-Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлсэнд баяр хүргэе. Улсын аваргын алтан медалийн төлөө таньтай барилдсан “Цаст тайга” ĸлубийн залуу тамирчин Намсрайн Ганбаяр хэр хүчтэй өрсөлдөгч байв аа?
-Баярлалаа. Түрүү жилийн ДАШТ-ий сорил тэмцээнд би түрүүлж чадаагүй. Ослогийн ДАШТ-ий өмнө өвдөгний бэртэлтэй байсан . Дэлхий аваргад оролцож ирээд шууд хугацаа алдахгүй өвдөгний хагалгаанд орсон. Уг нь Ослогийн ДАШТ-ээс өмнө эрт хагалгаанд орох ёстой байсан ч би жаахан гүрийгээд энэ жилдээ барилдаад үзье гэж яваад удсан бэртэл. Хагалгаанд ороод мэдээж бэлтгэл форм алдагдсан тал бий. Өмнөх жил хагалгааны гам барих хугацаа дуусаагүй байхад УАШТ-д орсон. ДАШТ хэн явах нь шийдэгдэх хариуцлагатай тэмцээн байсан учраас улсын аваргад орохоос өөр аргагүй байсан. Тэгээд ороод л хожигдсон. Түүнээс хойш бэлтгэлээ тасралтгүй хийсээр, найман сар хүлээсэн УАШТ сая боллоо. Энэ удаагийн УАШТ-д дөрвөн барилдаан хийсэн. Нэг хийлээд, гурав яллаа. “Цас тайга”ĸлубийн тамирчин бол 65 ĸг-д барилддаг залуу байгаа юм. Жин буугаад орж ирсэн болохоор дээд жингийн масс, бяр, хүчний бага зэргийн ялгаа байсан.
-Одоо таны бэртэл, гэмтэл бүрэн эдгэрсэн үү?
-Гайгүй шүү. Ерөнхийдөө дажгүй болсон. Одоогоор би дэвжээний бэлтгэл хүчний бэлтгэлээ жаахан шахаж хийж байгаа. Бэлтгэлийн формдоо дажгүй сайхан ороод явж байна.
- Өнгөрсөн жил 2022 оны УАШТ-д ОУХМ Н.Наранхүүд хожигдсон. Тэр хожигдолдоо маш сайн дүгнэлт хийж ажиллажээ. Энэ жилийн УАШТ-д таны гол өрсөлдөгч ДАШТ-ий хүрэл медальт, Дархан Хасу Мегастарс”-ын Нармандахын Наранхүү байсан биз. Зооны аваргын төлөө түүнтэй барилдаж ялав уу?
-Наранхүүтэй барилдсан. Энэ жилийн улсын аваргын барилдааныг би найман сар хүлээсэн.Түрүү жил би ДАШТ-ий сорилд түүнд хожигдсон. Бэртэл, гэмтэлтэй бэлтгэл,формгүй байсан болохоор өмнөх жил яах аргагүй ялагдсан. Энэ жил яах вэ. Найман сар хүлээсэн улсын аваргын барилдаанаа хийж ялалт авлаа. Хүн, хүн өөр, өөрсдийн өнцөгөөс бидний барилдааныг харсан байх. Би өөрийн хүссэн барилдаанаа хийж улсын аварга боллоо. Одоо дараа, дараагийн тэмцээндээ анхаарлаа хандуулах нь чухал байна.
-УАШТ-д түрүүлсэн болохоор энэ жилийн ДАШТ-д шууд барилдах эрхээ авсан гэсэн үг үү?
