• Өнөөдөр 2026-02-11

Байгалийн баялгийн өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх Г.Занданшатарын хувилбар

2026-02-11,   175

    Уул уурхайн салбарт олон жил яригдаж, маргаан дагуулсан асуудал бодит шийдэлд хүрэх эхний алхам хийгдлээ. Томоохон уул уурхайн компаниуд Засгийн газартай байгалийн баялгийн өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх түүхэн хэлцэлд гарын үсэг зурав. Засгийн газраас уул уурхай, эрдэс баялгийн салбарт эхлүүлсэн цэгцрэх хөдөлгөөний хүрээнд стратегийн болон үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь, түүний хэрэгжилт, өгөөжийг ард түмэнд хүртээх асуудлаар төр, хувийн хэвшлийнхэн өнгөрсөн оны наймдугаар сараас хойш хэд хэдэн удаа хэлэлцээний ширээний ард суужээ. Үүний үр дүнд байгалийн баялгийн өгөөжийн 60-аас доошгүй хувийг Монголын ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд хүрсэн байна.
 
      Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр “Ачит Ихт”, “Энержи ресурс”, “Хангад Эксплорэйшн”, “Өсөх зоос” ХХК-тай хэлцэлд гарын үсэг зурлаа. Ингэснээр газрын хэвлийн баялгийн өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх бодлого бодит хэрэгжилтийн шатанд орж байна. Тодруулбал, баялгийн хулгайтай тэмцэх, байгалийн баялгийг шударгаар хуваарилах зорилготой Ерөнхий сайдын 02 дугаар албан даалгаврын хэрэгжилт эхэлж байна гэсэн үг. Энэ тухай Ерөнхий сайд Г.Занданшатар “Байгалийн баялгийн өгөөжийг ард түмэндээ шударгаар хүртээх түүхэн алхмыг бид хийлээ. Байгалийн баялгийн орлогыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, хүний хөгжил, эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг хангахад зориулах тогтвортой санхүүгийн суурийг бүрдүүлж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд манлайлал үзүүлж, харилцан ойлголцож, хамтын шийдэлд хүрэхэд идэвхтэй оролцсон хувийн хэвшлийнхэндээ талархал илэрхийлье. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа бол улс орны тогтвортой хөгжлийн гол тулгуур юм. Энэ бол нэг удаагийн шийдвэр биш. Энэ бол Монголын баялаг Монголдоо нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болж, ажлын байр бий болгодог, иргэн бүрд өгөөж нь шударгаар хүрдэг тогтолцоог бий болгох урт хугацааны бодлогын эхлэл юм. Бид баялгаа зөв удирдаж чадвал Монгол Улс зөвхөн баялагтай орон биш, баялгаа иргэддээ шударгаар хүртээдэг улс болно” гэлээ.
Төр, хувийн хэвшлийнхэн хэлцэлд гарын үсэг зурсныхаа дараа сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлэв. 
    ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: 2007 онд стратегийн орд бүхий 15 ордын жагсаалтыг УИХ баталсан. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн ордуудын 34-50 хувийг төр үнэгүй эзэмших ёстой гэсэн хууль баталсан. Өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд стратегийн ордуудын 34-50 хувийг төр авах асуудал яригдсан боловч бодит ажил хэрэг болохгүй өдий хүрсэн. Тийм болохоор стратегийн орд эзэмшиж байгаа хувийн хэвшлүүдтэйгээ хэлцэл хийе. Байгалийн баялгийн өгөөжийн дийлэнхийг Монголын ард түмэн хүртэх Үндсэн хуулийнхаа заалтыг амилуулъя. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан Баялагтаа эзэн монгол хөтөлбөрийг хэрэгжүүлье гэсэн том бодлогуудын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны наймдугаар сарын 21-нд ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд олон удаагийн яриа хэлцэл хийсний үр дүнд өнөөдөр байгалийн баялгийн өгөөжийн 60 хувийг Монголын ард түмэнд ногдох эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэх  тал дээр эхний тохироо хийлээ. Үүнийг улам нарийвчлахын тулд Засгийн газар болон хувийн хэвшлийн ажлын хэсэг хамтраад сууна. Ингээд Засгийн газар эцэслэн шийдвэр гаргасныхаа дараа УИХ-д өргөн барина. Парламентаас эцсийн шийдвэр гарна. 
 
