• Өнөөдөр 2025-10-28

С.ГАНБААТАР ГЭЖ ХЭН БЭ

2025-08-27,   130

Баянхонгорт төрсөн, Дарханд өссөн гэх намтартай “Босоо” С.Ганбаатарын “хэвтээ” өдрүүд үргэлжилж байна. Ам нээх болгондоо “Эх орны баялгийг эх баригчдаас хамгаална” гэж чанга хашхирч, тэр хэрээр халаасаа чимээгүй “түнтийлгэдэг” түүнийг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн. Хам хамсаатан, хөрш айлыг нь хүртэл нэгжиж, С.Ганбаатар гишүүн тэвдэж яваа. Сав л хийвэл сошиал хаягтаа лайв хийж, “Намайг харлууж, гүтгэж байна” гэж гомдолж, гоморхож сууна.

Тэгвэл бид хууль хяналтын байгууллагад ээрэгдээд байгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатар гэж хэн бэ гэдгийг танилцуулж байна. Мөн түүнд итгэж болох эсэхийг эндээс уншина уу.

БАЯНХОНГОР, ДАРХАН-УУЛ АЙМГИЙН “ТЭЛЭЭ ХУРГА”

Тойрог сэлгэж, “эх оронч”-ийн дүрээр тоглолт хийдэг С.Ганбаатар гишүүн Баянхонгор, Дархан хоёрын дунд “тэлээ хурга” шиг гүйж яваа айлын ууган хүү. Улс төрийн рингэнээс унах болгондоо Баянзүрх, Баянхонгорыг бараадаж, “Би энэ нутгийн унаган хүү” гэж баахан хашхирч, баруун солгойгүй улс төр, эх орон, эд баялаг, тэмцэл, жагсаал ярьж, жалга довоороо ялгарах дуртай нэгэн. Өөрөөр хэлбэл, хоёр нутагтан, хоёр нүүртэн шиг амьдарч байгаа гэхэд хилсдэхгүй. Тэрбээр Дархан хотод ерөнхий боловсролын сургуульд есөн жилийн боловсрол эзэмшиж, Баянхонгор аймгийн нэгдүгээр арван жилийг төгссөн. Үүний дараа нэг жилийн хугацаатай МУИС-ийн Германы инженерийн бэлтгэлийг дүүргэж, Политехникийн дээд сургуульд суралцсан. Намтартаа долоо, найман сургуульд сурсан гэж бичдэг ч төгссөн нь тодорхойгүй. Ямартай ч өдийгөөс 15 жилийн өмнө Хөдөлмөрийн дээд сургуульд суралцаж, хөдөлмөрийн эдийн засагч, эдийн засгийн ухааны магистр болсноор түүний суралцах карьер засварлаад байгаа. Тэрбээр Хаан банкнаас ажлын гараагаа эхлүүлж, Санхүү, эдийн засгийн дээд сургуульд багшилж байсан түүхтэй. Үүний дараа Удирдлагын академид багшилж байгаад улс төр рүү “урвасан” нэгэн. Дараа нь, тэмцэгч, жагсагч гэсэн дүрд “хувирч” О.Магнай, Ж.Батзандан нартай нэгдсэнээр ардын багшийн ажлаа орхисон. Төд удалгүй, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эдийн засгийн зөвлөх болж, МҮЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн болтлоо дэвшсэн. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяраар улс төрийн “хонгил”-оор чирүүлсэн гэсэн үг л дээ. Угсаа гарал, боловсрол, улс төрд орсон замын тухайд ийм байна.

