-Сүүлийн үед нам жим байсан таныг манай сэтгүүлийн уншигчдад зориулж, ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд талархаж байна. Хоёулаа таныг аав тань багын найз Ц.Шийрэв багшид шавь болгон өгч байсан тухай түүхээс ярилцлагаа эхлүүлбэл ямар вэ?
-Манай аав Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багштай үй зайгүй, дотно найзууд байсан. Ц.Шийрэв багшийн жүдогийн секц Кино үйлдвэрийн хойно “Улаанбаатар” их сургуулийн спорт зааланд хичээллэдэг байв. Аав тэнд очиж бэлтгэл их хийдэг байлаа. Намайг 6-7 настай байхад аав Ц.Шийрэв багшид хадаг барин намайг шавь оруулсан юм. Яг жүдогийн секцэнд явж эхэлсэн үе бол 2001 он л доо. Жүдо бөхийн секцэнд явж эхэлсэн жилээ Дархан хотод болдог жүдо бөхийн олон хотын "Ирээдүйн-Од" өсвөр үеийн тэмцээнд оролцсон. Анхны тэмцээнд 24 кг жинтэй мөртлөө 27 кг-ын жинд барилдаж, мөнгөн медаль хүртсэн. Анхны тэмцээнээсээ мөнгөн медаль хүртсэндээ урам авч, илүү шимтэн суралцах болсон.
-Залуучуудын ДАШТ-ээс хошой мөнгөн медаль хүртсэн байх аа. Тэр хоёр ДАШТ-ий алтан медалийн төлөөх барилдаанд хоёуланд нь ОХУ-ын бөх олимпын аварга Арсен Галстянтай таарсан юм уу?
-Тайландын Бангкок хотод 2008 онд болсон залуучуудын ДАШТ-д Ц.Шийрэв багштайгаа хамт явсан. Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ээс Монголын тамирчид медаль хүртэж байгаагүй үе. Тэмцээний эхний өдөр Б.Тэмүүлэн анхны хүрэл медалиа хүртсэн. Би хоёр дахь өдөр нь барилдаж, мөнгөн медаль авсан. Тэр үнэхээр сэтгэлд хоногшсон, мартагдашгүй сайхан мөч байсан.
Зооны аваргын төлөө барилдаж, ялсны дараа тэмцээн завсарласан. Тэр үед миний сэтгэл санаа тогтворгүй, тавгүй байсан л даа. Тэмцээний уур амьсгалд биш, Улаанбаатарт байгаа аавдаа санаа зовоод, тэмцээндээ анхаарлаа сайн төвлөрүүлж чадахгүй байсан юм, үнэндээ. Залуучуудын ДАШТ-ий алтан медалийн төлөө “Лондон 2012” олимпын аварга ОХУ-ын бөх Арсен Галстянтай барилдаж эхлээд л тохойгоо мулталсан. Барилдаан эхлэнгүүт би шийдсэн мэх хийсэн юм. Тэгсэн Галстян хариу мэх хийгээд, би дэвжээнд гараа тулж унахдаа тохойгоо мулталчихсан. Тэгээд түүнтэй барилдаж чадахгүй ялагдал хүлээж, мөнгөн медаль дээр бууж байлаа.
Дараа жил нь 2009 оны залуучуудын ДАШТ Францын Парис хотод болсон. Тэр дэлхийн аваргад хэсгийн аваргын төлөө дэвжээний эзэн орон Францын бөхтэй таарсан. Түүнтэй маш их хүч шавхсан барилдаан хийж, цаг сунгасан барилдаанд ялсан. Дэлхийн аваргын алтан медалийн төлөө Японы бөх Хифүми Ямамототой барилдсан. Үндсэн цагт хэн, хэнээсээ үнэлгээ авч чадаагүй. Нэмэлт цаг сунгасан барилдаанд шүүгчдийн саналаар Ямамото ялсан. Түүнтэй би өмнө нь долоон удаа таарч барилдаж байлаа. Би Ямамотоог дөрөв ялж, гурав хожигдсон байдаг юм. Гурав хожигдохдоо хоёр том ДАШТ дээр хожигдсон.
-Тайландын дэлхийн аваргын мөнгө медалийг аав тань хараад баярлаж, их сайхан сэтгэлийн үг хэлсэн гэдэг. Чухам юу гэж хэлсэн юм бэ?