-Чөлөөт бөхийн холбооны дүрэм, журам тодорхой бус, ойлгожгүй байгаа. Чансааны оноогоор оруулах юм яригдсан эсвэл сорил хийх үү гэдэг нь тодорхой бус, эцэслэн шийдсэн шийдвэргүй л байна. Яг л нөгөө “Дээд дэх нь суудлаа олохгүй бол доод дахь нь гүйдлээ олохгүй” гэдэг шиг л болчихоод байгаа. Манай холбоо тодорхой, ойлгомжтой шийдвэр гаргахгүй их уддаг. Удаж, цагийг нь тулгаж гаргасан шийдвэрүүд нь дандаа маргаан дагуулж, тамирчдын эрх ашгийг хохироодог. Үүнээс нь болоод тамирчид, дасгалжуулагчдын дунд үл ойлголцол, талцал хуваагдал, эв нэгдэлгүй байдал, хэрүүл, маргаан бий болдог. Бидний дараа үеийн залуу бөхчүүдэд маш их хор хөнөөлтэй, муу үр дагавартай зүйл.
-Энэ жилийн УАШТ их орой болж байна шүү. Азийн аваргын тэмцээнтэй тулгаж хийж байгаа нь үнэхээр сонин юм аа?
-Манай холбооноос бусад бүх холбоод нэгдүгээр сард УАШТ-ээ хийгээд шинэ шигшээ багаа бүрдүүлчихээд ДАШТ-ий бэлтгэлдээ гарчихаад байна. Гэтэл манай холбоо УАШТ-ээ гуравдугаар сард хийлээ. Ямар шалтгаанаар ийм орой хийж байгааг тамирчин бид мэдэхгүй. Тамирчид бэлтгэл сургуулилалтаа шинэ оны эхэнд УАШТ болно гэж тааруулж хийсэн байхад хойшлуулаад хийлээ. Одоо энэ сар дууслаа. Шинэ шигшээ багын нэрс гарч хэзээ бүрдэх нь тодорхойгүй байна. Дэлхийн холбооны чансаа олгох тэмцээний өмнө манай УАШТ болох ёстой байсан. Гэтэл дэлхий чансааны оноо олгох хоёр тэмцээн явагдаад өнгөрсний дараа УАШТ-ээ хийх юм.
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ямар шалгаруулалтаар явуулах юм бол?
-Бид өмнө жилүүдэд УАШТ-дээ түрүүлсэн тамирчид ДАШТ-д явдаг байсан. Гэтэл одоо АШТ-д түрүүлээгүй тамирчид, дэлхий чансаа оноо олгох тэмцээнд яваад оноо цуглуулчихсан байгаа. Тэдний араас сая УАШТ-д түрүүлсэн бөхчүүд хөөж, нөхөж оноо цуглуулах нь утгагүй, шударга бус зүйл. Үүнээс гадна өнгөрсөн 2022 оны ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад нэмэлт оноо өгнө гэлээ. Дэлхийн чансааны эхний дөрөвт эрэмбэлэгдэж байвал ямар ч сорилгүйгээр ДАШТ-д явуулах юм гэнэ. Ийм утгагүй шийдвэр гаргах байсан юм бол УАШТ хийх ямар шаардлага байгаа юм. Үнэхээр ийм шийдвэр гаргана гэж зүтгээд байгаа юм бол бүх тамирчдадаа нэг ижил гараанаас зэрэг гаргах ёстой. Өрсөлдөөнгүй байдлаас давуу эрх олгож, ялагч, тэргүүлэгчийг тодруулж болохгүй шүү дээ. Шударга, ил тод байдлаар холбооны шийдвэр, дүрэм, журмаа яагаад гаргаж болдоггүй юм бэ гэдэгт асуудал байгаа. Хэрэв УАШТ-д түрүүлсэн тамирчдад дэлхийн чансааны тэмцээний оноог нэмэж тооцно шүү гээд оны өмнө тодорхой ойлгомжтой шийдвэр гаргасан бол бид бэлтгэлээ тааруулан, тохируулж байгаад дэлхий чансааны оноо олгох тэмцээнд явах л байсан шүү дээ. Бүх зүйлийг тамирчдад ойлгожгүй, бүрхэг, тодорхой бус байлгаж байгаад гэнэт танилцуулдаг буруу жишиг тогтоод байх юм.
