• Өнөөдөр 2024-04-19

Г.ДАВААДАЛАЙ: Нийтийн дууны салбарт шинэ өнгө төрхийг гаргахыг зорьдог

2022-04-17,   1403

    Монгол Улсын Гавьяат Жүжигчин М.Бямбажавтай хамтран  "Мартагдашгүй хайр", "Намирын гол" зэрэг дууг дуулсан залуу дуучин Г.Даваадалайтай ярилцлаа. Тэрбээр СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн бөгөөд багаасаа дуулах дуртай хүсэл мөрөөдлөө даган ийнхүү дууны урлагт өөрийн өнгө төрхөөрөө хүч түрэн орж ирж байгаа залуу уран бүтээлч юм. 
 
      -Сайн байна уу. "Өөдрөг байгаарай" нэртэй тоглолтоо энэ сарын 28-нд хийх гэж байгаа юм билээ. Тоглолтын бэлтгэл гээд ажил ихтэй байна уу?
  
     -Цомгийн ажил, тоглолт гээд завгүй л явна. Дөрөвдүгээр сарын 16 буюу маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 19:00 цагаас задгай талбайд зохион байгуулах гэж байна. Анхны цомог учраас догдлон дүүрэн байна. Цар тахлын улмаас хоёр жилийн хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон. Одоо харьцангуй, хэвийн түвшинд шилжиж, урин дулаан цаг ирж байгаа болохоор сонсогчидтойгоо хамтдаа анхны цомгийн баяраа тэмдэглэх гээд хүлээж байна. Мөн цомогтой холбоотой гурван багцыг гаргасан. Тиймээс сонирхсон хүмүүс авах боломжтой. Амралтын нэгэн үдшийг ая дуутай, өөдрөг өнгөрүүлэхийг хүссэн хүн бүрд нээлттэй. Өмнө нь цацагдаагүй шинэ дуу болон гэнэтийн зүйлс байгаа учраас ирж мэдэх боломжтой гэдгийг хэлмээр байна.
 
-Жүжигчин мэргэжлээр төгссөн юм билээ. Яагаад дууны урлаг руу орох болсон бэ?
       -Багаасаа дуулах дуртай байсан. СУИС-д жүжигчний мэргэжлээр сурсан ч дуулах хүслээ огт орхиогүй. Арван жилээ төгсөөд, ЭЕШ-аа өгчхөөд СУИС-ийн дуучны ангид орох гэсэн, хоолой маань өөрчлөгдсөнөөр орж чадаагүй. Тухайн үед багш маань “Миний хүү жүжигчний ангид элсэн суралц” гэсэн саналыг хэлснээр элсэн суралцаж байсан. Жүжигчин мэргэжлээр сурсан минь олон талын давуу тал болдог. Бүжиглэнэ, дуулна, танхимд ирсэн үзэгчидтэй халуун дулаанаар харилцаж чадна гээд давуу тал ихтэй байдаг.
-Нийтийн дууны салбарт ороод удаагүй мөртлөө хэдийн өөрийн гэсэн сонсогч, дэмжигчидтэй болсон байна шүү дээ?
     -Нийтийн дууны салбар бол бидний хүүхэд байхын сонсож ирсэн, хэдийн танил болсон зүйл. Яагаад энэ салбарт орох болсон гэхээр байна вэ гэхээр нас харгалзахгүйгээр олон хүнд өөрийн дуулсан дуугаараа уярал, ухаарал, хайр гээд уран бүтээлээрээ дамжуулж болох зүйлийг өгөхийн хүссэн. Тэр ч утгаараа өөрийн гэсэн өнгө, аясыг уран бүтээлүүддээ шингээж, баригдмал байхаас татгалзахыг хичээдэг. Залуу хүний хувьд уран бүтээлээ хийж, сонсогчдодоо бэлэн болгохын тулд нөр их сэтгэл, хүч хөдөлмөр гарган ажилладаг. Ихэнх хүн гэнэтхэн гарч ирсэн залуу дуучин гэж хардаг. Гэтэл бага байхын дуулах дуртай, урлагийн тэмцээн уралдаанд алгасахгүй ордог хүүхэд байсан. Уран бүтээлээ хийгээд удаагүй ч өмнө нь дуулж байсан туршлагатай. Нөгөө талаар залуу хүн байж нийтийн дуунд яагаад орсон юм бол гэдэг. Миний хувьд нийтийн дууны ерөнхий төрөл жанр, урсгалыг алдагдуулахгүйгээр, залуу уран бүтээлчийн хувьд дуу, клипээ өөрөөр хийхийг зорьдог. Нийтийн дуу гэхээр уул, талд дээл өмсөөд дуулдаг биш. Арай өөр өнгө төрхийг гаргахыг зорьдог. Миний өмнө гаргасан уран бүтээл болон М.Бямбажав багштайгаа дуулсан дуунуудын зураг авалт ч орчин цагийн, арай шинэлэг өнгө аястай байгаа.
   
-МУГЖ М.Бямбажав багштайгаа танилцсан түүхээсээ хуваалцаач?
       -2019 оноос эх орондоо ирчхээд ганцаарчилсан уран бүтээлүүдээ хийж байсан юм. Тэгсэн нэг өдөр манай студийн ах залгаад “Өвөрхангайд болох хуримын үйл ажиллагаанд очиж дуулах уу” гэсэн юм. Хариуд нь би “Ямар уран бүтээлчид явах вэ” гэсэн чинь “МУГЖ М. Бямбажав болон өөр уран бүтээлчид” гэсэн. Тэгээд би “За тэгье” гээд явсан. Тэр үйл ажиллагаанд хамт явж танилцаад, өөрийнхөө хүсэл мөрөөдөл бүх зүйлээ хэлээд багш, шавь болж байсан түүхтэй. Түүнээс хойш өөрийнхөө саналыг хэлээд хамтран уран бүтээл туурвиж байна.
 
  -Мөн уран бүтээлийн ганзага нийлдэг нэг хамтрагч нь ятгачин, дуучин Я.Бохьшарга шүү дээ. Энэ уран бүтээлчтэй хэрхэн танилцаж байв. Уран бүтээлийн итгэлтэй хамтрагч их чухал байдаг болов уу?
 
    -Тийм ээ. Шаргай дүү маань их ятга тоглоно, дуулна, хөгжмийн ая зохионо гээд олон талын авьяастай, мундаг уран бүтээлч. Бид хоёрын хамтдаа гаргасан гурван ч уран бүтээл бий. Тун удаххщгүй хамтын уран бүтээл маанв үзэгчдэд хүрнэ. Я.Бохьшарга дүү маань МУАЖ С.Батсүх дуучны шавь. Тэгээд хоёр багштайгаа бид дөрвийн хамтарсан уран бүтээл мөн удахгүй гарна. Уран бүтээлд сайн, итгэлтэй хамтрагч маш чухал байдаг шүү.
-Я.Бохьшарга дуучин та хоёрын "Амьдралын найзууд" гээд дуу байдаг. Ер нь найз гэж ямар хүнийг хэлэх вэ, та хэр олон найзтай вэ?
  -Найз гэж жаргалтай үед биш зовлонтой үед нь илүү түшдэг хүнийг хэлэх байх. Би их цөөхөн найзтай. Найз цөөхөн байх тусмаа үнэ цэнтэй байдаг 
 
 -Урлагийн салбар хэцүү гэдэг. Шантрах зүйл гарч байгаа болов уу?
          -Мэдээж хэрэг шантрах зүйл байдаг. Тэглээ гээд мөрөөдлөө орхиж болохгүй. Өнөөдөр чадахгүй зүйлээ маргааш чаддаг болохын тулд хичээх ёстой. Нэгэнт л сонгосон мэргэжил минь учраас ухарч, няцах боломжгүй. Урагш тэмүүлэх ёстой гэж боддог. Урлагийн хүн учраас шантрах зүйл байдаггүй гэж бодож болохгүй. Бусадтай л ижил хүн байдаг. Сонсогч, дэмжигчиддээ сайн уран бүтээл гаргахын тулд нөр их хичээл зүтгэл, сэтгэл шингээн зүтгэдэг гэдгийг ойлгодог байх гэж бодож байна.
-Гэр бүлийнхэн нь таныг хэрхэн дэмждэг вэ?

          -Урлагийн хүн болоход минь гэр бүлийнхэн минь хамгийн том түлхэц болж байсан. Ялангуяа манай аав, ээж хоёр байгаа бүх боломжоороо намайг дэмжсээр  ирсэн. Сурагч байхдаа олон тэмцээнд ордог байсан. Тэр бүрд хувцсыг минь бэлдэж, шаардлагатай бүх зүйлээр хангаж, сэтгэлийг минь урмаар мялаасаар ирсэн. Мөн аав,ээж хоёртоо хүү нь хязгааргүй хайртай шүү гэж хэлье.

 
-Таны "Өөдрөг байгаарай" уран бүтээлийг онцолж асуумаар байна. Тоглолтоо энэ дуугаараа нэрлэж байгаа юм байна. Өөдрөг байх гэж ер ямар ойлголт юм бэ?
          -Бидний амьдралд хүссэн, хүсээггүй олон асуудал байдаг. Тэр бүрт уурлаж, бухимдахгүйгээр ямар ч саад бэрхшээл тулгарсан даван гарах хүчийг бий болгох зүйл бол өөдрөг байдал юм. Бүх зүйлд эерэгээр хандаж, өөдрөг байх нь амар амгалангийн эх үүсвэр юм шүү гэсэн утгбг "Өөдрөг байгаарай" уран бүтээлээрээ дамжуулахыг зорьсон. Би ч мөн аливаад өөдрөг байхыг хичээдэг хүн.
 
 
- Залууст хандаж хэлэх зүйл байна уу?
          -Миний бодлоор залуу хүний чимэг бол тэсвэр, тууштай байдал гэж боддог. Магадгүй шантрах, уналтын үе байсан ч тууштайгаар зорьсон зорилгодоо хүрээрэй. Сурах бүтээх зүйл маш их байна. Залуучууд бид хамтдаа хийнэ, бүтээнэ, болгоно. Харах өнцгөө өөрчилж чадвал саад бэрхшээл ч боломж болж хувирдаг гэдэг шиг эерэг байгаарай гэж хэлмээр байна.
 
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Уран бүтээлийн  амжилт хүсье.
 
          -Баярлалаа.

Г.ДАВААДАЛАЙ: Нийтийн дууны салбарт шинэ өнгө төрхийг гаргахыг зорьдог
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-17 10:51:16
    Сайнаа : Ёстой хөөрхөн өвөрмөц зөөлөн дуу хоолойтой хүү бн лээ Бямбажавтай дуулсан хрёр дууг энэхүү ахин сэргээсэн. Их ч гоё инээмсглэдэг. Амжилт хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-15 19:38:15
    Dolgormaa: Amjilt hvsie mundag shv
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188