Манай улсад тулгамдаж буй асуудлын нэг үерийн ус байдаг. Нийслэлийн гэр хорооллоос эхлээд, хотын төвд хүртэл үер буудаг. Тиймээс үерийн ус зайлуулах, тогтсон усыг урсгах зэрэг ажилд болон авто зам, төмөр зам, гүүр, бүтээн байгуулалтад Геодези, зураг зүйн газрын үүрэг, ач холбогдлын талаар албаны хүмүүсээс тодрууллаа.
“Геодези, Геоматик” ХХК-ийн дарга Я.Бурмаа: Бид хот байгуулалтын судалгаа хийснээр өндөржүүлэлт, төлөвлөлтийн ажлыг эхлүүлдэг. Энэ нь юу вэ гэхээр тухайн газрын хөрс, газрын гадаргуугийн налуу, жилд унах хур тунадасны хэмжээг судалж үзээд өндөржүүлэлт төлөвлөлтийг хийдэг. Энэ нь ямар хэрэгтэй гэхээр бидний эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлж өгдөг. Одоо борооны улирал эхэлж байна. Энэ өдрүүдэд айлууд үерт автах, хонхорхой газар ус тогтох зэрэг асуудал үүсдэг. Үүнээс сэргийлж, төлөвлөж, гадаргуу дээр тогтсон усыг урсгаж зайлуулах, ногоон массыг нэмэгдүүлэх тийм төлөвлөлтийг хийж ажилладаг.

Монгол Улсын Геодезийн зөвлөх инженер Ю.Чүлтэм: Байр зүйн зураг дээр тулгуурлаж хот төлөвлөлтийн бүх ажил явагддаг. Архитекторууд нь тухайн барилга байгууламжаа төлөвлөсний дараагаар бид тухайн барилга байгууламжийн тэг тэнхлэгийг газрын гадаргуу дээр шилжүүлэх, улсын мэдээллийн санд оруулах үүрэгтэй. Улсын мэдээллийн санд орсны дараа тухайн дүүрэг, нийслэлийн Засаг дарга барилга барих зөвшөөрөл олгоно. Тухайн барилга баригдаж дууссаны дараа мэргэжлийн байгууллага зураг төслийнхөө дагуу баригдсан эсэхийг шалгаж, улсын бүртгэлийн санд мэдээллийг өгнө. Үүний дараагаар Улсын бүртгэлийн сангаас дугаар өгч, Улсын комисс хүлээж авна.
Я.БУРМАА: Үерийн усыг урсгах, ногоон массыг нэмэгдүүлэх ажлыг хийж байна |
|