ТЭМЦЭГЧ С.ГАНБААТАР “ТҮРИЙВЧ” БОЛЖЭЭ

Чанга хашхирч, чарлахыг тэр О.Магнай, Ж.Батзанданд үлгэрлэсэн нэгэн. Хэн ч танихгүй, хэдэн шавиас нь өөр хүн мэддэггүй байсан С.Ганбаатар нэг л өдөр Ж.Батзандан, О.Магнайтай нийлж, “орилж” эхэлсэн. Тодруулбал, 2004-2005 онд эрх баригчдыг шүүмжилж, Төв талбайн тэмцэгч болж, иргэний хөдөлгөөнийг манлайлах болсон. Тэд “нийгмийг шинэчилнэ” гэж хоёр жил тэмцсэн ч эцэст нь тэмцэл нь “худлаа” болж таарсан. Өөрсдөө тэмцлээ мохоож, халаасандаа захирагдсан, түрийвчиндээ “боомилогдсон” гэх юм билээ. Учрыг тодруулбал, сав л хийвэл хашхирч, санаандаа хүрэхээрээ чимээгүй суучихдаг байсан иргэний хөдөлгөөний лидерүүдэд иргэд ганцхан жилийн дотор итгэл алдарч эхэлсэн. Ингээд тэд бараа сураггүй тал, тал тийшээ тарсан. Эцэст нь, ганц, хоёроороо хашхирч, бусдыг харлуулж эхэлсэн ч түрийвчиндээ захирагдсан уу, түмний төлөө зүтгэх тангарагаасаа няцсан уу, ямартай ч хэсэгтээ чимээгүй болсон байдаг.

Үнэндээ, С.Ганбаатар 20 жилийн өмнө тэмцэгч, жагсагч байхдаа “Би улс төр хийхгүй, УИХ-ын гишүүн хэзээ ч болохгүй, сонгуульд оролцохгүй” хэмээн мэдэгдэж, одоогоосоо ч илүү чанга хашхирч байлаа. Ингээд төд удалгүй МҮЭХ хэмээх улстөрч бэлтгэдэг “дамжааны” ерөнхийлөгч болжээ. Үнэндээ, монголчууд түүнд итгэсэн. Нийгэмд эзлэх байр суурь нь улс төрөөс “том” байгууллагынхаа ерөнхийлөгч болгосон гэсэн үг л дээ.

НАМБАРЫН ЭНХБАЯРЫН “НАЙДВАРГҮЙ” ХАМТРАГЧ

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг оймстойгоо ачигдаж байхад С.Ганбаатар юу бодож байсан бол...

МҮЭХ-ны Ерөнхийлөгч болохоосоо өмнө С.Ганбаатар Н.Энхбаярын эдийн засгийн орон тооны бус зөвлөхөөр томилогдож, улс төрд орсон нэгэн. Нэг үгээр хэлбэл, Н.Энхбаяр С.Ганбаатарыг улс төрийн хонгилоор “чирсэн” хүний нэг. Улстөрчдийг хүчтэй шүүмжилж, хүний, өөрийнгүй хулгайч гэж цоллох дуртай тэрбээр Н.Энхбаярын талаар таагүй нэг ч үг унагаж байгаагүй. Оймстойгоо ачигдаж, улс төрийн “жигшүүртэн” шиг чичлэгдэж, авлигын хэрэгт холбогдож байхад нь ч тэр дуугарч байгаагүй. Н.Энхбаярын хүүг ч дурдаж үзээгүй гэхээр тэр найдвартай хамтрагчдынх нь нэг гэдэг нь тодорхой биз ээ.

Н.Энхбаяр, С.Ганбаатар нарын зам 2021 онд салсан ч хэрэлдэж, уралдаж, булайгаа дэлгэхдээ тулаагүй юм билээ. Өөрөөр хэлбэл, С.Ганбаатар МАХН, МАН-тай нэгдэж, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсоныг эрс эсэргүүцсэн,  Н.Энхбаяраасаа зам салсан. Гэхдээ тэр үедээ “би, чи”-дээ тулаагүй, бидний мэдэхгүй бичлэг, баримтыг ч дэлгээгүй. Ингэж тэр өдийгөөс дөрвөн жилийн өмнө Н.Энхбаярын “найдваргүй” хамтрагчдын нэг болсон түүхтэй. Түүнийг Н.Энхбаяраас салаад, “Женко” Х.Баттулгын хамтрагч ч болсон гэх юм билээ.

С.ГАНБААТАР МҮЭХ-НД ГАЗРЫН НАЙМААГ “ЦЭЦЭГЛҮҮЛЖ”, ЭХНЭР Б.ТУНГАЛАГЫНХАА КОМПАНИАР ХӨЛЖЖЭЭ

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоог С.Ганбаатар таван жил толгойлсон. Энэ байгууллага цагтаа цатгалан, цалгиж байлаа. Хөрөнгөтэй бол хөрөнгөтэй, хамгийн гол нь хүн төвтэй ажиллаж байсан. Эрх нь зөрчигдсөн ажилтнуудаа хамгаалж, нийгмийн асуудлыг нь нимгэлж явсан түүхтэй. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг толгойлсон цагаас хойш хөрөнгө нь багасаж, удирдлагууд нь хөлжиж эхэлсэн гашуун түүх бий. Өдгөө туугаад явах малгүй, түмэнд харуулах хөрөнгөгүй, гайхуулах газаргүй, гахай явган, нохой нүцгэн болж, модоо барихдаа тулаад байгаа.

Ганцхан баримт танилцуулахад, С.Ганбаатар МҮЭХ-ны газраас завшсан байж болзошгүй “хэрэг”-т холбогддог. Тодруулбал, тэрбээр МҮЭХ-ны газрыг “МДТОФ” ХХК-д хууль бусаар шилжүүлж, их хэмжээний авлига авсан байж болзошгүй гэх мэдээлэл түүнийг олон жил сүүдэр шиг нь дагаж байгаа. Үүнийг нь ч хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа гэх мэдээлэл бий. МҮЭХ-нд Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Замын цагдаагийн газрын зүүн талд байрлалтай 13.5 га газар бүртгэлтэй байдаг байлаа. Гэтэл С.Ганбаатар “МДТОФ” ХХК-ийн Ерөнхий захирал асан Ц.Энхцогттой “Хөрөнгө оруулалт, барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээ” гэгчийг байгуулж, МҮЭХ-ны харьяа Тээвэр үйлчилгээний төвийн 13.5 га талбай бүхий газрыг шилжүүлээд өгчихсөн. Ингэхдээ МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч асан Х.Амгаланбаатараар төлөөлүүлэн гарын үсэг зуруулсан байдаг юм билээ. Үнэн хэрэгтээ, С.Ганбаатарын даалгавраар Х.Амгаланбаатар МҮЭХ-ны газрыг зарсан гэсэн үг. Хотын А бүсэд байрлалтай, МҮЭХ-ны газрыг зарсныхаа хариуд “Үйлдвэрчин” орон сууцны хороолол, зочид буудал барьж өгсөн түүхтэй. Тодруулбал, үүний нэг нь “Union building” барилга. Энэ барилгад МҮЭХ эзэн суусан гэхээс илүүтэй С.Ганбаатар болон түүний эхнэр Б.Тунгалаг нар эзэн сууж байсан. Уг барилгыг ашиглалтад орсны дараа С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагийн нэр дээр бүртгэлтэй байдаг “Адвант трейд” ХХК үйл ажиллагаа явуулж байсан нь баримттайгаа бий. Өөрөөр хэлбэл, газрын наймаанд нэр холбогдсон даруйдаа С.Ганбаатар эхнэрийнхээ компанийг МҮЭХ-ны эзэмшлийн байгууламжаас шилжүүлсэн ч үйл ажиллагаа явуулж байсан баримт нь үлджээ. С.Ганбаатар хөрөнгө орлогын мэдүүлэгтээ гутлаа чирсэн “гуйлгачин” мэт харагдаж, хоёрхон компанитай, компаниуд нь цагаан цаас шиг харагддаг ч эхнэр Б.Тунгалагынхаа нэр дээр 10 гаруй ХХК, ТББ нээчихээд, төрийн тендер, төсөл хөтөлбөрөөс хөлжиж суудаг. С.Ганбаатар анх УИХ-ын гишүүн болохдоо жилийн 16 сая төгрөгийн орлоготой, эхнэр Б.Тунгалаг нь жилдээ 2.5 сая төгрөг олдог байжээ. Тэд 24 сая төгрөгөөр үнэлэгдэх 83 тооны малтай, гурван сая төгрөгийн үнэлгээтэй үнэт эдлэлтэй байжээ. Харин одоо жилийн 100 гаруй сая төгрөгийн орлоготой, хоёр орон сууцтай, 123 сая төгрөгөөр үнэлэгдэх малтай, 343 сая төгрөгийн үнэлгээтэй автомашинтай болжээ. Гэхдээ энэ нь зөвхөн цаасан дээр бичиж, ил мэдүүлсэн хөрөнгө нь гэдгийг дурдах нь зүйтэй.

