You are my sunshine, my only sunshine ... хэмээн уянгалах бүүвэйн дуунд охиноо унтуулах амархан байдаг юм. Унтах цаг нь болж, нүд нь талимаарах үед охиноо энгэртээ тэврээд дууг намуухан эгшиглүүлэхэд төд удалгүй унтаад өгнө. Булбарай бяцхан гараараа аавыгаа тэвэрч, анхилам үнэр ханхлуулан зөөлөн амьсгалж, хааяа нэг үнэгчлэн инээмсэглэн унтах охиноо хараад сэтгэл дотор аз жаргал бялхдаг. Би энэ үед ИТГЭЛ хэмээгч охиныг минь ийм амар амгалан нойрсоход хүргэдэг болов уу гэж боддог. Ер нь амьдрал хэмээх энэ аялалд сайн, муу олон зүйл тохиолдоно. Энэ бүхнийг хүн өөрийн тэсвэр хатуужил, зориг зүрхээр даван гарах хэдий ч сэтгэлийнхээ гүнд нэг зүйлийг үргэлж эрэн хайсаар байдаг. Энэ бол бусдад итгэх итгэл. Би ганцаараа биш, намайг ойлгож, санаа бодлыг минь хуваалцах, хариу нэхэхгүй туслах, хайрлах сайхан сэтгэлтэй олон хүн бий гэх итгэл бид бүхэнд хүч чадлыг өгдөг. Яг л охин минь аавдаа итгэж байгаа учир энгэрт нь наалдаж амар амгалан унтаж чадаж байгаатай адил гараас минь атгаад надад дэм өгөх хүмүүс хаа нэгтээ байгаа гэх итгэл хүн төрөлхтнийг амар амгалан болгодог.
Тэгвэл итгэл хэмээх энэ түүдэг галыг өрдөж, өдий хүртэл бусдын сайн сайхны төлөө зүрх сэтгэлээ зориулсаар яваа хүмүүс бол ротаричууд юм. Монголын ротаричууд олон хүний итгэлийн галыг бадрааж, найз байж, тулах багана нь болсоор 30 дахь жилийнхээ нүүртэй золгож байна.
Сэтгэлийн нэгдэл
Эд хөрөнгө, эрх ашиг бус зүрх сэтгэлээрээ нэгдэн нийлсэн хүмүүс хамгийн бат бөх, урт удаан нөхөрлөлийг бий болгож, итгэлцэл хэмээх үл нурах цайзыг бүтээж чаддаг гэдэгт би итгэдэг. Анх 1905 оны хоёрдугаар сарын 23-нд өмгөөлөгч Паул П.Харрис АНУ-ын Чикаго хотод өөрийн найз Густав Лоерын оффис дээр бизнесийн гурван танилтайгаа уулзаж байхдаа Ротари клубийг байгуулсан түүхтэй. Анхны үүсэл санаа нь бусдын сайн сайхны төлөө байсан тул үйл ажиллагаа нь хэдхэн жилийн дотор огцом тэлж, өдгөө 1.4 сая гишүүн нь 46 мянга гаруй клубт хамаарагдан нийгэмдээ үйлчилж, өөрийгөө хөгжүүлж байна.
Харин Монгол Улсад 1995 онд “Улаанбаатар ротари” клуб байгуулагдсанаар үндэс суурь нь тавигдаж, салаа мөчир болон ургасаар өтгөн сайхан мод болжээ. Энэ саглагар мод 23 Ротари клуб, 14 Ротаракт клуб (18-30 насныхан), 20 гаруй Интеракт клубээс (12-18 насныхан) бүрдэж байна. Ингэснээр нийт 1600 гаруй гишүүд, дэмжигчидтэй болжээ. Тэд өнгөрсөн 30 жилийн хугацаанд 13 сая гаруй ам.долларын дүн бүхий төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байна. Энэ бол тоогоор илэрхийлсэн дүн мэдээ. Бусдад өгсөн аз жаргал, итгэл найдвар, урам зориг, дадал, бахархал нь үл хэмжигдэх үр өгөөж билээ.
Анх сайн дурын үндсэн дээр нэгдэн нийлсэн ротаричууд бусдад туслах ажлаа хүүхдийн хорих ангиас эхэлсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл, хорих ангийн хүүхдүүдэд халуун усанд орох боломжийг бүрдүүлж өгсөн уг “бяцхан” төсөл нүдээ олсон ажил байв.
Гадны иргэд, сайн санаат олон хүний дэмжлэгээр бүтсэн уг төсөл анхны ротаричуудад том урам зориг өгсөн байдаг. Энэ талаар “Defacto” Б.Жаргалсайхан “Маш их баярласан. Сэтгэл их хөөрсөн. Дахиж илүү ихийг хийх урам зориг ундарсаар байсан” хэмээн дурсан ярьж байна. Тэрбээр Монгол Улсад ротари клубийг үүсгэн байгуулах тулганы чулууг тавилцсан эрхэм хүмүүний нэг юм.
Монгол орон зах зээлийн нийгэмд шилжиж, амьдрал хүнд хэцүү цаг үед амь амиа бодох үзэл илүү их жин дарж байсан хэмээн олон хүн өдгөө дурсдаг. Гэхдээ ямар ч хэцүү цаг үед итгэл найдвар үргэлж байдаг, сайхан сэтгэл, бусдын төлөө гэх хайр энэрэл амь бөхтэй оршоор байдгийг монголчууд тэртээ 30 жилийн өмнө харуулж чадсан нь жам ёс мэт зүйл байв. Тийм ээ, итгэл найдвар хэзээ ч бөхөхгүй. Бөхөөхийг ротаричууд хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Энэ л үйл хэргийн дагуу монголчууд нэгдэн нийлж хүнд өвчтэй, зовсон зүдэрсэн нэгэндээ хандивын гараа сунгаж эхэлсэн нь ротаричуудын үлгэр дууриаллаас эхтэй билээ.
Нандигнах эрхэм зорилго
Ротаричууд бол шашин биш. Улс төрийн эрх ашгийг зорилгоо болгосон хүмүүс ч биш. Тэд өөрсдийн нөөц боломжид тулгуурлаж бусдад туслах, тэдний сайн сайхны төлөө ямар нэг зүйл хийхээр шунасан донтогчид гэхэд болно. Бас нэг гэр бүл. Ротари клубүүд нийт 7 зорилгын дор нэгдэж үйл ажиллагаагаа хамтран явуулсаар ирсэн. Энэ бол
-Энх тайвныг бэхжүүлж аливаа мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх
-Өвчлөлтөөс сэргийлэх, эмчилгээ үзүүлэх
-Ундны ус, ариун цэвэр, эрүүл ахуй
-Эх, хүүхдийн эрүүл мэнд
-Боловсрол
-Эдийн засгийг хөгжүүлэх
-Байгаль дэлхийгээ хамгаалах юм. Өөрөөр хэлбэл, төслийн зорилго бүхэлдээ хүн төрөлхтнийг аз жаргалтай, энх тунх оршин тогтнуулахын төлөө байдаг. Ялангуяа, Монголд эрүүл мэндтэй холбоотой асар олон төсөл хэрэгжсээр ирснийг энд онцгойлон дурдах учиртай. Тухайлбал, “Эрүүл Монгол” төслийн хүрээнд орон нутгийн эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж, түргэн тусламжийн хэрэгсэл хандивлаж, эмч сувилагчдад сургалт явуулсан байдаг. Мөн “Test for life” хүмүүнлэгийн төслийг 2005 оноос хэрэгжүүлж 30 гаруй мянган эмэгтэйд үзлэг шинжилгээ хийж, умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлснээр цаг алдалгүй эмчлэх боломжийг бүрдүүлсэн юм. Эмэгтэйчүүдийн дунд тохиолдож байгаа хорт хавдрын өвчлөл дунд умайн хүзүүний хорт хавдар 14-15 хувийг эзэлж байгаа нь ямар аюулын харанга болсныг харуулна. Тэдгээр эмэгтэйчүүдийн 50 хувь нь хожуу үе шатандаа оношлогдож, 13 эмэгтэй хүн тутмын нэг нь амь насаа алдаж байна гэхээр аймшигтай. Тийм ч учраас “Централ ротари клуб”-ийн “Test for life” төсөлд “Хонгконг Ротари клуб”-ээс хандивласан 130 мянган ам.долларын өртөг бүхий явуулын эмнэлэг (машин) эрүүл энхийн элч мэт үзэсгэлэн төгөлдөр харагдсанд гайхах зүйл үгүй.
