• Өнөөдөр 2024-04-23

Ж.АРИУНЖАРГАЛ:Гаргасан шийдвэрээсээ буцдаггүй ч би зөөлөн хүн шүү

2020-12-02,   1829

Надад дуучнаас өөр сайхан амьдрал санал болгосон ч би эндээ л үлдэх байсан

The Voice Mongolia” шоуны шилдэг оролцогч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын охин Ж.Ариунжаргалтай ярилцлаа. Тэрбээр өөрийн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн яваа авьяаслаг, чадварлаг, дайчин дуучин билээ.

-Сайн байна уу. Хөл хорио тогтоосон цаг үед шинэ, сонирхолтой зүйл хийж эхлүүлсэн үү, өдрийг хэрхэн өнгөрүүлж байна вэ?

-Хөл хорио тогтоосноос хойш интернэт ашиглан өөрийгөө хөгжүүлэх боломжтой болсон. Энгийн үед анзаардаггүй боловч хийж, хөгжүүлэх олон зүйл байгаагаа мэдэж авлаа.

-Ж.Ариунжаргал ямар зан ааштай хүн бэ. Таныг аав, ээж тань хэн болгож хүмүүжүүлсэн гэж боддог вэ. Хэдэн настайдаа дуулж эхэлсэн бэ. Тухайн үеийн дурсамжаа хуваалцвал?

-Надад ийм асуулт маш хэцүү санагддаг. Өөрийгөө бүрэн тодорхойлох хэцүү. Тухайн мөчид би өөрийгөө тийм гэж хэлчихээд нөгөө өдөр нь ямар нэгэн шалтгаанаас болж өөр авир гаргахыг үгүйсгэхийн аргагүй. Би аливааг дотроо бодоод өнгөрдөг. Эргэн тойрондоо анализ хийж, хийх үйлдээ түүндээ тохируулж гаргадаг. Өөрийгөө зөөлөн гэж хэлж болно. Гэхдээ нэг шийдэх л юм бол бараг л буцдаггүй. Ихэнх зүйлийг бусдын тусламжгүйгээр хийхийг илүүд үздэг. Ганцаараа байх дуртай. Интроверт шинж чанар давамгайлсан. Хэдэн жилийн өмнө байсан бол арай өөрөөр хариулах байсан байх. Өмнө нь сул талаа  хүнээс нуугаад өнгөрөхийг хичээдэг байсан. Одоо яг байгаагаараа байхыг илүүд үздэг болсон.

Багаасаа л дуулдаг байсан. Харин  есдүгээр ангидаа англи дууны тэмцээнд орж түрүүлсэн минь олны өмнө гарч дуулах эхлэл байсан санагддаг. Түүнээс өмнө хамаатны ах намайг хүүхдийн баяраар 40-50 хүний өмнө дуулуулж, анхны цалин болох 10 мянган төгрөг өгч байсныг нь мартдаггүй юм. Тухайн үед 11-12 настай байсан санагдана.

-Аав ээж тань “Дуулахаас гадна өөрийн гэсэн мэргэжил эзэмших ёстой” гэж захидаг байсан гэсэн. Харин та чухам яагаад зураач мэргэжлийг сонгох болсон бэ?

-Зурах бол миний дуулаагүй байх үедээ хийдэг хоёр дахь хобби. Дуучин болох хүсэл үргэлж миний нэгдүгээрт тавьдаг мөрөөдөл байсан. Харин зураач мэргэжлийг дуулахаас өөр чадах зүйлтэй байхын тулд сонгосон гэж болно.

-Төрсөн цагаасаа л дуу хөгжим сонсож, түүгээр хөглөгдөж яваа нь гарцаагүй ээ. Аав, ээж нь чухам юуг захиж сургадаг вэ?

-Эцэг, эх бүр үр хүүхдээ сайхан амьдарч, сайн яваасай гэж хүсдэг байх. Миний аав, ээж ч ялгаагүй. Айлын отгон охин болохоор илүүтэй санаа нь зовдог байх. Аав хошигнож, захидаг нэг үг байдаг юм. “Миний охин нөхөртэйгөө маргалдлаа гэж бодоход юунд ч санаа зовохгүй, хувцсаа аваад явахад бэлэн, тэгж л амьдрах хэрэгтэй” гэдэг. Нэг ёсондоо хэн нэгнээс хамааралгүйгээр амьдрах чадвартай байх хэрэгтэй гэсэн үг шүү дээ.

-Олны хайр, хүндлэл хүлээсэн урлагийн хүний хүүхдэд өндөр хариуцлага ногддог байх. Тэр хэрээрээ алдаж гишгэх эрх байхгүй гэдэг. Энэ тал дээр таны бодол?

-Өмнө нь их эмзэглэдэг байсан. Н.Жанцанноровын охин гээд л хүмүүс ярина. Олны амны бай болохгүй байхын тулд гишгэх газар, амьсгалах агаараа хүртэл тооцоолох нь холгүй байсан. Одоо харин дасаад ч тэр үү, "Би бол би. Миний хийсэн үйлдэл бол минийх. Харин аав бол тусдаа хувь хүн" гэж бодож эхэлснээс хойш арай илүү чөлөөтэй, өөрийнхөөрөө байх боломжтой болсон.

-“The Voice Mongolia” шоу тэмцээнд оролцсоноос хойш таныг хүмүүс илүүтэй таних болсон. Тус тэмцээнд оролцох шийдвэрийг хэрхэн гаргаж байсан бэ?

-Өөрийнхөө хийх дуртай зүйлийг бусдад харуулж, өөрийгөө сорих том боломж байвал хэн ч түүнийг алдахыг хүсдэггүй. Надад тийм л мэдрэмж төрсөн. Тэгээд шууд л очоод бүртгүүлчихсэн. Ямар ч эргэлзээ төрөөгүй.

Хэн нэгнээс хамааралгүйгээр амьдрах чадвартай байх хэрэгтэй гэсэн үг шүү дээ

 

Дуу хөгжим таны амьдралын салшгүй нэг хэсэг байх. Дуу хөгжимгүйгээр өөрийгөө хэрхэн төсөөлөх вэ?

-Урлаг байхгүй бол нийгэм оршин тогтнох боломжгүй гэсэн үг байдаг. Надад дуучны амьдралаас өөр сайхан амьдрал санал болгосон ч би эндээ л үлдэх байсан.

-Та поп, жазз төрлийн дуу  илүүтэй дуулдаг, сонсдог  шиг санагдсан. Өөр төрлөөр дуулах сонирхол бий юү?

-Хип хоп чиглэл түлхүү сонирхдог. Зөөлөн аялгуулаг рэп хэмнэл оролдож байгаа.

-“Тал нутгийн охин” зөөлхөн, намуухан дуу. Яагаад энэ дууг бүтээхээр болсон бэ?

-Анх “The Voice Mongolia” шоуны финал дээр дуулахаар төлөвлөж бүтээсэн дуу. Анхны уран бүтээл маань сайхан дуу болсонд маш их баярлаж, Д.Болд ахдаа талархаж явдаг. “Тал нутгийн охин” дууг тайзан дээр дуулах болгондоо би заавал нүдээ анидаг. Дуугаа өөрөө мэдэрч, бусдад хүргэхийг тулд дууныхаа үг бүрийг төсөөлж дуулдаг даа.

-Сонсогчдод ямар уран бүтээл бэлэглэхээр төлөвлөж байна бэ?

-Одоогоор нууцалж байгаа. Цаг сайхан болохоор сонсогчдодоо хүргэхээр бэлдсэн уран бүтээл бий.

-ТаEnji's sisters” хамтлагийн гишүүн. Танай хамтлаг ямар төрлийн уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-Бид санаандгүй байж байгаад хамтлагтай болсон. Хоолой салгалтын хичээлд гурван охин тунаж үлдээд, хамт дуулсаар байгаад хамтлаг болох шийдвэрээ хоёр жилийн өмнө гаргасан. Удахгүй бүтэн альбомныхоо ажлыг дуусгахаар бэлдэж байна. Бид 1920-1950-иад оны "Close harmony'' стилиэр дуулдаг.

-Таныг төгөлдөр хуур сайхан тоглодог гэж хүмүүс ярьж байсан. Хөгжим тоглодог авьяасынхаа тухайд?

-Төгөлдөр хуур бас хааяа гитар оролдоно. Төгөлдөр хуур бол хөгжмийн хаан гэгддэг. Төгөлдөр хууранд бусад хөгжмийн зэмсэгт байдаг бүх нот агуулагддагаараа онцлогтой. Хамгийн чихэнд наалдацтай дуугаралттай хөгжим шиг санагддаг.

-Урлагийн хүнд авьяас, хөдөлмөр, мэдрэмж чухал гэж ярьдаг. Таны хувьд аль нь дийлж байж илүү сайн бүтээл гардаг гэж боддог вэ?

-Би хөдөлмөр, мэдрэмж хоёр хамгийн чухал гэж боддог. Мэдрэмж төрөхгүй бол хүн хөдлөхгүй. Авьяас нь мэдрэмжтэй адилхан санагддаг.

-Аавынхаа тухай, зан аашийнх нь талаар та юу хэлэх вэ?

-Аав минь их энгийн хүн. Бүх зүйлийнхээ давс, хужирыг нь тааруулна. Их шогч, хүмүүсийг уйдаана гэж байхгүй. Хааяа түүгээрээ дамжуулаад хүргэх гэсэн үгээ эвлэгхэн хэлчихдэг, бүх зүйлээ тооцоолж чаддаг хүн дээ.

-Хүн бүр эцэг, эхээ хүндэлж хайрладаг. Бас хүүхэд бүр хэн нэгнийх нь сайн сайхан ч юм уу, ямар нэг зан чанарыг дууриасан, өвлөсөн байгаасай гэж хүсдэг. Та ээжийнхээ юуг нь илүүтэй дууриасан байгаасай гэж хүсдэг вэ?

 -Миний ээж их зөөлөн, сайхан сэтгэлтэй, өрөвч, дайчин, бусдыг хайрладаг эмэгтэй. Бүх зан чанараас нь чадлынхаа хэрээр жаахан жаахан авсан болов уу гэж горьдож боддог.

-Та хэзээ, ямар үед өөртөө хамгийн их таалагддаг вэ?

-Өөрийгөө үнэнчээр шүүж чадсан үедээ тайван, сайхан болчихдог.

-Таны хамгийн их ичиж, санаа зовж байсан үе?

-Багадаа нохойг чоно гэж андуураад, найзуудыгаа айлгаад уулаар нэг хашгирч байснаа мартдаггүй.

 


Ж.АРИУНЖАРГАЛ:Гаргасан шийдвэрээсээ буцдаггүй ч би зөөлөн хүн шүү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188