        “Ачит Ихт” компанийн үүсгэн байгуулагч П.Цагаан: 2019 онд Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр стратегийн ач холбогдолтой ордын өгөөжийн дийлэнх буюу 50-иас дээших хувь нь ард түмэнд ногдоно гэсэн нэмэлт орсон. Тэрийг яаж хэрэгжүүлэх тухайд хууль батлагдах ёстой байсан. Гэвч батлагдахгүй нэлээд удсан. Энэ бол төр засгийн ажил. Харин манай компанийн хувьд Орос, Эрдэнэт үйлдвэрийн балансын бус хоёрдугаар овоолго дээр үйл ажиллагаа явуулдаг компани байсан. Алдартай 34 хувиа өгье гэдэг, тэгээд авдаггүй. Ингэж явсаар байтал Үндсэн хууль дээр ч нэмэлт, өөрчлөлт орлоо. Бусад хуулиуд ч батлагдлаа. Ерөнхий сайдын байгуулсан ажлын хэсэгтэй манай ажлын хэсгийн зүгээс уулзалт хэлэлцээ бараг арваад удаа ярилцаж зөвшилцөлд хүрээд өнөөдөр гарын үсэг зурж байна. Энэ шийдвэр цаашаа мэдээж УИХ-д танилцуулагдаад, албажаад явах байх. Тохиролцоогоор манай компани 44 хувийг эзэмшинэ. Эсвэл тэрнийг тусгай АМНАТ-өөр орлуулна. Хамгийн гол хоёр суурь зарчим дээр тохиролцсон. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 51-ээс дээш хувь нь ард түмэнд ногдоно. Хоёрдугаарт, компанийн өгөөжийн 60 хувь нь ард түмэнд, төрд татвар төлбөр, хураамж хэлбэрээр очихоор тохиролцсон. Бид нэгэнт байгуулсан гэрээ, тохиролцоогоо хүндэтгээд нэр төртэйгээр биелүүлнэ. Сайн үлгэр дуурайлал үзүүлнэ гэж бодож байгаа.  Оюутолгойд төр 34 хувийг эзэмшээд өнгөрсөн 10 гаруй жилд нэг ч төгрөгийн ногдол ашиг аваагүй. Манай тохиолдолд Орос Монголын хамтарсан үйлдвэрийн удирдлага нь “Бид хувьцаа эзэмшихгүй, хоёр хувийн тусгай төлбөр авна” гээд өнгөрсөн хугацаанд 40 тэрбумын төлбөр авсан. Тэгэхээр аль нь ашигтай байна вэ. Хэрэв Оюутолгой Эрдэнэт манайх хоёрын хэлбэрээр тохирсон бол улсад нэг тэрбум ам.доллар орох боломжтой байсан. Ногдол ашиг авдаггүй хувьтай байснаас тусгай АМНАТ авсан нь дээр гэдгийг Монгол Улс асар өндөр үнэ цэнээр ойлгосон. Одоо ч гэсэн авсан хувьцаагаа тусгай АМНАТ рүү хөврүүлэхээр ярьж байгаа. Үүнийг УИХ дээр шийднэ. Хуулин  дээрээ ч тийм заалттай байгаа. 
 