Түүнчлэн, “Гепатитгүй Монгол” төслийг онцлох учиртай. Монгол Улсад элэгний хорт хавдрын нас баралтаар тэргүүлж байгаа. Тиймээс тус төслийг хэрэгжүүлэх учир шалтгааныг энд тоочих нь илүүц биз ээ. Мөн “Чимээгүй ертөнцийг аваръя” төслөөр дамжуулж сонсголын төрөлхийн согогийг илрүүлж, эмчлэх боломжийг бүрдүүлж өгсөн. Энэ төслийн ачаар Монголд мэндэлж буй бүх хүүхдийг нярай үед нь сонсголын бэрхшээлтэй эсэхийг илрүүлэх хяналтад хамруулах боломж бүрдсэн. Энэ мэтээр маш олон төслийг энд дурдаж болно. Миний хувьд “Туул ротари клуб”-ийн хэрэгжүүлсэн “Хүүхдийн зүрх” төсөл онцгой сэтгэгдэл төрүүлсээр ирсэн.
2007 он. Бүгд найрамдах Солонгос улсын Гил эмнэлэг. Ээж нь хүүдээ хандаж “Миний хүү эрүүл болчхоод ээж, аав хоёртоо хүрээд ирнэ, за” хэмээхэд хүү нь “За” гэв. “За” гэх үгийг сонссон хүнд алдах, ухрах, няцах эрх байхгүй. Учир нь амьдрал хэмээх их далайд дөнгөж хөлөө дүрж буй бяцхан хүү ямар ч эргэлзээгүйгээр “Туул ротари”-чуудад итгэж байна шүү дээ. Төслийн хүрээнд нийт 300 гаруй хүүхдийг гадагш явуулж эмчилж чадсан. Үүгээр ч зогсохгүй 2013 онд “Туул ротари клуб”-ийн санаачилга дэмжлэгийн үр дүнд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг Монголд оруулж ирснээр Солонгост бус эх орондоо нярайн зүрхний төрөлхийн эмгэгийг эмчлэх хүнд хагалгаануудыг хийх боломж бүрдсэн юм.
Амлалтдаа хүрч, бяцхан үрсэд амьдрал бэлэглэсний дараа яг ямар мэдрэмж төрдөг вэ, ротаричуудаа. Бид бүгд хүссэн машинаа авч, эсвэл дуртай бялуугаа идсэний дараа аз жаргалттай, баяр баясалтай болох мэдрэмжийг мэднэ. Тэгвэл бусдыг аз жаргалтай болгох мэдрэмж ямар байдаг вэ. Олимпын дэвжээнд ялалт байгуулаад зогсоход догдлох мэдрэмжтэй ижил үү. Эсвэл Оскарын шагнал гартаа атгаж зогсоод алмайран зогсохтой төстэй юу. Яг ямар байдаг вэ, ротаричуудаа хэмээн асуухыг хүснэ.
Үл зогсоно...
