Монголд усан цахилгаан станц барих ажил ЗХУ-ын үеэс л яригдаж, олон жил болсон ч цаасан дээр бичигдсэн төсөл хэвээрээ байна. Манай улсын сэргээгдэх эрчим хүчний гол эх үүсвэрийг бүрдүүлэх Эгийн голын усан цахилгаан станцын ажил ТЭЗҮ боловсруулахаас хэтрэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ.
2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө эрх баригч нам “Эрчим хүчний нэгдсэн системийн цахилгааны ачааллын хэлбэлзлийг тохируулж, хэвийн найдвартай ажиллагааг хангах тохируулгын эх үүсвэр бий болгох зорилтын хүрээнд Эгийн голын 315 мВт-ын хүчин чадал бүхий усан цахилгаан станцын ажлыг эхлүүлнэ” гэж тусгасан байдаг. Тэдний амласнаар энэ төсөл биеллээ олчихсон байсан бол саяхан Засгийн газраас гаргасан цахилгааны үнийн хөнгөлөх шийдвэрт мөн ч их дэмжлэг үзүүлэхээр байв. “Цахилгааны үнийг төр даана” гэж мэдэгдсэн даруйд манай улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдэж, цахилгаан станцууд эхнээсээ шатаж эхлэв. Ингээд тооцоололгүй гаргасан шийдвэрээ даруй буцааж, цахилгааны хэрэглээнд хязгаарлалт тогтоон өмнө жилийнхээс илүү хэрэглэсэн бол хэрэглэгч өөрөө төлбөрөө даана” гэх шийдвэр гарсан. Учир мэдэх хүмүүс “Хэрэв зээ Эгийн голын усан цахилгаан станц ашиглалтад орчихсон байсан бол ийм багахан хэмжээний ачааллыг тоохгүй өнгөрөөх байлаа” хэмээж байна.
Анх 1964-1965 онд манайд усан цахилгаан станц барихаар 28 орчим цэгт судалгаа хийхэд Эгийн гол, Сэлэнгэ мөрний бэлчир орчимд сэргээгдэх эрчим хүчний станц барих боломжтой гэх судалгаа гарсан гэдэг. Ингээд 1975 онд Төв хорооны хурлаар усан цахилгаан станц барих шийдвэр гарсан хэдий ч тухайн үеийн ЗХУ-ын шийдвэрээр энэ ажлыг түр хойшлуулсан байна. Үүнээс хойш 1991 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 5.2 их наяд төгрөгийн өртөгтэй Эгийн голын усан цахилгаан станцын ТЭЗҮ-г боловсруулах ажлыг эхлүүлж байжээ.
(5).jpg)
Тухайн үед Швецарийн компани уг ажлыг эхлүүлсэн гэдэг. Гэвч энэ ажил тодорхой шалтгааны улмаас хойшилж, хэсэгтээ зогссон юм. Хожим 2006 онд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл болох 300 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр цахилгаан станц барих ажлыг дахин эхлүүлж, тендерт “Синемач Каф” гэх компани шалгарсан байна. Ингээд ажлаа эхлүүлэх гэж байсан ч Засгийн газар солигдож, “Эдийн засгийн үр ашиггүй. Дээр нь цахилгаан станц барих газарт түүх дурсгалын олон булш, бунхан бий. Мөн Байгал нуурын эко системтэй холбоотой асуудал” гэх шалтгаанаар энэ ажлыг дахин зогсоож байжээ.
Хамгийн сүүлд 2013 онд Эгийн голын усан цахилгаан станцыг барих нь зүйтэй гэсэн байр сууринд Н.Алтанхуягийн Засгийн газар санал нэгдэн өнөөдрийг хүртэл ТЭЗҮ боловсруулах ажил төдийхнөөр үргэлжилж байна. Тухайн үедээ БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр уг ажлыг дахин эхлүүлсэн. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл бүтээн байгуулалт гээд хэлчих нэг ч ажил хийгдсэнгүй. Цаасан дээр бичигдсэн төслийг ажил хэрэг болгодог байсан бол өдийд манай улс ОХУ-аас эрчим хүчээ импортлохооргүй байлаа. МАН-ын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт Эгийн голын усан цахилгаан станцыг ашиглалтад оруулна гэж тусгасан ч мөн л нэр төдийнхнөөр үлдэх вий.
ЭГИЙН ГОЛЫН усан цахилгаан станцыг ашиглалтад оруулчихсан бол өдийд л ашиг нь гарах байлаа |
|