Энэ удаагийн Токиогийн зуны олимпод манай улсын 43 тамирчин хүч чадал, авхаалж самбаа, уран мэхээ уралдуулж, зон олныхоо магнайг баясгаж байгаа билээ. Үүний дотор Ираны алдарт бөх Дэлхийн аварга Саид Моллай Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа юм. Эргэлт.мн мэдээллийн сайт энэ удаад “Токио-2020” олимпын наадамд өрсөлдөж буй жүдогийн тамирчин Саид Моллайг онцолж, түүний гаргасан амжилт, хэрхэн Монгол Улсын иргэн болж байсан талаар танилцуулж байна.
Ираны Засгийн газраас улс төрийн шалтгааны улмаас тамирчдаа Израилын бөхчүүдтэй барилдахыг хориглосон. Өмнө нь Ираны тамирчид Израилын бөхчүүдтэй барилдахаас аль болох зайлсхийж, заримдаа албаар жингээр хасагдан, гэмтэл авсан мэт жүжиглэж, эхний шатанд ялагдах зэрэг арга хэрэглэдэг байлаа. Харин 2019 онд Саид Моллай өмнөх жилийн дэлхийн аварга болсон амжилтаа батлах, хошой аварга болохын төлөө хүч сорьсон юм. Тэрбээр, эхний хоёр барилдаанд өрсөлдөгчдөө хугацаанаас нь өмнө цэвэр ялав. Гуравдугаар тойрогт Риогийн олимпын аварга, ОХУ-ын Хасан Халмурзаевыг, хэсгийн аваргын төлөөх барилдаанд олимпын хүрэл, ДАШТ-ий гурван медальтай, Канадын Антуан Валуа-Фортьег цэвэр ялж байлаа.
Түүнийг хагас шигшээд барилдахын өмнө Иран Улсын спортын дэд сайд Давар Зани Ираны багийн дасгалжуулагч уруу утсаар холбогдон, Саид Моллайг барилдуулахгүй байхыг үүрэгджээ. Учир нь хэрвээ дахин ялбал дэлхийн аваргын төлөө Израилийн Саги Мукитай өрсөлдөх нь тодорхой байв. Хэрвээ хагас шигшээд ялбал гэр бүлийг нь дарамтална хэмээн сүрдүүлсэн аж. Үүнийг сонссон Саид Моллай бие халаалтын өрөөнд уйлсан гэнэ. Түүгээр ч үл барам түүнийг хагас шигшээд Бельгийн бөх Маттис Кассетэй барилдахын өмнө Япон улсад суух Ираны элчин сайдын яамны төлөөлөгч Саид Моллайтай уулзан, дахин сануулжээ.
Энэ үеэр түүний гэр бүлийнхэн утсаар холбогдон, гэрийнх нь гадна хүмүүс цуглан, заналхийлж буйг хэлсэн гэнэ. Ийм хүнд байдалд орсон Саид Моллай Израилын бөхтэй барилдахгүйн тулд хагас шигшээд ялагдахаас өөр сонголт байсангүй. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Гүржийн бөхөд мөн ялагджээ. ДАШТ-ий дараа Моллаей Саеид өөрийгөө 10 хувь л дайчилснаа ярьсан. Тийм хүнд байдалд яаж ч өмнөх шигээ барилддаж чадах билээ.
ДАШТ-ий дараа Саид Моллай Европ руу дүрвэсэн. Германд орогнож байгаад ийнхүү өөрийн хүсэлтээр Монгол Улсын иргэн болсон юм. Иранчуудад нүд үзүүрлэгдэн, заналхийлүүлж, хүнд байдалд байхад нь түүний Монгол Улс алгаа тосон угтсан юм. Өдгөө тэрбээр Монгол Улсын нэрийн өмнөөс олон ч тэмцээнд оролцон Монгол улсын тугыг мандуулж яваа тамирчин.
Олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/гаргасан /2021.06.24/ дэлхийн чансаанд 5023 оноотой жиндээ зургаадугаар байрт жагсаж байна. Саид Моллай нь 2018 оны Азарбайжаны Баку хотод зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, 2017 оны Унгарын Будапештийн дэлхийн аваргын хүрэл, 2015 оны Цэргийн дэлхийн аваргын хүрэл, 2017 оны Исламын орнуудын наадмын алт, 2018 оны Индонезийн Жакарта Азийн наадмын мөнгө, 2015, 2016 оны Азийн аваргын хүрэл, 2017 оны Азийн аваргын мөнгө, 2021 оны Азийн аваргын хүрэл, 2015 оны БНСУ-ын Сансун гран при хүрэл, 2015 оны Улаанбаатар гран при хүрэл, 2017 оны Бакугийн гран при, 2017 оны Хаагийн гран при хүрэл, 2019 оны Хөх хотын гран при алт, 2019 оны Загребийн гран при хүрэл, 2017 оны Баку гранд слам мөнгө, 2017 оны Абу Даби гранд слам хүрэл, 2018 оны Дюссельдорфийн гранд слам алт, 2018 Екатринбургын гранд слам хүрэл, 2019 оны Парисын гранд слам хүрэл, 2020 оны Будапешт гранд слам хүрэл, 2021 оны Тель-Авив гранд слам мөнгөн медаль хүртжээ.
Мөн 2014, 2018 оны Азийн наадмын мөнгө, 2018 оны азийн аваргын хүрэл, 2010, 2013, 2013 оны өсвөрийн Азийн аваргын алт, 2014 оны өсвөрийн азийн аваргын хүрэл, 2012 оны БНСУ Жежүгийн дэлхийн цомын хүрэл, 2013 оны Улаанбаатар гран при хүрэл, 2014 оны БНХАУ Чиндао гран при мөнгө, 2015 оны Улаанбаатар гран при хүрэл, 2016 оны Улаанбаатар гран при мөнгө, 2016 оны БНХАУ Чиндао гран при хүрэл, 2017 оны БНХАУ Хөх хот гран при мөнгө, 2018 оны БНХАУ Хөх хот гран при мөнгө, 2017 оны Франц Парис гранд слам хүрэл, БНГУ Дюссельдорфийн гранд слам хүрэл медаль хүртэж байв. Түүнчлэн насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн билээ.
Тэрбээр өнөөдөр эрэгтэйчүүдийн -81 кг жинд Казахстаны тамирчин Дидар Хамзатай 10:00 цагт барилдах юм.
“Токио-2020” олимпын наадмын онцлох тамирчин Саид Моллай |
|
2025-04-23 16:29:19
2025-04-23 16:21:34
2025-04-23 11:09:18
2025-04-22 17:39:06
2025-04-22 13:46:18
2025-04-22 12:34:47
2025-04-22 07:00:00
2025-04-22 07:00:00
2025-04-22 07:00:00
2025-04-22 07:00:00
2025-04-22 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |