• Өнөөдөр 2026-08-19

ШИНЭЖИНСТ СУМЫН ЗАСГА ДАРГА Л.БАТХУЯГ: Манай сумын Толь булгийн хөрсийг хуулж, зам тавих эсэх талаар мэдээлэл өгөх боломжгүй байна

2026-08-19,   122

            Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Толь булгийн ойролцоох газрын хөрс, шороог зөвшөөрөлгүй хуулж байна гэх иргэдийн бичлэг цахим орчинд цацагдсан. Нутгийн иргэдийн мэдээлснээр, Толь булгийн орчимд зам тавих асуудал өмнө нь хэд хэдэн удаа сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар яригдаж байсан бөгөөд тухайн үед ямар нэгэн компанийн зүгээс нутгийн удирдлага, иргэдтэй уулзаж, үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгөөгүйгээс болоод тухай бүрд түдгэлзэж ирсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг дарга Л.Батхуягаас тодрууллаа. Тэрбээр “Манай сумын газар нутаг болох Толь булгийн ойролцоох хөрсийг хуулж, зам тавих гэж байгаа талаар би мэдэхгүй байна. Манай захиргааныхан бүгд амралтаа авчихсан учир энэ талаар мэдээлэл өгөх хүн байхгүй. Би ажилдаа ороод бүх бичиг бичиг баримтыг нь үзэж байж мэдээлэл өгнө” гэсэн юм.

БАЯНХОНГОР АЙМГИЙН ШИНЭЖИНСТ СУМЫН ТОЛЬ БУЛГИЙН ОРЧИМД ЯМАР КОМПАНИ ЗАМ ТАВИХААР САНААРХАЖ БАЙГАА ВЭ

            Толь булгийн орчимд зам тавихаар ажиллаж байгаа хүмүүсийн өгсөн мэдээллээр уг замын ажлыг “Хятадын Төмөр Замын дөрөвдүгээр инженерийн товчоо” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд тус компани нь “Алтаргана хайрхан” ХХК-ийн уурхайн замыг тавьж байгаа гэсэн юм. Мөн уг компанийн зүгээс цэвэрлэх байгууламж болон шинэ нисэх буудлын хурдны зам зэрэг бүтээн байгуулалтын ажилд оролцож байсан гэх мэдээлэл байна. Харин үйл ажиллагаатай холбоотой зөвшөөрөл, бичиг баримтыг тухайн газраас 100 орчим километрийн зайд байгаа гэж ажилчид тайлбарласан байна. Иймээс ямар зөвшөөрлийн хүрээнд, ямар зориулалтаар, ямар талбайд зам тавих ажил хийж байгаа талаарх мэдээллийг холбогдох байгууллагаас тодруулах шаардлагыг нутгийн иргэд тавиад байгаа юм.

ЗАГ БОЛОН ХӨРСНИЙ БҮРХЭВЧ ХӨНДӨГДЖЭЭ

            Нутгийн иргэдийн зүгээс олон жил ургасан заг болон ургамлын бүрхэвчийг хүнд техникээр сүйтгэж байгаа талаар мэдээлж, байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийг шалгуулах шаардлагатай гэж үзэж байна. Харин тухайн талбайд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийсэн эсэх, газар ашиглалтын зөвшөөрөлд ямар нөхцөл тусгасан эсэх, үйл ажиллагааны улмаас байгаль орчинд бодит хохирол учирсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

БАЯНХОНГОР АЙМГИЙН НУТГИЙН ИРГЭДИЙН БАЙР СУУРЬ

            Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын иргэдийн зүгээс Толь булгийн орчимд явагдаж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл авах, тухайн ажлын зөвшөөрөл болон байгаль орчны нөлөөллийн талаарх мэдээллийг тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байна. Мөн нутгийн иргэдийн мэдээлснээр тухайн бүс нутагт олон үеэрээ амьдарч ирсэн иргэдийн хувьд булаг шанд, бэлчээр, загт талбай нь амьдрал ахуйтай нь шууд холбоотой газар нутаг болохоор иргэд эсэргүүцэж байна.


ШИНЭЖИНСТ СУМЫН ЗАСГА ДАРГА Л.БАТХУЯГ: Манай сумын Толь булгийн хөрсийг хуулж, зам тавих эсэх талаар мэдээлэл өгөх боломжгүй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188