• Өнөөдөр 2025-09-05

ЭРГЭЛТ СЭТГҮҮЛИЙН ДУГААРУУДААС ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД

2025-09-05,   122

        Бид өнгөрсөн таван жилийн хугацаанд хийсэн бүтээлүүдээ цувралаар танилцуулж буй билээ. Энэ удаад бид ЭРГЭЛТ СЭТГҮҮЛ-ийн дугааруудаас онцлох нийтлэл, ярилцлага, тэмдэглэлийг хүргэж байна.

Эргэлт сэтгүүл №001

            342 хуудастай, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Дунд голын давсны үйлдвэрт 40 жил давс олборлож амьдарсан хүмүүсийн тухай “Давс үүрсэн 40 жил” сурвалжилгаар эхэлж буй бидний анхны сэтгүүлийг уншигч та санаж байгаа болов уу.

     Сэтгүүл “Улс төрчдийг уудлахуй”, “Эрэн сурвалжлах нэгдэл”, “Редакцын томилолт”, “Зочид”, “Соёл урлаг”, “Дэлхийд”, “Танин мэдэхүй”, “Спорт”, “Урлахуй”, “Монголын гэрэлт ирээдүй”, “Залуус” гэсэн 11 бүлгээс бүрдэж буй. Мэдээж сэтгүүлчид өөр өөрсдийн ярилцлагын ширээнд хамгийн онцгой, түүчээ, содон, эрэлттэй гэсэн зочдыг урихыг хичээж, нийтлэл, хөрөг, тэмдэглэлийн сэдвээ ч шинэлэг байлгахыг зорьсон. Тиймдээ ч өдийд уншигчид маань бидний энэхүү сэтгүүлээс хэдийнэ дуртай нийтлэлтэй болсон гэдэгт ч итгэлтэй байна. Гэсэн ч бүлэг бүрээс зарим бүтээлийг онцлон дурдахгүй өнгөрч болохгүй.

          Эргэлт сэтгүүл №001-т “Хийх ажлаасаа олон сайдтай Засгийн газар”, “Ардын намд эрхэлсэн ах, дүүс буюу сайд С.Бямбацогтын дүү нар яаманд газрын дарга хийж, хөгжлийн банкнаас зээл авч, тендер “түүж” байна”, “Төрд эрхэлж, зайсанг зээлсэн ах, дүүсийн нэг С.Амарсайханыхан” гэхчлэн улс төрийн тойм, нийтлэлүүд, “Малайзад амиа алдсан Б.Энхтуяагийн ээж Б.ШАРХҮҮ: Миний охиныг онц хэрцгийгээр хөнөөж, танихын аргагүй болгосон байхад “Амиа хорлолт” гээд орхисон”, “Спиртний хэрэг илрүүлээд амиа алдсан замын цагдаа Д.Ганбатын гэргий С.УРАНЧИМЭГ: Ханийг минь 27 удаа хутгалж,  хөнөөгөөд туулын бургасанд хаясан этгээдүүд олдоогүй”, “Олимпын аварга Н.Түвшинбаяр найз Э.Энхбатыгаа онц хэрцгийгээр зодож, хөнөөсөн хэргийн хавтаст хэргийг дэлгэж байна” зэрэг эрэн сурвалжилсан ярилцлага, баримтат нийтлэл ч багтсан байна.

     Харин Ховд, Баянхонгорыг зорихоор томилолт өвөртөлсөн сэтгүүлчид “Хамгийн амттай алим Ховдын Булганд ургадаг буюу 30 жилийн хөдөлмөр”, “Баянхонгорын наадам “үймүүлэгч” сарлагийн эзэн Д.БАТЖАРГАЛ: Наадмаар зүггүйтсэн “фэйс бор” чинь манай хотны хамгийн номхон нь шүү дээ” гэх өөр олон ховор сонин ярилцлагыг ч сэтгүүлийнхээ хуудаст шингээсэн билээ. Мөн эхний дугаарын онцлох зочноор яруу найрагч, зохиолч Г.Аюурзана, Д.Намдаг гуайн охин Эрдэнээ, яруу найрагч Т.Содномнамжилын ээж,  бригадын генерал Г.Болор тэргүүтэй эрхмүүд урьсан нь уншигчдад бэлэг болж чадсан гэдэгт эргэлзэхгүй байна.

Алдар цуутай, гавьяа зүтгэлтэй хүмүүсийн өгөөж дүүрэн ярилцлагын хойноос загвар өмсөгч Э.Энхболд, МУГЖ, балетчин О.Анужин, реппер Rookie тэргүүтэй бусад уран бүтээлчдийн урам зориг нэмсэн яриа ч танд нэгийг бодогдуулах биз ээ. Энэ бүхэн цөм Эргэлт сэтгүүл №001-т бий.

Эргэлт сэтгүүл №002

       Харин хоёр дахь дугаар өмнөхөөсөө 100 гаруй хуудсаар нэмэгдсэн бөгөөд хавтасныхаа зурагнаас эхлээд л анхаарал татсан болов уу. Хавдар судлалын үндэсний төвийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч, Хүний гавьяат эмч Р.Ганбаатарын талаарх “Амьдрах, аврахын төлөөх тэмцэл” сурвалжилгаар “салхи хагалж”, цааш таныг нүүрсний хулгайн хэрэгт оролцсон байж болзошгүй 40 улс төрчийн  баримтад хөтөлнө. Эргэлт сэтгүүлийн хоёр дахь дугаар “Эрэн сурвалжлах”, “Улс төрийг уудлахуй”, “Эргэлтийн зочин”, “Монголчуудын амьдрал”, “Дэлхийд”, “Монголын гэрэлт ирээдүй”, “Соёл урлаг”, “Шинжлэх ухаан”, “Спорт”, “Залуус”, “Тэмдэглэл” зэрэг бүлгүүдээс бүрдэж буй.

      Үндсэндээ сэтгүүлийн эхний хэсэгт 40 улс төрчийн мэдээллийг хүргэж, түүний араас Б.Ганхуягийн “Нүүрсний хулгай”-н бүрэн баримт сэтэртнүүдэд “сэглүүлсэн” Богдхан уул буюу хууль завхруулж, мөнгө угаасан эздийн хаус, хотхонууд”, “Хятадын шоронд хоригдсон Л.ШАРБААТАР: “Харанхуй нүхнээс хэзээ гарах бол” гэх хүлээлт, эргэлзээ, ганцаардал дунд таван жил тарчилсан”, “Дугархорлоогийн хэрэгт хэлмэгдсэн Ч.Уранчимэгийн охин САЙХАНЖАРГАЛ: Хивсний хэргийн хулгайч Мягмарт нүүр өгөөгүйнхээ төлөө миний ээж хүн амины хэрэгт гүтгэгдэж, 15 жилийн хорих ял сонссон” тэргүүтэй эрэн сурвалжлах бүтээлүүд бий. 

      Харин “Монголчуудын амьдрал” буланд “Хөгшин хээрээ хөтөлсөн буурал чаргачин”, “Д.НЯМЖАВ: Чингис хаан музейг бид монголчуудынхаа бахархал, омогшлын төлөө бүхнээ зориулан зүтгэж бүтээсэн”, “Амьдралаас үнэтэй мэргэжлийн эзэн Ц.Хишигбуян эмч”, “Хөтөч Ш.БААТАР: Өвгөн ах нь Хамарын хийдийн толгод дунд “Үлэмжийн чанар”-аа 24 жил дуулж явна даа” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ. Мэдээж цаашлаад соёл урлаг, хүүхэд, залуус гээд буланд Монголын түүчээ уран бүтээлчид зочноор орж, хөрөг болон буусан бол Нобелийн шагналт, зохиолч Мо Ян, алдарт Билл Гэйтс гэхчлэн хүмүүсийн ярилцлага ч бий.

Түүнээс гадна сэтгүүлийн хоёр дахь дугаарт шинжлэх ухааны булан шинээр нэмэгдсэн бөгөөд эндээс “Монголын ноён оргил академичдын 70 жилийн нөхөрлөлийн гэгээн түүх”, “Д.РЭГДЭЛ: Монгол хүн сансарт ниссэний 50 жилийн ойгоор монгол эмэгтэй сансарт ниснэ гэдэгт итгэлтэй байна”  гэхчлэн бүтээлүүдийг амтархан уншаарай.

Эргэлт сэтгүүл №003

         Сэтгүүлийн гурав дахь дугаарт харин бид аюулт хорт утааг онцолсон. Тиймдээ ч “Монголын төр утаагүй түлш үйлдвэрлэж, утаанд нь 7857 монгол хүн угаартаж, 150 нь амиа алдсан эмгэнэл” гэх нийтлэлийг сэтгүүлийн эхэнд нийтэлсэн. Түүний араас мөн бидний өмнө тулгамдаад байгаа нэгэн асуудал болох “Өнгөрсөн зуны үер нийслэл, дүүргийн Засаг дарга нарын авлигын “үер” байсан” гэх нийтлэлийг хүргэсэн бол үргэлжлүүлэн “Хэрээ болгоны улай болсон Улаанбаатар” гээд эрэн сурвалжлах нэгдлээс баримттайгаар нийтлэлүүдийг оруулсан.

        Цаашлаад сэтгүүлийн онцлох булан болох “Монголчуудын амьдрал”-д “Хөдөлмөрийн баатар Ц.Доржсүрэн: Цас уулын хяраас хоёр мянган сарлагаа дүүгүүрийн чулуу исгэрүүлэн буулгах ямар сайхан байдаг гэж санана”, “37-тойдоо  бичиг, үсэг сурч  мөрөөдлөө биелүүлсэн тогооч”, “Л.Энх-Амгалан: Говийн бор толгод дундаа  хэдэн янгираа услаад, зогсох шиг жаргал алга даа, дүү минь”,  “25 цэнгийн төлөөх 25 жил” зэрэг мөн л ховор сонин зочдын амьдралынх нь түүхийг сэтгэлд хүртэл яриулж чаджээ. Харин энэ дугаарт орсон тэмдэглэл, дурсамжуудаас “Нэрт соён гэгээрүүлэгч Лодонгийн Түдэвийн хүй цөглөсөн нутгаас...”, “Цас бударсан буурал намраар”, “Бид болон Монголын тал нутаг чамд хайртай-II” тэргүүтэй тэмдэглэлийг онцолж болохоор байна.

     Түүнчлэн мөн онцлох нэгэн булан бол ЭРЭЛ, БАРИМТ. Ёстой л итгэмээргүй амьдралын түүх, хүний хувь тавилан, сонирхол татам, эргэлт дүүрэн баримтууд энд цугларсан. Тухайлбал, “Хилс хэрэгт гүтгэгдэж, цагдаа нарт тамлуулж, шүүхээс хоёр удаа цаазын ял сонсохдоо 23-хан настай байлаа”, “Монголын толгой баячуудын гэрийг тоносон Бак Жун Хёонгийн хавтаст хэрэг”, “Гал гаргадаг Б.Өнөрмаагийн жим...”, “Б.Цог генералын цэргүүдийн үсийг хусах, хээрийн шоронд хорих шийдвэр гаргахад нь мөн ч их айж билээ” гээд хөвөрнө.

Эргэлт сэтгүүл №004

         Бид өнгөрсөн хавар Эргэлт сэтгүүлийнхээ дөрөв дэх дугаарыг “126” нэртэйгээр гаргасан. Анх удаа 126 гишүүнтэй болсон Монгол Улсын Засгийн газарт ямар хүмүүс чухам гишүүний суудал эзэлчихээд буйг баримттайгаар хүргэхийг зорьсон нь тэр.  Хэдийгээр сэтгүүлийн ихэнх хуудсыг тэд эзэлсэн ч бид өнөөх л үргэлж дандаа багтаахыг зорьдог, зайлшгүй байх ёстой монголчуудын амьдрал, эгэл баримт, соёл урлаг, залуус, Монголын гэрэлт ирээдүй, тэмдэглэл зэрэг булангуудаа мартаагүй. Сэтгүүлийн дугаар төрөх бүрд өмнөхөөсөө улам ховор, сонин зочдын эрэлд гарч, даацтай нийтлэл, ярилцлага, хөрөг хийх сэн гэх хүсэл тэмүүлэл улам ч дүрэлзэн асдаг. Сэтгүүлч бүр төлөвлөн гаргасан хүнээ олох гэж хичээж, олоод хоёроос дээш хугацаанд уулзаж байж сая нэг материалынхаа “нурууг” босгож, түүний араас өмнөтгөл, зочноо тодотгох үгсийг нь нэмж, редактортаа уншуулж, дахин сайжруулж бүтээсэн.

        Онцлон хүргэвэл, амьдралынхаа 30 гаруй жилийн хугацаанд Гандантэгчэнлэн хийдийн тэргүүн хамба ламын албыг хашсан Д.Чойжамц гуайн тухай “Сэтгэлийн зөвөөр цагийн хатууг...” нийтлэл, “Пүүжээ” баримтат киноны эзэн С.Пүрэв-Иш охины эгч Ш.Бямба-Эрдэнэцэцэгтэй хийсэн ярилцлага, “Ч.Одхүү: Хэнтийн мэргэн ламаадан хүү чинь миний аав юм шүү дээ” зэрэг ховор сонин зочдын яриа, нийтлэл ч бий. Харин “Эгэл баримт” буланд “Эмч ээ миний гарыг битгий тайраачдээ, би дахиж тэрийг хэрэглэхгүй ээ”, “Өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш: 23 хан настай эмэгтэй “дох”-той хэмээн гүтгэгдэн нөхөртөө зодуулж, амиа алдаж байлаа” тэргүүтэй ярилцлага, нийтлэл багтсан байх бөгөөд соёл урлагаас ч сонирхолтой зочид уншигч тантай уулзана. Тухайлбал, Б.Эрдэнэсолонго: Миний амьдрал нэг их урт шүлэг шиг санагддаг”, “Алдрайхан охин хултай арайг цалгиуланхан дуулж эхлэхэд...”, “Эгэл амьдралын зөрлөг дагасан найруулагч”, “Японд үүрд “үлдсэн” эрэлхэг хүүгийн түүх, “Эцсийн амьсгалаа түүнийхээ гар дээр...” зэрэг хөрөг, тэмдэглэл бий.


ЭРГЭЛТ СЭТГҮҮЛИЙН ДУГААРУУДААС ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188