“Би үнэний дуу хоолой” дууны талаар СГЗ, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатартай ярилцлаа.
-Танд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе.
-Баярлалаа. Хэвлэлийн эрх чөлөө бол нийгмийн амьсгалах агаар, нийтийн уух унд аршаан мэт амин эрх юм даа. Бүгдэд нь баярын бас тэмцлийн өдрийн мэнд хүргэе.
-Би таниас сэтгүүл зүйн олон асуудлуудыг сонирхмоор байвч энэ удаа таны зохиосон “Би үнэний дуу хоолой” дууны тухай онцолж байна. Юуны өмнө дууны нэр анхаарал татаж байна?
-Сэтгүүлч хүний амин эрх, туйлын хүслэн гэж нэг юм байна аа. Тэр нь өөр юу ч биш үнэний эрэл юм. Үнэндээ үнэн гэгч үнэхээр байдаг бол тэр нь ганцхан хувь зүйл байдаг байх. Худал хуурмаг юм мянган хувилбартай байж болох. Тиймээс тэр үнэн гэгч нь хэзээ ч зөвийн зөвтгөл, үнэний үнэн зүйл учраас ямагт сайн сайхан, аз жаргал, зөв амьдралын жам ёс гэж итгэдэг учраас энэ дууны нэрийг оноож байсан санагдана. Яагаад гэвэл нийгмийн амьдралын үнэнийг тээгчид нь сэтгүүлчид юм. Тэдэнгүйгээр, тэдний дуу хоолойгүйгээр нийгмийн энэ их мэдээллийн урсгалыг зална, залуурдана гэж саналт үгүй. Ялангуяа мэдээллийн хурд цахилгаан цахих мэт хурдацтай болсон энэ үед сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаа улам бүр үнэ цэнтэй болж байна. Тиймээс “Би үнэний дуу хоолой” гэж ам бардам хэлэх чадамжтай байж нийгмийн энэ их мэдээллийн урсгалыг удирдаж зална шүү дээ. Ер нь дууны нэр бол хүнд хэлэх гол мессеж нь биз дээ.
-Бүтээл бүхэн өөрийн гэсэн түүхтэй байдаг. Энэ дууг зохиох саналыг хэн нэгэн танд тавьсан уу. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн сүлд дуу болохоор нь ингэж асууж байна л даа?
-Манай эвлэл чинь өмнө нь нэг хөөрхөн дуутай шүү дээ. Сэтгүүлчид дуулах, сонсох дуртай байдаг. Харин надад мэргэжлийн өнгө аяс дутаад байх шиг санагддаг байв. Нийтээр даган дуулах дуу байх нэг хэрэг. Харин тэр дуугаар дамжуулж нийгэмд, олон нийтэд, тэр тусмаа мэргэжил нэгт сэтгүүлчдэдээ ёс зүйн код болчихмоор дуу зохиох хэрэгтэйг ухаарсан. Тиймээс энэ дууг монголын сэтгүүлчдийн ёс зүйн дуун код байгаасай гэж хүсч зохиосон. Одоо ч би энэ байр сууриндаа чин үнэнчээр байсаар байна. Асуултад хариулахад энэ дууг хэн нэгэн надад санал болгоогүй, би зүрх сэтгэлээ дагасан гэж хэлмээр байна.
-Сэтгүүлчийн ажил, амьдралыг мэддэг, ойлгодог хүний хувьд энэхүү дууны үгийг бичихэд бусад бүтээлээс арай дөхөм, ойр байж чадсан уу. Харин ч бүр эсрэгээрээ амаргүй байв уу?
-Би чинь Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн энэ төв байгууллагад олон жил Удирдах зөвлөлд сонгогдож, Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, бас одоо мөрдөж байгаа байгууллагын дүрмийг гардан боловсруулж гар бие оролцож явсны хувьд сэтгэлийн өртэй, итгэлийн ерөөлтэй яруу найрагчийн үүргээ биелүүлсэн хэрэг. Тиймээс надад энэ дууны шүлгийг бичихэд төвөг төөтгөр огт байсангүй.
-Ялангуяа зохиолч хүнд бичих орчин нөхцөл, улирал, сэтгэл зүйн байдал, өнгө гээд олон хүчин зүйл нөлөөлдөг байх. “Би үнэний дуу хоолой” дууны шүлгийг та хэдий цаг хугацаанд, ямар нөхцөлд бичиж, бүрэн дуусгасан бэ. Шүлгээ бичиж дуусгасны дараах мэдрэмж ямар байсан бэ?
-2013 оны аравдугаар сарын 12-ны өдөр шиг санагдаж байна. Хөгжмийн зохиолч Б.Чинбатын гэрт нь ая данг нь тааруулж эцэслэж байсан. Тэр үед Хэвлэл мэдээллийн салбарын Урлагийн их наадам болох гэж манайхан хөдөлгөөнд орчихсон байсан үе. Шүлэг, хөгжим хоёр ер удаагүй дорхноо л бүтсэн. Sweetymotion хамтлаг мөн л тэр дор нь дуулсан. Бас хөөрхөн клип хийсэн. Ингээд л тэр дороо тархсан даа. Дуугаа олон нийт, тэр тусмаа сэтгүүлчид хэр хүлээн авах бол гэж сэтгэл түгшиж байсан. Харин тэдний хүлээн авч буй сэтгэлийн таашаалыг хараад зөв юм хийсэндээ итгэсэн шүү.
-Таны бүтээл 2013 онд сэтгүүлчдийн сүлд дуу болсон байдаг. Бүтээл нь сэтгүүлчид төдийгүй олон нийтэд хүрсний дараа дахин сонсоход танд ямар мэдрэмж төрж байсан бэ?
-Тэр үед Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгчөөр Б.Галаарид ажиллаж байсан. Мэдрэмжтэй, гүн хүндэтгэлт хүн учраас энэ дууг мэргэжлийн байгууллагынхаа сүлд дуу болгохоор хэлэлцүүлж тус эвлэлийн Гүйцэтгэх хорооны 17 тоот тогтоол гаргасан. Тэр өдөр 2013.12.20-ны өдөр байсныг би сайн санаж байна. Тэр тогтоолд “МСНЭ-ийн дүрэм, Гүйцэтгэх хорооны хурлын шийдвэрийг үндэслэн Монголын сэтгүүлчдийн эв нэгдэл, ёс зүй, итгэл үнэмшлийг бэхжүүлэх, мэргэжлийн бахархлыг цогцлоох зорилгоор Монголын сэтгүүлчдийн Сүлд дууг буй болгосугай. Монголын сэтгүүлчдийн Сүлд дуугаар Ү. Хүрэлбаатарын шүлэг, Б. Чинбатын хөгжим “Би-үнэний дуу хоолой” дууг соёрхон баталсугай.Монголын сэтгүүлчдийн сүлд дууг нийт сэтгүүлчдийн хүртээл болгон зохион байгуулахыг МСНЭ-ийн Гүйцэтгэх хороонд даалгасугай” гэж оноон тогтоосон байдаг юм.
Тийм хүчирхэг тогтоолтой дуу цөөхөн шүү дээ. Хамгийн гол нь сэтгүүлчид энэ дууг өөрсдөө дуулж, энэ дууны авиа үг бүрийн утгыг нээж, ухааныг тэлж улам бардам сайхан дуулж, дуундаа эзэн нь болж явах учиртай.
-Одоо ид ажиллаж байгаа сэтгүүлчдийн өнгө төрх, байр байдлыг та хэрхэн хардаг вэ. Тэр дундаа залуу сэтгүүлчдэд хандаж хэлмээр зүйл байдаг болов уу?
-Сэтгүүлчийн мэргэжил хамгийн хүнд хүчир мэргэжлийн тоонд айрагддаг. Энэ бол үнэний тэмцэл хичнээн бэрх замыг туулж хүрдэг тэр араншинг тодотгож байгаа хэрэг. Технологийн шинэ хувьсгал, түүний хурд, шилжилт болон хиймэл оюун ухааны түрэмгийлэл эхэлж буй энэ үеийн ачаалал хамгийн түрүүнд сэтгүүлчдийг тээрэмдэж, шалгаж байна.
Монголын сэтгүүл зүйн хөгжил хувьслыг үе үеийн залуучууд үүрч ирсэн. Тэр жаягаар энэ үеийн залуу сэтгүүлчид бойжиж төлөвшиж байна гэж хардаг. Одооны залуу сэтгүүлчид хэрсүүжиж, дэлхийн боловсрол, мэдлэг, мэдээлийн түвшинд ажиллаж байна. Шуудхан хэлэхэд үнэн байх хэцүү. Үнэний төлөө тэмцэх бүр хэцүү. Хэцүү тусмаа сэтгүүлч мэргэжил амттай байдаг юм шүү, зоригтой золбоотой байгаарай гэж хүсэх байна. Бид чинь нийгмийн үнэний дуу хоолой шүү дээ.
| Ү.ХҮРЭЛБААТАР: “Би үнэний дуу хоолой” гэж хэлэх чадамжтай байж нийгмийг удирдаж, зална шүү дээ |
|
ХОВОР ДҮР, ХОСГҮЙ АВЬЯАСЫН ЭЗЭН БАЙЛАА, ТЭР
2026-05-01 08:26:07
Ү.ХҮРЭЛБААТАР: “Би үнэний дуу хоолой” гэж хэлэх чадамжтай байж нийгмийг удирдаж, зална шүү дээ
2026-05-01 07:58:57
"ИППОН ДОЖО"-гийн эцэг, эхийн зөвлөл улсын аварга багууд бэлэг гардуулав
2026-05-01 07:10:00
ӨСГӨХ БОЛОМЖГҮЙ ГЭХ ШАЛТГААНААР ӨЛГИЙТЭЙ ХҮҮХДЭЭ ОРЦОНД ХАЯСАН 21 НАСТАЙ ЭЭЖИЙН ХАВТАСТ ХЭРЭГ
2026-05-01 07:04:33
ЦАГ ХУГАЦААТАЙ УРАЛДАЖ, БҮТЭЭЛ ТӨРҮҮЛДЭГ СЭТГҮҮЛЧДИЙН АЖЛЫН ШИРЭЭ
2026-05-01 07:00:00
Н.НАРАНБААТАР: ХУЛГАЙ ХИЙХ ВИЙ ГЭЖ ХИЙ ХАРДААД ТОМ ТӨСЛҮҮДЭЭ ХОЙШЛУУЛААД БАЙЖ БОЛОХГҮЙ
2026-05-01 07:00:00
СПОРТ, ОЛИМПЫН “ВИКИПЕДИА” ОТТО АХ
2026-05-01 07:00:00
“ЭГЭЛ ХӨВҮҮН ТЭМҮЖИН” НОМООС ЭШЛЭХҮЙ
2026-04-30 18:47:55
Эрүүл мэндийн дэд сайд асан Г.Номин Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллана
2026-04-30 14:47:53
Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-04-30 12:21:25
2026-04-30 08:24:08
ХОВД АЙМГИЙН БУЯНТ СУМАНД "ДОРНЫН ШИМ", "МЕТРО РИ ТРАНС" КОМПАНИ АЛТ УХАХААР ЗЭХЭЖ, НИНЖА НАР ТАЛБАЙГ НЬ СҮЙТГЭЖ ЭХЭЛЖЭЭ
2026-04-30 08:00:34
БҮТЭЭЛҮҮДЭЭРЭЭ "ШУУГИАН ТАРИГЧ"
2026-04-30 07:48:43
ТАНИЛЦ: “НҮҮРСЧИД”-ИЙН ҮҮР БУЮУ “ЦАГААН ХАД”-НЫ ЦААД ЭЗЭД
2026-04-30 07:39:45
“Ulaanbaatar Amazons” баг “FIBA 3x3 Chengdu Women's Series”-д өрсөлдөнө
2026-04-30 07:10:00
М.МӨНХБАТ: ТЕАТРЫН ЭХ ОРОН ОХУ-Д ТҮҮХИЙН ОНДООШЛОО ТОЛИЛУУЛЖ, “МӨНГӨН СЭЛЭМ” ШАГНАЛ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-04-30 07:00:00
2026-04-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |