• Өнөөдөр 2024-05-04

Монголын шүүх, прокурор Н.Номтойбаярыг гарцаагүй яллах шалтгаан олохгүй байгаа гэв үү

2021-01-21,   2134

     Өнгөрсөн оны есдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баян-Өлгий аймгийн Өлгий суманд ажиллаж, аймагтаа төдийгүй үндэсний хэмжээнд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг “Азат халал” махны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж байлаа. Тус үйлдвэр олон улсын стандартын шаардлага хангасан халал аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүнийг дотоодын хэрэгцээнд нийлүүлээд зогсохгүй, урд, хойд хоёр хөрш болон Вьетнам улс руу бүтээгдэхүүнээ экспортлох ажлыг эхлүүлж байгаагаа хэлж байв. Гол нь тус үйлдвэр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 200 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгээр хөл дээрээ босож, гадаад зах зээлд өрсөлдөх боломжтой болсноо, төр нь аж ахуйн нэгжүүдээ дэмжиж байгаад талархаж буйгаа төрийн тэргүүнд илэрхийлж  байсан. 
 
        Энд төрийн тэргүүний орон нутгийн томилолтын тухай, эсвэл монголын мах боловсруулах үйлдвэрүүд, махны экспортын тухай ярих гэсэнгүй. Харин манай улсын төрийн тэргүүн өөрийн биеэр очиж танилцаж, экспортод нь амжилт хүссэн дээрх “Азат халал” махны үйлдвэрт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг олгосон ХНХ-ын сайд асан Н.Номтойбаяр одоо таван жилийн хорих ялтай хоригдол нэр зүүгээд төмөр торны цаана сууж байгааг л ярих гэсэн юм. Н.Номтойбаярт гав зүүлгэсэн эл хэргийг эргэн сануулвал, 2017 онд тухайн үеийн ХНХ-ын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга Н.Номтойбаяр зөвлөлийн гишүүдтэйгээ хэлэлцэж, хамтын шийдвэрээр Хөдөлмөр  эрхлэлтийн дэмжих сангаас 29 аж ахуйн нэгжид 3,9 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон байдаг. Гэтэл 2019 оны арваннэгдүгээр сард ЦЕГ, АТГ, Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаярыг “29 аж ахуйн нэгжид давуу байдал бий болгож, улсад 3,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан” гэж яллагдагчаар татсан байдаг. Тэгвэл эндээс Н.Номтойбаяр үнэхээр гав зүүх буруутан мөн, бишийг хөвөрдөж үзье. Гэхдээ маш энгийнээр буюу эхэнд дурьдсан “Азат халал” махны үйлдвэрээс огцоог хайх нь зөв.  
 
Нэгдүгээрт, Санхүүгийн дэмжлэг авсан “Азат халал” махны үйлдвэр амжилттай ажиллаж, төрийн дэмжлэгээр дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой болсондоо талархан ярьж байхад санхүүгийн дэмжлэг олгосон хүн нь “Албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу тал олгох байдлаар аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг олгосон” гэх хэргээр ял эдэлж байгаа нь ямар ч логикгүй байгаа юм. Үнэхээр л Н.Номтойбаяр албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу тал олгох замаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг олгосон юм бол дээрх “Азат халал” махны үйлдвэрт төрийн тэргүүн биш Эрүүгийн мөрдөгчид, АТГ-ынхан очих байсан биз дээ. 
 
Хоёрдугаарт, “Азат халал” махны үйлдвэртэй хамт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нийт 3,9 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг авсан 29 аж ахуйн нэгж цөм “Улс төрийн хоригдол” Н.Номтойбаярын “хамаарал бүхий этгээд”-үүд болж таарах ёстой болно. Өөрөөр хэлбэл, тэдгээр 29 аж ахуйн нэгж Н.Номтойбаяраар өөрсөддөө давуу тал бий болгуулж, санхүүгийн дэмжлэг авсан юм бол авсан мөнгөө захиран зарцуулах, үйл ажиллагаа явуулах нь ч хууль бус болж таарна. Авлига өгсөн, авсан нь аль аль нь буруутай байдаг шиг. 
 
Гуравдугаарт, 2017 онд тухайн үеийн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга Н.Номтойбаяртай хамт дээрх 29 аж ахуйн нэгжид 3,9 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгох хамтын шийдвэр гаргасан Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлээс бүрдсэн зөвлөлийн гишүүд ч төмөр торны цаана суух болно биз дээ. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл нь Засгийн газар, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэл гэх гурван талаас тус бүр гурван хүн буюу нийт есөн гишүүнээс бүрддэг. Дарга, гишүүн байхаас үл хамаарч шийдвэрт ижил тэгш оролцох хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл Н.Номтойбаяр тус зөвлөлийн дарга байсан ч дур мэдэн шийдвэр гаргах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгийг дур мэдэн захиран зарцуулах эрх, тийм боломж ч байхгүй гэсэн үг. 
 

Ингээд харвал дээрх 29 аж ахуйн нэгж ч, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн гишүүд хэн ч буруутгагдаагүй. Ганцхан Н.Номтойбаяр л “Албан тушаалаараа урвуулан ашиглаж, бусдад давуу тал олгох байдлаар санхүүгийн дэмжлэг олгож улсыг 3,9 тэрбум төгрөгөөр хохироосон” гэх хэргээр хоригдол болчхоод буй юм. Эндээс Н.Номтойбаярт “тохсон” хэрэг хуулиас гадуур буюу их өндрөөс шидсэн чулуу гэдэг нь харагдаж байгаа юм. 

 
Түүнчлэн, ХНХ-ын сайд асан Н.Номтойбаярыг яллахын тулд Монголын шүүх, прокурор хэт улайрч, буруутгах шалтгаанаа арга ядсан байдлаар бий болгож байгааг ард түмэн чимээгүй харсаар л байгаа. Тухайлбал, СЕХ-ноос 2020 оны УИХ-ын сонгуульд түүнийг нэр дэвшигчээр зарласан байх үед нь хорисоор байсан, цаашлаад өмгөөлөгчгүй шүүх хуралд оруулсан, шүүгчээсээ татгалзах хүсэлт гаргахад нь хүлээж аваагүй, Н.Номтойбаярыг “3,9 тэрбумын хэрэг”-т гарцаагүй буруутгах нотлох баримт байгаагүй гэх мэтээр хууль шүүхийн байгууллага нь өөрөө хуулиа уландаа гишгэлж буй. Энэ мэтээр “Улс төрийн хоригдол” гэх Н.Номтойбаярын хэргийг хөвөрдөөд үзэхээр Монголын шүүгч, прокуроруудын хуулийн ойлголт мэдлэг, ур чадварыг чамлаж, үнэн шударга ажилладаг гэдэгт нь эргэлзэж, ардчилсан улсад амьдарч байгаагаа гэдэгтээ итгэл алдарч байх шиг. 
 
 
 

Монголын шүүх, прокурор Н.Номтойбаярыг гарцаагүй яллах шалтгаан олохгүй байгаа гэв үү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-21 23:29:52
    Зочин: Хонзонт хүн нь шаварт өөрийгээ унага лаа даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-21 18:34:07
    Цэцэг: Номтойбаярыг бусад авилагч нарыг бодуул арай гайгүй гэж бодоод ялыг нь хөнгөлөх тухай байсан .Гэтэл далимдуулаад хулгайч нар ажиллаад ихэллээ .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-21 18:22:04
    Шүүгчдээ: Хүүүк огцорсон шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-21 18:09:28
    zochin: Nomtoibayariin heregt hohirogch baihgui, anhnaasaa tsagdaa daramtalsan geh undesleleer barimchilsan. Ene zahialgat uls toriin togloom bolood, zahialsan hun ni ooroo ogtsorch bgaa yum bish uu
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188