Ингэж С.Ганбаатар газрын наймаанд холбогдож эхэлсэн. Үүнээс хойш МҮЭХ-ны хөрөнгө хэн нэгэн эрх мэдэлтний гарын салаагаар урсаж, хувь хүний хөрөнгө шиг зарцуулагдсаар дуусаж байна. Хаан банкны ажилтан, ардын багш, УИХ-ын даргын орон тооны бус зөвлөх, жагсагч, тэмцэгч явсан С.Ганбаатарын МҮЭХ-ны Ерөнхийлөгч болж дэвшсэн таван жилийн түүхийг газрын наймаагаар дуусчээ гэсэн үг.

НАМ, НАМЫН БАТЛАХ ӨВӨРТӨЛСӨН С.ГАНБААТАР АН-ЫН “ТАТВАР ЭМ”-ИЙН СУУДЛААСАА УРВАХ НЬ ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ

 “Улс төр хийхгүй, улстөрч болохгүй” гэсэн С.Ганбаатар МҮЭХ-ны Ерөнхийлөгчөөр дөрөөлөөд, УИХ-ын гишүүн болсон байдаг. Өөрөөр хэлбэл, 2008 оны сонгуулийн өмнөхөн буюу МҮЭХ-нд шургалсныхаа дараа С.Ганбаатар “Намайг олон түмэн УИХ-д нэр дэвш гэж байна” хэмээгээд л парламентад шургалахчисан. Тэрбээр 2012 онд Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшиж, МҮЭХ-ны нэрээр үнэмлэхүй ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Үнэндээ, МҮЭХ-ны хөрөнгийг зараад зогсохгүй, хүн, хүчээр нь дөрөөлөн УИХ-ын гишүүн болсон гэхэд хилсдэхгүй болов уу.

С.Ганбаатар иргэний хөдөлгөөнөөрөө дамжуулан Үндэсний хөдөлмөрийн Нам байгуулах гэж оролдсон ч намын дүрэм нь хууль зөрчсөн тул Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзаж байлаа. Өөрөөр хэлбэл, С.Ганбаатарын халаасны намтай, түүнийхээ толгойлогч болох гэсэн санаархал нь эхлээгүй байхдаа төгссөн гэсэн үг.

Намаа баталгаажуулж, “найзууд”-аа элсүүлж, тэднийхээ эзэн байх гэсэн мөрөөдөл нь замхарсан тэрбээр хэсэгтээ улс төрөөс хөндийрч, “Дахиж нам байгуулахгүй” гэж гоморхож явахдаа удалгүй ХҮН намын дарга болсон байдаг. Тухайн үед буюу 2016 онд ХҮН нам сураггүй, хэдхэн гишүүнтэй байлаа. С.Ганбаатар удирдаад ч ХҮН нам өөдлөөгүй, урагшлаагүй. Тэгс, ингэс хийж байгаад С.Ганбаатар намын даргын суудал, батлахаа шийдээд, МАХН руу “гүйчихсэн”. Гурван жил МАХН-ын дэд даргаар ажиллаж, дээр дурдсанаар Н.Энхбаяраасаа зам салсан. Н.Энхбаяраас салсныхаа дараа тэрбээр О.Цогтгэрэлийн “суга”-нд зүүгдэж, АН-ын харьяатай болсон. Гэхдээ АН-ын бүлгийнхэн түүнийг “үзэхгүй”, нэг намын гишүүн гэж боддоггүй. Улс төрийн нам, эвслээс урваж, шарваж, МАН-д бараалхахаас бусдыг нь тэр тууллаа. Угтаа тэр “Үхсэн ч МАН, АН-д элсэхгүй” гэж амлаж, иргэдэд тангараглаж байлаа. Өөрөөр хэлбэл, таван жилийн дотор гурван ч намын батлах өвөртөлж, улс төрийн нам, эвслийн “татвар эм” шиг давхиж байна. АН-аас гарч, Н.Номтойбаярын “Үндэсний эвсэл”-д эвсэх, эсвэл өөр намын батлах өвөртлөх нь цаг хугацааны асуудал билээ.