Ротаричуудын хэрэгжүүлсэн асар олон төсөл бий. Дээр эрүүл мэндтэй холбоотой цөөн төслийг дурдахад халгиж цалгисан их мэдээлэл хөвөрч байна. Эрүүл мэндээс гадна говийн мазаалайг хамгаалах төсөл, цэцэрлэгийн багачууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хөгжүүлэх, мэргэжил сонголтод нь туслах, номонд дуртай болгох, багш болон эцэг, эхийн харилцааг өргөжүүлэх зэрэг олон төсөл хөтөлбөр хэрэгжсээр ирсэн. Мөн цэвэр усны хангамжийг нэмэгдүүлэх төслөөр олон мянган хүнийг ундаалан тэтгэсэн билээ.
Үүнд нэр нь дурдагдаагүй олон төсөл хөтөлбөр, хамт олон үлдэж байгаад хүлцэл өчье. 30 жилийн үйл хэргийг нэг бүрчлэн дурдвал ихээхэн цаас, бэх хэрэг болох нь дамжиггүй. Бас гар багагүй чилэх тул цөөн төслийг дээж болгон дурдлаа. Гэхдээ энд нэр нь дурдагдаагүй ч төсөл бүрийн цаана үр өгөөжийг нь хүртсэн олон мянган “фанат” байгаа билээ. Өөрөөр хэлбэл, төсөл бүр үр өгөөжийг нь хүртсэн хүн бүрийн зүрх сэтгэлд гүн шингэсэн.
Баярлалаа, бас дахиад хичээгээрэй
“Амжилтыг эд баялгаар хэмждэггүй. Харин бусдад үзүүлэх эерэг нөлөөллөөр хэмжигдэнэ” хэмээжээ. Мөн “Боломжийг хүлээх хэрэггүй. Бүтээгээрэй” гэсэн байна. Энэ бол ротари хөдөлгөөнийг үүсгэн хөгжүүлсэн хүмүүсийн хэлж байсан үгс. Ер нь ротаричууд бүгд үйл хэргээсээ гүн гүнзгий ойлголт, мэдрэмжийг бий болгосон юм шиг санагдсан. Монголын ротаричууд “Төсвийн мөнгө хүрээгүй газар ротаричуудын зүрх сэтгэл хүрч үйлчилсээр ирсэн”, “Бусдын төлөө бууж өгдөггүй хүмүүс бол ротаричууд”, “Ротаричуудыг зүрх сэтгэл бүтээсэн” гэх зэргээр өөр өөрийн сайхан үгсийг хөврүүлж байна лээ. Тийм ээ, ерөөл өргөж, сайн сайхныг зөгнөн бодож буй хүн бүрийн аманд шар тос түрхье. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бусдын сайн сайхны төлөө хөрөнгө мөнгө, цаг зав, сэтгэл зүрхээ зориулсаар ирсэн гадна, дотны мянга мянган хүнд ихэд талархаж, мэхийн хүндэтгэе. Өөрөөсөө давж бусдад тусалсанд баярлалаа.
Баярлалаа, бас дахиад хичээгээрэй. Цаашид цэвэр ус, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин зэрэг олон салбарт томоохон төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, залуусын оролцоог улам бүр нэмэгдүүлж ажиллах нь гарцаагүй. Та бүхнийг улам их үйл хэрэг хүлээсээр байна. Миний, бид бүгдийн нарны гэрэл билээ.
Г.Батзориг
Чи миний, бид бүгдийн нарны гэрэл |
|
2025-03-31 06:00:00
2025-03-31 06:00:00
2025-03-30 16:39:21
2025-03-30 16:32:40
2025-03-30 15:41:24
2025-03-30 14:55:33
2025-03-30 14:45:38
2025-03-30 13:34:33
2025-03-30 12:53:42
2025-03-30 11:09:50
2025-03-30 09:41:01
2025-03-30 09:26:36
2025-03-30 09:12:37
2025-03-30 09:06:33
2025-03-30 08:58:56
2025-03-30 08:54:45
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |