• Өнөөдөр 2026-07-30

Өвөлжилтийн бэлтгэл, гамшгийн бэлэн байдлыг хангах асуудлаар хуралдав

   Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгавар болон Улсын Онцгой комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах асуудлаар холбогдох байгууллагын удирдлагуудтай хуралдаж, үүрэг чиглэл өглөө.

   Хуралдааны үеэр тэрбээр орон нутагт ажиллах үеэр тулгамдсан асуудал, иргэдээс гаргасан санал, санаачилгын талаар танилцуулж, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудад анхаарах чиглэл өгсөн байна. Түүнчлэн олон жилийн турш шийдвэрлэгдээгүй, удаашралтай байгаа асуудлууд нь байгууллагуудын уялдаа холбоо сул байгаатай холбоотой бөгөөд энэ нь орон нутгийн хөгжлийг сааруулж байгааг онцоллоо. Иймд салбарын байгууллагууд бодлого, зохицуулалтаа илүү уялдуулах, асуудлыг шуурхай шийдвэрлэх шаардлагатайг тэмдэглэв.

   Мөн орон нутагт халамжийн тогтолцоо хэт төвлөрсөн байдлаар хэрэгжиж байгааг дурдаад, аймаг, орон нутгийн санхүүгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, зайлшгүй шаардлагатай худалдан авалтыг өөрийн эрх хэмжээний хүрээнд түргэн шуурхай шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх нь чухал гэдгийг онцолсон юм. Төсөв хэт төвлөрсөн тогтолцоотой байгаа нь хөгжлийн бодлогын хэрэгжилтийг удаашруулдаг тул орон нутгийн санхүүгийн чадавхыг үе шаттайгаар бэхжүүлэх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийллээ.

   Хуралдаанаар байгууллага хоорондын өр, авлагын асуудлыг нарийвчлан судалж, бодит мэдээлэлд тулгуурласан танилцуулга бэлтгэх, мал тооллогын мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогыг эрчимжүүлэх, мөн орон нутагт тулгамдаж буй дулааны станц болон инженерийн дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх чиглэл өгсөн байна.

   Түүнчлэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүрээнд гамшиг, онцгой байдлын үед санхүүгийн эрх мэдлийг төвлөрлөөс орон нутагт шат дараатай шилжүүлж, шуурхай шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг Шадар сайд онцлон дурдав.

   Мөн орон нутагт үүсэж буй асуудал, эрсдэлийн талаарх мэдээллийг Улсын Онцгой комисст цаг алдалгүй хүргүүлж, шийдвэрлэлтийн явцыг эргэн мэдээлдэг тогтолцоог бүрдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах үүргийг УОК-ын гишүүд болон холбогдох яамдын удирдлагуудад өглөө.


Өвөлжилтийн бэлтгэл, гамшгийн бэлэн байдлыг хангах асуудлаар хуралдав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188