• Өнөөдөр 2026-08-16

Хорооны нийгмийн ажилтнуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулжээ

   Нийслэлийн есөн дүүргийн 204 хорооны нийгмийн ажилтнуудтай зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр Нийслэлийн нутгийн захиргааны Хангарди цогцолборт зохион байгууллаа. Уулзалтад дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, хороодын нийгмийн ажилтан, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын байгууллага болон түр хамгаалах байрны 200 орчим албан хаагч оролцож, санал бодлоо солилцжээ.

  Хорооны нийгмийн ажилтнууд нь иргэдтэй өдөр тутам харилцаж, тэдний тулгамдсан асуудал, санал хүсэлтийг хамгийн ойроос мэддэг учраас санал бодлыг нь сонсож, нийслэлийн бодлого, үйл ажиллагаанд тусгах нь чухал гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан онцолсон байна.

  Уулзалтын үеэр нийгмийн ажилтнуудын ажлын нөхцөл, ачааллыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, иргэдтэй уулзах зориулалтын өрөөтэй болгох, илүү цагийн хөлс олгох зэрэг саналыг гаргав. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран хамгаалах төвийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хороодод сэтгэл зүйч ажиллуулах шаардлагатайг хэлжээ.

  Түүнчлэн хүүхэд, гэр бүлийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэр бүл салалт, хүүхдийн цахим тоглоомын хэрэглээ болон архины хамаарлыг бууруулах чиглэлээр сургалт, нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх, сургууль, цэцэрлэггүй орон сууцны барилга барихгүй байх зэрэг саналыг хэлэлцсэн байна.

  Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан уулзалтаар гарсан санал, дүгнэлтийг орхигдуулахгүй, бодлого үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхийн зэрэгцээ иргэдтэй хамгийн ойр ажилладаг хорооны нийгмийн ажилтнуудын ажлын нөхцөлийг сайжруулахад анхаарч, уялдаа холбоотой ажиллана гэв.

  Мөн нийслэлд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг 2030 он гэхэд нэмэгдүүлэх, хүүхдийн хөгжил, боловсролыг дэмжих спортын ордон, хүүхэд хөгжлийн төвүүдийг байгуулах, хотын нягтаршил ихтэй бүсэд барилгын зөвшөөрөл олголтыг зохицуулах талаар мэдээлжээ.

 
 

 


Хорооны нийгмийн ажилтнуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188