• Өнөөдөр 2024-05-17

Нийслэл, дүүргийн ИТХ-ын албан хаагчдад чадавхжуулах сургалтыг зохион байгуулжээ

2022-04-13,   360

   Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх дэд төслийн хүрээнд нийслэл, дүүргийн ИТХ-ын Ажлын албаны албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулсан байна.
 
  Нийслэлийн нутгийн захиргааны Хангарди ордонд өчигдөр болсон сургалтад нийслэлийн ИТХ-ын Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга, албан хаагчид болон есөн дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, Захиргааны хэлтсийн албан хаагчид хамрагджээ.
 
  Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох ИТХ нь 420 гаруй хуулийн заалтын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Төлөөлөгчид хуулиар хүлээсэн үүргээ нийслэлийн иргэдийн өмнө биелүүлэхэд бид мэргэжил, арга зүйн тусламж, дэмжлэг үзүүлэн ажиллах ёстой. Тиймээс Ажлын албаны ажилтан, албан хаагчид өндөр мэдлэг, ур чадвартай, үлгэр болохуйц дадал, ажиллах арга барилтай байх хэрэгтэй юм. Иймд өнөөдрийнх шиг чиглэсэн сургалтууд үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байна” гэдгийг онцолсон байна.

   Мөн тэрбээр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар үүссэн нийслэл, дүүргийн ИТХ-ын Ажлын албаны бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт болон үр нөлөөний талаарх мэдээллийг өгсөн аж.  Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын Ахлах референт П.Энхсайхан нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх талаар тус газраас хэрэгжүүлж буй үйл  ажиллагааны талаар мэдээллийг өгчээ.

   Сургалтаар Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050 болон урт, дунд, богино хугацааны хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнд хяналт шинжилгээ хийх аргачлалын талаарх мэдлэгийг албан хаагчдад олгов. Мөн албан тушаалын тодорхойлолт боловсруулахад анхаарах зарим асуудал, шилжин сэлгэн ажиллуулах журмын хэрэглээ, архив, албан хэрэг хөтлөлтийн шинэчлэгдсэн хууль, дүрэм, журмын хэрэглээний талаарх сургалтыг зохион байгуулсан байна. 
 
  Дараагийн сургалтыг нийслэл, дүүргийн ИТХ-ын Хууль эрх зүй, хяналт, үнэлгээний хэлтэс болон Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн албан хаагчдад олгохоор төлөвлөжээ. Сургалтын төгсгөлд Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар нийслэл дүүргийн ИТХ-ын Ажлын  албаны хамтын ажиллагааны талаар дүүргүүдтэй туршлага солилцохын зэрэгцээ, есөн дүүргийн төрийн захиргааны албан хаагчдын хамтын ажиллагааг сайжруулж, үр дүнтэй хамтран ажиллахыг уриалжээ.

Нийслэл, дүүргийн ИТХ-ын албан хаагчдад чадавхжуулах сургалтыг зохион байгуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188