• Өнөөдөр 2024-05-03

Б.ЭРДЭНЭБАЯР: Авсан шагнал, хүрсэн амжилт бүхэн минь хөлс хүч, сэтгэл зүрхээ зориулсан цаг хугацааны гэрч

2022-03-29,   874

 Эргэлт.мн мэдээллийн сайт “Шинэ танил” буландаа 25 насандаа урлагийн тайзан дээр од мэт гялалзаж яваа залуу бүжигчин Б.Эрдэнэбаярыг  онцоллоо. Түүнийг тодотгох зүйл нь даруухан байдал, тууштай хөдөлмөрлөдөг шаргуу зан аж. Ингээд уншигч танд түүнтэй ярилцсан ярилцлагаа хүргэе.
 
-Сайн байна уу, та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач.
 
       -Намайг Батчулууны Эрдэнэбаяр гэдэг. Үндэсний Урлагийн Их Театрын гоцлол бүжигчин, Соёлын тэргүүний ажилтан. Мөн “Мөнгөн мод-2021” наадмын шилдэг бүжигчнээр шалгарсан. 25 настай. Залуу уран бүтээлч байна. 
 
-Та бага насандаа ямар хүүхэд байсан талаараа яриа дэлгэвэл? 
 
       -Би бага байхдаа бүжигчин болно гэж боддоггүй байсан. Бусдын л адил эмч, цагдаа, уран зураач гэх мэт мэргэжлийг эзэмшинэ гэж боддог байлаа. Том бүжгийн спортоор хичээллэх сонирхолтой гэдгээ мэдсэн. Энэ сонирхлоо хөгжүүлэхээр Хөгжим бүжгийн коллежид элсэн суралцсан. Хүүхэд байхын л нэг зүйлийг маш сайн хийх гэж хичээдэг байсны минь үр дүн өнөөдөр намайг бүтээж байна. Мөн хүсэл сонирхлыг минь ямагт шүүмжлэлгүйгээр хүлээн авч, дэмждэг аав, ээж минь байсан учир би өдий зэрэгтээ явж байгаа гэж боддог. 
 
- Хэзээнээс бүжгээр хичээллэж эхэлсэн бэ? 
 
        -2009 оноос бүжгээр хичээллэж эхэлсэн. Энэ спортод дурлах болсон гол шалтгаан маань гоо зүйн мэдрэмжтэй, харилцааны өндөр соёлтой, биеэ зөв боловсон авч явах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлдэг. Ямар ч хүнийг хариуцлагатай хатуужилтай болгон хүмүүжүүлдгээрээ онцлог. Мөн дотоод мэдрэмжээ биеийн хөдөлгөөнөөр дамжуулж илэрхийлдэг нь гайхалтай санагддаг. 
 

 

 
-Бүжиг гэдэг хүнээс олон зүйлийг шаарддаг. Түүний нэг нь яах аргагүй цаг хугацаа байдаг. Таны хувьд үүнийг хэрхэн зохицуулдаг вэ? 
 
      -Бүжиг гэдэг бол миний хүсэл сонирхол, мөрөөдөл учраас ямар ч зүйл тулгарсан даваад л гардаг. Гэхдээ энэ спорт ямар ч хүнээс олон зүйлийг шаарддаг. Түүний нэг нь яах аргагүй бэлтгэл сургуулилт, тууштай байдал шаарддаг. Энэ бүх шалгуурууд нь бүжигчний цензур болж өгдөг. Бүх зүйлийн ард байдаг гэр бүлийнхэн, найз бүсгүйнхээ ачаар би бүх цаг хугацаагаа бэлтгэл, ажилдаа хандуулах боломж бүрддэг.
 
- Та СТА болон Алтангадас одонгоор шагнагдсан. Энэ бол залуу хүний хувьд гайхалтай амжилт гэж бодож байна. 
 
       -Баярлалаа. Эдгээр шагналууд бол миний өнгөрсөн найман жилийн үр дүн, намайг тодотгох зүйл юм. Нийгмийн зүгээс " Олон  жил ажилласан хүн л ийм шагнал авах ёстой" гэсэн тогтсон хандлага байдаг. Харин миний хувьд долоон жил гаруй хугацаанд тасралтгүй тууштай хичээсэн хөдөлмөрийг минь үнэлсэн гэж бодож явдаг. Нэг хөгжилтэй зүйл ярихад, миний өвөө насаараа Онцгой байдлын газарт ажилласан хүн байдаг. Өвөө минь 70 насандаа Алтангадас одонгоор шагнагдсан. Гэтэл би 25 настайдаа өвөөтэйгөө ижилхэн шагнал хүртсэн. Залуу хүн хүсэл мөрөөдлийнхөө төлөө  бууж өгөлгүйгээр, тууштай хөдөлмөрлөж чадвал, богино хугацаанд амжилтанд хүрч чадаж байгаагийн баталгаа гэж бодож байна./Инээв/
 
-Урлагийн салбарт ажиллана гэдэг асар их тэвчээр шаарддаг байх. Гэр бүлийнхэн тань ямар байр суурьтай байдаг вэ? 
 
    -Мэдээж хэрэг манай гэр бүлийнхэн, хайртай найз охин минь намайг  үргэлж дэмжсээр ирсэн. Зөвхөн тэмцээн уралдаан, ажилдаа анхаарах боломжийг тэд  минь бүрдүүлж өгдөг. Өнөөдрийг хүртэлх миний гаргасан бүх амжилтын ард гэр бүлийнхэн болон багш минь байсан. Цаашид хичээхдээ, урам зориг, түлхэц болдог зүйл бол мөн л тэд минь. Би нэг зүйлийг эхлүүлбэл, түүнийгээ бүрэн дүүрэн дуусгаж байж санаа амардаг төрлийн хүн. Тиймээс бүжигчин хүний тодотгох хамгийн шилдэг нь болох хүртлээ үргэлж хичээсээр байх болно. 
 
- Саяхан “Мөнгөн мод-2021” наадмын шилдэг бүжигчнээр шалгарсан. Сэтгэгдлээсээ хуваалцаач? 
 
         -”Мөнгөн мод-2021” наадмын шилдэг бүжигчинд нэр дэвшсэн хоёр бүжигчин минь салбартаа манлайлагч уран бүтээлчид байсан. Түүний нэг нь Монголын балетын шилдгүүдийн нэг н.Батчимэг, Moon dance хамтлагийн бүжигчин Б.Халиун нар байсан. Өрсөлдөгч нар маань өөрөө, өөрсдийн салбартаа тэргүүлж буй хүмүүс байсан. Тэр хүмүүстэй мөр зэрэгцэн зогсох нь миний хувьд нэр төрийн хэрэг байсан. “Мөнгөн мод-2021” наадмын шилдэг бүжигчин болоход Батчулууны Эрдэнэбаяр гэж дуудуулах мөч, үгээр илэрхийлэхийн аргагүй гайхалтай санагдсан. Анх 2014 онд Үндэсний урлагийн их театрт уран бүтээлчээр орж ирээд, ах эгч нарын авсан “Мөнгөн мод” шагналыг хараад, би энэ шагналыг заавал авах болно гэж өөртөө амлаж байлаа. Тухайн үед мөрөөдөл байсан бол өнөөдөр бодит биеллээ олсон байна. 
 
- Шантрах, урам хугарах, зөв газарт  байгаа эсэхдээ эргэлзэх үе байсан уу? 
 
   -Амьдрал бол бэлэг. Хөгжим бүжгийн коллежийг төгсөхдөө 27 оюутан залуу байсан. Хамгийн сүүлд ангиараа “Бид үргэлжлэл” гэсэн тоглолт хийж байсан. Тухайн үедээ бүгд өөрийн гэсэн хүсэл мөрөөдлөөр амьдралыг төсөөлж, урлагийн салбарт хөл тавьж байлаа. Харин одоо цаг хугацааны эрхэнд тодорхой шалгуураар шигшигдэж үлдсэн цөөн хэдэн  залуусыг би мэднэ. Хүн л учраас шантрах үе бий. Тэглээ гээд хүсэл мөрөөдөл, өдийг хүртэл хийсэн зүйлээсээ хойш сууж болохгүй шүү дээ. Би өөрийгөө бүтээж яваа залуу хүн, үргэлж хамт байдаг уран бүтээлчид болон үлгэр жишээ авдаг багш нартаа “Хичээж яваа юм шүү” гэдгээ харуулахыг хүсдэг. 
 
-Таны амжилтын нууц юу вэ? 
 
       -Өнөөдрийг хүртэлх гаргасан амжилтыг минь үгүйсгэх хүн байхыг таашгүй. Авсан шагнал, хүрсэн амжилт бүхэн минь хөлс хүч, сэтгэл зүрхээ зориулсан цаг хугацааны гэрч гэж боддог. Заавал бүжгийн урлаг гэлгүйгээр, залуус ажилдаа ирэх ёстой цагаас хоцорч, яв гэсэн цагаас өмнө явахыг хичээдэг. Харин би бусдаас хоёр цагийн өмнө ирж, мөн хоёр цагийн дараа бэлтгэлээ дуусгадаг. Энэ нь магадгүй миний амжилтын жор байж болох юм. Хүсэл мөрөөдөл минь намайг хурцалдаг хамгийн том түлхэц.
 
- Монгол улсаас Олон улсад багшлах эрхтэй болсон анхны хүн болсон гэж сонссон энэ талаар тодруулбал?
 
     - Тийм ээ. Азид хоёр хүн л байдаг. Нэг нь Солонгос улсын бүжигчин эмэгтэй, харин нөгөөх би.  Эх орноосоо анх удаа олон улсад багшлах эрхтэй хүн болсондоо баяртай байгаа. Үүний хажуугаар хариуцлага нэмэгдэж байна гэж боддог. Учир нь зөвхөн миний нэр бус эх орны минь нэр дуудагдах болохоор хичээх л ёстой. /Инээв/
 
 
- Таныг хүч төрөн гарч ирж буй шинэ үе гэж харж байна. Цаашид юуг зорьж байна вэ?
 
      - Мэдээж хэрэг олон л зүйлийг мөрөөдөж байна. Хамгийн том нь гэвэл “Дэлхийд  шилдэг бүжигчин гэж байдаг бол түүний нэг нь яагаад монгол бүжигчин байж болохгүй гэж” гэсэн бодлыг тээж явдаг. Зөвхөн эх орондоо үнэлэгдээд зогсохгүй дэлхийд танигдсан “Монгол” бүжигчин болохыг хүсдэг. 
 
-Цаг гарган ярилцсанд танд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
 
     Баярлалаа.

Б.ЭРДЭНЭБАЯР: Авсан шагнал, хүрсэн амжилт бүхэн минь хөлс хүч, сэтгэл зүрхээ зориулсан цаг хугацааны гэрч
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188