-2008 онд намайг залуучуудын ДАШТ-д явах үед аавын бие маш муу байсан. Баянзүрх дүүргийн эмнэлгийн сэхээний тасагт эмчлүүлж байсан юм. Тэр үед 2008 оны самбо бөхийн өсвөрийн ДАШТ, ААШТ дараалан болсон. Тэр хоёр тэмцээнд хоёуланд нь түрүүлээд ирсэн. Тэмцээнээс буцаад, өглөө галт тэрэгнээс буусан чинь Ц.Шийрэв багш онгоцны тийз барьчихсан “За, миний хүү баяр хүргэе. Хэсэгхэн амраад ав. Орой Тайланд руу ниснэ шүү” гэсэн. Тэгэхэд нь би “Багш аа, би жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д явж чадахгүй ээ” гэлээ. Аавын бие муу байсан болохоор л тэгж хэлсэн. Бушуухан л аавтайгаа уулзмаар байсан л даа. Намайг самбо бөхийн ДАШТ явахад аав эмнэлгээс үдэж өгсөн юм. Ц.Шийрэв багш намайг их ятгасан. Миний сэтгэл аав руугаа л яараад байв. Би эмнэлэгт дээр очоод аавдаа самбо бөхийн өсвөр үеийн ДАШТ-ий алт, Азийн аваргын алтан медалиа үзүүллээ. Аав минь “Миний хүү сайн байна. Аав нь их баярлаж байна. Одоо жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д яваад, түрүүлээд ир” гэсэн. Би “Үгүй ээ, ааваа ДАШТ-д явахгүй. Таны хажууд баймаар байна” гэж шуудхан хэлсэн. Аав “Миний хүү аавдаа санаа зовох хэрэггүй. Аав нь хүүгээ хүлээгээд байж байна. Амжилт гаргаад ирээрэй” гэж захисан. Тэгээд л аавынхаа үгэнд ороод Ц.Шийрэв багштай Тайланд руу ниссэн. Тайландын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртээд ирсэн чинь аавын ухаан, санаа нь орж, гараад намайг танихгүй шахам болчихсон байв. Нэг ухаан орох үед нь аавын ах, аавд “Хүү чинь дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртээд ирлээ” гэж хэлсэн. Тэгсэн намайг үнсээд, “Миний хүү бөмбөрцгийн бөх, дэлхийн хүн болжээ” гэж хэлсэн. Би ямарч байсан аавыгаа амьд сэрүүн байхад нь ДАШТ-ээс медаль хүртэж, аавынхаа хүрээгүй, гаргаж чадаагүй амжилтад нь хүрч, санааг нь амрааж, жаахан ч болтугай баярлуулж чадсандаа сэтгэл хангалуун байдаг.
-ОХУ-ын Челябинскийн 2014 оны ДАШТ-ий дөрөвдүгээр тойрогт Хятадын залуу бөх Ма Дуа Бинийг вазаригаар ялж яваад, даралтаар харамсалтай хожигдож байсан. Түүнийг арай л дутуу үнэлчихсэн үү?
-Насанд хүрэгчдийн 2014 оны ДАШТ-д миний бэлтгэл, сургуулилалт маш сайн таарсан жил байсан. Дэлхийн аваргын эхний гурван тойргийн барилдаанд ялчихсан. Дөрөвдүгээр тойрогт шигшээ наймд үлдэхийн төлөө Хятадын бөх Ма Дуа Бинтэй таарсан. Тэр тооцоонд байгаагүй бөх л дөө. Би вазари үнэлгээ авчихсан, түүнийг хоёр торгуулчихсан явсан. Барилдааны цаг дуусахад нэг минут гаруй хугацаа үлдсэн байв. Хэвтээ барилдаанд цаг авах гэж байгаад даралтад орсон. Миний сонгосон тактик буруудсан. Тэр үнэхээр харамсалтай барилдаан болсон. Хятадын бөхийг ялсан бол Японы Такайчитай барилдах байлаа. Би Такайчийг өмнө нь нэг удаа давж байсан юм. Түүнийг хожвол зооны аваргын төлөө ОХУ-ын Михайл Пуляевтай барилдах байв. Пуляевийг бас өмнө нь нэг ялсан байсан. Надад медаль авах боломж 100 хувь байлаа. Тэр боломжоо би өөрийн алдаанаас болж алдсан.
-Инчон 2014 Азийн зуны ХVII наадмын аварга болохдоо Японы бөх Такажо Томофмиг гурван минутад цэвэр ялсан байх аа?
-Жүдо бөхийн 2014 оны дэлхийн аваргаас долоо хоногийн дараа Азийн наадам эхлэх байв. ДАШТ-д би ийм муу барилдсан юм чинь намайг явуулахгүй байх гэж дотроо бодож байлаа. Тэгсэн чинь багш, дасгалжуулагч нар надад итгэл хүлээлгэж, Инчон 2014 Азийн наадамд явуулсан. Долоо хоногийн хугацаанд багш нартайгаа сайн ярилцан, зөвлөлдөж, алдаан дээрээ ажилласан. Үр дүн нь Азийн тоглолтод гарч бүх өрсөлдөгчөө цэвэр ялж, Азийн наадамд түрүүлж чадсан. Ер нь 2014 он надад алдаа оноотой, баяр, хөөр, гуниг сүлэлдсэн жил болж өнгөрсөн шүү. Азийн наадмын дараа Азийн элсний наадамд самбо бөхөөр түрүүлсэн. Түүнээс 14 хоногийн дараа Японд болсон самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс алтан медаль авсан. Тэр жил ингэж ойрхон гурван том тэмцээнд түрүүлж байлаа.
-Самбо бөхөөр хэдэн удаа дэлхийн аварга болж байв?
-Самбо бөхөөр өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга болсон. Насанд хүрэгчдийн ДАШТ-д нэг түрүүлж, хоёр хүрэл медаль хүртэж байлаа. Самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д гурван удаа л оролцсон юм. Жүдо бөхийн шигшээ багийн тамирчин болохоор оролцох боломж ховор гарсан л даа.
-Казахстанд болсон 2015 оны ДАШТ-д эзэн орны бөх Елдос Зумакановт хожигдсон. Тэр ялагдлын “шок”-ноосоо гарч чадахгүй Израилын бөх Голан Поллактай таарсан уу. Уг нь түүнийг хожиж яваад цаг дуусахад 10 секунд дутуу байхад үнэлгээ алдсан байх аа?
-2015 онд миний бэлтгэл мөн л дажгүй сайн байсан. Дэлхийн аварга болохоос долоо хоногийн өмнө бэлтгэл дээр дайралтын бэлтгэл хийж байхдаа бугуйндаа гэмтэл авчихсан юм. Гэхдээ одоо үүнийг ярих нь тийм зохимжтой биш байх аа. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг л болно биз. Дэлхийн аваргын шигшээ наймд үлдээд, эзэн орны бөх Елдос Зумакановт хожигдсон. Шүүгчдийн зөвлөл хуралдаад Казахын бөхийг миний хөлд хүрсэн байна гэдгийг тогтоосон. Тэгсэн хэрнээ ялалтыг цуцлаагүй. Дэвжээнээс буухаас өмнө бичлэгийг үзсэн бол Зумакановыг торгуулиар хөөх л байсан юм билээ. Дэвжээний эзэн орны бөх болохоор тэгээд л чимээгүй өнгөрсөн. Торгуулийн тойрогт би Германы бөхийг ялаад, хүрэл медалийн төлөө Израилын Голан Поллактай таарсан. Түүнийг би ДАШТ болохоос сарын өмнө болсон “Мастерс”-ын тэмцээнд эхний тойрогт хожиж байсан юм. Дэлхийн аварга дээр цаг дуусахад 10 секунд дутуу байхад юко үнэлгээ алдаж хожигдсон. Дэвжээнээс буугаад явж байсан чинь ОУЖБ-ны тайлбарлагч “Даваадорж оо, чи хожигдоогүй шүү. Тэр юко үнэлгээ байгаагүй. Чи Голлан Поллакыг ялсан шүү” гэсэн. Би их харамссан. Балжаа багш намайг тайвшруулж “За яах вэ миний хүү. Олимпод түрүүлэх гэж байгаа юм байлгүй дээ. Олимпын өмнөх том барцад чинь арилж байгаа юм байлгүй” гэсэн. Үнэхээр харамсалтай хожигдол байсан шүү. Дэлхийн аваргын дараах хэдэн шөнө нойр хүрэхгүй тэр л барилдаан бодогдоод хэцүү байж билээ.
-Таныг сэтгэл зүй, аз ёндоо жаахан тааруутай, их салхитай барилддаг. Хэт бачимдахдаа гаргадаг яаруу шийдвэр нь алдаа болдог гэж зарим дасгалжуулагч ярьдаг. Үүнтэй санал нийлэх үү?