С.ГАНБААТАР ЭХ ОРОНЧ УУ, ЭДИЙН ЗАСГИЙН “АЛУУРЧИН” УУ

С.Ганбаатарын тодорсон, иргэдэд тоогдсон ганцхан алхам нь тэмцэгч, жагсагчийн дүр. Гэхдээ түүнд одоо иргэд итгэл алдарсан, Төв талбайд өлсгөлөн зарлахаар нь өрөвдөхөө больсон. “Энэ маань мөнгөний үнэр авчихсан юм уу” гэж шивэр, авир хийдэг болжээ.  

С.Ганбаатар гишүүнд итгэж байсан цаг иргэдэд бий. Түүнийг УИХ-ын гишүүн болоод “Мэнэнгийн тал там боллоо. Одоо очоод “Петрочайна” компанийн үйл ажиллагааг зогсоолгоно” хэмээн хашхирч, хэвлэлийнхний өмнө цамнаж байхад нь итгэж байлаа. Харамсалтай нь, “Петрочайна” компанийн үйл ажиллагаа тэр өдрөөс хойш цэцэглэж, Монголын баялагийг үргэлжлүүлэн ухаад 13 жил өнгөрчээ. С.Ганбаатар гишүүн иргэдэд ингэж мэдэгдээд Дорнод аймгийн Халхгол сум, Буйр нуураас холгүй байрлах “Петрочайна” компанийн эзэмшлийн газарт очихын хувьд очсон. Очсон болгоны эрүү мултарч, сэтгэл нь эмтэрдэг тосны талбайд тэр очсон ч эсэргээрээ дуугараагүй. Авлига авсан уу, ашигтай тохироо хийсэн үү гэдэг нь нууц болж үлджээ.

Дараа нь, С.Ганбаатар “Оюу толгой” гэж олон жил чанга дуугарсан. Уул уурхай, “Оюу толгой”-н удирдлагуудтай тэмцэх болгондоо Төв талбайд хонодог байлаа. Арбитрийн шүүхэд асуудал гаргаж хүртэл тэмцэж байгаад таг болчихсон. Ахиад нэг ч үг дуугараагүй.

Хоёрхон жилийн өмнө тэр нүүрсний хулгайтай чухам тэмцэхээр болсон ч өөрөө хулгайн хэрэгт холбогдсон. Хэл, амгүй хүн шиг чимээгүй байсан. Удалгүй, нөлөө бүхий улстөрчийг нүүрсний хулгайгаас хамгаалаад, “Энэ компанитай ямар ч холбоогүй юм байна лээ” гээд хууль хяналтын мөрдөгч шиг аашилсан.

Одоо тэр уран эсэргүүцээд, заваараа усан цахилгаан станцыг “муулаад” тэмцэж яваа. Удалгүй ураны у үсэг нь сонсогдохоо больж, усан цахилгааны талаар мэдлэггүй, мэдээлэлгүй болж хувирах биз ээ. Тэр ийм л зартай тэмцэгч, Засгийн газраас том тохироо шаардагч болжээ. 

Ердөө дээр дурдсан жишээнүүдийг нэгтгэж харвал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар эх орон ч уу, эдийн засгийн “алуурчин”-уу гэдэг нь тодорхой харагдаж байгаа биз ээ. Мөн итгэж болох улстөрч уу, итгэж үл болох улстөрч үү гэдэг нь ч тодорхой харагдаж байгаа юм. Уншигч та дүгнэлтийг үлдээе.

 

 


С.ГАНБААТАР ГЭЖ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188