• Өнөөдөр 2026-08-04

Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Д нарт холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ

   Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын хоёрны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 58 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс зургаан гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 46 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 1033 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас таван хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1017 хэрэг шалгагдаж байгаа бөгөөд гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн хоёр мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна.

  Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Д, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын “Метро” төслийн менежер, захирал Т.М, мөн газрын “Тойрог авто зам” төслийн менежер, захирал А.Е болон нэр бүхий аж ахуйн нэгжийн захирал Н.Б нар нь бүлэглэн гадаад улсын хамтарсан түншлэлийн “Шинэ тойрог авто зам” төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв нэртэй 16,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийн сонгон шалгаруулалт болон ажлыг гүйцэтгэх явцад цаашид ажил гүйцэтгэхэд хууль бусаар давуу байдал олгох ашиг сонирхлын үүднээс ажлын даалгаврыг өөрчлөн, Т.Д нь өөрийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Б.А-ийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжээр дамжуулан хийх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд 2025 оны дөрөвдүгээр сарын есний өдрөөс мөн оны аравдугаар дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд 5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглан, мөнгө угаасан гэх мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.


Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Д нарт холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188