• Өнөөдөр 2024-04-18

С.Баясгалан: Манай улс ШХАБ-д элсэх цаг нь болоогүй

2020-09-23,   1275

МУИС-ийн багш, Олон улсын харилцаа судлаач С.Баясгалантай ярилцлаа.

-ШХАБ-д Монгол Улс элсэнэ, элсэхгүй гэх асуудлыг сүүлийн хэдэн жил ярилаа. Манай улс тус байгууллагад элсэх цаг нь болсон уу?
-Уг нь бид ШХАБ-д элсэх цаг болоогүй. Учир нь, Монгол Улс эдийн засгаа сайжруулах чиглэлд гадаад харилцааны бодлогоо баримталж байгаа. Тодруулбал, бид чөлөөт худалдаа, аж үйлдвэрийн салбартаа гаднын хөрөнгө оруулалтыг татах нь чухал байгаа юм. Харин ШХАБ бол бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус байгууллага терроризмтой тэмцэх, хар тамхины наймаа зэрэгт гол анхаарлаа хандуулж байгаа. Хар тамхи, терроризм Монголд нүүрлэсэн бодит аюул биш. Тиймээс манайх ШХАБ-д элсэх болоогүй.

-Гэтэл хөрш орнуудаас манай улсыг ШХАБ-д элсүүлэх талаар санал тавьж байгаа. Энд элсэх нь цаг хугацааны асуудал гэж зарим судлаач үзэж байна?
-АНУ-ын шахалтаар ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагаа улам бэхжиж байгаа. Гэхдээ БНХАУ дангаараа өөрийн гэсэн амбицтай үйл ажиллагаа явуулж байна. Үүнд нь ОХУ чирэгдэх хандлага ажиглагдсан. Тиймээс Оросын тал Хятадаас болгоомжилсон бодлого баримталж байгаа юм. Гэхдээ тэд АНУ-ын эсрэг нэгдэж байгаа гэдэг утгаараа Азийн төвд ШХАБ-ын гишүүн орнуудын дунд ардчилсан цоорхой үүсгээд байна. Нөхцөл байдал яаж ч өөрчлөгдөж магадгүй гэдэг үүднээс хоёр хөрш орон манайд тодорхой хэмжээний шахалт үзүүлж эхэлсэн.

-Тэгэхээр тэд манайхыг АНУ-тай найрсаг харилцаатай байх вий гэж ихэд болгоомжилж шахалт үзүүлээд байна гэсэн үг үү?
-ШХАБ-д манайх элсэн орвол тэндээс тавьж байгаа дүрмийг дагаж мөрдөнө. Өөрөөр хэлбэл, ШХАБ-ын удирдах зөвлөл болон шийдвэр гаргах хэмжээний санал хураалт болоход бид гишүүн орнуудын шийдвэрийг хүндэтгэн үзэж олонхын саналыг хүлээн зөвшөөрөх шаардлагатай болно гэсэн үг. Уг нь тэд маш ардчилсан дүрэмтэй. Тухайн байгууллагад орж, гарах эрх нь нээлттэй. Гэхдээ  ШХАБ-ын гишүүн орнууд хэн бэ гэдэгт гол учир шалтгаан нь байгаа юм.

Хоёр хөрш улс үндэслэсэн гэж байгаа ч хамтын ажиллагаа болон шийдвэр гаргах түвшний асуудалд бусад улс, төр эдийн засгийн тодорхой хаалт тавих боломжтой. Хэдий илт дарамтлахгүй ч бодлогын дэмжлэг үзүүлэх зэргээр зөөлөн хүчний бодлого явуулна. Манайх хэсэг ШХАБ-ын талаар төрийн түвшинд ярьж байсан. Одоо бол харьцангуй намжсан байна. Энэ асуудлыг сөхөж гаргана гэдэг нь нэг талын лобби, шахалт явж байна гэж үзэж болох юм.

-Та ШХАБ-д элсэх нь эдийн засгийн хувьд ач холбогдол багатай гэлээ. Яагаад тэгж үзэж байгаа юм бэ?
-ШХАБ-д гишүүнээр элссэн улсуудыг харахад манайд эдийн засгийн дэмжлэг үзүүлэх орон байхгүй. ОХУ болон БНХАУ-тай бид тус тусад нь харилцаж болно. Урд хөрш “Нэг бүс-нэг зам” гээд тусдаа хөтөлбөртэй. Харин хойд хөрш Евро-Азийн эдийн засгийн холбоонд нэгдсэн. Түүнчлэн өөрийн гэсэн эдийн засгийн бодлоготой. Орос, Хятад хоёр улс аль аль нь өөрсдийн эдийн засгийн бодлогоо ШХАБ-д тавьж байгаа. Тэгэхээр ШХАБ-д элсэх нь манайд төдийлөн ач холбогдолтой биш. Бидэнд ашигтай гэхээсээ илүү сөрөг тал ч гарч магадгүй. Өөрөөр хэлбэл,  ШХАБ-д манайх элсээд ямар нэг үүрэг хүлээнэ.

Үүнийг нь гуравдагч хөрш болох ШХАБ-ын эсрэг байгаа Япон, Солонгос Улс яаж хүлээж авах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэд биднийг ШХАБ-д элсэж болохгүй гэж шууд хэлж чадахгүй. Одоо олон улсын харилцаанд үүнийгээ шууд илэрхийлдэг улс байхаа больчихсон. Хэрвээ болохгүй гэвэл нөгөөх улс нь улам дөлж, зугтаж болзошгүй. Харин хамтын ажиллагааны хувьд зарим асуудлаа хойш тавих зэргээр нөлөөлж болох юм. Тэгэхээр бидэнд ямар ч ашиггүй.

-Гэхдээ манай эдийн засаг хоёр хөршөөс шууд хамааралтай. Эдийн засагт нөлөө үзүүлэх хийн хоолойг Монголын газар нутгаар дайруулан өнгөрүүлэх талаар хүртэл ярьж байгаа. Манайх ШХАБ-д элсэхгүй бол энэ мэт эдийн засгийн ач холбогдолтой хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхээ  больчихгүй юу?
-Хийн хоолойн асуудал нь ШХАБ-аас тусдаа. Орос, Хятад хоёрын хоорондын тоглоом. Хөрш орнууд манайхыг ШХАБ-д элсэхийг дэмжиж байгаа ч яагаад хүчтэй шахалт үзүүлэхгүй байна вэ гэхээр тэд өөрсдөө интеграцийн хэмжээнд орохгүй байгаа юм. Тодруулбал, ШХАБ-д Хятад Улс “Нэг бүс-Нэг зам” хөтөлбөрөөрөө, ОХУ терроризм болон Евро-Азийн эдийн засгийн холбоо талаасаа тус тусдаа тоглолт хийгээд байгаа. Монгол Улсын газар нутагт хийн хоолой тавигдах нь гарцаагүй. Энэ нь манай эдийн засагт маш чухал нөлөөтэй. Гэхдээ хөрш орнуудын шаардлага өмнөхөөсөө нэмэгдэж, илүү хараат болох байх.

-Сүүлд Энэтхэг, Пакистан Улс энд элссэн шүү дээ. Тэгэхээр энэ байгууллагын үйл ажиллагаа өргөжиж байгаа юм биш үү?
-Хятад, Энэтхэг, Паскистан гэсэн гурван улсын асуудал байгаа юм. ШХАБ-д Пакистан Улс элсэхээр болсон чинь Энэтхэг Улс орохоо мэдэгдсэн. Учир нь аливаа яриа хэлэлцээр явагдахад Хятад, Пакистан хоёр нэгдэж, Энэтхэгийн эсрэг ажиллах магадлалтай. Тиймээс байдлыг  хяналтандаа авахын тулд Энэтхэг Улс ШХАБ-д нэгдэж байгаа юм. Харин ОХУ Энэтхэгийг элсэхийг нь дэмжчихсэн юм. Түүнээс биш ирээдүйд боломж үүсгэсэн хамтын интеграц гэсэн ойлголтоор орж байгаа хэрэг биш.

-Бид одоо ШХАБ-д ажиглагч орон гэсэн байр суурьтай байгаа. Энэ нь бидэнд ямар ашигтай вэ?
-Ажиглагч орон ШХАБ-ын өмнө үүрэг хүлээхгүй. Бидэнд терроризмын эсрэг мэдээлэл авах, туршлага солилцох үүднээс зэвсэгт хүчнээ илгээх зэрэгт ашигтай.

-Ярианы эхэнд та манайх ШХАБ-д элсэх цаг болоогүй гэсэн. Тэгэхээр хэзээ цаг нь болох юм бэ?
-Манайд бодит аюул нүүрлэсэн буюу террористууд орж ирсэн тохиолдолд.


С.Баясгалан: Манай улс ШХАБ-д элсэх цаг нь болоогүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188