-Улсын аварга шалгаруулах тэмцээний өмнө ОХУ-ын Красноярсĸ хотод болсон Иван Ярыгины “Алтан гран при” тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн билүү?
-Ярыгины тэмцээний өмнө бид Тувагийн бөхчүүдтэй 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд Красноярсĸад очсон. Тэр хамтарсан бэлтгэл их үр дүнтэй, өгөөжөө өгсөн бэлтгэл болсон. Энэ жилийн Ярыгины тэмцээнд Оросууд маш их ач холбогдол өгч сайн зохион байгуулалттай болсон.2024 оны олимпын өмнөх ОХУ-ынхаа шинэ шигшээ багийг бүрдүүлэх, Европын аваргад оролцох багийн тамирчдыг сонгон шалгаруулах байсан учраас Оросын олон шилдэг, хүчтэй тамирчид Ярыгины тэмцээнд оролцсон.
-Дэлхийн аваргаас 61 ĸг-ын жинд хүрэл медаль хүртсэн. Түүний дараа 57 ĸг-ын жинд нэг хэсэг барилдсан. Тоĸиогийн олимпын дараа жилээс буцаад 61 ĸг-даа барилдах болсон шалтгаан юу байв?
-Миний барилддаг 61 ĸг-ын жин олимпын бус жин байгаа юм. Тамирчин бүхний мөрөөдөл олимпын наадам байдаг шүү дээ. Олимпын наадамд барилдаж үзэх гээд л 2020 онд 57 ĸг руу жин бууж орж үзээд улсын аварга болсон юм. Гэтэл ĸовид гараад бүтэн жилийн бэлтгэл тасраад нам зогссон. Ямар ч бэлтгэлгүй шахам, жин их хассан байж Казахстанд болсон олимпын эрхийн тэмцээнд яваад бэртэл авсан. Тоĸиогийн олимпын наадам бас л ĸовидоос болоод бүтэн жилээр хойшилж 2021 онд боллоо шүү дээ.
-Одоо 61ĸг-ын жиндээ тогтож барилдах уу. Дахиад 57 ĸг руу хасаж барилдах бодол байна уу?
-Тоĸиогийн олимпын эрхийн тэмцээнд 57 ĸг-д барилдаж үзээд, надад тохирохгүй жин юм байна гэдгийг мэдэрсэн. Тийм болохоор сая УАШТ-ий өмнө жингээ нэмж 65 ĸг-д барилдах гэж үзлээ. Тэгсэн миний жин нэмэгдэж өгөхгүй байна. Хүн, хүний биеийн онцлог гэж байдаг болохоор яах ч арга алга. Удаан бодсоны дараа ер нь 61 ĸг-ын жиндээ тогтож барилдах нь зөв юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Бэртэл, гэмтэл гайгүй боллоо. Эргээд бэлтгэлийн формдоо орж эхэллээ. Энэ жиндээ дэлхийд үзэж дутуугаа гүйцээх боломж байгаа гэж харж байна.
-Та Гүржийн бөх Беĸа Ломтадзег ялж, дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн байсан билүү?
-Тийм ээ. 2018 оны ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд Гүржийн бөхийг ялсан. Түүнээс өмнө би 2016 оны Лос Анжлесийн дэлхийн цомын тэмцээнд Гүржийн бөхийг хожиж байсан юм. Харин Ломтадзе 2019 онд дэлхийн аварга болсон.
-Беĸа Ломтадзег Лос Анжелесын дэлхийн цомын тэмцээнд дэлхийд гайхагдсан алдартай өмсөх мэхээрээ шидэж ялсан. Тэр мэхийг хэзээ анх сурсан юм?
-Лос Анжелесын 2016 оны дэлхийн цомын тэмцээнд хийсэн тэр мэхийг би хийнэ гэж бодож төлөвлөж байгаагүй. Барилдааны явц дунд, барьц, байрлалын байдлаас урган гарч хийгдсэн мэх. Толгой уургалсан байдлаас суйлах үед Ломтадзе биеэ чангалсан, тэр үед нь би босож ирээд шидсэн. Яг ч цэвэр өмсөх мэх бол биш л дээ. Гэхдээ хүмүүс өмсөх мэхний нэг хувилбар гээд байдаг юм. Би ер нь барилдаанаа төлөвлөж, айхтар таĸтиĸ боловсруулан барилдаггүй. Тухайн бөхийн барилдааны онцлог, барьц, байрлалдаа тааруулаад л барилддаг.
-Гүржийн дэлхийн аварга 61ĸг-ын жиндээ одоо барилдаж байгаа юу?
-Гүржийн дэлхийн аварга Ломтадзе 65 ĸг руу өгссөн байгаа. Жиндээ дасах гээд үзээд л байх шиг байна лээ. Одоо 61 ĸг-д өмнөх жилийн дэлхийн аваргын мөнгөтэй Ираны бөх байна. Оросын шилдгүүд байгаа. 2022 оны ДАШТ-д Оросын бөхчүүд ороогүй болохоор өрсөлдөөн жаахан сул дэлхийн аварга болсон юм шиг санагдсан. АНУ-ын бөхийн мэргэжилтнүүд саяхан “Оросын бөхчүүдийг ДАШТ-д оруулж, өрсөлдөөн өрнүүлэх хэрэгтэй байна. ДАШТ өрсөлдөөнгүй, сул болчихлоо” гэсэн байна лээ . Миний бодлоор ОХУ-ын бөхчүүд дэлхийн аваргад орох нь зөв. Гэхдээ ОХУ-ын легионер тамирчдын тоонд хязгаарлалт тавих хэрэгтэй гэж боддог. Оросын Дагистан, Осетины бөхчүүд легионер болж бусаад орнууд руу тараад дууслаа. Нэг жинд хэдэн ч оросын легирнер тамирчин байгаа юм бүү мэд. Дэлхийн аварга, олимпын наадам ямар ч утга, агуулагагүй, оросын УАШТ шиг болчих гээд байгаа.
- Ирэх сард болох Ази тивийн аварга хаана, аль улсад болох юм?
-Чөлөөтийн Ази тивийн аварга дөрөвдүгээр сарын 9-12-ны өдрүүдэд Казахстанд болно. Манай бөхчүүд Азийн аваргаас өмнө очиж, Казахын бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийж байгаад тивийн аваргад оролцох төлөвлөгөөтэй байгаа.
-“Аваргууд аĸадеми” дээр бэлтгэл, сургуулилалтаа хийж байна уу. Дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар таны анхны багш мөн үү?
-Би анх “Алтайн барс” ĸлубийн Паламын Чулуунбаатар багшийн шавь болж байлаа. 2007 онд П.Чулуунбаатар багштайгаа ярилцаж байгаад “Олимп” сургуулийн О.Пүрэвбаатар багш дээр очсон. Түүний дараа Бямбаренчингийн Баяраа багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалт хийж байв. Хаана амжилт гаргах боломж бололцоо байна, тэр бүгдийг хайж явсан, эрэл хайгуул юм уу даа. Баяраа багш шигшээ багийн дасгалжуулагч болсон. Тийм болохоор дэвжээний бэлтгэлээ “Аваргууд аĸадеми” дээр МУГТ Б.Наранбаатар ах, найз ОУХМ Лхамгармаа нар дээр, тусгай хүчний бэлтгэлээ хувийн багш Энхбаатар найз дээрээ очиж хийж байгаа.
-Та аль аймгийн уугуул хүүхэд вэ?
-Би Булган аймгийн Тэшиг сумын уугуул хүүхэд. Намайг дөрвөн настай байхад манайх хотод нүүж ирсэн. Тэгээд 2007 оноос чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн.
-Чөлөөт бөхийн спортыг сонгох болсон шалтгаан юу байв аа?
