• Өнөөдөр 2026-07-28

ЭРИН ЗУУНЫ БАХАРХАЛ ЭРДЭНЭТ ХОТЫН ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙ, ОРХОН АЙМГИЙН БАЯР НААДАМ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

       Эрин зууны бахархал Эрдэнэт хотын 50 жилийн ой, Орхон аймгийн баяр наадам амжилттай болж өндөрлөлөө.

Тодруулбал, Эрдэнэт хотын 50 жилийн түүх бол Монголын аж үйлдвэржилтийн түүх, ах дүү найрамдлын бэлгэ тэмдгийн хамгийн тод илэрхийлэл, монгол хүний соёл, боловсролын түүх, Монгол Улсын эдийн засгийн тулах багана болон батжин бэхжиж “Эрин зууны бахархал” болон дуурсагдаж байна.

 

Эрин зууны бахархал Эрдэнэт хотын 50 жилийн ой, Орхон аймгийн баяр наадам "Хангайн бүсийн хурд 2026" хурдан морьдын уралдааны нас, насны түрүү магнайд хурдалсан хүлгүүдийг автомашинаар байлснаараа онцлогтой болж өнгөрсөн юм.

ДААГА: Түрүү магнайд Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Батнасангийн Цэрэнбалжир, Уяач Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат Энхтайвны даага торгон жолоо өргөж, "Зэс-Эрдэнэ" ХХК болон Монгол улсын манлай уяач Гомбожавын Баярцогт нар "Nissan Navara" авто машинаар байлжээ.

ХЯЗААЛАН: Түрүү магнайд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн харьяат Д.Баньдхүүгийн хээр хурдалж, "Эрдэнэт хотын “Хангарьд” хөл бөмбөгийн клуб, Аймгийн алдарт уяач Жамбалдоржийн Батсуурь нар "Nissan Navara" авто машинаар байллаа.

СОЁОЛОН: Түрүү магнайд Увс аймгийн Түргэн сумын харьяат Сайнжаргалын Анхбаярын хүрэн халзан торгон жолоо өргөж, "Сэхүүн чоно" ХХК болон "Неман констракшн" ХХК-иас "Nissan Navara" авто машинаар байллаа

ИХ НАС: Түрүү магнайд Хөвсгөл аймгийн Тариалан сумын ААУ Дамдинсүрэнгийн Ариуннарангийн хээр торгон жолоо өргөж "Петровис" ХХК "Nissan Navara" авто машинаар байллаа.

АЗАРГА: Түрүү магнайд “Хөвсгөл” аймгийн Бүрэнтогтох сумын уугуул Монгол Улсын алдарт уяач Д.Отгонлхагвын хүрэн азарга хурдалж, Орхон аймаг, Эрдэнэт хотын “Очир төв” ХХК-иас Nissan Patrol Y63 авто машинаар байллаа

Эрин зууны бахархал Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмын Хүчит бөхийн барилдаанд дархан аварга Н.Батсуурь тэргүүтэй улс, аймгийн цолтой 256 бөх зодоглосноос Монгол Улсын Харцага О.Мөнх-Эрдэнэ найм даван түрүүлж, Монгол Улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар долоо давж үзүүрлэсэн байна.

Харин Үндэсний шагайн харваан багийн төрөлд тэргүүн байранд Дорноговь аймгийн Алтанширээ сумын харьяат аймгийн гоц мэргэн Лхамсүрэнгийн Алтангэрэл ахлагчтай "Ивээлт баян буурал" баг шалгарсан байна. Харваачдын хөдөлмөр, амжилтыг "Эрдэнэт технологи шинэчлэл" ББСБ-ын захирал М.Баттөр Toyoto Wellfire авто машинаар мялаажээ.

 

Мөн баяр наадмын үеэр "Макс Групп”-ын ерөнхийлөгч Д.Ганбаатар Эрдэнэтийн 50 өнчин хүүхдэд тус бүр нэг сая төгрөгийн хадгаламж нээж өгөхөө зарласан байна.

Зохион байгуулалт болон үзвэр, үйлчилгэгээрээ Эрдэнэтийн наадам олон жил яригдаж, туршлага болохуйц жишиг наадам болж чадсан юм. Тухайлбал, Төв цэнгэлдэх хүрээлэн болон морь барианы газарт 100 орчим суултууртай эко ариун цэврийн түр байгууламж иргэдэд үнэ төлбөргүй үйлчилсэн аж. Мөн төв цэнгэлдэх хүрээлэнд "Эрүүл мэндийн асар" ажиллаж, иргэдэд анхан шатны эмнэлэгийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлж байна. Үүнээс гадна сайн дурын 150 ажилчин баяр наадмын өдрүүдэд иргэдэд мэдээлэл хүргэж, тусламж үйлчилгээ үзүүлэн ажилласан нь орон нутагтаа оруулж буй иргэдийн бодит хөрөнгө оруулалт, цаг үеэ олсон оролцоо болж чаджээ.

Иргэдийн сэтгэл санаанд нийцсэн хамгийн шинэлэг үйлчилгээ нь яах аргагүй "ЭХ ХҮҮХДИЙН АСАР” байсанд наадамчин олон сайшаалтай байгаа гэнэ.

Баяр наадмын өдрүүдэд Орхон аймгийн соёл урлагийн байгууллагуудын "СОЁЛЫН ХОТХОН" төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж, наадамчин олондоо “Соёл урлагийн тоглолт”,

“Эрдэнэт хотын 50 жил”-ийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн

"Эрин зууны бахархал Эрдэнэт" таван метрийн урттай уран зургийн үзэсгэлэн зэргийг дэлгэн харуулсан байна.  

Орхон аймаг, Эрдэнэт хот дэлхийн 11 улсын 16 хот, мужтай найрсаг харилцаа тогтоож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлдэгийн хувьд баяр наадмын үеэр гадаадын зочид, төлөөлөгчид цөөнгүй иржээ. Тодруулбал, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд, Монгол Улсаас Япон Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, БНСУ-ын Сүнчон их сургуулийн гадаад харилцааны газрын дарга, Орхон аймгийн Хүндэт иргэн, Япон Коганэй хотын удирдах зөвлөлийн гишүүн, Токио хотын боловсролын газрын Токкацү эрдэм шинжилгээний багийн гишүүн зэрэг хамтын ажиллагаатай улс, хот, олон улсын байгууллагын төлөөлөл хүрэлцэн иржээ.

 

 

 


ЭРИН ЗУУНЫ БАХАРХАЛ ЭРДЭНЭТ ХОТЫН ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙ, ОРХОН АЙМГИЙН БАЯР НААДАМ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188