Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2021 оны гуравдугаар сарын мэдээгээр, манай улсын нийт ажиллагчдын 72.1 хувь нь худалдаа үйлчилгээний салбарт ажиллаж байна. Мөн энэ салбарын ажиллагчид цар тахалд хамгийн их өртсөн байна. Тухайлбал, 2021 оны зургадугаар сарын 20-ны байдлаар тус салбарт ажилладаг 100 мянган хүн тутмын 4444 нь "Ковид-19"-өөр өвчилжээ. Харин хөдөө аж ахуй болон үйлдвэр, барилгын салбарт ажилладаг 100 мянган хүн тутмын 4205-4208 нь халдвар авсан байна.
Цар тахалд эмч, эрүүл мэндийн ажилтнууд хамгийн их өртөж байна. Эрүүл мэндийн салбарт ажилладаг 100 мянган хүн тутмын 6665 нь халдвараар өвчилжээ. Мөн менежер болон мэргэжилтэн зэрэг ажилтай хүмүүсийн хувьд тус үзүүлэлт 5339-5665 байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2021 оны 3 дугаар сарын мэдээгээр, нийт ажиллагчдын 16.5 хувь нь менежерийн ажил хийж байна. Харин КОВИД-19-өөр өвчилсөн хүмүүсийг ажил мэргэжлийн ангиллаар нь авч үзэхэд, менежерүүд хамгийн их буюу 19.8 хувийг эзэлж байна.
Цар тахлын батлагдсан тохиолдлыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд, 2.2-3.2 сая төгрөгийн цалинтай ажиллагчдын батлагдсан тохиолдол бусад бүлэгтэй харьцуулахад хамгийн өндөр тархалттай байна. Тухайлбал, 2021 оны 6 дугаар сарын 20-ны байдлаар 2.2-3.2 сая төгрөгийн цалинтай ажиллагчдын 100 мянган хүн тутмын 5729 нь КОВИД-19-өөр өвчилжээ. Мөн 3.2-4.2 сая төгрөгийн цалинтай ажиллагчдын хувьд энэ үзүүлэлт 5679 хүрчээ. Харин 420 мянган төгрөг хүртэлх цалинтай ажиллагчдын батлагдсан тохиолдол хамгийн бага байна. Тухайлбал, энэ бүлгийн 100 мянган хүн тутмын 2626 нь КОВИД-19-өөр өвчилсөн байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
Худалдаа, үйлчилгээний салбарынхан цар тахалд хамгийн их өртжээ |
|