Урин дулаан цаг ирж, модод гөлөглөж, монос цэцэглэн байгаль дэлхий сэргэжээ. Энэ цаг үед иргэдийн дунд модны суулгац сонирхох нь эрс нэмэгддэг. Манай улсын нийт газар нутгийн найман хувьд ч хүрэхгүй хэсгийг ой мод эзэлдэг тул байгальд ээлтэй, ногоон орчныг бүрдүүлэх зорилгоор мод тарих санаачилга жилээс жилд өргөжин тэлж байна. Монгол Улсад жилд хоёр удаа, хавар болон намрын улиралд мод тарих уламжлал тогтсон бөгөөд энэ удаа 15 дэх улиралтайгаа золгож байна. Нэгэн үе зөвхөн кампанит ажлын шинжтэй байсан мод тарих үйлс өнөөдөр олон нийтийн дунд сайн үлгэр дуурайлал болон төлөвшиж, хашаа, гэр орчноо моджуулах хүсэлтэй иргэдийн тоо ч мэдэгдэхүйц өсжээ. Тиймээс энэ удаагийн сурвалжилгаар модны суулгацын үнэ ханшийн талаарх мэдээллийг уншигч танд хүргэж байна.
Мод, бутны суулгацын үзэсгэлэн худалдаа энэ сарын 4-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод IC PARK, барилгачдын талбай, сүхбаатарын талбайд болж байна. Зусландаа мод тарих гэсэн иргэд олноор иржээ. Тэд модны үнэ судлан буцах нь олон. Мэдээж худалдан авах нь ч бий. Иргэн Э.Болд хотоос холгүй байрлах жижиг зуслангийнхаа хашаанд жимсний мод тарьж, ирэх жилүүдэд үр шимийг нь хүртэнэ гэж олон жил ярьсаар ирсэн гэнэ. Тэрбээр энэ жил жимсний мод авахаар иржээ. Хоёр, гурван газраас үнэ асуусны дараа модны суулгац худалдаалагчаас хэр арчилгаа шаардаг талаар асуулаа. Худалдагч хариуд нь “Хүйтэнд даана, жил бүр жимсэлнэ. Арчилгаа их шаардахгүй,” гэх товч хариулав. Э.Болд ингээд хэсэг тойрч, судалж байгаад үхрийн мод худалдаж аваад гарлаа.
Бид цааш явж худалдагчаас үнэ ханшийг тодрууллаа. Модны суулгац худалдагч Б.Цэгмэд “Ноднин 20 мянгаар зарж байсан тарихад бэлэн моносны суулгацыг энэ жил 15 мянгаар худалдаалж байна. Үхрийн нүд 15 мянга, бөөндөж ахиу авбал 10 мянган төгрөгт зарж байгаа. Тэхиншэг 10-15 мянга, энэ жил мод хямд үнээр зарагдаж байгаа ч худалдан авалт төдийлөн сайн биш байна. Хөрсөө бэлдэж чадвал ургахгүй мод гэж байхгүй, бүх мод сайхан ургана шүү дээ. Хамгийн гол нь хувь хүний сэтгэл, арчилгаанаас хамаарна. Өрхийн хэмжээнд ургуулж арчлахад амар, жимсний гарц сайтайгаар үхрийн нүдний модыг түлхүү авч байна. Суулгацын хамгийн үнэтэй нь гацуур мод 100 мянга төгрөгийн үнэтэй. Модны насжилтаас хамаарч өөр өөр үнэтэй. Арчилгаа их шаарддаг мод хамгийн үнэтэй” гэв. Жил бүрийн тавдугаар сарын өдийд мод тарихад хамгийн тохиромжтой үе байдаг. Үзэсгэлэн худалдаа эхлээд 12 хонож байгаа ч худалдан авалт тааруу байгаа нь ажиглагдсан юм.
Хаврын мод тариалалтаар үхрийн нүдний суулгац эрэлттэй байна |
|