• Өнөөдөр 2025-02-11

Хууль зөрчиж томилогдсон Д.Пүрэв-Очирыг Булганы иргэд нэн яаралтай огцруулахыг шаардлаа

2025-02-10,   343

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг хууль зөрчсөн, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, намтраа хуурамчаар бөглөж, Засаг даргад томилогдсон зэрэг асуудлыг үндэслэн тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид түүнийг огцруулах албан бичгийг аймгийнхаа ИТХ-ын даргад хүргүүлээд байгаа билээ. Мөн Булган аймгийн иргэдийн зүгээс Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцрохыг шаардаж жагсаал хийх талаараа мэдэгдэж байсан. Тэгвэл энэ асуудлаар бид Булган аймагт очиж сурвалжиллаа. Монголын үзэсгэлэнт байгалиараа алдартай, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой аймаг бол Булган. Түүнчлэн ОХУ болон Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Архангай аймагтай хиллэн оршдог. Аймгийн дэд бүтэц сайн хөгжсөн, төмөр замд ойрхон, улсын нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдсон зэргээс харвал тус аймаг нь эдийн засгаа хэд дахин тэлэх боломж хангалттай байгаа юм. Харамсалтай нь Булган аймаг өрсөлдөх чадвар, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ Монгол Улсдаа сүүл мушгисаар. Хөгжихгүй байгаа шалтгаан нь тус аймгийг удирдаж яваа албан тушаалтнуудтай холбоотой гэдгийг иргэд нь шүүмжлэн ярьж байна. Тухайлбал, сүүлд томилогдсон Засаг дарга болон түүний баг өмнөх удирдлагуудынхаа хэрэгжүүлж байсан сайн төслүүдийг бүгдийг нь зогсоож, иргэдийн ажлын байр, сурч боловсрох эрхэд ноцтой халдсан талаар иргэд нь бухимдан ярьж байв. Тодруулбал, Булган аймгийн өмнөх удирдлагууд Солонгос улсын Шинхан их сургууль хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, жил бүр Булган аймгийн 20 оюутныг “Кёнгидо Шинхан” их сургуульд сургахаар болсон байдаг. Үүний дагуу Булган аймгийн 16 сум, нэг тосгоноос суралцах болзол хангасан 20 сурагч 2023, 2024 онуудад явсан байна. Гэвч Д.Пүрэв-Очир Засаг даргаар томилогдоод дээрх хөтөлбөрийг зогсоосон нь иргэдийнхээ сурч боловсрох боломжийг хааж байгаа үйлдэл ажээ. Энэ мэт олон шалтгаанаар хууль зөрчиж томилогдсон Д.Пүрэв-Очирыг огцрох шаардлагатай гэдгийг Булган аймгийн олон иргэд хэлж, шаардаж байлаа. Энэ үеэр бид Булган аймгийн иргэдээс дараахь тодруулгыг авлаа.
 
Булган аймгийн иргэн, МАН-ын гишүүн А.Ганболд: Манай аймгийн өмнөх удирдлагууд хүүхдүүдийг Солонгост сургаж, мөн иргэдийг Япон руу гаргаж ажил, хөдөлмөр хийлгэдэг байсан. Энэ бол маш зөв бодлого. Өөрөө МАН-ын гишүүн ч гэлээ өмнөх АН-ын удирдлагуудын энэ мэт сайн бодлогуудыг иргэнийхээ хувьд дэмжиж явсан. Харин одоо манай намын нэг залуу аймгийн Засаг дарга болсон. Энэ залуу гарч ирээд энэхүү хөтөлбөрийг зогсоосонд дургүй хүрч байна. Өнгөрсөн найман жилд манай нам эрх барилаа. Харамсалтай нь ард түмний аж амьдрал улам л муудлаа. Үүнд намын гишүүний хувьд их эмзэглэж явдаг хүн. Өөр нэг зүйлээс болж намдаа дургүй хүрдэг. Тэр нь орон нутгийг яг орон нутагтаа ажиллаж амьдарсан нутгийн нэг боловсон хүчнээр удирдуулах хэрэгтэй. Харамсалтай нь манай нам Ж.Бат-Эрдэнэ гэх нөхрийн цүнх баригчийг энд Засаг даргаар томилсон. Үнэхээр иргэдийнхээ амьдралыг мэдэхгүй, туршлага байхгүй хүн аймаг орон нутгийг удирдаад, иргэдэд нөлөөлсөн томоохон бодлогын шийдвэрүүд гаргаад явна гэж байдаггүй. Байдаггүйгээ Д.Пүрэв-Очир гэх нөхөр харуулсаар байгаа. Орон нутгийн хөгжилд энэ олон цүнх баригчид үнэхээр гай, саад болдог. Ийм хүмүүсийн оронд туршлагатай, орон нутгаа гэсэн сэтгэлтэй хүн л Засаг дарга болох ёстой. Тиймээс намынхандаа болоод Ерөнхий сайдад энэ туршлагаггүй залуу хүнээ хурдан авч хая гэж хэлмээр байна.
 
Булган аймгийн VI багийн иргэн Э.Бямбадорж: Манай Булган аймаг үнэндээ хөгжлөөрөө бусад аймгуудаас хол хоцорсон нь үнэн. Иргэд олон нийтэд мэдээлэл өгчих олигтой телевиз, радио ч алга байна. Үнэхээр хаалттай нийгэм шиг. Дарга нар нь өөрсдийнхөө гоё сайхныг гаргаад бусад мэдээллийг таг хаачихдаг юм шиг байна лээ. Өмнөх удирдлагууд уг нь гайгүй хөгжүүлэх гэж оролдсон. Өндөр, өндөр байшингууд баригдаж эхэлсэн нь одоо дуусах гэж байна. Би өөрөө группийн хүн. Саяхан хэдэн төгрөг нэмэгдсэн. Тэглээ гээд эм тариандаа хүрч байгаа юм огт алга. Ихэнхийг нь өр, зээл татаад авчихаж байна. Түүнээс илүү манай аймгийн Эрүүл мэндийн үйлчилгээ үнэхээр хангалтгүй, муухай байна. Нэг очоод үзүүлнэ. Тэгэхээр хэвтих ор байхгүй гэдэг. Тэдэн сарын дараа дуудъя гээд таг чимээгүй болдог. Ядаж эрүүл мэндийн үйлчилгээ, тусламжаа сайжруулах болов уу гэж шинэ удирдлагуудыг харлаа, хүлээлээ. Энэ талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр огт үзэгдэхгүй байна. Тиймээс Засаг дарга Д.Пүрэв-Очир нэн яаралтай огцрох ёстой.
 
Булган аймгийн иргэн Г.Энхцэцэг: Би төрийн албан хаагч хүн. Бид ер нь нийтээрээ л амьдрал хүнд байна. Бараа, бүтээгдэхүүний үнэ тэнгэрт тулчихлаа. Төрийн албан хаагчид зээлээс зээлийн хороонд амьдарч байна. Аймгийн удирдлагууд ажил хийнэ гэж гарч ирсэн. Хийхийг нь хүлээсээр л байна. Манай аймгийн иргэд Засаг даргаа огцруулна л гэж ярьж байгаа. Төсвийн байгууллагын хүмүүс бид ийм асуудалд оролцох эрх байдаггүй.
 
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир нь өөрөө Төрийн албанд ажилласан туршлагагүй атлаа хууль зөрчин энэхүү албан тушаалд томилогдсон талаарх баримттай мэдээллүүд цахим сайтаар цацагдсан. Өөрөөр хэлбэл, Засаг даргаар томилогдохын тулд төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх хуулийн заалттай. Гэвч Д.Пүрэв-Очир нь энэхүү заалтыг зөрчиж Засаг дарга болсон байна. Тодруулбал, тэрээр Иргэний нисэхийн ерөнхий газрын Бодлого төлөвлөлт хариуцсан менежер, санхүү эдийн засаг эрхэлсэн төлөвлөлтийн хэлтсийн даргаар 2017-2023 оны хооронд ажилласан талаараа мэдэгдсэн. Үүнийгээ Засаг даргад томилогдох болзлоо хангасан гэж мэдээлж байгаа юм. Гэвч Төрийн албаны зөвлөлөөс гаргасан албан бичигт ИНЕГ-ын даргаас бусад албан тушаалыг төрийн албанд ажилласанд тооцох хуульгүй гэж үзжээ. Үүнээс харвал Д.Пүрэв-Очир Засаг даргад томилогдох шалгуураа хангаагүй гэсэн үг. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэнгээр “шаардлага хангасан” гэдэг хуурамч баримт бүрдүүлэн томилогдсон холбогдох олон хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэдэг тодорхой харагдаж байгаа юм.
 
