• Өнөөдөр 2026-08-18

“Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд Даланзадгад сумын ус, хог хаягдал, дэд бүтцийн шинэчлэл үргэлжилж байна

   Өмнөговь аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлж буй “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд Даланзадгад сумын инженерийн дэд бүтэц, ус хангамж, байгаль орчны менежментийг сайжруулах чиглэлээр хэд хэдэн бүтээн байгуулалтын ажил хэрэгжүүлж байна.

   Тухайлбал, орон нутгийн төсвийн хөрөнгөөр Даланзадгад сумын бохир ус цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, засварын ажлыг хийж байна. Тус байгууламж нь бохир усыг 98 хүртэлх хувийн цэвэршүүлэлттэйгээр боловсруулж, цэвэршүүлсэн усыг ногоон байгууламжийн усалгаанд ашиглаж байгаа юм. Өргөтгөл, засварын ажил дууссанаар цэвэршүүлж, дахин ашиглах усны хэмжээ нэмэгдэх боломж бүрдэнэ.

   Мөн хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлснээр хуванцар болон дахивар хог хаягдлыг ангилан ялгаж, дахин боловсруулан үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах боломж нэмэгдэнэ. Ингэснээр хог хаягдлын хэмжээг бууруулж, байгаль орчны бохирдлыг багасгахад чухал ач холбогдолтой.

   Түүнчлэн Даланзадгад сумын ундны усны хоёрдугаар эх үүсвэрийг ашиглалтад оруулснаар Хавцгайт, Гурвансайхан болон Шинэ Даланзадгад хорооллын иргэдийг найдвартай, чанартай ундны усаар хангах нөхцөл бүрдэж байна. Энэ нь сумын ус хангамжийн хүртээмж, найдвартай байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

   Дээрх бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжсэнээр Даланзадгад сумын инженерийн дэд бүтэц, ус хангамжийн хүртээмж сайжирч, хог хаягдлын менежмент болон байгаль орчны хамгааллын чиглэлд ахиц гарна. Улмаар иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд бодит үр дүн үзүүлэх юм.

 


“Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд Даланзадгад сумын ус, хог хаягдал, дэд бүтцийн шинэчлэл үргэлжилж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188