• Өнөөдөр 2025-02-06

Р.Гантөгс Токиогийн олимпын бамбарын буухианд оролцоно

2021-05-19,   466

Токиогийн олимпын наадам эхлэхэд 66 хоног үлдлээ. Коронавирусийн хүнд үе тохиож байгаа хэдий ч олимпын бамбар аян замдаа гарсан байгаа.
 
Токиогийн олимпын бамбар 2021 оны гуравдугаар сарын 25-нд Фүкүшима хотоос гараагаа эхэлсэн. Фүкүшимагаас эхэлсэн нь ч учиртай. 2011 онд болсон газар хөдлөлт, цүнамигийн уршгаар Фүкүшимагын олон хүн амиа алдсан. Токиогийн олимпын бамбар энэ мужаас гараагаа эхлэж байгаа нь Фүкүшима болон Япон улс энэ гамшгийг даван гарсныг дэлхий дахинд харуулах зорилготой юм. Бамбар Японы нийт 47 мужаар айлчлан зочлоод долдугаар сарын 23-нд Токиод хүрч, олимпын наадам дуустал Токиод мандах болно.
 

Бамбарын аялах муж, хот, дүүрэг бүр Бамбарын буухианд гүйх хүмүүсээ тодруулж, нутгийнхаа алдартнуудыг энэхүү хүндэт арга хэмжээнд урьж байгаа билээ. Тэгвэл Тоттори мужийн Тоттори хотын олимпын бамбарын буухианд монгол залуу оролцохоор болжээ. “Тоттори Жёохокү” ахлах сургуулийн багш, сумо бөхийн дасгалжуулагч Р.Гантөгсийг энэхүү нэр хүндтэй буухианд томилсноо Тоттори мужаас зарлалаа.

 
Тэрбээр “Тоттори Жёохокү” сургуулийн багийг Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд жил бүр амжилттай оролцуулж, нэрийг нь улс орон даяар мандуулж байгаа. Мөн Монгол Улсын нэрийн өмнөөс сумо бөхийн Дэлхийн болон Азийн аваргын тэмцээнд оролцож байсан нь ийнхүү үнэлэгджээ. Р.Гантөгс багш бол Монголын сонирхогчдын сумо төдийгүй мэргэжлийн сумод ч маш их гавьяа байгуулж байгаа манай шилдэг мэргэжилтэн. Түүний олон шавь одоо мэргэжлийн сүмод хүч сорьж байгаа. Озэки Тэрүнофүжи, Ичиножёо, Миторюү, Роога нар түүний гарын шавь нар нь юм.
 
Р.Гантөгс энэ сарын 22-нд 19:00 цагаас Тоттори хотын Бамбарын буухианд оролцоно. Нийт 40 хүн гүйх бөгөөд Тоттори мужаас төрсөн олимп, дэлхийн медальтнууд, Токиогийн олимпод оролцох тамирчид сонгогдож, үлдсэн эрхийг нутгийн иргэдэд сугалаагаар олгожээ.
 

Р.Гантөгс Токиогийн олимпын бамбарын буухианд оролцоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188