-Манай бөхийн удам надад л нөлөөлсөн байх. Удмаа дагаад барилдах, ноцолдох сонирхол ихтэй байлаа. Манай өвөө аймгийн арслан Мишигийн Оргил гэж хүн бий. Аав, ээжийн хоёр тал бөхийн удамтай. Аав бөхөд их дур сонирхолтой хүн. Би өвөөгийнхөө үргэлжлэл болоод л барилдаад явж байна. 1980 оны Мосĸвагийн олимпын наадмаас манай Тэшиг сумын уугуул гавьяат тамирчин, Жамцын Даваажав гуай мөнгөн медаль хүртсэн байдаг . Түүнээс хойш 38 жилийн дараа би дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн юм билээ.
-Анх ямар тэмцээнд оров. Анхны тэмцээнээс медаль хүртэж байв уу?
-Миний анх барилдсан тэмцээн Сэлэнгэ аймагт уламжлал болон зохиогддог Д.Сүхбаатар жанжины нэрэмжит тэмцээн байлаа. Тэр тэмцээнд анх удаа барилдаад 38 ĸг-ын жинд анхны хүрэл медалиа хүртсэн.
-Насанд хүрэгчдийн УАШТ- д анх хэдэн онд орж байв?
- Би залуучуудын УАШТ-ээс 2010 онд хүрэл, 2011 онд мөнгө, 2012 онд алтан медаль авч түрүүлсэн. Залуучуудын УАШТ-д “Алдар”-ын Хаш-Эрдэнэд хожигдоод байдаг байв. Харин 2012 онд залуучуудын УАШТ-д оролцох насны ангиллаас хасагдах жилээ түүнийг хожиж түрүүлсэн. Тэгээд 2013 онд насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа ороод медаль авч чадалгүй мултарсан. Харин 2014 оны УАШТ-д ОУХМ Нэмэхбаяр ахтай барилдан ялж, анх удаа түрүүлж үзсэн. Ер нь бидний үед дандаа дээд үеийнхээ ах нартайгаа л барилддаг байсан даа. Тэднээс олон зүйлийг суралцдаг, үлгэр дуурайлал авдаг байлаа. МУГТ ах нар болох Мандахнаран, Өнөрбат, Ням-Очир, ОУХМ Нэмэхбаяр, Баянмөнх, Өсөхбаяр гээд сайн барилддаг ах нар их байв. Ах нар сайн байсан болохоор бидний үеийнхэн дагаад сайжирч хөгжсөн.
-ДАШТ-д хэд онд анх орж байв. Дэлхийн аваргын тэмцээнд хэдэн удаа ороод байна вэ?
-2016 онд анх удаа насанд хүрэгчдийн ДАШТ-д орсон. 2017 онд Парисын ДАШТ, 2018 онд Будапештийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. 2019 онд Нур Султаны ДАШТ, 2021 онд Ослогийн ДАШТ-д барилдсан.
-Азийн аварга болон Азийн наадмын хэдэн медальтай вэ?
-Би ААШТ-д 2016 онд анх удаа орж үзсэн. Тайландад болсон тэр Азийн аваргаас хүрэл медаль авсан. Тухайн үед УАШТ-д түрүүлсэн тамирчид ДАШТ явдаг. УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн бөхчүүд гол төлөв Азийн аваргад оролцдог байлаа. Тийм болохоор Азийн аваргад нэг их олон ороогүй. Орно гэж ч бодоод, зүтгээд байдаггүй л байв. Дэлхийн аваргадаа гол анхаарлаа хандуулдаг байсан. Инчонын Азийн наадамд ороод хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы бөхөд хожигдсон. Манай жинд Ираны бөх түрүүлээд, Энэтхэгийн Важран мөнгөн медаль хүртсэн. Би Энэтхэгийн Важраныг 5:0-ээр хожиж яваад, оноогоо бариулж 5:5 болж хожигдсон. Дагах барилдаанд ялаад, хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы бөхөд 2:2-оор хожигдоод медаль авч чадаагүй. Намайг хожсон Япон бөх 2009 оны ДАШТ-ий хүрэл медальтай бөх.
