• Өнөөдөр 2024-05-02

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: МАРКЕТИНГААР БУС АМТ, ЧАНАРААР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭЭ ТАТАЖ БУЙ “УЗБЕК ШОРЛОГ & ПЛОВ”

2022-06-12,   1779

                  Тэнгэр бүүдгэр, бороо ганц нэг дуслах энэ өдөр нийтэд “Узбек шорлог, плов” гэж танигдсан хоолны газрыг зорихоор шийдэв. Анх удаа л очих гэж буй надад мөн чиг сонирхолтой санагдана. Зорих газраа очих хүртлээ “Олон жил үйл ажиллагаа явуулж байгаа, амт чанар нь анхныхаараа” гэж хэлсэн хүмүүсийн үгийг эргэцүүлэн алхана. Амттай хоол, ая тухтай газрыг андахгүйдээ гэж боддог надад ихэд содон бөгөөд анхаарал татах зүйл байлаа. Явган хүний замын хажуугаар ургасан модод хэдийнэ ногоорч, борооны дараах чийгтэй хосолж их хотыг чимнэ. Ингэж явсаар “Шашлык & плов” гэсэн хаягтай зорьсон газартаа ирлээ. 

-ЭЕЛДЭГ ХАРИЛЦАА, ТАВ ТУХТАЙ ОРЧИН БҮРДҮҮЛЖЭЭ-

             Захиалга өгөх хэсэгт хүлээн зогсоход хоол үйлдвэрлэлийн бүх үйл явц, том шилэн цонхны гаднаас ил харагдах бөгөөд ажилчид нь улаан малгай, цагаан цамцаар ижилсэн хувцаслажээ. Зөөгчид ирсэн хүн болгоноос “Та захиалгаа өгсөн үү” гэж хоолны цэс болон  уух зүйл санал болгоно. Өмнө минь зогсох үйлчлүүлэгчид узбек шорлог, пловыг түлхүү захиалж буй нь сонсогдоно. Би ч мөн адил нэрийн бүтээгдэхүүн болсон  алдартай шорлог, пловын хамт захиаллаа.  Үүний дараа зөөгч ирээд “Та гадаа террассанд суух уу эсвэл дотор суух уу” гэж асуув. Үзэгдэх орчин, эргэн тойрныг ажиглахыг хүссэн учир ил талбайд суулаа. Захиалга ирэх хооронд үйлчлүүлж буй хүмүүсийг харвал хүүхдүүдээ дагуулсан ээж, аав нар, найз нөхдөөрөө нийлэн ширээ тойрон инээд, хөөр болсон хүн олон байна. 
                 Сууж буй террассыг тухтай тохижуулахыг зорьсон нь  илт. Шаргал бүтээлгээр хоолны ширээг бүтээж дээр нь жижиг хэмжээний өхөөрдөм цэцгийг байршуулсан нь урин цагийн уур амьсгалыг оруулжээ. Мөн задгай террасыг навчит ургамал болон цэцгээр чимэглэсэн нь дулаан мэдрэмж төрүүлнэ.
                 Тэнд ажиллаж буй бүх ажилтан тун чиг завгүй. Учир нь, өдрийн хоолны цагаар суух ч газар ховор болдог тухай зөөгч А.Ахмарал хэлж байсан юм. Тэрбээр “Намайг Айтуханы Ахмарал гэдэг. Би 19 настай. Баян-Өлгий аймаг төрж, өссөн. Казахстан Улсын их сургуульд бага ангийн багш мэргэжлээр цахимаар суралцаж байна. Одоо хичээл амарчихсан, Улаанбаатар хотод ажил хийж байна даа. Ер нь эндэхийн шорлог, пловыг идэх дуртай, байнга үйлчлүүлдэг байсан. Тэгсэн нэг удаа найзтайгаа шорлог идэхээр  иртэл “Зөөгч ажилд авна” гэсэн зар байсан. Өөрөө идэх дуртайг ч хэлэх үү, “Ажилд оръё” гээд л орчихсон. Одоо бэлтгэгч, зөөгч гэсэн ажлуудыг ээлжлэн хийж байгаа. Ажлын ачаалал  их байдаг. Энэ хэрээрээ үйлчлүүлэгч  олон. Ажлаа хийж байхад хүмүүсийн “Гоё, амттай хоол байна, баярлалаа” гэдэг үгнээс маш их урам авдаг. Ер нь ажил хийх гоё. Манайхаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчид ихэнхдээ шорлог, плов захиалдаг. Заримдаа 22:00 цаг өнгөрөөд ирсэн хүмүүс “бүр холоос зориод ирлээ, үнэхээр байхгүй гэж үү” гэх үеүд ч байдаг. Ер нь дулааны улиралд болж байгаа болохоор оройн цагаар үйлчлүүлэх иргэдийн тоо их” гэсэн юм.

-Амт, чанарт татагдан зорин ирэх хүн олон байдгийг, суух суудалгүй ч хүлээн зогсох үйлчлүүлэгчдийн дүр, зураг гэрчилнэ-

               Зөөгч А.Ахмаралтай хэсэг зуур ярилцах хооронд захиалсан шорлог, плов ирэв. Харахад өдөр тутамдаа хэрэглэдэг танил бүтээгдэхүүн харагдах авч амт нь нэг л өвөрмөц. Төсөөлснөөс илүү амттай байсан. Амталж болгосон үхрийн мах нь лууван, будаа зэрэг нь аманд ороод уусах мэт зөөлөн, бас чамин үнэртэй. Мөн пловын хачир болгож луувангийн салат, нимгэн хэрчсэн хуурай огурцы болон улаан лойл алаглуулан тавьсан нь пловыг амт, гоёмсог харагдах байдлыг цогцлоожээ. Харин хонины махан шорлог нь амтлагчгүй зөвхөн мах нь байгаа хэрнээ бас л нэг өвөрмөц, дахин амталмаар содон амттай юм. 
 
              Захиалсан хоолоо авсан үйлчлүүлэгчид аманд уусах тэр зөөлөн амтыг мэдэрснийхээ дараа зөөгч рүү харан инээмсэглэнэ. Энэ нь угтаа амт, чанар нь таалагдсаныг илтгэх нэгэн шинж юм.Мөн үйлчлүүлж буй хүмүүс гол нэрийн бүтээгдэхүүнийг захиалан идэж дуусмагцаа, авч явахаар захиалах нь цөөнгүй байна.

Замын хажуугаар явах арван жилийн хүүхдүүд, захиалга өгөх хэсгийн дэргэдэх үнэ, тарифыг харж хоорондоо юу идэхээ ярьж, сонголтоо хийнэ. Үнэ, өртөг нь хэн ч орж үйлчлүүлэх боломжийг бүрдүүлсэн нь тэр юм.

                 “Узбек шорлог & плов”-ын байнгын үйлчлүүлэгч Ж.Батбилэг “Манай  гэр бүлийнхэн узбек шорлог, плов идэх дуртай. Нэлээн удаан үйл ажиллагаа явуулж байгаа болохоор мэддэг, ирж үйлчлүүлдэг байсан. 2021 оны есдүгээр сараас байнга ирэх болсон. Бага охин маань хажуугийн Орос цэцэрлэгт явдаг болсноос хойш үргэлж үйлчлүүлэх болсон доо. Би пловонд, манай гэрийнхэн шорлог идэх дуртай. Энгийн хоолны газар хоол идэхэд, хоолоо идээд л гараад явчихдаг. Харин энд ирснээр Орос, Америк зэрэг олон орны хүмүүс ирдэг. Мөн татагдах нэг шалтгаан нь аялал, жуулчлалын гэмээр гадаадад байгаа юм шиг мэдрэмжийг өгч чаддаг. Нэг онцлог нь гэвэл өвөл хаачихдаг. Тэгээд л өвөлжингөө хүлээдэг. Нээх дөхөөд, засвараа хийгээд эхлэхээр нь баярладаг. Өнөөдрийн тухайд манай гэр бүлийнхэн шорлог, пловоо идэх гэж зорьж ирлээ шүү дээ” гэв.
                 Хамгийн хачирхалтай зүйл нь цүнхээ орхисон гэх үйлчлүүлэгч “Би өглөө орхиод явчихжээ, даавуун уут шиг цагаан цүнх бий” гэхэд зөөгч “Та хүлээж байгаарай, үлдээсэн байсан шүү” гээд даруйхан цаана байрлах өрөө рүү очиж, авчирч өгсөн нь олон үйлчлүүлэгчийг хамтад нь баярлуулах шиг болсон.
              Жуков дахь “Узбек шорлог & плов”-ыг хариуцан ажиллаж буй Федя “Манайх 2001 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Харин би 2004 онд Монголд гэр бүлийн хамтаар ирсэн. Ирсэн цагаасаа хойш тасралтгүй хоол, үйлчилгээний салбарт тууштай ажиллаж байна. Манай байгууллага нь шинээр хоёр салбараа нээх гэж байна. Нийтдээ дөрвөн салбараар үйлчилнэ. Энэ салбараар өдөрт  400 гаруй үйлчлүүлэгчид ирдэг. Өдөр бүр ажилладаг  учраас ажлын ачаалал их. Үүнийгээ дагаад үйлчлүүлэгч ч олон. Хоолны бэлдэцийн заримыг нь захиалж авчруулдаг. Харин махыг дотоодоосоо худалдан авдаг. Бидэнд ямар нэгэн маркетинг байдаггүй. Мөн амт, чанар нь үргэлж нэг байдаг болохоор үйлчлүүлэгч их байдаг байх. Миний хувьд өглөө ирээд хоолны бэлтгэл хийхээс эхлээд орой хаах хүртэлх бүхий л үйл явцад биечлэн оролцдог” гэсэн юм.

Амт чанараа алдахгүй, найдвартай хоол, үйлчилгээний газрууд тэдэн шиг ажиллавал дэмжиж, үйлчлүүлэх иргэд олон байна. Энгийн хэрнээ, тав тухтай орчинг бүрдүүлж час хийсэн амт, чанараа алдалгүй 21 жилийн турш хэрэглэгчдийг татаж болдог гэдгийн тод жишээ болжээ тэд.

 


ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: МАРКЕТИНГААР БУС АМТ, ЧАНАРААР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭЭ ТАТАЖ БУЙ “УЗБЕК ШОРЛОГ & ПЛОВ”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-14 18:49:17
    Зочин: Хаяг хаана вэ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188