• Өнөөдөр 2025-03-15

С.Эрдэнэ, Ц.Туваан нарын толхилцол АН-ыг юунд хүргэх бол

-БИЕ БИЕЭСЭЭ УРВАХ САНАЛ ХЭР ҮНЭТЭЙ БАЙСАН БЭ-

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ сүүлийн сар орчмын хугацаанд хууль ёсоор хүлээлгэж өгсөн намаа эргүүлж авахаар хөлөө хүрэх газраа хүртэл гүйж буй.
 
Түүнийг ийн гүйлгэсэн хүн нь цагтаа журамт, итгэлт, салшгүйгээр нь дуудаж асан Ц.Туваан. Монголын лидер асан намын даргын эрхийг түр орлон гүйцэтгэж байсан Ц.Тувааны үйлдлүүд С.Эрдэнэ тэргүүтэй ардчиллын алтан хараацайнуудад таалагдаагүй учир “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг юм” хэмээн муйхарлаж буй ч Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулиудын хүрээнд бол өнөөдөр ч АН Ц.Тувааны мэдэлд бий. Хэдийгээр С.Эрдэнэ “Бид намынхаа тамга, тэмдгийг шинээр хийж, баталгаажуулж авлаа. Ц.Тувааныг намын даргын түр орлон гүйцэтгэгчээс буулгалаа. Намаасаа бүр хөөлөө” гэх мэтээр хаа сайгүй орилж яваа ч хууль л бол хууль. Үүнийг тэр мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч мэдээгүй царай гарган, ширэн нүүрлэж буйд нь учир бий.
 

Тодруулбал, түүнийг УИХ-ын сонгуулийн өмнө халамжийн мөнгөтэй холбоотой тэргүүтэй хэд хэдэн хэргээр АТГ, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар гэх мэт хуулийн байгууллагууд чөлөө завгүй шалгаж байсан ч өдгөө намжаад буй. Энэ талаар нь зарим хэвлэлээр “С.Эрдэнэ УИХ-ын сонгуулийн үеэр л МАН-тай тохиролцчихсон шүү дээ. Өөрт нь болон эргэн тойрныхондоо хамаарах хэргүүдийг нам дарах, аль болох хөөн хэлэлцэх хугацаа дуусах хүртэл нь царцаах гэх мэт тохироо хийсэн сураг дуулдсан. Энэ хүрээндээ Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх даалгавараа биелүүлж байгаа л хэрэг. Түүнээс Ардчилсан намыг тэр мянган удаа авсан ч сэхээж хүчрэхгүйгээ мэдэж байгаа” хэмээсэн байдаг. Болж буй үйл явц, хийж буй түрэмгийлэл, хэт яарч, сандраад байгаагаас нь харвал дээрх мэдээлэл үнэний ортой байхыг үгүйсгэх аргагүй.

Нөгөө талаар цөөнгүй жил түүний сайн дүү байсан Ц.Тувааныг хагас жил хүрэхгүй хугацаанд ахыгаа хөсөр хаячих муу эр биш гэдгийг ойр тойрныхон нь хэлдэг. Ингэхдээ бүр “Ц.Туваан анхнаасаа МоАН-ын хүн гэдгийг С.Эрдэнэ мэдэж л байсан. Намын даргын эрх мэдлийг түүнд өгвөл юу болохыг мөн гадарласан л байж таараа. Тэгсэн атлаа С.Эрдэнэ хууртагдсан, араараа тавиулсан мэт жүжиглээд байгаа нь инээдтэй. Гэхдээ Ц.Туваанд С.Эрдэнийг ингэх тусам нь шөргөөцөлдөх шалтгаан байгаа” гэв. Уг шалтгааныг “Ц.Туваан ч С.Эрдэнийг ингэж аашлахыг нь гадарлаж байсан. Тийм ч учраас намын байраа сольж, төрхөмдөө ирсэн гэхэд болно.
 
МоАН-ын хүн МоАН-даа буцахад хэн ч гайхахгүй. Гэхдээ тэр ингэж ирэхдээ С.Эрдэнээс бүр мөсөн нүүр буруулахаас аргагүй сонголт бүхий тохироон дээр ирсэн гэсэн. АН-ыг бусад фракцаас салгах нь түүний багийн үүрэг гэж дуулдсан” гэв.
 
Гэхдээ Ц.Туваанд өдгөө нэг давуу тал бий. Намын залуу гишүүдийн олонх нь түүний удирдлага дор байгаа. Учир нь, С.Эрдэнэ УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийнхээ дунд 100 сая төгрөгийн дэнчин тавьж, залуу гишүүдээр тогтохгүй, намын зарим лидерээ ч гомдоосон. Энэ нь Ц.Туваанд ашигтайгаар эргэсэн гэхэд болно. 
 
Өөрөөр хэлбэл, ахиж сэхэх найдвар нь өдөр ирэх тусам бөхөж буй АН-ынхан намаа босгох бус, өөрсдийгөө болгох, бөөцийлөх тохироочид болоод удаж буйг дээрх хоёрын үйл явдал бэлхнээ гэрчилж байна гэлтэй.  Гэхдээ ах нь дүүгээсээ, дүү нь ахаасаа урвах санал хэр үнэтэй байсан бол?
 

С.Эрдэнэ, Ц.Туваан нарын толхилцол АН-ыг юунд хүргэх бол
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-15 11:42:20
    Kj: Hogiin nalnuud tsugtaa dald orooch . AN g shalnii alchuur bolgolool doo
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188