• Өнөөдөр 2025-11-28

СУРАГ АЛДАРСАН САЙД НАР

Засгийн газар нүдэн балай, чихэн дүлий олон сайдтай болжээ. Өөрийн хэрэг биш бол төрийн хэрэг огтхон ч хамаагүй аятай аашилж байгаа нь нууц биш. Үндсэндээ энэ Засгийн газарт чиг үүрэг давхардсан өчнөөн сайд бий. Хамтарсан Засгийн газар байгуулж, эрх мэдлийн бялуу хуваалтаас хишиг хүртсэн энэ олон сайдаас хийсэн ажил нь тодорхойгүй сайд нарын эгнээг Шадар сайд Т.Доржханд тэргүүлж байна.

           Анх улс төрд ард түмний хүн гэх имиж бүрдүүлэх гэж хичээж, “Төрийн ордонд пүүзтэй орж болдоггүй юм уу” хэмээн мэдэн будилж асан тэрбээр өдгөө Шадар сайдын суудалд тухалснаасаа хойш Төрийн ордноос хамраа ч цухайлгахаа больж, төсвийн хөрөнгөөр дураараа дургидаг, аархуу сайд нарын нэг болсон нь ч нууц биш.

     Тодруулбал, түүнийг Эрчим хүчний реформ хийх үндэсний зөвлөлийг ахлуулаад, албажуулаад багагүй хугацааг өнгөрсөн. Энэ олон жил элгээрээ хэвтсэн эрчим хүчний салбарыг өндийлгөх, өөд татах сэтгэл түүнд байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Хамгийн сүүлд гэхэд л Эрчим хүчний реформ хийх нэрээр найман тэрбум төгрөг “салхинд хийсгэсэн” гэх асуудал сөхөгдөөд намжиж байлаа. Ёстой л  “Уул үзэлгүй хормой шууж, ус үзлэгүй гутал тайлав” гэгчээр төвсийн хөрөнгөөр дүрэмгүй туйлсан даа.

 

       Удаах нь Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан.       Улс төрд эрүү өвдөг нь нийлэх хүртлээ удаан сууж байгаа Зам тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан уураа барьж ядан хэвлэл мэдээллийн байгууллагууд руу халдаж, “Олон юм хуцаад бай” хэмээн хаалгаа тас хаатлаа Төрийн ордонд томорсноос өөрөөр салбартаа тэргүүлэх торойх ажил багатай нэгэн.  Уг нь бол Монголд хамгийн урт хувийн төмөр замтай, ачаа тээврийн чингэлэгт ганцаараа монополь тогтоочихсон хүн нь Зам тээврийн хөгжлийн сайдаар суучихаад гадныханд давуу эрх олгосон байж болзошгүй асуудлыг тодруулж, мэдээлэл өгөхийг хүссэний төлөө сэтгүүлчдийг элдэвлэж, дур зоргоороо аашилсанаас өөрөөр салбартаа сайн сайхныг дагуулсан нь юу л бол. Булавч бултай нь даравч далдайна гэдгийн адилаар өөрийнх нь булхайтай, но-той асуудлыг сөхмөгц, ундууцаж, улаан цагаан ард түмнийхээ өмнө ёс бус үг хэлж, Төрийн ордныг түйвээхийн наагуур явсан удаатай.

Тэр байтугай Б.Дэлгэрсайхан сайдыг Засгийн газрын хуралдаанаар камерын ард уур омгоо барж ядан, төрийн албан хаагчдад томордог гэх яриа нэг бус удаа гарч байлаа.

 

         Хамтарсан Засгийн газрын хамгийн унтаа сайдаар Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар байна. Өөрөөр хэлбэл Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамыг хариуцсан ИЗНН-ын дарга Батын Батбаатар хамтарсан Засгийн газраас гарна гарахгүй шэх дуулиан дэгдээж байгаад сураг алдарлаа.

 

Тодруулбал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Золбаярыг томилсон. Харин энэ албан тушаалд ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтын баз Д.Батцогт ажиллаж байсантай холбоотой аж. Улмаар Төрийн нарийн бичгийн албан тушаалд ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт өөрийн хүнээ зүтгүүлэх хувилбарыг ярьнаар уг томилгоог зөвшөөрөөгүй юм байна. Ингээд ИЗНН-ын дарга хамтарсан Засгийн газраас гарах асуудлыг сөхөж эхэлсэн удаатай.

 

Хэдийгээр  Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар албан ёсоор энэ асуудлыг яриагүй ч тус намыг УИХ-д төлөөлж суугаа М.Нара-Нарантуяа цахим орчинд “Нэр төдий засагт хамтрах ажлыг больсон нь дээр гэсэн удаа дараагийн саналыг хүлээн авахаар болсон Иргэний Зориг Ногоон Намын дарга Батын Батбаатартаа баярлалаа. АН засгаас гарлаа л гээд байдаг, дүр эсгэж далдуур хамтраад бүх яаман дээрх чигжээсүүдээ шахсан хэвээр байхад дүр эсгэсэн шинэ хамтарсан Засагт байх шаардлага манай ИЗНН лавтай байхгүй болно” хэмээн мэдэгдсэн. Улмаар түүний энэ мэдэгдлийн Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар цахим орчинд дэмжиж байгаагаа илэрхийлсэн удаатай.

 

“Бай”-нд ч гүй, банзанд ч гүй сайдаар Хот байгуулалт барилга орон сууцжуулалтын сайд Бат-Амгалан тодрохоор байна. Түүний хувьд барилгын салбарыг хариуцаж давхар дээл өмсснөөсөө хойш барилгын яамыг Баянзүрх дүүргийнхээр дүүргэж, халаа сэлгээ хийснээс өөрөөр салбартаа тодрох ажил санаачилсан нь тун ховор. Тодруулбал, сайд Э.Бат-Амгалан яамныхаа хамгийн өндөр гурван сэнтийд Баянзүрх дүүргийнхээ ЗДТГ-ын дарга, ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга гэх гурван хүнийг авчирч залаад байна.  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн Зөвлөхөөр Ичинноровын Баттөгс томилогджээ. Өмнө нь Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын дарга, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байсан. Э.Бат-Амгалангийн Баянзүрх дүүрэг дэх “хаанчлал”-д хамгийн гол хувь нэмэр оруулсан баруун гар нь гэгддэг. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ томилогджээ. Түүний хувьд, Баянзүрх дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, Баянзүрх дүүргийн Менежерээр ажиллаж байсан. Товчхондоо, Э.Бат-Амгалангийн зүүн гар гэгддэг. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар Батцэцэгийн Уянга гэх эмэгтэй томилогджээ. Б.Уянга нь Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Э.Бат-Амгалан ба түүний Баянзүрх дүүрэг дэх фракцынх нь Ерөнхий санхүүч нь хэлж болно. Ийн Хот байгуулалт барилга орон сууцжуулалтын яаманд Баянзүрхийнхэн тухлаад дөрвөн сар болсон ч барилгын салбарт ахицтай ажил харагдахгүй байна. 

 

Засгийн газарт угидаггүй унтаа сайд нарын тэргүүн эгнээнд Цахим хөгжил инновац харилцах холбооны сайд Э.Батшугар орох нь. Түүний хувьд улс төрд аавынхаа нөлөөгөөр орж ирсэн том татаастай ч, эзэмшсэн боловсрол, ажлын туршлагаараа үеийнхнээсээ ялгарч олны дэмжлэг авч байлаа. Харамсалтай нь, Засгийн газарт давхар дээлтэй сууснаасаа хойш сураг алдарч, цахим харилцаа холбооны салбарыг шинэ цагийн өнгө аясыг тодорхойлох салбар байгаагүй юм шиг нам гүм болгож орхилоо. 


СУРАГ АЛДАРСАН САЙД НАР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188