• Өнөөдөр 2025-09-04

М.ӨЛЗИЙТӨМӨР: ХАМГИЙН ХОВОР, СОНИН АМЬТДЫГ "AMAZING ZOO PARK"-ААС ҮЗЭЭРЭЙ

Хамгийн олон ховор төрлийн амьтад нэг дороос харах боломжтой “Amazing zoo park” Монголын анхны дотор заалны амьтны хүрээлэн энэ сарын 6,7-нд Буянт-Ухаа спортын ордонд болох билээ. Тус үйл ажиллаатай холбоотойгоор Монгол байх хамгийн ховор сонин амьтадыг тэжээж, гаршуулдаг “Amazon” амьтны дэлгүүрийн үүсгэн байгуулагч М.Өлзийтөмөртэй ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Amazing zoo park” үйл ажиллагааны талаар ярихгүй юу?

                -Уламжлалт амьтны хүрээлэнгээс огт өөр. Хүн хүүхэд шигээ өсгөсөн, төрсөн цагаасаа хүмүүстэй ойр байсан амьтад тус үйл ажиллагаанд ирнэ. Эзэнтэйгээ харьцаг шигээ бүүр сайн эрхлэхгүй байж магалгүй ч айлгах догшин авир гаргахгүй. Эргээд бидний зүгээс амьтадаа стрессдүүлэхгүй, айлгахгүй, аюулгүй байдал дээр нь анхаарна. Бид хооллох, холоос харах, тэвэрч зургаа даруулах амьтан тус бүр дээр нь зааварчилгаа өгч, чиглүүлж ажиллана. Хүний нүдэнд харагдахгүй бичил, жижиг амьтныг төхөөрөмжийн тусламжтайгаар харахаас гадна нэг тонн жинтэй сүүн тэжээлтэн амьтан хүртэл харах боломжтой. Хүн бүрд хамгийн сайхан дурсамж үлдээх үйл ажиллагаа болно. Нийт 1000 гаруй амьтныг харж, хүрэх боломжтой. . “Amazing zoo park”-т ирэх хамгийн том шалтгаан нь арслангийн гүегийг хажуугаас харж, тэврэх боломжтой байна гэдэг нь амьтанд хайртай хүн бүрд гайхамшигтай зүйл шүү дээ.

-Сармагчингийнхаа талаар ярихгүй юу?

                -Би сармагчныгаа хоёр настай байхад нь ОХУ-аас авч байсан юм. Анх тэжээж байсан хүн нь гадаад улс руу зарахгүй гэсэн бодолтоо бат зогсож байсан юм. Жилийн турш байнга холбогдож өөрийнхөө тэжээдэг амьтадынхаа талаар мэдээлэл явуулж байгаа итгэлийн нь хүлээж сармагчныгаа өөртөө авсан даа. Бид нэг өдөр төрсөн. Төрсөн өдөр бүрээ сармагчинтайгаа тэмдэглэхийг л их хүссэн дээ тэр үед. Удахгүй сармагчныгаа эхнэртэй болгоно оо.

-Багаасаа амьтанд хайртай хүүхэд байв уу. Яагаад амьтан тэжээж эхэлсэн юм бэ?

                -Би бүүр багынхаа явдлуудыг санадаг юм. Шоргоолжны үүрэн дээр хэдэн цагаар ч хамаагүй ажиглалт хийгээд суучихдаг хүүхэд байлаа. Шилэнд шавж хийгээд тэжээнэ. Уншиж чаддаггүй хэрнээ номд дээрх амьтын зургийг хараад суучихна. Хүүхэлдэйн кино биш амьтны ертөнц үздэг тийм амьтны талаар сониуч хүүхэд байсан. Дуучин, жүжигчдийн авьяас багаас нь илэрдэг миний хувьд үеийнхнээсээ илүү амьтантай харьцаг хүүхэд байлаа. холбоогүй болсон найзууд минь дэлгүүрийн постын доор “Багын ийм амьтан сонирхдог хүүхэд байсан яг хэвээрээ байна” гээд ороод ирдэг.

-Амьтан сургах ямар нэг сургалтад сууж байсан уу, өөрөө сонирхлоороо судалж мэдсэн үү?

                -Би гаднын амьтан сургах ямар нэгэн сургалтад сууж үзээгүй ээ. Хүүхэд байхаасаа тэжээх боломжтой бүх л амьтныг тэжээж, гаршуулсан. 40 орчим жил амьтантай харьцаж байна. Энэ туршлагаараа л ажиллаж байгаадаа. Үнэг, сармагчин, зэрлэг муур тэргүүтэй амьтад гэрийн тэжээмэл биш учраас гаршуулахад тун амаргүй. Гэхдээ би өөрийнхөө туршлага дээр үндэслэн тэжээгээд одоо бүгд яг муур, нохой шиг хүнд эрхэлдэг болсон. Одоо арслантай ажиллаж үзэхээр шийдээд гүенг нь Монголдоо авчрах гэж байна. Ирээдүйд гадаадад очиж ховор сонин амьтантай танилцах бус эх орондоо хүссэн үедээ тэднийг хардаг болоосой гэж хичээдэг дээ.

-Зарим амьтадыг гэрт тэжээх нь тэдний эрхийг зөрчиж байна гэж үзэж, байгальд нь тавихыг уриалдаг шүү дээ. Тэгвэл гаршуулсан амьтныг буцаагаад байгальд нь тавих боломжтой байдаг юм уу?

                -Монголд зуны долдугаар сард бид хэдэн тоть шувуугаа алдчихсан юм. Монголын хувьд хамгийн дулаахан сар. Хоёр хоногийн дотор заримыг нь олсон, дараагийнх нь хоногоос үхсэн байдалтайгаар олдсон. Тэгэхээр бусад шувуу шиг байгальд амьдрах боломжгүй гэсэн үг. Жишээ нь, миний тэжээдэг сармагчныг буцаагаад Африк Улсад ижил төрөл зүйл дунд нь тавьсан ч маш хурдан үхнэ. Гэхдээ махчин амьтанд бариулж бус ижил төрөлдөө дээрэлхүүлж. Учир нь олон үеэрээ хүний гар дээр өссөн амьтан хэдийн орчиндоо дасчихсан байдаг. Гэхдээ байгальд амьдарч байгаа амьтнаас илүүтэйгээр хүний гар дээр өсөж байгаа амьтан хамаагүй урт насалдаг. Бид тэдний хэрэгтэй дасгал хөдөлгөөнийг хийлгэнэ, шим тэжээлтэй хоолоор, цагийн хуваарийн дагуу хооллож байгаа учраас тэр шүү дээ. Хүмүүс хүний тэжээж байгаа амьтныг өрөвдөж хараад байдаг. Сайн тэжээгчийн тэжээж байгаа амьтан байгальд байгаа ижил төрлийн амьтнаас илүү урт насалдаг гэсэн үг.

-Монголд амьтны дэлгүүрийг амьтан тамлаж, бизнес хийдэг, эрхийг нь зөрчсөн үржүүлгийн газар л гэж хардаг шүү дээ. Үйл ажиллагаа явуулж байхдаа олон эсэргүүцэлтэй тулгарсан байхдаа?

                -Манай цахим хаяг гэхэд л хоёр удаа устсан. Хамгийн амьтанд ээлгүй, хүмүүс нь тэр бүр амьтан тоодоггүй, амьтан тэжээх соёл төдийлөн хөгжөөгүй улсад энэ ажлыг хийж байна даа. Зарим тохиолдолд хууль тогтоомж нь ч учир дутагдалтай байх тал бий. Дуртай учраас л ажиллаж байна. Амьтны дэлгүүртэй учраас зуны улиралд хөдөө аяллаар явах боломж ч гардаггүй. Олон амьтан асарч халамжилдаг учраас нэг өдөр ч орхиж явж чаддаггүй, боломжгүй. Барааны дэлгүүртэй байсан бол нэг сайхан тоосыг нь арчаад өрөөд тавьчихвал болчихдог. Харин бидний ажил байнгын асарч, хооллож, цэвэрлэж байх ёстой ажил,нэг өдрийн дотор олон зүйл хийж, анхаарал хандуулах ёстой. Тун их тэсвэр тэвчээртэй байх ажил гэж боддог.

-Та авчирсан амьтадаа зарахгүй ч гэсэн танилцуулж байгаа бичлэг их оруулдаг шүү дээ. Энэ нь хүмүүст амьтан тэжээх боловсрол олгох гэсэн зорилготой юу?

                -Тийм ээ, хүмүүст амьтан тэжээх, амьтныг хайрлах, тэдний талаарх боловсрол олгох гэсэн зорилготой олон жил цахим хуудас хөтөлж байна. Анх могойны талаар бичлэг хийхэд хүмүүс сөргөөр хүлээж авдаг байсан бол одоо бол харьцангуй мэдлэгтэй болсон, илүү сонирхож хүлээж авдаг. Олон хүүхдэд зайнаас амьтан хайрлахыг үлгэрлэсэн байх. Үүнийг багаасаа мэдсэн хүүхэд том болоод хэзээ ч амьтны өөдөөс буу шагайхгүй. Хэзээ ч байгальдаа хог хаяхгүй.

 

 


М.ӨЛЗИЙТӨМӨР: ХАМГИЙН ХОВОР, СОНИН АМЬТДЫГ "AMAZING ZOO PARK"-ААС ҮЗЭЭРЭЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188