Д.ПҮРЭВ-ОЧИР: НОЦТОЙ ЗӨРЧИЛ ГАРГАСАН НЬ ГАЙГҮЙ БОЛОХООР ОГЦРОХГҮЙ БАЙХ АА
 
Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор хууль зөрчиж томилогдсон гэгдэх Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очироос тодрууллаа. Тэрээр “Би 2010 онд их сургууль төгссөн. Түүнээс хойш 10 гаруй жил хувийн хэвшилд ажилласан. Улмаар 2018 оноос ИНЕГ-ын Нисэх буудал удирдах газарт менежерээр ажилласан. Харин сүүлд 2023-2024 онд тус газарт санхүү эдийн засгийн төлөвлөлтийн даргаар ажиллаж байгаад Булган аймгийн Засаг даргын албанд ирсэн. Ингээд холбогдох томилгоонуудыг хийгээд явж байгаа. Иргэдийн хурлаар огцруулах асуудал орж ирнэ. Миний хувьд ноцтой зөрчил гаргасан зүйл гайгүй болохоор огцрохгүй болов уу гэж бодож байна” хэмээх тайлбарыг өглөө.
 
Эх сурвалж: Өдрийн сонин

Хууль зөрчиж томилогдсон Д.Пүрэв-Очирыг Булганы иргэд нэн яаралтай огцруулахыг шаардлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-10 18:55:39
    Зочин: Булганынхөн будаан дээрээ зодоонтой доо…..Булган хөгжидгүй байшаа гол шалтгаан ердөө л энэ.Нэгнийгээ тойрч нягтардаггүй.Хотоос хэдэн нөхөр удирдаад самарчихдаг юм бмлээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-10 17:52:39
    111: Ariunerdene gj hun yagaad tahimaa uguhgui humuusiig turhiraad bgan. Uuruu ch turiin alband ajilsan jilgui l zasag hgd 4 Jil blsn. 3sard yu garna gj huleehiin. Hiij buteeh 3jil 9sar bna.ter uyd dungee tawina daa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-10 17:52:38
    111: Ariunerdene gj hun yagaad tahimaa uguhgui humuusiig turhiraad bgan. Uuruu ch turiin alband ajilsan jilgui l zasag hgd 4 Jil blsn. 3sard yu garna gj huleehiin. Hiij buteeh 3jil 9sar bna.ter uyd dungee tawina daa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-10 17:10:47
    Булганаас: Оршин суугч иргэдийн эрх ашгийг ноцтой хохироож, барилгын компанийн далд захиалгаар, илтэд өш хонзонгийн сэдлээр “Энхжин хотхоны барилгын дутуу ажлыг санаатайгаар гацаасан” Д.Пүрэв-Очир гэгч энэ нөхөр бол жинхэнэ үл бүтэх, хөрөнгө мөнгөний төлөө хэнийг ч золислоход бэлэн этгээд дээ. Барилгын компанийн 5 тэрбумын дутуу ажлыг хийх гэж байсан Зайсан Энхжин СӨХ-г эрүүгийн гэмт хэргийн шинжтэй булааж авсан гэмт этгээд. Иргэдийн хүсэл, зоригийн эсрэг, хэн нэгнийн далд захиалгаар, өш хонзонгийн сэдлээр хонзогоногч үйл ажиллагаа явуулдаг, олон түмнээ “хулхи шил” хочтой энэ этгээд хэрхэн, яаж Булган аймгийн иргэдийн эрх ашгийг төлөөлж аймгийн Засаг даргаар яаж ажиллах гэсэн юм бол оо?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-10 14:41:02
    Зочин: BOOBN XXNO80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-10 14:38:48
    Ууган.од: Залуу хүн ажил аа хийг л дэ түүнийг огцоруулаад дээрдэх юм юу бна Булганыхан будилаантай Будааныхаа шавхаруун дээр зодоонтой гэж эртний хэлц ...яалтчгүй үнэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-10 14:38:30
    Ууган.од: Залуу хүн ажил аа хийг л дэ түүнийг огцоруулаад дээрдэх юм юу бна Булганыхан будилаантай Будааныхаа шавхаруун дээр зодоонтой гэж эртний хэлц ...яалтчгүй үнэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-10 14:07:25
    Зочин: SEXSEEER VANXANDI80955877
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188