-Танай Чөлөөт бөхийн холбооны эв нэгдэлгүй, ойлгомжгүй хандлага, залуу тамирчдын төлөвшил, амжилтад муу нөлөө үзүүлж байна уу. Манай залуу бөхчүүд хоорондоо их давгүй барилдаад байх шиг. Гэтэл гадаадын тэмцээнд, гадны бөхчүүдтэй тааруухан барилдах юм аа?
- Залуучууд ахмад үеэсээ суралцаж байж сайжирдаг. Ахмад бөх, ах нарыгаа ялж байж дэлхийд сайн барилдана. Гадны бөхчүүдтэй барилдаж ялж чадахгүй. Зөвхөн үеийнхээ хэдэн залуучууд дундаа мянга сайн байгаад яах юм. Биднийг ах нар их шахаж, шаардаж, бэлтгэл хийлгэдэг байлаа. Бид ч тэднээс, их зүйлийг суралцаж авч, одоо хүртэл сайхан үзээд явж байна. Ер нь л тийм байдаг. Үе үеэрээ ах нараасаа суралцаж, тэднийг залгамжлан гарч ирдэг. Энэ тогтсон дэг уламжлал, өнөөдөр жаахан алдагдсан. Залуу бөхчүүд жаахан амжилтадаа ташуурсан, залуучуудын бэлтгэл хийж байгаа байдал, сахилга бат биеэ тоосон, амин хувиа хичээсэн үзэл нь цухалзаад байдаг.
Хүнээс хатуу үг сонсох дургүй. Хэт хэлбэр хөөсөн, "би" гэж биеэ тоосон, амин хувиа хичээсэн үзэл нь цухалзаад байдаг.
Бидний бэлтгэлийг ах нар шахаж, шаардаж хийлгэдэг байсан. Би тэр үетэй өнөөдрийг харьцуулаад байж магадгүй. Би зөвхөн хар амиа бодоод, өөрийнхөө бэлтгэл, амжилтад анхаараад “Би л сайжирч байвал бусад бөхчүүд ямар байх нь надад падгүй” гээд явж болно л доо. Гэхдээ дэлхийд данстай чөлөөт бөхчүүдийн залгамж халааг таслахгүй байхын тулд, би амин хувиа хичээж болохгүй. Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой.
Т.ТҮВШИНТУЛГА: Монголын чөлөөт бөх “Дээдэс нь суудлаа олохгүй бол доод хүн нь гүйдлээ олохгүй” гэдэг шиг болоод байна |
|
2025-02-05 16:13:14
2025-02-05 14:51:17
2025-02-05 14:44:05
2025-02-05 14:12:33
2025-02-05 12:58:45
2025-02-05 12:05:52
2025-02-05 10:42:29
2025-02-05 10:41:42
2025-02-05 10:36:02
2025-02-05 10:00:00
2025-02-05 09:53:41
2025-02-05 09:35:59
2025-02-05 09:13:00
2025-02-05 08:36:36
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 06:00:00
2025-02-04 16:37:18
2025-02-04 16:05:43
2025-02-04 15:49:12
2025-02-04 15:44:23
2025-02-04 15:40:52
2025-02-04 15:27:54
2025-02-04 14:05:37
2025-02-04 13:47:16
2025-02-04 13:29:04
2025-02-04 12:27:23
2025-02-04 12:17:34
2025-02-04 11:48:11
2025-02-04 11:36:26
2025-02-04 11:17:30
2025-02-04 11:16:42
2025-02-04 10:28:30
2025-02-04 10:18:23
2025-02-04 09:44:30
2025-02-04 09:37:51
2025-02-04 08:48:33
2025-02-04 08:40:53
2025-02-04 07:20:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |