Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод заасан зорилт арга хэмжээний хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгын хүрээнд 2018 оноос эхлэн “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг соёлын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний шийдвэрээр зохион байгуулж ирсэн. 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 96 дугаар тогтоолоор “Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэ жилийн гуравдугаар сарын эхний долоо хоногт Монголчуудын үндэсний Цагаан сарын баяртай давхацсан тул Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын тушаалаар “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг 2025 оны гуравдугаар сарын 7-13-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон.
Урин хаврыг угтсан соёлын томоохон арга хэмжээ болох “Музейн нээлттэй өдрүүд”-ээр уламжлал ёсоор төрийн болон орон нутгийн өмчийн музейд байнгын үзүүллэгийн танхимаараа иргэдэд “үнэ төлбөргүй” үйлчлэх юм. Мөн Монгол Улсын Засгийн газраас “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталсантай холбогдуулан “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд олон нийтийн оролцоог хангасан тусгай үзэсгэлэн, боловсролын хөтөлбөр, лекц, уулзалт хэлэлцүүлэг зэрэг нийгэмд чиглэсэн олон төрлийн арга хэмжээ болно.
Энэ жил оюутан залуучуудын оролцоог түлхүү хангахыг зорьж Монголын оюутны холбоотой хамтран их, дээд сургуулийн парламентын мэтгэлцээний клубүүдийн оюутан, залуучуудын дунд “Монголчуудын түүх, соёлын өв, музей” сэдвийн хүрээнд “Уран илтгэлийн уралдаан”, “Мэтгэлцээн” явагдана.
Мөн Чингис хаан Үндэсний музей мэргэжлийн ангийн оюутнуудад зориулсан “Нээлттэй сан хөмрөг” арга хэмжээг зохион байгуулж Монголын төрийн үе үеийн тэргүүнүүдэд бэлэглэсэн гадаад, дотоодын бэлэг дурсгалын зүйлс зэргээс бүрдсэн тус музейн сан хөмрөгийг анх удаа нээлттэй толилуулна. Монголын Үндэсний музейгээс “Монгол шатрын бэлгэдэл”, “Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн дарга Лосолын Лааган” олон нийтэд нээлттэй лекцүүд, Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр мартын 8-ны өдрийг тохиолдуулан Дүрслэх урлагийн музей “Бүсгүйчүүдийн дүр дүрслэх урлагт-5”, Монголын Уран зургийг галерей “Урлаг ба бүсгүй” сэдэвчилсэн үзэсгэлэн, эвент арга хэмжээ, Богд хааны ордон музей “Шинийн наймны Цагаан дара эх” танин мэдэхүйн арга хэмжээ, Монголын Театрын музейгээс Зохиолч, найруулагч Т.Чимэдийн “Туулсан зам” 7 бүлэг баримтат киног “Агуй” танхимдаа тайлбартай үзүүлэх зэрэг онцлох арга хэмжээнүүд явагдахаас гадна хүүхдэд зориулсан олон төрлийн боловсрол танин мэдэхүй ажлуудыг тасралтгүй зохион байгуулах юм.
Энэ удаагийн музейн нээлттэй өдрүүд арга хэмжээнд төрийн болон орон нутгийн 35 музей хамрагдаж оршин байгаа газар нутгийн ард иргэддээ зориулсан соёл, гэгээрлийн арга хэмжээ зохион байгуулж, музейн байнгын үзүүллэгийн танхимаараа үнэ төлбөргүй үйлчилнэ.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 10 музей дээр тусгай болон сэдэвчилсэн 9 үзэсгэлэн, 7 удаагийн нээлттэй лекц, боловсрол танин мэдэхүйн 18 хөтөлбөр нийт 50 орчим арга хэмжээг зохион байгуулах юм.
“МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД" 2025 |
|