• Өнөөдөр 2024-05-01

МОНГОЛ КИНОНЫ САЙХАН ЗАЛУУЧУУД

2023-07-14,   5235

        “Их замын эхэнд" киноны Хөх чоно, “Мандухай цэцэн хатан” киноны Мянхай жанжин, “Суварган цэнхэр уулс” киноны Саруул, “Гарьдмагнай” киноны Далайцэрэн, “Цэц магнай” киноны Төмөрсүх, “Бид мартахгүй” киноны Аюушбаатар, “Гарьд магнай” киноны “молиго” Очир, “Загийн алим” киноны Ханбүргэд, “Гэрлэж амжаагүй явна” киноны Гансүх, “Тань руу нүүж явна” киноны Дарьсүрэн гээд монгол киноны хэдэн сайхан дүр бий. Дөлгөөн нүд, яралзсан цагаан шүд, өндөр нуруу, өргөн цээж зэрэг гадаад төрх байдлаас гадна харцаараа өгүүлдэг, жинтэй цөөн үг унагадаг, шулуун шударга зантай дүрүүдээрээ монголчуудын зүрх сэтгэлд тэр л хэвээрээ үлдэж, өдгөө ч ард түмэн үзэж, хайрласаар байгаа. Тэгвэл эдгээр дүрд ямар уран бүтээлчид, хэрхэн тоглосныг онцлон хүргэж байна.

-ХӨХ ЧОНО БУЮУ МУГЖ С.ДАМДИН-

  Түүнийг бид “Хөх чоно” гэхээр андахгүй мэднэ. Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Эрдэнийн зохиол,найруулагч Б.Сумхүүгийн бүтээл “Их замынх эхэнд” киноны хөх чонын дүрийг залуудаа мөнхөлж, түүгээрээ үзэгчдийн зүрх сэтгэлд үлдсэн. Том алаг нүд, өргөн шанаа, хүрээлсэн мэт уруул гээд түүний залуу сайхан царай төрхийн сайхныг дурдвал их. Тэрбээр энэхүү дүрийнхээ талаар “Энэ кинонд оруулах гэж олон хүнийг дүрийн сонгон шалгаруулалтад оруулсан гэдэг юм билээ. Харин намайг киноны дүрийн сонгон шалгаруулалтад оруулалгүй шууд л “За, Дамдин, бид чамаас өөр хүн зөндөө хайж байсан ч дотроо чамайг товлочихсон байлаа. “Чамаас өөр хэн ч энэ дүрд тохирохгүй юм байна” гээд Б.Сумхүү найруулагч энэ дүрийг надад өгсөн” хэмээн ярьсан байдаг. Тэр мөн өөрийн зан төрхөө Хөх чонын дүрийнхээ зан байдалтай төстэй гэдэг бөгөөд бүр хөдөө өссөн болохоор киноны орчин ахуй ч ойролцоо байсныг өгүүлсэн байна лээ. Театрт орж, театрын алтан тайзнаа олон ч дүрийг бүтээсэн тэрбээр “Өндөр ээж” киноны Гомбожав, “Их хааны удам” киноны Дагвайдоной, “Улаан дарцаг” киноны Жамхүү, “Хүлээх газар” киноны Цог, “Хэцүү ван Тогтохтөр” киноны То ван, “Чин ван Ханддорж” киноны Хайсан гүн зэрэг дэлгэцийн бүтээлд болон “Ээдрээ” жүжгийн Сүхбаатар, “Улаан нулимс” киноны анчин гээд  тайз, дэлгэцийн олон ч бүтээлд дүрээ мөнхөлж, Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 40 гаруй жил ажиллаж, нийт 140 гаруй бүтээлд тоглосон байна. Ийнхүү “Ардын элч” киноны Дарьбазар шиг болохыг мөрөөдөж, жүжигчин гэх мэргэжил рүү орж, урлагт хөл тавьж байсан тэрбээр монголчуудын зүрх сэтгэлд Хөх чонын дүрээрээ мөнхрөн үлдсэн нь энэ. Ч.Лодойдамбын зохиол “Тунгалаг тамир” киноны Цахиур төмөрийн дүрд проб өгөөд хасагдсан гэдэг юм билээ. Хэрэв тэр Цахиур төмөрийн дүрд тоглосон бол өдгөө монголчууд Хөх чонын дүртэй нь хоршуулан ярьж, хайрлан хүндлэх байсан байх аа.