- Аз ёндоо гээд юм юм байдаг л байх. Том, бага тэмцээний уур амьсгал тэс ондоо л доо. Магадгүй би том тэмцээний өмнө биеэ барьчихдаг юм болов уу. Том тэмцээний өмнө хүмүүс надад маш их итгэл найдвар хүлээлгэдэг. Хүмүүсийн итгэл, найдварыг алдчихгүй барилдахыг хичээж, мэрийдэг. Магад тэр өөртөө хүлээлгэдэг хариуцлага нь миний сэтгэл зүйд дарамт болчихдог байхыг үгүйсгэхгүй.
-Олимпын аварга, Италийн бөх Паубла Василег өмнө нь хоёр удаа ялж байсан юм уу?
-Үгүй ээ, түүнтэй огт барилдаж үзээгүй. “Рио 2016” олимпод би эхний хоёр тойрогт ялсан. Шигшээ наймд Италийн Паубла Василетэй анх удаа таарч барилдсан. Италийн бөх өмнөх тойрогт Азербайжаны бөхтэй таарсан юм. “Мастерс” тэмцээнд Паубла Василегаас, Азербайжаны бөх хоёр вазари үнэлгээ авч, хожиж байсан юм. Тийм болохоор би тэр бөхийг ялчихна гэж тооцоолж байв. Гэтэл гэнэт миний тооцоолж байгаагүй Италийн бөх гараад ирсэн. Өмнө нь түүнтэй барилдаж үзээгүй. Түүний дархан мэхэнд нь ороод вазари алдаад хожигдсон. Миний л хариуцлагагүйн алдаа л даа. Түүний барилдааны арга барилыг сайн судлаагүй нь миний алдаа болсон. Паубла Василе олимпын эрх авсан 32 бөхийн хамгийн сүүлийн хүн болон таслагдаж орсон юм билээ. Тийм болохоор тэр бодож, санах зүйлгүй барилдаанаа сайн гаргаж чадсан. Чигээрээ яваад л бүгдийг нь цэвэр саваад түрүүлчихсэн шүү дээ.
-Японы алдарт бөх, дэлхийн шилдэг жүдоч 1996, 2000, 2004 оны олимпын аварга Тадахиро Номураг 2010 оны Дэлхийн цомын тэмцээн дээр ялсан. Тэр барилдааны дараа Номура зодог тайлсан. Зарим хүн таныг харьж яваа аваргыг ялсан гэх нь бий. Та тэр барилдаандаа хэр сэтгэл ханамжтай байдаг вэ?
-Тадахиро Номура бол дэлхийн домог болсон олимпын гурван удаагийн аварга, агуу бөх. Хүмүүс юу гэж хэлэх нь надад хамаагүй л дээ. Харин надад жүдогийн домогт их аваргатай барилдаж үзнэ гэдэг ховор аз. Монгол бөхчүүдээс түүнийг давсан бөх байхгүй. Гавьяат Д.Нармандах, Х.Цагаанбаатар гээд ах нар олимпод таарч барилдаад унаж байлаа. Номура Лондонгийн 2012 оны олимпод барилдах зорилго тавин бэлтгэл сургуулилалтаа хийж, тэмцээнд орж явсан гэсэн. Тэгэхэд зориуд монгол бөхчүүдтэй барилдахаар Монголын тэмцээнийг зорьж ирсэн юм билээ. Тэгж ирэх үед нь би түүнийг азаар ялсан. Түүнээс хойш ахиж барилдалгүй байж байгаад зодог тайлсан гэсэн. Жүдо бөхийн дэлхийн домог болсон хүнтэй барилдаж үзсэндээ бахархаж, баярлаж явдаг. Ховорхон олдох том аз завшаан шүү дээ.
-Олимп, дэлхийн аварга Абэ Хифүмиг мөн л ялж байсан байх аа?
-Абэ Хифүмитэй гурван удаа барилдсан. 2015 онд Германы Дюссельдорфийн гран прид таарч, би ялж байсан. Түүний дараа Монголд болсон “Улаанбаатар”-ын гран при тэмцээний аваргын төлөө таарч мөн л ялсан. Сүүлд 2018 оны Японы их дуулгын тэмцээний шигшээ наймд таарч, үндсэн цагт хэн, хэнээсээ үнэлгээ авч чадаагүй. Нэмэлт цаг сунгасан барилдаанд Абэ хожил авсан. Бид гурван удаа таарч барилдахад би хоёр, Абэ Хифүми аварга нэг ялж байсан.
-Б.Тэмүүлэн, Н.Дагвасүрэн та гурав ид амжилт гаргах үе дээрээ АНЭУ-ын нэр дээр барилдахаар явсан. Бүтэн жил ямар ч тэмцээнд ороогүй. Түүнээс хойш та гурвын амжилт илт буурсан. Яагаад АНЭУ гэрээгээ цуцлах болсон юм бол?
-АНЭУ-ын нэрийн өмнөөс барилдуулна гээд гэрээ хийхээр болоод ОУЖБХ-ноос бүтэн жилийн хугацаанд дотоод, гадаадын ямар ч тэмцээнд орж болохгүй гэсэн. Тэмцээнд орохгүй бүтэн жил болно гэдэг бэлтгэлийн форм алдсан маш муу зүйл байсан. Тэмцээний уур амьсгалыг мэдрэхгүй болчихдог юм билээ. 2018 оны ДАШТ-ий өмнө биднийг дэлхийн аваргад оруулна гэж байсан юм. Гэтэл АНЭУ-ын Гадаад харилцааны яамны хүмүүс солигдсож, тэд “Гадаадын тамирчдад иргэншил өгөхгүй” гэсэн юм билээ. Бид гурав онгоцны тийз авчихсан яг нисэхийн өмнө онгоцны буудал дээрээс буцсан. “Ийм шийдвэр гарлаа. Та гурвын билетийг цуцаллаа” гэсэн. Тийм гэнэтийн шийдвэр сонсоод бид гурав гүн “шоконд” орсон л доо. Тэгээд л бүх зүйл орвонгоороо эргэсэн дээ.
-Энэ жилийн УАШТ-д яагаад жин өгсөж, 73 кг-д барилдав. Сугалаа ч чанга таарлаа. Жин хасах боломж байсангүй юу?
-Энэ жил 66 кг-д орж болох л байсан л даа. Би Монгол Улсынхаа нэрийн өмнөөс олон тэмцээн, уралдаанд явлаа. Одоо залуу, дүү нар минь маш сайн гарч ирж байна. Дүү нартаа боломж олгох хэрэгтэй. Би л түрүүлнэ, би л тэмцээнд явна гээд байх нь утгагүй. Аливаа зүйл хэмжээ, хязгаартай, цаг хугацаатай байх ёстой. Бөхчүүд үе үеэрээ гарч ирдэг. Ер нь манай үеийнхэн Г.Одбаяр, Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар, Д.Алтансүх гээд бүгд л дээд жин рүү өгссөн. Бид дүү нартаа боломж гаргаж, дээд жинд өрсөлдөөн бий болгохыг хичээсэн. Дүү нар минь хичээж, бэлтгэл, сургуулилалтаа сайн хийх хэрэгтэй. Олимп, ДАШТ-д дүү нар сайн барилдах байх. Миний хувьд бол зодог тайлсан зүйл байхгүй. Бэлтгэл, сургуулилалтаа хийгээд л явж байгаа. Саяхан насанд хүрэгчдийн самбо бөхийн УАШТ-д 79 кг-д барилдаж, хүрэл медаль хүртээд ирлээ.
-Жүдо бөхийн клуб байгуулсан гэв үү?
-Тийм ээ, залуу хүн завгүй байж, бүхнийг амжуулж сурах хэрэгтэй шүү дээ. Бэлтгэлийн хажуугаар “Хүлэг” клубээ ажиллуулж байна. Хүүхдүүд минь тэмцээнд уралдаанаас медаль аваад эхэлсэн. Манай клубт одоогоор 50 гаруй хүүхэд хичээллэж байгаа. Хамтрагч болон туслах багш байхгүй. Би хүүхдүүдтэй ганцаарчилсан сургалтаар тулж ажиллахыг чухалчилж байгаа. Өөрийн хүрч чадаагүй амжилтын оргилд шавь нараа хүргэхийг хичээнэ дээ.
Д.ТӨМӨРХҮЛЭГ: ААВ МИНЬ “МИНИЙ ХҮҮ БӨМБӨРЦГИЙН БӨХ, ДЭЛХИЙН ХҮН БОЛЖЭЭ” ГЭЖ БАЙЛАА |
|
2025-02-25 17:30:42
2025-02-25 16:42:10
2025-02-25 15:31:07
2025-02-25 15:14:05
2025-02-25 14:39:30
2025-02-25 11:31:47
2025-02-25 10:14:26
2025-02-25 08:34:21
2025-02-25 08:27:42
2025-02-25 07:54:48
2025-02-25 07:28:17
2025-02-25 07:00:00
2025-02-25 07:00:00
2025-02-25 07:00:00
2025-02-25 07:00:00
2025-02-25 07:00:00
2025-02-25 06:54:31
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |