• Өнөөдөр 2024-04-23

У.ХҮРЭЛСҮХИЙН сайд нар ГАЙ тарьсан уу, ГАВЬЯА байгуулсан уу

2021-01-25,   1513

2020 оны УИХ-ын сонгуульд угсраа, үнэмлэхүй ялалт байгуулсан Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар улиран томилогдож, 2020 оны долдугаар сарын 8-нд шинэ Засгийн газраа байгуулсан. Түүний шинэ Засгийн газар ерөнхий чиг үүргийн зургаа, чиглэлийн найм, нийт 14 яамтай, 17 сайдтайгаар танхимаа бүрдүүлсэн. Энэ Засгийн газрын сайд нараас дөрөв нь давхар дээлтэй, бусад нь салбар салбарын хүмүүс буюу “Мэргэжлийн Засгийн газар” хэмээн тодотгож байв. Гэвч “Мэргэжлийн” гэгдсэн энэ Засгийн газар долоохон сарын настай байж, танхимаараа огцроод байна. Тэгвэл 2020 оны долдугаар сарын 8-наас 2021 оны нэгдүгээр сарын 21 хүртэл долоон сар ажилласан У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайдууд өнгөрсөн хугацаанд хэрхэн ажилласан, хэн нь хэн байсныг эргэн сануулж байна.

МАН-ЫН “ТОГООЧ” ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга асан Л.Оюун-Эрдэнийн хувьд 2019 оны хоёрдугаар сарын 02-нд энэ суудалд томилогдож, улмаар 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэ Засгийн газарт улирч ажилласан. Хэнтий аймгийн Бэрх тосгоны Захирагчийн ажлын алба, “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллагаас ажлын гараагаа эхэлсэн тэрбээр МАН-д элсэж, гал тогоог нь хариуцаж ажилласны хүчинд 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Улмаар 2018 онд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх болон бусад “попын хаад”-уудтай нэгдэж, МАН-ын дарга, УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулах ажлыг оройлон манлайлсныхаа шагналд ЗГХЭГ-ын даргаар томилогдсон гэгддэг.

Тэрбээр нэгэн ярилцлагадаа “ЗГХЭГ-ын дарга гэдэг бол яамдуудын бодлогыг зангиддаг хүн. Товчоор бол яамдуудыг хоолны материал гэвэл тэднийг нэгтгээд Ерөнхий сайдад хоол бэлтгэж өгдөг хүн” хэмээн албан тушаалаа танилцуулсан байдаг.

Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга болсноосоо хойш “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-т онцгой дэглэм тогтоох ажлыг ахалсан гэхээс өөр онцгой гавьяа байхгүй гэж болно. Харин намын даргыгаа “тонгорсон”, “400 сая жуулчин хүлээж авна” гэж тэнгэрийн амлалт өгсөн, татвар төлөгчдийн дөрвөн тэрбум төгрөгийг жуулчдын цогцолбор барина гэж аваад “шавар амбаар” барьсан гэх асуудлуудаараа нэр муутай болсон. Гэвч одоо Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд болох гэж буй.

САЛБАР БҮРИЙГ “САМАРДАГ” БОАЖ-ЫН САЙД Д.САРАНГЭРЭЛ

Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх 2020 оны долдугаар сард шинэ Засгийн Газраа байгуулахдаа Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар оруулж ирсэн. Тэрбээр Эрүүл мэндийн сайд болсон эхний хоёр жилдээ эрүүл мэндийн салбарын хүн биш, “мэргэжлийн бус сайд” гэж цоллуулдаг байсан ч 2020 оны нэгдүгээр сард дэлхий нийтэд коронавирусийн цар тахал гарч,  өдөр бүр шахам коронавирустэй тэмцэгчийн дүрээр олны өмнө гарах болсон. “Сохорсон биш завшив” гэх үг Д.Сарангэрэл дээр л утгаа олсон гэж болно. Нэгэнт олон нийт түүнд “хайртай” болсон учраас 2020 оны долдугаар сард мөн л мэргэжлийн бус атлаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилдход нь хэн ч шүүмжлээгүй. Харамсалтай нь, Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайдаар ажиллах хугацаандаа өдөр бүр хэвлэлийн хурал хийж, тохиолдлын тоо зарладаг болсноор өөрөөр эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангах, халдвар нийтэд тархсан тохиолдолд хэрхэн ажиллах талаар гялтайх ажил юу ч хийгээгүй байсныг бид одоо ухаарч, хор хохирлыг нь амсаж байна. Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажилласан долоон сарын хугацаандаа ч ан амьтан, ой мод, ус ургамлыг хамгаалах чиглэлээр “пост” бичхээс өөр ажил хийгээгүй бөгөөд харин ч эсрэгээрээ түүний гаргасан тушаал, тусгай зөвшөөрлийн балгаар 10 аймгийн 63 сумын хушин ой хууль бус самарчдын хөлд талхлагдаж, мөхлийн ирмэгт тулаад байна. Ингээд харвал мэргэжлийн бус атлаа хоёр Засгийн Газар дамнан Эрүүл мэнд, Байгаль орчны салбарыг хариуцаж, гавьяа байгуулах биш гай тарьсан нь л их юм.

АЛБАН ТУШААЛ “АТГАЖ ТӨРСӨН” БХБ-ЫН САЙД Б.МӨНХБААТАР

Өнгөрсөн Засгийн Газрын “мэргэжлийн бус” сайдуудын нэг нь Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар байсан. Барилга хот байгуулалтын дэд сайдаар жил орчим ажилласныг эс тооцвол түүнд энд салбарын мэргэжил, ажлын туршлага байхгүй. Б.Мөнхбаатар 1998 оноос Монгол Ардын Намтай хувь заяагаа холбож, оюутны холбооны нарийн бичгийн дарга, тухайн үеийн МАХН-ын хорооны улс төрийн ажилтнаас ажлын гараагаа эхэлсэн бөгөөд өнгөрсөн 20 орчим жил Боловсролын яаманд газрын дарга, НЗДТГ-т хэлтсийн дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийгмийн хамгааллын яамны дэд сайд, “Оюу толгой”-н ТУЗ-ийн гишүүн, Барилга хот байгуулалтын дэд сайдыг албыг хашсан нэгэн. “Нам дагавал ам тосдоно” гэх үг Б.Мөнхбаатар дээр л жинхэнэ биелэлээ олсон гэхэд хилсдэхгүй. Гурван яам, нийслэл, дүүрэг, төрийн өмчит компани дамжин, дарга, орлогч, дэд сайд гэх бүхий л том албан тушаалуудыг хашиж, “дуусгасан” Б.Мөнхбаатарт нам нь дахин хайр ивээлээ хүртээсэн нь Барилга, хот байгуулалтын сайд гэх зөөлөн сэнтий байсан юм. Харамсалтай нь Б.Мөнхбаатар Барилга, хот байгуулалтын сайд болсноосоо хойш хамгийн “ажилгүй” сайд байсан гэж болно. Мөн хамгийн “нам гүм” яамаар Барилга, хот байгуулалтын яамыг нэрлэж болох юм. Барилга, хот байгуулалтын сайд асан Б.Мөнхбаатар “Ипотекийн найман хувийн зээлийг зургаан хувь болгоно” гэх ганц асуудлаар олны өмнө гарч ирснээр өөрөөр “хэлгүй” шахам байсан. Энэ хирээрээ хийж, хэрэгжүүлсэн ажил ч маруухан.

“ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ” УУХЗ-ИЙН САЙД Г.ЁНДОН

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Г.Ёндон уул уурхайн инженер-маркшейдер мэргэжилтэй, Монгол Улсын зөвлөх инженер. Тэрбээр “Монголросцветмет”ТӨҮГ-т 2002-2019 он хүртэл инженерээс орлогч захирал хүртлээ 17 жил ажилласан нэгэн. Энэ хугацаанд ганцхан жил завсарласан бөгөөд энэ үедээ уул уурхайн салбараас холдоогүй буюу 2017-2018 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газрын даргаар ажиллаж байсан. Чухамдаа уул уурхайн салбарт олон жил ажилласан, жинхэнэ мэргэжлийн сайдаар нэрлэгдэж байв. Гэвч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болсноосоо хойш долоон сарын хугацаанд салбартаа хэдэн уулзалт хийхээс өөрөөр гарт баригдаж, нүдэнд харагдах ажил хийхгүй, хойш суусаар огцорсон. Тэрбээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байх хугацаандаа хийсэн бүтээсэн ажлаараа сайшаагдаж бус хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төрөөр төлүүлж, түүнийгээ нууж байсан асуудлаараа шүүмжлүүлж л ганц удаа олны анхаарлын төвд орсон байдаг. Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Г.Ёндон “Монголросцветмет”ТӨҮГ-ын орлогч захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны есдүгээр сарын 4-нд хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөр болох 10.7 сая төгрөгийг “Монголросцветмет”ТӨҮГ-аар төлүүлсэн баримт нь ил болсон. Гэвч тэрбээр уг асуудалдаа уучлал гуйх бус харин ч өөрийгөө өмөөрч“Би өөрийгөө болохгүй зүйл хийсэн гэж бодохгүй байгаа” гэх тайлбар өгснөөр түүний карьер дууссан гэж болно. 

ХЭЛ АМАНД ӨРТСӨН СОЁЛЫН САЙД С.ЧУЛУУН

2020 оны УИХ-ын сонгуулийн үнэмлэхүй ялалтын үр дүнгээр байгуулагдсан У.Хүрэлсүхийн шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд Соёлын яам шинээр нэмэгдсэн нь олон нийтийн талархлыг хүлээсэн. 1990 оноос төрд хаягдаж, эзэнгүйдсэн соёл урлагийн салбар, дамаа соёлын өвүүдийг хамгаалах асуудлыг  хариуцах Соёлын яамыг шинээр байгуулсан нь нүдээ олсон шийдвэр байсан юм. Улмаар Соёлын сайдаар нь С.Чулууныг томилсон бөгөөд У.Хүрэлсүхийн шинэ Засгийн Газрын жинхэнэ мэргэжлийн сайдаар нэрлэгдэж байв. Тухайлбал, тэрбээр ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс ажлын гараагаа эхэлж, МУИС-д түүхийн багш, эрдэмтэн, ШУА-ын Түүхийн хүрээлэнгийн захирал, Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал зэрэг албан тушаалыг хашиж байсан юм.

Түүнчлэн шинээр томилогдсон бусад сайдууд нь өмнөх сайдынхаа өрөөнд ширээгээ тохижуулж байхад Соёлын сайд С.Чулууныг яамаа БСШУЯ-наас нүүлгэж, хуучин Лаос улсын  элчин сайдын яамны байрыг шинээр тохижуулан төвхнөх, газар хэлтсүүдээ эмхлэн байгуулах, стратеги, зорилго зорилтуудаа тодорхойлох ажлууд угтсан юм.

Соёлын сайд С.Чулуун соёл урлагийн үйлчилгээг ард түмэнд ойртуулж, соёлын байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр“Соёлын цаг” үндэсний аян, хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр “Хүүхдийн төлөө фонд” үндэсний аяны санаачлагыг гаргаж, орон даяар өрнүүлсэн нь олон нийтийн талархлыг хүлээсэн. Харин түүнийг Соёлын сайд болсноос хойш “Соёлын өвүүд болон бусад эрдэмтдийнхээ бүтээлийг худалддаг” гэх мэдээллүүд гарах болсон. Тэрбээр уг асуудал тухай бүрт нь хариулт өгч иржээ.

ОЛОН НИЙТИЙН ШҮҮМЖЛЭЛИЙГ ХҮРТСЭН УОК-ЫН ДАРГА Я.СОДБААТАР

2020 оны сонгуулиар УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар намынхаа “гал тогоо”-нд ажилласан. Түүний эхнэр, дүү гээд хамаарал бүхий этгээдүүд нь ЖДҮ-ээс зээл авсан гэх асуудалд холбогдсон учраас намын дарга У.Хүрэлсүх Я.Содбаатарыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлээгүй билээ. Үүнийхээ хариу болгож Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга гэх хариуцлагатай албан тушаалыг өгсөн байдаг. Түүний хувьд өнгөрсөн хэдэн сарын турш “Ковид-19” коронавирусийн халдвартай “тэмцэж” өнгөрүүлсэн гэхэд болно. Харамсалтай нь манай улс арваннэгдүгээр сард коронавирусийн халдварыг дотооддоо алдаж, хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн. Хэдийгээр Засгийн газар, УОК-оос шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байсан ч зохион байгуулалт, үр дүн муутай байсныг олон нийт хэлдэг. Мөн хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдлүүд удаа дараа гарсан билээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт дөнгөж төрсөн эхийг халдвартай хэмээн ХӨСҮТ-рүү тусгаарлахдаа халаад, углааштай нь өвлийн хүйтэнд гаргасан үйлдэл өнөөдрийн Засгийн газрыг огцроход хүргэсэн юм. Үүнд хариуцлага хүлээж УОК-ын дарга Я.Содбаатар хамгийн түрүүнд огцрох хүсэлтээ өгсөн билээ.

САЛБАРАА “БАЗАЖ” ЧАДААГҮЙ САЙД Т.МӨНХСАЙХАН

Энэ Засгийн газрын мэргэжлийн сайдуудын нэгээр нэрлэгддэг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан анх УОК-ын дарга Я.Содбаатартай хамт огцрох хүсэлтээ өгсөн. Учир нь түүний удирдаж байсан салбартай холбоотой гомдлууд өнгөрсөн хугацаанд тасраагүй. Мөн ямар ч цаг үед бэлэн байдалд ажиллах ёстой эмнэлэгүүд халдварын голомт болсон нь түүний ажилтай шууд холбоотой. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбар ямар ч бэлтгэл хийгээгүй байсан ч өнөөдрийн халдварын нөхцлөөс харж болно. Монголчуудын амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэгтэй ЭМЯ тэр дундаа энэ цаг үед хамгийн их хариуцлага хүлээж байгаа ХӨСҮТ нар хоорондоо “толхилцож” хамтарч ажиллаагүй нь олон нийтийн мэдээллийн сувгаар ил болсон. Нэг ёсондоо салбарын сайд нь харъяа газруудаа “базаж” ажиллаж чадаагүй билээ. Тиймээс хариуцлага хүлээж огцрох өргөдлөө өгсөн байдаг. Гэтэл зарим эмч, ажилчид салбарын сайдааа авч үлдэхээр жагсаал зохион байгуулсан билээ. Үүнийг яамнаас санаатайгаар зохион байгуулсан гэх яриа ч бий.

ГАР ЧАНГА” -ТАЙ САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар У.Хүрэлсүхийн Засгийн газрын давхар дээлтэй сайд нарын нэг. Хэд хэдэн удаа УИХ-д сонгогдож, яам толгойлж явсан. Ирэх оны төсөв хэлэлцэх үеэр алдагдалтай төсөв батлуулсан, иргэдээ вакцинд хамруулах мөнгийг төсөвт суулгаагүй, цар тахлын үед үр ашиггүй зардал их гаргасан гэх шүүмжлэлийг дагуулж байсан. Иргэд, аж ахуйн нэгжээ дэмжиж бэлэн мөнгө тараах эсвэл бага хүүтэй зээл олгох зэрэг саналуудыг удаа дараа буцааж “төсөв мөнгөгүй” гэх шалтгаануудыг хэлж байв.

ХУУЛИЙН ХУЛГАЙ ХИЙСЭН ХЭМЭЭН ШҮҮМЖЛҮҮЛСЭН ХУУЛЬ ЗҮЙН САЙД Х.НЯМБААТАР

Хууль зүйн сайд Х.Нямбаатар 2016 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа. Тэрбээр 2019-2020 оны хооронд Хууль зүйн байнгын хорооны даргаар ажилласан бол 2020 онд У.Хүрэлсүхийн Засгийн газарт Хууль зүйн сайдын албан тушаалд томилогдсон давхар дээлтэй сайд нарын нэг юм.

У.Хүрэлсүхийн Засгийн газарт хамгийн хэл ам таталсан сайдаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар нэрлэгддэг. Жүжигчин Д.Навчааг өөрийг нь гүтгэсэн хэмээн үзэж шүүхэд өгсөн гэх асуудал нь олны анхаарлын төвд орж, багагүй шуугиан тарьсан билээ. Мөн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар сэтгүүлзүйн хэвлэн нийтлэх эрх чөлөөг боох, иргэдийн үзэл бодлыг хязгаарлах хуулийн заалт оруулж ирсэн нь олон нийтийн бухимдлыг төрүүлсэн. Улмаар иргэд болон хэвлэл мэдээллийн ажилтнууд эсэргүүцсэнээр Хууль зүйн яам хуулийн төслөө татаж авсан байдаг. Мөн 2017 онд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан заалтаа 2020 онд засах гэж Журмын тухай хууль баталсан нь бүр ч дордож Үндсэн хуулийн цэц дээр асуудал үүссэн билээ. Зарим гишүүд түүнийг “хуулийн хулгай” хийсэн хэмээн шүүмжилсэн юм.

ХАЛАМЖГҮЙ САЙД А.АРИУНЗАЯА

А.Ариунзаяа нь 2015 оноос хойш Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж, У.Хүрэлсүх УИХ-ын ээлжит сонгуулийн дараа шинээр танхимаа бүрдүүлэх үед Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон. Тэрбээр Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд П.Жасрайн зээ охин хэмээн олонд өөрийгөө сурталчлан таниулсан нэгэн.

Тэрбээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон даруйдаа албан хаагчдаа яамны тамгатай төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн нь олны дургүйцлийг хүргэсэн. Бүхэл бүтэн бодлогын яам хариуцан ажиллах ёстой сайд нь төрийн тамгыг үнэгүйдүүлсэн үйлдлийг нь олон нийт анхааралдаа авч, “Мэргэжлийн Засгийн газар бүрдсэн нь үнэн үү” гэж ам асуухад хүргэж байв. Олон нийтэд тулгарсан хамгийн чухал асуудлыг хариуцдаг яамны сайдаар томилогдсоноос хойш халамж, хамгааллын чиглэлээр дорвитой ажил хийсэнгүй. Өмнө нь салбар яамны сайдаар ажиллаж байсан С.Чинзориг гишүүнээс хэд хэдэн удаа шүүмжлэл хүртэж, чуулганы хуралдаанд “Салбарын асуудлаа мэдэхгүй байна” гэх үгийг ч гишүүд хэлж буй харагддаг. Мөн цар тахлын үед Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцүүлж, УИХ-ын Ц.Мөнх-Оргил “Өөрөө боловсруулаагүй, судалгаагүй хуулийн төсөл оруулж ирлээ” гэж зэмлэж байв.

“КОРОНАГИЙН ГОЛОМТ” ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нь төмөр замын  салбарт үйлчлэгчээс нь эхлээд сайдын албанд томилогдох хүртлээ хар бор ажлыг нь хийсэн мэргэжлийн хүн гэгддэг. Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсоноос хойш сүүлийн хэдэн жил шүүмжлэл дагуулсан Дарханы замын асуудалд анхаарал хандуулсан. Цар тахлын нөлөөгөөр хойшлуулаад байсан замын ажлыг “Цаашид үргэлжлүүлнэ” гэдгээ мэдэгдэж дуусгаагүй замыг нээсэн нь олны шүүмжлэлд өртөөд буй. Коронавирусийн халдвар төмөр зам даган дотоодод тархах болсон нь салбарын сайдын хариуцан ажиллах гол асуудал байв. Дархан хотод төмөр замчдын баяр тэмдэглэснээр халдвар тархах нөхцөл бүрдсэн гэх мэдээлэл ч гарсан. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Төмөр замын баярын үйл ажиллагаанд Орос Улсаас зочид төлөөлөгчид ирсэн” хэмээн мэдэгдсэн билээ. Харин Л.Халтар сайд үүнийг эрс эсэргүүцэж, “Төмөр замын баяраар нэг ч Орос хүн ирээгүй. Би баталгааг нь гаргаж өгнө” гэх тайлбарыг өгсөн. Гэвч тухайн үед болсон баярын үйл ажиллагаанд оролцсон Орос иргэдийн нэр хэвлэлээр ил болоод буй.

ЕРӨНХИЙ САЙДЫНХАА ШИЙДВЭРЭЭС ЗӨРДӨГ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХ

Төрөөс цахилгааны үнийг хөнгөлөх шийдвэр гаргаснаар Эрчим хүчний сайд хэн болох нь олон нийтэд ил болсон гэхэд хилсдэхгүй. Шинэ Засгийн газрын сайд нарын олонх нь давхар дээлгүй, олонд танигдаж амжаагүй хүмүүс байв. Үүний нэг нь Эрчим хүчний сайд Н.Тавинбэх.  Тэрбээр Техникийн их сургуулийг 1995 онд цахилгааны инженер мэргэжлээр дүүргэжээ. Эрчим хүчний сайдаар ажилласнаас хойш хийсэн томоохон ажил нь цахилгааны үнийг Төрөөс даах шийдвэр байв. Харамсалтай нь, гаргасан шийдвэр нь судалгаа тооцоололгүйгээс болж, цахилгаан станцуудад хэт ачаалал үүсэж, цахилгаан дамжуулах трансформаторууд ч шатсан. Ингээд гаргасан шийдвэр нь эргэж буцсан хариуцлагагүй сайдаар нэрлэгдээд буй. Тэрбүү хэл Ерөнхий сайд Цахилгааны үнийг тэглэж байна гэх мэдэгдэл хийчихсэн атал “Төрөөс цахилгааны үнийг тэглэх тухай огт яриагүй” хэмээн Засгийн газрын газрын гаргасан шийдвэрийг үгүйсгэж байсан удаатай.

ШИЙДВЭРГҮЙ САЙД Л.ЦЭДЭВСҮРЭН

У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нараас хамгийн их шүүмжлэлд өртсөн сайд нарын нэг нь Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн. Тэрбээр Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа салбарын сайд нэр дэвшин, сонгогдон ажилласан. Цар тахлын нөхцөл байдлын үед хамгийн хариуцлагатай ажиллах яам нь яалтчгүй Боловсрол шинжлэх ухааны яам байв. Гэтэл сайдынх нь шийдвэргүй байдал нь олон нийтийг бухимдуулсан юм. Хамгийн сүүлд гэхэд л хөл хорионы үед сурагчдад давтлага өгч болох тухай тушаал гаргаж, олны дургүйцлийг хүргэсэн. Ингээд олны эсэргүүцэлтэй нүүр тулахын цагт гаргасан шийдвэрээ мөн л гаргасан шийдвэрээ цуцлав. Коронавирусийн амаргүй нөхцөл байдалд байгаа ч салбар удирдсан сайд нь дорвитой шийд гаргахгүй байсаар энэ салбар уналтад орох нь. Сурагчдын хичээлийг танхимаар хичээллүүлэх эсэхэд эргэлзсээр сайдын суудлаа өгөх бололтой. Сайдаар томилогдсоноос хойш боловсролын салбарын шинэчлэлийн асуудал, хэл бичгийн дархлаа зэрэг олон асуудал хөндөгдсөн ч нөлөө бүхий шийдвэр гаргасангүй.

МЭДЛЭГГҮЙ САЙД З.МЭНДСАЙХАН

Шинэ Засгийн газрын сайд нарын танилцуулга дээр л Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Мэндсайхан бүдэрсэн. Засгийн газрын сайд нар Ерөнхийлөгчтэй уулзах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга түүнээс “Монгол Улсын жилийн хүнсний импортын үнийн дүнг мэдэж байна уу” хэмээн асуухад З.Мэндсайхан “Ерөнхий импортын харьцаагаа мэдэж байгаа. Үнийн дүнгийн мэдээлэл сайн аваагүй байна” хэмээн хариулаад Ерөнхийлөгчид шүүмжлүүлсэн удаатай. Түүнчлэн нийслэлд хөл хорио тогтоож, олон хүн бөөгнөрүүлэхийг хориглосон үед З.Мэндсайхан нөөцийн мах тарааж, УОК-оос гаргасан шийдвэрийг үнэгүйдүүлсэн. Зудын эрсдэлтэй аймгуудад үнэгүй өвс, хөнгөлөлттэй үнээр тэжээл тарааж байгаа ч үнэгүй өвс, тэжээл нь чанарын шаардлага хангахгүй байгааг малчид хэлж байна. Түүнчлэн салбарын үйл ажиллагааг сурталчилсан ярилцлага хэвлэлд өгөх үеэр тэрбээр “Салбарт ирээд анзаарсан зүйл бол салбарын дунд ба урт хугацааны хөгжлийн бодлогын тодорхой баримт бичиг байгаагүй. Тийм учраас салбарын дунд хугацааны бодлого боловсруулахаас ажлаа эхэлсэн” хэмээн салбарынхаа үйл ажиллагаа болон өмнөх сайд нарынхаа ажлыг тэр чигт нь үгүйсгэж байсан билээ.

ГАДААДАД ГАЦСАН ИРГЭДЭЭ ОРХИСОН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Н.ЭНХТАЙВАН

2016-2020 онд УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан Н.Энхтайван 2020 онд Гадаад харилцааны сайдаар томилогдсон юм. “Гадаад харилцааны яам улс төрөөс ангид ажиллана” гэдгээ мэдэгдэж байсан тэрбээр өнгөрсөн хугацаанд гадаадад гацсан монголчуудаа эх оронд нь авчрах ажлыг зохион байгуулсан. Ингэхдээ мөн л учир дутагдалтай ажилласан байдаг. Арваннэгдүгээр сараас хойш гадаадад байгаа иргэдээ татан авах ажлыг шинэ он гартал хийгээгүй. Үүний улмаас эх орондоо очих өдрөө хүлээж байсан хэд хэдэн иргэн нас барсан юм. Гадаад харилцааны яам, УОК-ынхон “тусгаарлаах байр байхгүй ” гэх шалтгаанаар хүний нутагт ажилгүй, амьдрах байргүй болсон иргэдээ татаж аваагүй.

Тиймээс иргэд нь хүний нутагт жагсаал цуглаан цаашлаад өлсгөлөн хүртэл зохион байгуулсан билээ. Харин энэ талаар Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өнгөрсөн хугацаанд ганц ч удаа тайлбар хийгээгүй билээ.

 

У.ХҮРЭЛСҮХИЙН ТАНХИМЫН ТАНИГДАЖ АМЖААГҮЙ САЙД Г.САЙХАНБАЯР

У.Хүрэлсүхийн Засгийн газрын танигдаж амжаагүй сайд нарын нэгээр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг нэрлэж байна. Бригадын генерал Г.Сайханбаяр нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй Ерөнхий цэргийн сургуульд хамт сурч байжээ. 2017 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсаны дараа Г.Сайханбаяр ТЕГ-ын даргаар томилогдох талаар яригдаж байв. Тэрээр батлан хамгаалах, улс орны аюулгүй байдлыг хангахтай холбоотой хуулиудыг боловсронгуй болгож, шинэчлэх ажлыг гардан гүйцэтгэсэн гэдгээрээ салбартаа үнэлэгддэг мэргэжилтэн юм. Нийслэлд төрж, өссөн тэрбээр Архангай аймгийн Жаргалант сумын уугуул, удам дамжсан цэргийн гэр бүлээс гаралтай. 

 

 

 

 

 


У.ХҮРЭЛСҮХИЙН сайд нар ГАЙ тарьсан уу, ГАВЬЯА байгуулсан уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-25 14:44:21
    Tsedevsureng zailuul: Hamgiin muu n tsedevsuren avgai. Hurdan Zailuul
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-25 14:33:37
    Khulan: Сайн ажилласан байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-25 14:32:09
    Saruul: Soeliin salbart hugjil avchirjee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-25 11:40:33
    бид : МӨНХСАЙХАНаас бусдыг нь хараачгүй шүү дээ ийм олон СААД нар байсан юм уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-25 08:43:32
    Эмээ: Хэрүүлч, өөлөгч, хорлогч нар тамын тогооны үлгэрийг үргэлжлүүлж байна. Эрүүл мэндийн салбарт бугшсан идээ бээрийг шахаж эхоэсэн эрүүл мэндийн сайдад эмгэн би талархаад ч барахгүй. Хөнгөлөлттэй эм гэж хүнийг 2 өдөр үүрээс эхлэн дугаарлаж бухимддаг , авч чадахгүй дуусчихдаг, хүссэн эмнэлэгээрээ даатгалаа ашиглаад эмчлүүлчих боломж хаалттай байсныг 6 хан сар ажиллахдаа шийдвэрлээд өгчихсөн. Халдвартын эмнэлэг арай дэндчихсэнийг шүүмжилж Нямхүүг ажлаа өгтөл нь шахаж үүрэг даалгавар өгөхөд үхэр монгол зангаараа хүмүүс өмөөрөөд өөрчлүүлэхгүй Нямхүү нь сайдтайгаа маргаад үлдсэн биздээ. Гэтэл нөгөө л зангаараа Нямхүү л аллааны суурь болоод лай болсон. Юм хийх гэсэн хүнийг нийлж мэрээд унагааж таашаал авдаг заваан монгол зангаасаа салдаггүй учир бид хөгждөггүй, дээшилдэггүй. Өөрөө амнаас нь бусад нь ажилладаггүй хүмүүс вирус шиг үржиж байна. Шинжилгээ өгөөгүйгээ хотруу орох гээд ирж хүоээж байгаад амь насаа алдчихаад хүнийг л буруутгана. Хөдөөнөөс шинжилгээгээ хийлгээд ирж болно шүү дээ. Цар тахлын үед шинжилгээгүй хүн оруулаагүй нь зөв. 4 төрсөн ээж 6 цагийн өмнө шилжиихээ мэдээддулаан хувцасны талаар ар гэр нь ч өөрөө ч дуугараагүй. Цагдаа эмч нар нүцгэн чирээд гараагүй биздээ? Одоо удахгүй ОО ийн цаас гарт бариулаагүй гээд хэн нэг нь гомдоллох уу? Энийг чинь аль сайд хариуцах бол. Энэ бүхэнд дүгнэлт хийж байж хүн шүүмжлэе. Ажил хийж бөйхад алдаа гарахгүй гэж огт байхгүй. Ялангуяа залхуу, заваан, удирдах удирдуулах ёс мэддэггүй, хүн мэрж таашаал авлаг монгол занг залж ажиллуулах хэцүү. Одоо монгол хүний ёс суртахуунтай л илүү ажиллах хэрэгтэй болжээ. Хүрэлсүхийн сайд нараас боловсролын сайдбг би тааруу ажилласан хүн гэж дүгнэж байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-24 18:30:37
    Зочин: Сайдууд юу хийснийг тодорхой бичжээ. Ажил сайн хийсэнг нь авч үлдэх нь үү. Араа сайн яриулсан нь үлдэх нь үү. Харцгаая.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-24 18:30:37
    Зочин: Сайдууд юу хийснийг тодорхой бичжээ. Ажил сайн хийсэнг нь авч үлдэх нь үү. Араа сайн яриулсан нь үлдэх нь үү. Харцгаая.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-24 18:30:35
    Зочин: Сайдууд юу хийснийг тодорхой бичжээ. Ажил сайн хийсэнг нь авч үлдэх нь үү. Араа сайн яриулсан нь үлдэх нь үү. Харцгаая.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-24 18:16:39
    pp: gai gai
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188