Монголбанкны ерөнхий эдийн засагч Н.Батсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Өнгөрсөн сарын байдлаар инфляц 10.1 хувьд хүрлээ. Үүнд шатахуун болоод махны үнийн өсөлт нөлөөлсөн гэж тайлбарлаж байна. Тэгвэл иргэдийн амьдралд дарамт болж байгаа энэ өсөлтийг Төв банк хянаж чадах уу?
Үнийн өсөлт иргэдийн амьдралд хүнд тусаж байгаа. Инфляцын шок ямар эх үүсвэрээс ирж байна вэ гэдгийг ялгаж харах хэрэгтэй. Энэ удаагийн өсөлт гадаад орчноос ирсэн. Тодруулбал, Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс үүдэлтэй газрын тос, эрчим хүчний нийлүүлэлтийн шок болон дотоодын мах, хүнсний нийлүүлэлтийн улирлын шинжтэй доголдлоос шалтгаалж байна.
Тэгэхээр төв банк нийлүүлэлтийн гаралтай шок бүрд шууд бодлогын хариу үзүүлдэггүй. Энэ бол олон улсын төв банкнуудын нийтлэг хандлага. Харин эрэлтийн гаралтай инфляц буюу эдийн засаг хэт халж, мөнгөний нийлүүлэлт хэт өссөн үед бодлогын хүүгээр дамжуулж арга хэмжээ авдаг.
Мэдээж нийлүүлэлтийн шок бусад бараа, үйлчилгээний үнэд хурдацтай дам нөлөөлж эхэлбэл Төв банк хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй. Харин түр зуурын шинжтэй, бусад үнэд өргөн хүрээтэй нөлөөлөхгүй бол харзнах байр суурь баримталдаг.
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалсан. Эдийн засаг хүндрэлтэй, бизнесүүдэд зээл хэрэгтэй байгаа үед энэ шийдвэр зөв үү?
Бодлогын хүүг дангаар нь 12 хувь гэж харахаас илүү бодит хүүгээр нь харах хэрэгтэй. Бодит хүү гэдэг нь бодлогын хүүнээс инфляцыг хассан үзүүлэлт. Жишээлбэл, инфляц 7-8 хувь, бодлогын хүү 12 хувь байх үед бодит хүүгийн түвшин ойролцоогоор дөрвөн хувь байсан. Харин инфляц 10.1 хувь болж өсөхөд бодит хүү бага түвшинд очиж байна.
Өөр нэг асуудал бий. Сүүлийн жилүүдэд зээлийн өсөлт маш өндөр байсан. Энэ нь эдийн засагт их хэмжээний мөнгө эргэлдэж байна гэсэн үг. Мөнгөний нийлүүлэлт хэт өсөхөөр инфляц үүсдэг. Сонгодог эдийн засгийн онолоор “мөнгө байхгүй бол инфляц байхгүй” гэж ярьдаг шүү дээ. Тиймээс Төв банк бодлогын хүүгээр дамжуулж зах зээл дээрх илүүдэл мөнгийг татаж, инфляцын дарамтыг бууруулахыг оролдож байгаа хэрэг.
Тэгэхээр Төв банканд өөр сонголт үлдээгүй юм шиг харагдаж байна. Эдийн засаг саарч, нөгөө талд нийлүүлэлтийн шинж чанартай үнэ өсөхөөр бодлогын шийдвэр гаргахад хүнд байдаг уу?
Энэ бол Төв банкуудын хувьд ихээхэн хүнд нөхцөл. Эдийн засаг хумигдаж байхад үнэ өсөхийг стагфляц гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, үнэ өсөж, эдийн засаг агшиж байгаа атлаа инфляц өндөр хэвээр, хүмүүсийн амьдрал сайжрахгүй байх нөхцөл юм. Ийм үед Төв банк хоёр муу сонголтын нэгийг хийхээс өөр аргагүй болдог. Гэхдээ Төв банкны үндсэн зорилго бол үнийн тогтвортой байдлыг хангах. Дэлхийн ихэнх төв банк эцэстээ инфляцыг дарах сонголтыг хийдэг. Учир нь инфляц хяналтаас гарвал эдийн засгийн суурь тогтолцоог бүхэлд нь эвддэг.
1970-1980-аад оны газрын тосны хямралын үеэр АНУ-ын инфляц 20 хувьд хүрч байсан. Тэр үед Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ маш өндөр түвшинд хүргэж байж инфляцыг буулгасан түүхтэй. Инфляц өндөр үед хүмүүс хуримтлуулахаа больдог. Мөнгө үнэ цэнээ алдаж эхэлдэг. Бизнесүүд ямар төсөл ашигтай вэ гэдгийг тооцоолох боломжгүй болдог. Эдийн засгийн нөөц үр ашиггүй хуваарилагддаг. Тиймээс урт хугацаандаа эрүүл сэргэлт бий болгохын тулд эхлээд инфляцыг нам түвшинд барих шаардлагатай байдаг.
Инфляцын хамгийн хүнд ачааг хэн үүрэх вэ. Төр үү, Төв банк уу, бизнесүүд үү, эсвэл иргэд үү?
Шок ирэхэд хамгийн түрүүнд харагддаг зүйл бол тухайн улс хэр бэлтгэлтэй байсан бэ гэдэг асуудал. Өрх гэрээр яривал хуримтлалтай байсан уу гэдэгтэй адил. Монгол Улсын хувьд төсвийн алдагдал, өр, санхүүгийн сахилга бат зэрэг дээр асуудал бий. Төв банкны хувьд бол хамгийн чухал хамгаалалт нь гадаад валютын нөөц. Одоогоор валютын нөөц өндөр түвшинд байгаа нь ханшийн огцом савлагаанаас хамгаалж байна.
Хэрэв энэ үед ханш тогтворгүй байсан бол нөхцөл байдал ямар болох байсан бэ?
Маш хүнд болно. Монгол Улсад ханшийн сулрал барааны үнэд шууд нөлөөлдөг. Хэрэглээний сагсны томоохон хэсэг импортын бараа учраас төгрөг сулрахад өргөн хэрэглээний барааны үнэ өснө. Хэрэв өнөөдрийн мах, шатахууны шок дээр нэмээд ханшийн шок давхар орж ирсэн бол нөхцөл байдал илүү хүнд болох байсан. Монгол Улс импортын хамаарал өндөртэй эдийн засагтай. Төгрөгийн ханш сулрахад хэрэглээний барааны үнэ шууд өсдөг. Ханшийн нэг хувийн сулрал инфляцад маш хурдан нөлөөлдөг. Тиймээс Төв банк ханшийг огцом савлуулахгүй байх чиглэлд ажиллаж байгаа нь инфляцын дарамтыг тодорхой хэмжээнд зөөллөж байна.
Төсвийн өндөр зардал инфляцад хэр нөлөөлж байна вэ?
Төсвийн зардал инфляцад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Гэхдээ асуудлыг илүү том зургаар нь харах хэрэгтэй. Манай улсын эдийн засгийн суурь асуудал бол уул уурхайгаас хэт хамааралтай байдал. Үүнийг эдийн засгийн онолд “Голланд өвчин” гэж нэрлэдэг. Уул уурхайн орлого өсөх үед төсөв тэлж, эдийн засаг халдаг. Харин түүхий эдийн үнэ унахад төсвийн орлого тасарч, эхлүүлсэн халамж, хөрөнгө оруулалтаа санхүүжүүлэхэд хүндрэл үүсдэг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өндөр өсөлтийг үйлдвэрлэл хөгжүүлэхэд зарцуулдаггүй. Түүний оронд барилга, үл хөдлөх зэрэг гадаад зах зээл дээр худалдаалагддаггүй салбар руу их хэмжээгээр оруулдаг. Тэгэхээр өрсөлдөх чадварыг бэхжүүлэх үйлдвэрлэлийг хөгжүүлээгүйгээс эдийн засгийн эмзэг, сул хэвээр байгаа хэрэг л дээ.
Голланд өвчин Монголын эдийн засагт яг яаж илэрч байна вэ?
Уул уурхайн салбар огцом өсөх үед тэндээс орж ирсэн мөнгө ихэвчлэн худалдаалагддаггүй салбар буюу барилга, үл хөдлөх зэрэг рүү урсдаг. Харин олон улсад өрсөлдөх чадвартай үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэр, арьс шир, оёдлын салбар сул хэвээр үлдсэн байна. Ингэснээр эдийн засаг гаднын шоконд маш эмзэг болдог. Өөрөөр хэлбэл, салхи гарахад л өвддөг сульдаа хүүхэд шиг бүтэцтэй болчихдог.
Тэгвэл шийдэл нь юу вэ?
Тэгэхээр уул уурхайгаас орж ирж байгаа орлогыг илүү ухаалгаар удирдах хэрэгтэй. Магадгүй Баялгийн сангийн зөв тогтолцоо, зөв загвар маш чухал. Энэ бол олон улсад байдаг жишиг. Норвеги, Чили зэрэг орнууд уул уурхайн орлогоо шууд зарцуулаагүй. Харин хуримтлуулж, гадаадад хөрөнгө оруулалт хийж, урт хугацааны өгөөж бий болгосон. Монгол ч бас ийм боломжтой. Мөн худалдаалагддаг салбар буюу үйлдвэрлэл, экспортын чадамжтай салбараа хөгжүүлэхгүй бол Монголын эдийн засаг байнга савлагаанд өртсөөр байна.Гэхдээ уул уурхайн мөчлөг бүр дээр бүх мөнгөө хэрэглээнд шингээгээд байвал эдийн засгийн бүтэц хэзээ ч өөрчлөгдөхгүй.
Та инфляц бол зөвхөн эдийн засгийн асуудал биш, нийгмийн суурь асуудлуудтай холбоотой гэж хэллээ?
Тийм. Эдийн засгийн тогтвортой байдал гэдэг зөвхөн тоо биш. Инфляц, орлогын ялгаа, амьжиргааны дарамт нь эцэстээ нийгмийн тогтвортой байдалтай холбогдоно. Эрүүл нийгмийн үндэс нь тогтвортой гэр бүл, чанартай боловсрол, эрүүл мэнд, шударга ёс юм.
Хэрэв эдгээр суурь багана сул байвал эдийн засгийн хүндрэл зөвхөн тоон үзүүлэлтээр зогсохгүй, нийгмийн ёс зүй, итгэлцэл, иргэдийн хандлагад хүртэл нөлөөлдөг. 1990-ээд оны хямрал зөвхөн эдийн засгийн хямрал байгаагүй. Нийгмийн тогтолцооны хямрал байсан. Тэр үеийн савлагааны үр дагавар өнөөдөр ч нийгэмд үлдсэн хэвээр байна. Тиймээс төрийн эдийн засгийн бодлого гэдэг нь эцэстээ нийтийн эрх ашгийг хамгаалах тухай асуудал юм. Төв банк ч гэсэн шийдвэрээ энэ зарчмаар гаргадаг.
Тодорхой хугацааны дараа инфляцыг тогтворжуулсан ч үнийн өсөлт саарахгүй учраас иргэдийн орлого үнийн өсөлтийг давж чадахгүй гэдэг. Тэгвэл Төв банк энэ нөхцөлд ямар бодлогын арга хэмжээ авч болох вэ?
Энд нэг зүйлийг тодруулах хэрэгтэй. Үнэ болон инфляц гэдэг нь хоёр өөр ойлголт. Үнэ гэдэг бол тухайн барааны түвшин. Харин инфляц нь өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлтийн хурд юм. Төв банк үнэ буулгана гэж хэлдэггүй, харин үнийн өсөлтийн хурдыг нам түвшинд барихыг зорьдог. Өөрөөр хэлбэл, махны үнэ өмнөх түвшиндээ шууд буухгүй байж болно. Гэхдээ үнэ цаашид өндөр хурдтай өсөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх нь инфляцыг бууруулах зорилт юм.
Монголбанк 2027-2028 онд инфляцыг нам түвшинд хүргэнэ гэсэн зорилгоо өөрчлөөгүй. Тэр зорилго руугаа хүрэхийн тулд Төв банкнаас шалтгаалах бүх арга хэмжээг авна. Яагаад инфляцтай ингэж тууштай тэмцэх шаардлагатай вэ гэхээр өнөөдөр бидний ярьдаг зээлийн хүү өндөр байна. Багш, эмч нарын цалин амьдралд хүрэлцэхгүй байна гэх мэт асуудлуудын нэг гол шалтгаан нь инфляц. Өөрөөр хэлбэл мөнгөний худалдан авах чадвар инфляцад “идэгдэж” байгаатай холбоотой гэсэн үг. Хэрэв инфляцыг тогтвортой нам түвшинд барьж чадвал зээлийн хүү буурах орон зай үүснэ. Цалин, орлогын өсөлт бодит нэмэгдэл болох боломж бүрдэнэ.
/Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин/
| Н.Батсайхан: Инфляц бол зөвхөн эдийн засгийн биш, нийгмийн асуудал юм |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |