• Өнөөдөр 2024-05-06

ЦАГААН САРЫН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД

2024-02-09,   2663

Монголчуудын уламжлалт баяр цагаан сар хаяанд ирлээ.  Улсын наадмаас дутахгүй сэтгэл догдлон хүлээдэг, шимтэн үздэг барилдаануудын нэг Цагаан сарын барилдаан. Улсын наадмын дараа эрэмлэгдэг тус барилдааныг “Тухайн жилийнхээ өнгийг тодорхойлдог” хэмээн бөхчүүд ярьдаг. Тиймээс Эргэлт.мн мэдээллийн сайт сар шинийн барилдаанд гар гарсан уран хурц барилдаан үзүүлж, түрүүлэх магадлалтай бөхчүүдийг таамаглан хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН АРСЛАН Б. ОРХОНБАЯР

          Боохой хэмээх улсын арслан Д.Данзангийн өлгий нутгийн хүчтэн тэрбээр “Таван хан” дэвжээ, “Хос түрүү” Атар трейд компанийн бөх, "Аварга” БТДС-ийн оюутан.Б.Орхонбаяр 2019 онд Төрийн наадамд 21 насандаа анх удаа барилдахдаа улсын начин цол хүртэн, монгол түмнээ баярлуулсан. Түүний амжилтыг өмнө нь дархан аварга Д.Дамдин, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, улсын гарди Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй наймхан бөх давтсан юм. Б.Орхонбаяр 2019 онд улсын начин болсон хамгийн залуу хүчтэн. Улмаар тухайн жил начин болсон хамгийн залуу бөхөд олгодог дааганы эзэн болов. Тэрбээр 2020 оны улсын наадамд барилдахдаа зургаагийн даваанд шинээр улсын харцага болсон Б.Бат-Оршиход өвдөг шороодсон. Улмаар Б.Бат-Оршихоос допинг илэрсэн тул 2021 онд түүнд улсын харцага цол нөхөж олгосон юм. Тэрбээр 2022 оны Улсын Их баяр наадмаар Ц.Содномдорж арслангаар 7 давж Улсын заан, Улсын заан Б.Бат-Өлзийгөөр найм давж улсын гарди, Улсын даян аварга Н.Батсууриар ес давж Улсын арслан цол хүртсэн билээ.

МОНГОЛ УЛСЫН ГАРДИ Ц.БЯМБА-ОТГОН

               

2023  оны улсын баяр наадамд даян аварга Н.Батсууриар найм даван гарди цол хүртсэн билээ.         

       Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул Цэдэнсодномын Бямба-Отгон зургаа давж, Улсын харцага цол хүртсэн. 2023  оны улсын баяр наадамд даян аварга Н.Батсууриар найм даван гарди цол хүртсэн билээ. Тэрбээр 1995 оны гуравдугаар сарын 11-нд Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрж өсжээ. Тэрбээр Тулгар төрийн 2228 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 813 жилийн ой, Ардын хувьсгалын 98 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Төв аймгийн Жаргалант сумын харьяат аймгийн харцага Тогоогийн Батсайханаар давж хоёрын даваанд Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат улсын заан Б.Сайнбаярт өвдөг шороодсон билээ. Ц.Бямба-Отгон нь "Их Монголын Хүчтэн" дэвжээ, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 034 дугаар ангийн харьяат бөх юм.

УЛСЫН ЗААН Б.ПҮРЭВСАЙХАН

         2016 оны Үндэсний их баяр наадмын барилдаанд долоо давсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат “Нью прогресс” группийн бөх улсын харцага Баатархүүгийн Пүрэвсайхан улсын заан болсон билээ. Тэрбээр долоогийн даваанд улсын харцага Ц.Содномдоржтой тунаж, давсан юм. Б.Пүрэвсайхан 1989 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. Улсын заан Ч.Батзоригийн төрсөн ахын хүү бөгөөд улсын заан Дамирангийн Бумбаярын том охинтой гэрлэсэн гэдэг. Тэрбээр 2007 оноос үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн. 2014 оны үндэсний баяр наадмаар улсын арслан Д.Азжаргалаар зургаа давж улсын харцага цолны болзол хангаж байжээ.

УЛСЫН ЗААН Б.БАТ-ӨЛЗИЙ

 

Ховд аймгийн Зэрэг сумын харьяат бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий нь 1992 оны зургаадугаар сарын 08-ны өдөр мэндэлсэн. Тэрбээр үндэсний бөхөөр “Алдар” спорт хороо, “Монтед” констракшн, Зэвсэгт хүчний 034 дүгээр анги, “Өнө мөнх хөгжил констракшн” ХХК-д харьяалагддаг. Б.Бат-Өлзий анхны цолоо 2008 онд Зэрэг сумынхаа наадамд түрүүлж сумын заан цол хүртэж байжээ. Түүний дараа 2013 онд цэргийн начин, аймгийн харцага цол хүртсэн. Харин удаах жилийн Ховд аймгийн баяр наадамд үзүүрлэн аймгийн заан цол хүртэж байсан бол тэр жилдээ Орхон аймгийн баяр наадамд найм даван түрүүлж аймгийн арслан цолоо хүртэж байжээ. Тэрбээр 2015 онд анхны улсын наадамдаа дөрвийн даваанд өвдөг шороодож байсан бол 2016 оны улсын баяр наадамд зургаа даваг шөвгөрч улсын харцага цол хүртсэн. 2019 онд Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд тав даван шөвгөрч чимэг нэмжээ. Харин Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд долоо давж улсын заан цол хүртээд буй.

УЛСЫН ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛ

         Завхан аймгийн Яруу сумын харьяат, аймгийн заан цолтой тэрбээр Үндэсний бөхийн цол чимэг олгодог 31 дэх удаагийн Бүх цэргийн наадамд түрүүлж Цэргийн хурц арслан цолыг 2022 онд хүртсэн. Үндэсний бөхөөр барилдахын сацуу чөлөөт бөхийн дэвжээнд олон амжилт гарсныг бөх сонирхогчид андахгүй билээ. Мөн тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хороо, “Даян” дэвжээ, “Жем интэрнэшнл” компанийн тамирчин юм. Үүнээс гадна Токиогийн олимпд мөн анх удаа зодоглохдоо хүрэл медалийн төлөө барилдан, V байрт шалгарсан бөгөөд түүнийг бөх сонирхогчид улсын өндөр цолонд хүрэх ирээдүйтэй хэмээн ярилцдаг байна. Мөн тэрбээр 2022 оны улсны баяр наадамд гарди Б.Гончигдамбаар долоо давж заан цол хүртсэн билээ.

УЛСЫН ХАРЦАГА Б.ЗОРИГБААТАР

    Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар. Тэрбээр жирийн нэгэн малчин айлын хүүхэд. Таван ах, хоёр эгчтэй айлын отгон хүү. Багасаа морин дэл дээр хийсэж, хээрийн салхинд дуулж явсан гэдэг. Хашин морьтой хонь, хурга хариулж, хурдан хүлэг унан олон ч наадамд түрүүлж байжээ. Түүний аав Батсүх сумынхаа наадамд дөрөв түрүүлж, гурав үзүүрлэсэн түүхтэй.

2012 онд Архангай аймгийн Хайрхан суманд өсвөр үеийн Аймгийн аварга шалгаруулах барилдаан болжээ. Энэхүү барилдаанд Б.Зоригтбаатар анх удаа зодог шуудаг өмсөн барилдаж түрүүлсэн нь түүний цаашдын бөх болох хүсэл, мөрөөдлийг эхлэл болсон байдаг. Мөн энэ үеэр Батбаяр багштайгаа анх таарсан бөгөөд түүнд багш нь “Чи бөх болох уу. Би Хангарьд спорт хороонд багшилдаг. Бөх болохыг хүсвэл намар хүрээд ирээрэй” гэжээ. Тиймээс Зоригтбаатар хуруу даран намрыг хүлээж, цүнхтэй хувцсаа үүрээд багшийндаа очиж байжээ.
Анх арваннэгдүгээр ангиасаа багштайгаа хамт бэлтгэж хийж эхэлсэн тэрбээр заалны барилдаануудад барилдаж эхэлсэн цагаасаа үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээж, уран хурц барилдаанаараа “Цахилгаан зоригоо” гэх нэрийг бөхөд хайртай ард түмнээсээ хүртсэн. Тэрбээр 2020 АХ-ын 99 жилийн ойн баяр наадамд улсын начин Б.Бадамсүрэнгээр дөрөв, цэргийн арслан Г.Жамбалдоржоор тав, аймгийн арслан Д.Хүдэрбулгатай тунан зургаа давж "Улсын харцага" цол хүртсэн.  2022 АХ-ын 100, 101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Д.Аззаяагаар дөрөв, аймгийн арслан Т.Сайханжаргалаар тав, аймгийн хурц арслан Б.Лхагвадоржоор зургаа давж чимэг нэмсэн.

УЛСЫН ХАРЦАГА О.МӨНХ-ЭРДЭНЭ

  Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Хайрхан сумын уугуул Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ зургаа давж, Улсын харцага цол хүртсэн билээ. Тэрбээр 1995 оны гуравдугаар сарын 25-нд Архангай аймгийн Хайрхан суманд төржээ. О.Мөнх-Эрдэнэ нь "Бөх Билэгт" дэвжээ, "Молор трейд" ХХК, "Вайт лэйк" ХХК-ийн харьяат бөх юм. Тэрбээр 2016 онд Архангай аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн Аймгийн начин цол хүртэж байв. Үүний дараа жилийн Архангай аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. 2019 онд Аймгийн харцага цол хүртсэн бөгөөд Орхон аймгийн баяр наадамд аймгийн арслан Б.Уртбаяраар найм даван түрүүлсэн юм. Мөн тус онд бүх цэргийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн Цэргийн харцага цол хүртсэн.

УЛСЫН НАЧИН Д.ХҮДЭРБУЛГА

       Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жил, Ардчилсан хувьсгалын 31 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны тавын даваанд Төв аймгийн харьяат, аймгийн арслан Д.Хүдэрбулга улсын заан Б.Батмөнхөөр тав даван, улсын начин цолны болзол хангасан. Д.Хүдэрбулга нь чөлөөт бөхийн ОУХМ цолтой, улсын олон удаагийн аварга, Азийн АШТ-ий цөөнгүй медальтай тамирчин билээ.

УЛСЫН НАЧИН Д.АМАРСАЙХАН

 
           Д.Амарсайхан 1989 оны нэгдүгээр сарын 7-нд төрсөн. Багаасаа бөхийн спортод хорхойссон түүний анхны багш нь Болдбаатар. Үндэсний бөхийн эрдэм заасан, гол суурийг нь тавьсан багш нь Гавьяат дасгалжуулагч, улсын харцага Г.Элбэг. Тэрбээр 17 насандаа сумын заан болжээ. Дөрвөн жилийн дараа буюу 2010 онд Булган аймгийнхаа наадамд тав даван, начин цол хүртсэн юм. Дараа жил нь түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн түүхтэй. 2016 онд Д.Амарсайхан улсын цолтны гэр бүлд багтсан. Тэрбээр тавын даваанд нутгийнхаа хүчит заан Д.Баасандоржийг даван, улсын начин цол хүртсэн юм. Уран барилдаантай Д.Амарсайхан 2018, 2019, 2020 оны улсын наадамд дөрөв давж, начин цолоо батлах тун дөхсөн билээ.

 


ЦАГААН САРЫН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-22 19:41:54
    зочин: хангай хаачсанвэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-12 09:47:31
    Үл мэдэх: Энд бол харин худлаа бичжээ энэ сэтгүүлч гуай сүүлиин үёд сэтгүүлч нэртэй мэдлэг хомс малууд хаа сайгүй дүүрэн болж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-12 09:19:46
    Лаш: Орхонбаяр сумын заанаар улс аймагт гарч л бсан. Оюунболд 20 улсын харцага болоод гүйж л бсан. Судалгаа тай шаамаар бна аа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188