• Өнөөдөр 2024-05-18

З.НАРАНТУЯА: АН хүчтэй сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байна

Ардчилсан намын гишүүн З.Нарантуяатай цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа. 

-Танай намын зарим гишүүн нэгдэж, Үндэсний бодлогын хороогоо хуралдуулах шаардлагатай хэмээн үзжээ. УИХ-ын сонгуулиас хойш та олон нийтэд ил гарахгүй байсаар эдгээр гишүүнтэй нэгдэн анх удаа мэдэгдэл хийсэн харагдлаа. УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан хүний хувьд АН-д үүсээд буй асуудлыг хэрхэн харж байна вэ?
 
-2020 оны УИХ-ын сонгуулиас хойш улс төрийн нөхцөл байдалд дүгнэлт хийх, ялангуяа Засгийн газрыг бүрдүүлж байгаа МАН-ын үйл ажиллагаанд хяналт тавих сөрөг хүчин хэрэгтэй гэж харж байна. Дээр нь иргэдийн сайн дурын үндсэн дээр Төв талбайд зохион байгуулсан жагсаалын агуулгыг талбай дээр нь үлдээх бус парламентын танхимд оруулж, асуудлыг шийдэх, шийдлийн гарцыг хайх шаардлага үүсээд байна. Үүнийг яах аргагүй УИХ дахь Ардчилсан намын бүлэг гүйцэтгэх байв. Гэтэл намын бүлгийн гишүүд хувь гишүүнийхээ үүднээс асуудалд хандсан. Цаашид  бүлэг, институцийн хувьд үүрэг гүйцэтгэх шаардлага байна. 
 
Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой бид байр сууриа илэрхийлэх цаг нь болсон. Бидний улс төрийн байр суурийг илэрхийлдэг, үүнийгээ нэгтгэдэг тавцан бол намын Үндэсний бодлогын хороо. Өөрөөр хэлбэл, Үндэсний бодлогын хороо бол намын төлөөллийн төв байгууллага.
 
-Яагаад Үндэсний бодлогын хороог хуралдуулах шаардлагатай гэж үзэв?
 
-Бид төв байгууллагаа хуралдуулахгүй байгаа нь намын үйл ажиллагаанд саад учирсан мэтээр харагдуулж байгаа. УИХ-ын ээлжит сонгуулийн ялагдлаас хойш нийгэмд танигдах, институцийнхээ нүүр царайг ил болгох тал дээр учир дутагдалтай  ажилласан нь үнэн. Ер нь АН дотоод асуудлаа шийдвэрлэж чадахгүй, сандал суудлаа булаацалдсаар цаг хугацааг дэмий өнгөрүүлээд байгаа учир бид дуу хоолойгоо нэгтгэж байна. 
 
Цаашид асуудалд хандахдаа нэгийгээ шахам хавчих, хүч түрэх байдлаар бус хамтран ажиллаж, харилцан ойлголцох, зөвшилцлийн аргаар асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Ингээд улс төрийн зөвлөлд шаардлага хүргүүлж байна. Намын дүрэмд зааснаар Үндэсний бодлогын хорооны гишүүд улс төрийн зөвлөлд шаардлага хүргүүлэх эрхтэй.
 
-Ардчилсан намын одоогийн Үндэсний бодлогын хороо албан ёсны эрхтэй байгууллага байж чадаж байгаа юу. УИХ-ын сонгуулиас өрнөсөн үйл явцыг ажиглахад хүчин төгөлдөр үйл ажиллагаатай эсэх нь эргэлзээтэй байна?
 
-Үндэсний бодлогын хороо бүрэн эрхтэй байгаа. Хэдийгээр улс төрийн намын дүрэмд зааснаар УИХ-ын сонгуулийн дараа ялагдал хүлээсэн тойргоос сонгогдсон ҮБХ-ны орон тоон дээр нөхөн сонгууль зарлагдах ёстой ч дараагийн ҮБХ-ны гишүүдийг баталгаажуулах хүртэл өмнөх гишүүдийн бүрэн эрх хэрэгжинэ. Дотоод зохион байгуулалттай холбоотой олон асуудал байгаа учраас үүнийг шийдэх гарц нь ҮБХ-ны хурал юм.
 
-Оны өмнө Ардчилсан нам X Их хурлаа хуралдуулсан. Энэ хурлын талаар маргаантай асуудал бий. Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
 
-Намын Х Их хурал хүчинтэй эсэх, хурлаар хэлэлцсэн дүрэм хүчин төгөлдөр үү, үгүй юү гэдгийг хуулийн байгууллага хэлэлцэн шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхээс намын дүрмийг баталгаажуулах эсэхийг харж Үндэсний бодлогын хороогоор хэлэлцэнэ. Гэхдээ шүүх хяналтын байгууллагын шийдвэрийг хүлээгээд суугаад байж болохгүй байна. Улс төрийн намын тэргүүн дэд зорилго нь сонгуульд оролцох байдаг. Ерөнхийлөгчийн сонгууль болох цаг хугацаа ойртож байна.  Цаашлаад 2024 оны сонгуульд оролцохоос өмнө намын удирдлага, зохион байгуулалтын асуудлыг цэгцлэхгүй бол бүх асуудал зогсонги байдалд орчих гээд байгаа. Тиймээс маргаантай асуудлыг шүүх байгууллагаар шийдвэрлүүлж, дараа нь дотооддоо нийцүүлэх боломжтой гэж харсан.
 
-Та Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ. 2021 оны төсвийг нэлээд алдагдалтай баталсан. Энэ талаар эдийн засагч хүний хувьд байр сууриа илэрхийлэхгүй юү?
 
-Өнөөдөр манай улсын түүхэнд байхгүй хамгийн их алдагдал буюу 4.6 их наядын алдалтай төсөв баталсан. 2.8 их наядыг нь гадаадын зээл тусламжаар санхүүжүүлсэн. Өнөөдрийн нөхцөл байдлыг 2016 онтой харьцуулахад улсын өр хоёр дахин нэмэгдчихсэн. Энэ бол маш хариуцлагагүй үйлдэл. Цар тахлаас нөхцөл байдал гуравдугаар сард хүндэрнэ гэсэн таамгийг мэргэжилтнүүд гаргасан байна. Үүн дээр эдийн засгийн хямралын нөхцөл байдал  энэ оны хагас жилээс хойш ирэх жилийг дамнана хүнд тусахаар харагдаж байгаа. Ийм цаг үед их хэмжээний өртэй, алдагдалтай төсөв баталчихаад иргэдийн амьжиргааг сайжруулна, улсын хөгжлийг өөр шатанд гаргана гэж уриалж гарч ирсэн намын дарга маш хариуцлагагүй үйлдэл хийлээ. Энэ хариуцлагагүй үйлдэлд байр сууриа илэрхийлэх хүчтэй сөрөг хүчин дутагдаж байна.
 
Сөрөг хүчний гол ажил бол эрх барьж буй Засгийн газрын үйл ажиллагаа, түүнээс гарсан үр дүн болгон дээр үнэлэлт өгөх. Хэрвээ хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үр дүнгүй бол цаашид засаж сайжруулах, шийдэл олох ёстой. Цаашид Ардчилсан нам нэгдсэн бодлого, нэгдсэн судалгаатай байр суурь илэрхийлэхийг зорьж байна.
 

З.НАРАНТУЯА: АН хүчтэй сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-27 21:33:32
    Зочин: Нарантуяа гишүүн зөв дүгнэж хэлжээ яг үнэн нь энэ л байхгүй юуНарантуяа гишүүний дайтай хүн АН -д даана ч алга даа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188