДАГАСАН АНХААРУУЛАХ ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭГ НЭМЬЕ-

                  Нэлээн хэдэн жил болсон хуучны модон хашаа нь дээр “Туул” гэж заах сум байршуулснаас өөр чиглүүлэх зүйл байхгүй. Хаагуур явах ёстойгоо мэдэхгүй хэдэн машинууд наагуур цаагуур мухар гудамжинд тулж, иргэдээс асууж замаа олно. Энэ бол Туул голд хүрэхэд ойлгомжтой тэмдэглэгээ байхгүйг илтгэх зүйл юм.  Эхнээсээ адаг хүртлээ яагаад ойлгомжтой тэмдэг тэмдэглэгээ байж болохгүй  гэж. Мөн иргэд ихээр байршдаг газарт ойлгомжтой тэмдэглэгээг нэмж, эрсдэлээс сэргийлье. Зөвхөн эргийн ойролцоо “Голд хүний амь эрсэдсэн тул, та гол руу орохгүй байна уу” гэсэн нэгхэн тэмдэглэгээ байсан. Тэрийг харах иргэд тун ховор. Үнэхээр хүн эрсдэж, оруулахыг хориглож байвал олон хүнд харагдах газарт байршуулмаар. Хог хаях, бие засах, майхан босгох, машин байршуулах зэрэг газруудыг тусад нь байрлах газрыг зааж,тодорхой чиглүүлчихвэл эмх замбараагүй байдал багасах мэт санагдаж байсан юм. Үгүйдээ ядаж хүссэн газраа бохироо асгах, хаях тохиолдол буурах байх. Мөн тодорхой хэмжээнд хариуцах ажилтанг ажлуулж, хогоо хаясан байгалтай зүй бус харьцсан иргэдэд хариуцлага тооцдог болчихвол, овоорох хог багасч, осолд өртөх иргэдийн тоо буурах байх. Амарч зугаалж буй хүмүүс дунд, хотын гудамжаар хаа нэг байж байдаг “Архичид” хүртэл явж байсан. Хүүхэдтэйгээ яваа эмэгтэйчүүдийг айлгаж, идэх юм олж өөрийгөө аргацаадаг нь илт. Харин эрэгтэй хүн бужигнасан газраас хол байж, өөрийгөө хамгаалаад сурчихсан. Энэ мэт асуудлууд олон. Бодитоор хэрэгжих шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

-АМИНААС ҮНЭТЭЙ, ЦЭВЭР АГААР ГЭЖ БАЙХ УУ -

               Хүүхдээ хараа хяналтгүй орхиж, голын усанд оруулчхаад өөрсдөө архи уухыг агаарт гарна гэж ойлгох хүн олон болсныг Туул голын эрэг даган алхахдаа анзаарсан юм. Гол руу орохыг хориглосон тэмдэглэгээний цаана байх өндөр эрэг дээр гарч нэг нэгнийгээ хөөргөж, усруу үсэргэж, хөл, толгойгоо бэртээж буй хүмүүс ч байна. Энэ мэт үзэгдэл олон. Яагаад агаарт  гарна гэхээр согтуурах ёстой юм бэ. Тэр тусмаа гэр бүлийнхнээрээ явж байж, бусдыгаа эрсдэлд оруулж болно гэж үү дээ. Үнэхээр харамсмаар. Усанд хөл алдаж “Аав аа” гэж  арай хийж дуугарах хүүг аврах аав нь согтуу ганхсаар очоод хамтдаа живчихсэнгүй. Агаарт гарах гэж гэр бүлээрээ яваад, буцахдаа хоёрыгоо алдчихвал ямар гунигтай вэ. “Цэвэр агаарт гарчихаад үхнэ” гэх сонголт хийх хүн бараг байхгүй байх. 
           Туул гол дээр эрүүл, халуун дотно яриа өрнүүлэх хүн тун ховор. Бүгд л гартаа пиво эсвэл, нэг удаагийн аяганд хийсэн архи барьчихсан, чанга чанга хашгирна.  Уусан архиндаа халамцаж, ус руу үсэрч онгирох хүн ч байна.  Нар жаргах болоогүй байхад баруунтайгаас өтгөн үүлс нөмөрч, аадар бороо гэнэтхэн шаагин оров. Амрагчид сандралдан майхан саваа машиндаа ачиж аваад нийслэлийн зүг хөдөлцгөөлөө. Харин ширүүн орох бороог үл тоох амрагч олон байлаа. Тэд  хөгжмөө эцэс дээр нь тавин чангалж, машины гэрэлд найган ганхан бүжиглэнэ.  Мөн   өдөр эвтэй нь аргаггүй инээлдэж байсан залуус хоорондоо зодолдож,  нэгнийгээ газарт унагачихаад  хайр найргүй өшиглөж  байлаа.   
 

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Хогон дунд, хүүхдүүдийнхээ нүдэн дээр архидах Туул голын эрэг дээрх амрагчид
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 11
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-26 15:14:50
    Зочин: Байнга ийм муу муухайг бич. Хүнүүс очихоо болихоор цэвэрших болов уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-22 16:53:14
    Хотын даргад: Голын эргээр хогийн сав 00 байрлуулж хөрс бохирдуулж хэрэггүй угаасаа голд хэнийг ч ойртуулахгүй хуультай болгоё. Торгодог цагдаа байцаагч энгийн хүн хэнийг ч хамаагүй олныг ажиллуул орлогынх нь 80% ийг өөрсдөд нь өг тэгж байж эзэнтэй болно. Тэгж их голд ормоор байвал өөр өөрсдийн аймаг сум руугаа явж усанд ор!!!!! Дандаа сүүлд хотод ирсэн хөдөөний оркууд л ингэж байгаа шд угаасаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-22 16:45:38
    зочин: Өө ингэж харж ангайхын оронд бүх машины дугаарыг нь утсаараа аваад тавичихгүйдээ тэгвэл өндөр торгоод явчихад баримттай амар болно шд. Голын эргээр явж зураг авдаг өндөр цалинтай ажил олгоо Сумьяабазар аа. Тэгж арга хэмжээ авахгүй бол энэ балиар хог үйлдвэрлэгч нар зогсохгүй!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-22 16:36:40
    Зочин: Хүмүүсийн олонхид бага боловч соёл ухамсар ер алга даа..Ийм бхад бид хөгжих тухай ярилтгүй бизээ...Ганц Туул голын эрэг дагуу бус хөдөө аймгууд-н хүн амарчихаар аятайхан газар орон бүгдээрээ л ийм бгаа..Хүмүүс олноор амарч зугаалдаг газарт тавих хяналт хариуцлагыг чангатгамаар бна..Орчин тойрондоо хог хаяж бохир заваан байвал өндөр торгуултай болгомоор бна..ТВ-н бүх сувгуудаар дээрх чиглэлээр санамж сэрэмжлүүлэг,уриалга байнга гхргаж баймаар бна..Сургуулийн бүх ангиудад хичээлийн завсараар сургалт явуулж баймаар бна..Томчууд нь дүүрч ..Хүүхдүүдээ л муухай хүмүүс болгохгүйн тулд багаас нь цэвэр цэмцгэр ухамсартай иргэн болгож хүмүүжүүлэхийн төлөө бүгдээрээ л хичээхээс өөр замгүй дээ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-22 12:55:33
    Saraa: Tuul goloo hamgaalj tulburtei tseguuded humuus bairluuldag bolieo. Tegeed orson orlogoor ni hogiin 00 asuudal humuus tsalinjuulj ajluuldag bolmoor bna.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-22 12:13:12
    Монгол : Хог хаях цэгтэй биш аваачсан хогоо уут хайрцаганд хийгээд хот руугаа аваад ирмээр бна даа... Хаа сайгүй хогоо хаядгаа ядаж больчихвол ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-22 11:54:18
    Кхк: Хаа явсан газар орноо бохирдуулж архиддаг хүмүүс их бна.хөгшин залуу ялгаа байхгүй арчаагүй ч юма
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-22 09:55:09
    зочин: голын эрэг дээр хэн нэгэн дуртай газраа очиж байрладгийг эмх журамтай төлбөртэй хог хаях цэгтэй эко 00 -той болгож хариуцах эзэнтэй болгож зохион байгуулмаар байна Туул голоо аварая хөдөлгөөнийхэн хаана юу хийж байгаан болоо бидэнд байгалиа хайрлах сэтгэл дутагдаад байна сурталчилгаа сайн хийх хэрэгтэй Ус чандмана эрдэнэ амьдралын эх булаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-22 09:55:08
    зочин: голын эрэг дээр хэн нэгэн дуртай газраа очиж байрладгийг эмх журамтай төлбөртэй хог хаях цэгтэй эко 00 -той болгож хариуцах эзэнтэй болгож зохион байгуулмаар байна Туул голоо аварая хөдөлгөөнийхэн хаана юу хийж байгаан болоо бидэнд байгалиа хайрлах сэтгэл дутагдаад байна сурталчилгаа сайн хийх хэрэгтэй Ус чандмана эрдэнэ амьдралын эх булаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-22 09:29:09
    Зочин: Нөгөө хотын соёлтой хэрүүлч юмнууд начир дээрээ ийм л хамгийн бузар заваанууд шүү дээ. Гоё ганган хувцас гялтайтал пааландсан царай хиймэл арьсны цаана яг л ийм байгаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-21 08:08:57
    Нам бус : Буцаад социалист дэглэмдээ орёооооо
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188