   “Эм Си Эс” группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал:-Уул уурхайг тойрсон улстөржилт  сүүлийн жилүүдэд хэрээс хэтэрлээ. Тэгтэл ард түмэн боломжийн цалин орлоготой амьдармаар байдаг. Энэ мөнгө хаанаас орох юм бэ гэхээр том татвар төлөгч, ахиухан экспорт хийж байж тэрийг дагасан өгөөж нь улсын төсөвт орно. Ингэж байж цалин, тэтгэвэр, тэтгэмж ахиухан ногддог. Тэгэхээр уул уурхайг тойрсон улстөржилтөд бид цэг тавья гэж бодсон юм. Тэр утгаараа бид манлайлж оролцож байна. Хэдийгээр өмнө төрийн эзэмшлийн 96 хувиа өгчихсөн ч гэсэн энэ ажлыг дэмжиж байгаа юм. Улстөржөөд хэрэлдэж талцах тусам улс орны бүтээн байгуулалтууд хойшилдог. Өнгөрсөн түүхээсээ ч сургамж авлаа. Хэрүүл тойрч улстөржих биш, хийж бүтээж улс орныхоо хөгжлийг урагш нь явуулъя гэдэг үүднээс, нийгмийн хариуцлагын хүрээнд хандаж, энэ хэлэлцээрт зарчмаа тохирч байна. 
 
     Төр, хувийн хэвшлийнхэн энэ удаад сөргөлдөж, хэрэлдэх бус, win-win зарчмаар харилцан ойлголцож, байгалийн нөөцийг ард түмэнд илүү өгөөжтэй болгох гарцыг сонгож буйгаа ийнхүү  илэрхийв. Хэрэлдэж талцахаас илүү хийж бүтээх замаар улс орон хөгжинө гэдгийг энэ хэлцэл тод харуулж байна. Талууд ч өөрсдөө энэ тухай тодотгов. Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа Үндсэн хуулийн 6.2-т нэмэлт, өөрчлөлт оруулж, байгалийн баялгийг өнөө болон ирээдүйн иргэн бүр тэгш, шударгаар хүртэх заалтыг оруулж байсан хүн. Тэгвэл тэрхүү заалтыг Ерөнхий сайд болоод хэрэгжүүлж буй уг үйл явцыг ажиглагчид хэрхэн харж байгааг сонирхлоо.  “Засгийн газартай хэлцэл хийсэн дөрвөн орд тус бүр ард түмэнд 60 хувийн өгөөж өгөх юм байна. Монгол Улс баялгийн хараалаас баялгийн ерөөл рүү алхах зам нээгдэж байна. Ухаахудагаас өгсүүлээд стратегийн том ордуудыг тойрч хэрэлдэх биш, ширээний ард суугаад хэлцэлд хүрч чадсанаараа Г.Занданшатар үе үеийн Засгийн газрын тэргүүний түүхэнд анхдагч нь болж чадлаа. “Орона”-гийн гэрээгээр байгалийн баялгийн өгөөжийн 51 хувийг хүртэх тохиролцоо хийсэн. Үүнээс энэ том дөрвөн орд дахь хэлэлцээгээр 60 хувь болгож Үндсэн хуулийн 6.2-т заасан зарчмыг давуулан биелүүлж буй нь сайн хэрэг. Манай улс Оюутолгойд төр 34 хувь эзэмшээд жил өнгөрлөө. Гэвч ногдол ашиг авах нь байтугай Монгол Улс өр төлбөрт унасан алдааг Г.Занданшатарын Засгийн газар тойрч чадсан нь сайн хэрэг. Цэгцэлж байж хөгжинө. Одоо хэрэлдээд гацаах бус, хийх цаг ирсэн” гэж улс төрийн хүрээнийхэн онцолж байна лээ. Тэгвэл эдийн засагчид “Тусгай АМНАТ-өөр төрийн хувь хэмжээг тохирсон нь эрсдэлгүй, иргэдэд өгөөжөө шууд өгөх загвар. Тухайн ордуудын өгөөж 60 хувьд хүрэхгүй бол стратегийн ордын лиценз эзэмшигч нь тохируулагч төлбөрийг нэмж төлөх энэ тохиролцоо хэрэгжвэл өгөөж ямар ч тохиолдолд 60 хувиас буухгүй гэсэн үг. Энэ нь том зургаараа Монголын эдийн засагт ач холбогдолтой” гэв. 

Байгалийн баялгийн өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх Г.Занданшатарын хувилбар
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188