-МУГЖ З.БАЗАРРАГЧАА БУЮУ АЮУШ БААТАР-

       Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бунтар найруулагчийн бүтээл “Цэц магнай” киног мэдэхгүй хүн үгүй. Тэр дундаа Төмөрсүх мэргэний эгэл даруухан, эрхий мэргэн, зоригт  дүрийг бид хайрласаар ирсэн. Монгол Улсын Гавьяат жүжигчин З.Баззаррагчаа тус дүрийг бүтээсэн бөгөөд залуу насныхаа нэгэн сайхан өнгө төрхийг тус кинонд үлдээсэн байдаг. Түүнээс өмнө тэрбээр анхлан “Бид мартахгүй” киноны Аюуш баатарын дүрээр монголчуудын танил болж, ийм нэгэн дулаахан харцтай содон жүжигчин байдгийг мэдсэн. Тэрбээр “Миний хувьд жүжигчний гараагаа Монгол Улсын баатрын дүрээр эхлүүлсэн нь аз завшаан гэж боддог. Аюуш баатар бол дайны үеэр нэмэлт хүч очиход, 27 цэргийн хүүр тойруулчихсан, ганцаараа 11 шархдаад амиа алдсан байсан гэдэг” гэж ярьсан байдаг. Дараа нь түүний тоглосон уран бүтээлээс бидний эчнээ таних дүр бол Ж.Бунтар найруулагчийн “Ирж яваа цаг” киноны Готов. Нутгийн аварга малчны ганц хүү Готов, саахалт айл болох нутгийн өндөр настан Багаяагийн охин Маралмаатай хайр сэтгэлийн холбоотой болно. Гэвч нөхцөл байдал цэргээс ирэхэд өөр болж, үйл явдал жаахан ээдрээтэй болдог ч эцэст нь тэр үнэнч хайр сэтгэлээ сонгодог. Тэдний хайр сэтгэл ирж яваа цагийн өнгө шиг гэгээтэй, дулаахан гэсэн санааг илэрхийлсэн уран бүтээл. Готов бол яах аргагүй цэргээс ирсэн халуун залуу насны үеийг илтгэсэн сайхан дүр.

    Гавьяат жүжигчин З.Базаррагчаа мөн “Мандах нарны туяа” киноны Сүхбаатар, өндөр гэгээн Занабазарын “Цөвүүн цагийн богд” киноны уран дархан Цамбагарав гээд дэлгэцэд гол болон туслах дүрийг бүтээж, залуу насаа олон ч уран бүтээлд үлдээж, мөнхөлж чадсан нэгэн. Түүний тунгалаг харц, дулаахан инээмсэглэл монгол киноны алтан сан хөмрөгт архивлан хадгалагдаж, үзэгчид одоо ч “Мөн ч сайхан залуу юм даа” гэж дүр бүхнийг нь хайрлан үздэг. Ийнхүү тэрбээр баатарын дүрээр урлагт хөл тавьж, эрэлхэг зоригт дурлалт залуугийн дүрээр үргэлжилж, аав, ахын дүрийг өдгөө ч монголын урлагт үлдээж яваа.

-МЯНХАЙ ЖАНЖИН БУЮУ МУГЖ Д.ТӨМӨРТОГТОХ-

    Монголын сайхан залуу жүжигчдийн эгнээнд зүй ёсоор орох хүн бол Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Төмөртогтох. Их сайхан харцтай, дулаахан төрхтэй, өндөр нуруутай түүний тоглосон дүрүүд олон ч хүний сэтгэл зүрхэнд үлдсэн. “Мандухай цэцэн хатан” киноны Мянхай жанжнаараа тэр урлагт өөрийгөө бэхэлж, “Зүрхэнд шингэсэн үг” киноны Дэлэгийн дүрээрээ үзэгчдийн шүүмжлэлийг ч хүртээд буй. Бидний мэдэхээр эл дүрүүд. Бусдаар бол тэр “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Боорчи, “Аянгат цагийн дууль” киноны Баянак, “Ану хатан” киноны Булат жанжны дүрээр дэлгэцэд үлдсэн. МЯНХАЙ БААТАР бол хамгийн хайрлам дүр нь. Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театраас урлагийн гараагаа эхэлж, дуучнаар ажиллаж байх үед “Мандухай цэцэн хатан” киноны дүрийн сонгон шалгаруулалт авч байж таарч. Ингээд тэрбээр тус киноны пробонд орсон байна. Хэд хоногийн дараа "Кино үйлдвэрээс дуудаж байна" гэснээр очиж, сэлэм зүүсэн баатарын дүрд хувиарлагджээ. Ингээд нийт 12 хүнтэй дүрийн сонгон шалгаруулалтад орж, 28 настай тэрбээр Мянхай жанжны дүрд сонгогдож байж. Мянхай хэчнээн сайхан хүний дүр билээ дээ. Тухайн үед найруулагч Балжинням “Мянхай гэдэг чинь Төмөртогтох шүү дээ.Чи өөрийнхөөрөө л бай” гэж түүнд хэлснээр том урам зориг авч, дүрдээ тоглосон байна. Бодлоо илэрхийлж байгаа харц, залуу шингэн төрх байдал, нэг их зузаан биш чимэг болсон сахал, гэнэн цагаан гэмээр инээмсэглэлтэй Мянхай баатарыг монголчууд андахгүй. Ёстой л нэг тос даасан сайхан дүр. Ингэж олноо жанжны дүрээр дархлан үлдсэн тэр харин өөрийн “Аянгат цагийн дууль” киноны Баяанакийн дүртэй хайртай гэнэ. Баянак бол хэлмэгдэж, ууланд байж байгаад нас барсан бодит хүнийн дүр.

-МУГЖ Ц.ТӨМӨРБААТАР БУЮУ САРУУЛТӨГС-

  Хотоос хилийн заставт сурвалжилга хийхээр очсон Солонго гэх сэтгүүлч эмэгтэйн дүрийг тодруулж, томруулж, өнгөлж байгаа дүр бол байлдагч Саруултөгс. “Суварган цэнхэр уулс” киноны Саруултөгсийн дүрийг Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар хачин сайхан бүтээсэн. Түүний залуудаа тоглож үлдээсэн сайхан дүрийн нэг бол Саруултөгс яах аргагүй мөн. Түүн шиг цог золбоотой, гэрэлтсэн, хөдөлгөөнтэй, хөгжилтэй, уран яруу шүлэг уншдаг сэргэлэн байлдагчийн дүр ховор л болов уу. Одоо л цэргүүд жаахан нурмайчихаад байгаагаас угтаа цэрэг гэдэг тийм л жавхаалаг байх учиртай гэдгийг харин ч нэг харуулсан дүр. Эсрэг дүрд эрэлхэг гэгддэг гавьяат Ц.Төмөрбаатарын залуу насыг тэр чигээр нь буулган үлдээсэн Саруултөгсийн дүрийг монгол киноны сайхан залуугийн нэг зүй ёсоор багтаана. Ерөөс ийм л нэг Саруултөгс Цагааны Цэгмид гэх авьяаслаг уран бүтээлчийн гэрт төрж, өсөж, монголын урлагт хөл тавьж, өөрийн гэсэн өнгө төрхтэй дүрээ үлдээсээр байгаа. Түүнийг бид “Намар нахиалсан мод” киноны архичин аав, “Хүний амь” киноны Эрдэнэ, “Говь Хянганд тулалдсан” киноны Цэдэнбал, “Нарны унага” киноны Зоригт, “Фронтод явах өргөдөл” киноны Базар, “Ээждээ үнсүүлэх сэн” киноны Ерөөл, “Үхэж үл болно” киноны Чингис хаан зэрэг дэлгэцийн олон ч дүрээр мэднэ. Тэрбээр “Амьдрал дээрх өөрийн минь дүр л хамгийн хэцүү дээ. Киноных бол зохиолынхоо хувь заяагаар төгсөнө. Харин амьдрал бол таашгүй баян” хэмээн дүрийн тухай өгүүлсэн байдаг.

-“МОЛИГО” ОЧИР БУЮУ Д.АЛТАНГЭРЭЛ-

   Мөн ч сайхан бөх дөө “Гарь магнай” киноны “молиго” Очир. Түүн шиг нуруутай, ухаан бодол тэнцүүхэн бөх, эр хүн ховор болов уу. Ер “Гарьд магнай” киног үзэх бүртээ харж, яриаг нь сонсож, байгаа байдал, намба төрхийг нь боддог юм. Эрэгтэй хүн, тэр дундаа монгол эр хүн гэж ийм л байдаг болов уу гэж. Цөөн үгтэй, зорьсон зорилгодоо үнэнч, шаргуу, нөхрийн сайнтай ханилж, морины сайныг унаж, ахмад хүнийг хүндлэн дээдэлж, дүү нартаа зааж сургадаг хүн ёсны зан чанарын туйл болсон нэгэн. Угтаа “молиго” Очир шиг эр хүн өнөө цагт ховордсон. Жудаг, хүн чанар, хүнлэг сэтгэлээрээ баялаг дүүрэн эр хүн л монгол эр хүн мөн гэмээр. Ер энэ шинж чанараараа “молиго” Очир монгол киноны сайхан залуучуудын нэг мөн. Ёстой л нөгөө нүнжигтэй гэдэг шиг нэг тийм ааг бяр, ааш зан ханхалсан, мэдрэгдсэн сайхан дүр. Тэр дундаа түүний харцны сайхныг ярьдаггүй нь ховор. Хүнийг ч , бөхийг ч харин ч нэг таньж, мэдэх тэр өдгөө бидний хайртай дүр байсаар байгаа. Түүний охин А.Ганчимэг манай сайтад өгсөн ярилцлагадаа “Аав минь “Үүрийн цолмон” кинонд бүр залуухан гардаг юм. Тийм болохоор тус киноны Самдангийн дүрд илүү хайртай. Аав “Тунгалаг тамир” киноны Заяын хүрээний сүсэгтэн, “Мартагдашгүй намар”-т илбэ үзэж оролцогч, “Хүний амь” кинонд цагдаагийн ажилтан, “Суварган цэнхэр уулс"-д бага түрүүч Дорлиг, “Үүрийн цолмон”-д Самдан, “Хоньчин найдан”-гийн Зоригт, “Гэрлэж амжаагүй явна”-д Очир, “Хатанбаатар”-т Боогоо гээд олон ч кинонд тоглосон байдаг.” хэмээн тоглосон дүрээс нь ярьсан.

 

   Харин аавынхаа “Гарьд магнай” киноны  “молиго” Очирын дүрийн талаар “Молиго Очир бүх хүний хайрыг татсан сайхан дүр. Аав минь яг байгаагаараа тэр киног авч гарсан. Аавын дүр Далайцэрэнгийн дүрийг товойлгож өгсөн гэж боддог. Туслах дүр мөртлөө гол дүр нь юм шиг яригддаг шүү дээ. Аав минь ямар сайхан хоолойтой хүн байсан юм бэ” хэмээн ярьсан байдаг.

-ХАНБҮРГЭД БА МУСТА Н.ЗОРИГТ-

     Монгол Улсын Төрийн шагналт Долгорын Нямаа гуайн хүү жүжигчин, найруулагч Н.Зоригтыг хүмүүс “Загийн алим” киноны Ханбүргэдийн дүрээр нь сайн мэднэ. Дөнгөж сургуулиа төгсөөд нэгдлийн мал маллахаар илгээлт аваад хөдөөг зорих залуусын тухай уг кинонд тэрбээр Ханбүргэд гэх догшин ааштай ч сайхан сэтгэлтэй залуугийн дүрийг бүтээдэг.  Тэрбээр сэтгүүлч, найруулагч, дуу оруулагч мэргэжилтэй. Улсын Багшийн их сургуулийг төгсөөд, хүүхдийн театрт гурван жил ажилласан. Театрт байхдаа гурван гол дүрд тоглож, туслах дүрийг ч бүтээгээд амжиж. Тэрбээр “Хүмүүс аавыг минь хөдөө очихоор сайн танихгүй байх үед “Загийн алим” киноны Ханбүргэдийн аав шүү дээ” гэхээр таньдаг гэж байгаа юм.Тэр урлагт олон уран бүтээл найруулахын сацуу залуугийн дүрээ мөнхлөн үлдээсэн “Загийн алим” киноны Ханбүргэдийн дүрээрээ олонд илүү танил болсон. Түргэн ууртай, тогтворгүй, авиргүй Ханбүргэдийн дүр түүний залуугийн дүрийг дэлгэцийн урлагт тэр чигээр нь буулгаж одоо бол Н.Зоригт гэхээр хүмүүс Ханбүргэд гэж л мэддэг юм.

-ХҮРЭЛ БУЮУ ИНЖЕНЕР ГАНСҮХ-

  “Гэрлэж амжаагүй явна” киноны Гансүх инженерийн дүр бол монгол киноны сайхан дүрийн нэг яах аргагүй мөн. Ажилдаа хамаг сэтгэл зүрхээ өгсөн уурхайн инженерчин залуугийн дөлгөөн зан ааш, сайхан харц, шулуун шударга яриа эрхгүй зуны амралтаараа найзындаа амрахаар очсон Сүрэн охины сэтгэлийг татна. Ажлын төлөө төрсөн ганц бие залуугийн амьдралд өрнөх асуудлууд, бодол, ганцаардал гээд олон зүйл уг кинонд бий. Гансүх сайхан ч залуу. Кинонд өгүүлдэгчлэн “Хүний үг сонсох нь нэг л ондоо. Тун зүгээр хүүхэд байгаа юм” гэдэг шиг л хүний үг сонсож, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж сурсан, эхнэр авч амжаагүйгээс өөрөөр сул талгүй нэгэн. Эл дүрийг жүжигчин Ч.Хүрэл бүтээсэн бөгөөд эгэл даруухан инженер залуугийн төрх байдал эрхгүй үзэгчдийг татаж, одоо ч тэр Гансүхийн дүрээрээ охид, эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийг татсаар байгаа. Тэрбээр “Анхны алхам” киноны Болдын дүрийг гавихгүй сайхан бүтээсэн байдаг. Энэ тухай Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн “Анхны алхам” киноны Мядаг, Болд хоёрт тоглох хүнийг би олон ч залуусаас проб хийж хайж байгаад Д.Цэцэгбалжид, Ч.Хүрэл хоёрыг хайсан юм. Ч.Хүрэл нэг тийм өндөр бор хүү байсан. Их хөөрхөн амьд нүдтэй, дуугүй нөхөр байсан юм. Эргээд бодоход, оюун сэтгэлгээний жүжигчин байсан юм" хэмээсэн байдаг.

Харин СТА С.Балданпүрэв “Хүн чинь нүдээрээ ярьдаг. Хүрлээ харин зүрхээрээ ярьдаг хүн байсангэсэн байна лээ.

-ДАРЬСҮРЭН БУЮУ НЯМСҮРЭН-

   “Тань руу нүүж явна” киноны Дарьсүрэн буюу жүжигчин Л.Нямсүрэнг мэдэхгүй хүн үгүй болов уу. Тэр дундаа тусч, сайхан сэтгэлтэй хүний ганц хүү Дарьсүрэнгийн дүрээр ард түмний сэтгэл зүрхэнд үлдсэн уран бүтээлч. Тэрбээр бидний эчнээ танил “Ирж яваа цаг” киноны Багаяа буюу жүжигчин Лувсангийн хүү юм. Аав нь монгол кинонд дархлагдсан хөх өвгөдийн нэг. Холч ухаан, намба төрх, шулуун шударга зан гээд жүжигчин Л.Лувсан буюу Багаяа бол хүний хайлан дүр. Тэгвэл хүү Л.Дарьсүрэн нь мөн аавынхаа зан чанар, дүрийн өнгө төрхийг тэр л хэвээр нь шингээн авч, сайхан залуугийн дүрийг монгол кинонд үлдээсэн. Дарьсүрэн бол монголчуудын зүрх сэтгэлд гагнагдсан хамгийн гэгээн дүр. Кинонд хүүгээ алдсан Дулам хөгшин ганцаардаж үлддэг бол киног үзсэн үзэгчид хүртэл харамсам халаглам тийм дотно дулаан дүр. Нөгөө талаар ганц үрээ алдсан эх хүний сэтгэл, хүн хүндээ хэчнээн хэрэгтэй, нөмөртэй байдгийг харуулсан бүтээл. Үүнийг Дарьсүрэнгийн дүр бидэнд хэлж, ухааруулж, өдгөө ч үзэх бүрд улам нэгийг бодуулсаар буй.

  Ийнхүү монгол киноны сайхан залуу олон бий. Бид Хөх чоно, Аюуш баатар, Саруултөгс байлдагч, Мянхай жанжин, Очир заан, халуун залуу Ханбүргэд, инженер Гансүхгүйгээр алтан үеийн монгол киног төсөөлөшгүй юм. Тэд бол дотоод авьяасаа асгаж, гадаад төрх байдлаа асааж дүрээ гаргасан сайхан ч залуус. Сайхан ч монгол уран бүтээлчид.


МОНГОЛ КИНОНЫ САЙХАН ЗАЛУУЧУУД
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188