-ЭНГИЙН ИРГЭД ШИЙТГҮҮЛЭЭД, ЭРХ МЭДЭЛТНҮҮД БУЛТАЖ ҮЛДДЭГ БАЙМААРГҮЙ БАЙНА-
Коронавирусийн халдвар гарсантай холбоотой төр, засгийн үйл ажиллагаа улам хаалттай, мэдээллийн нэг урсгалтай болсон. Гэтэл энэ хаагдмал байдлыг ашиглан УОК-ынхон эрх мэдэл бүхий албан тушаалтнуудад тал зассаар бүр утгаа алдлаа. Иргэд төрөөс гаргасан шийдвэрийг хүндэтгэн дагаж мөрдөж байхад тэд зальжин арга хэрэглэж, худлаа ярьж, тусгай үүргийн нислэгийг ард түмнээ авчрах биш, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд тэргүүтэй хүмүүсийг зөөхөд ашигласаар байна.
Тодруулбал, өнгөрсөн лхагва гарагт Улаанбаатар-Сөүл чиглэл тусгай үүргийн онгоц Улаанбаатараас ниссэн. Энэ нислэгээр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд болон ЭСЯ-нд ажилладаг, ажиллаж байгаад хугацаа нь дуусгавар болж эх орондоо буцаж буй 28 хүнийг тээвэрлэж, Сөүлд хүргэсэн гэх мэдээллийг албаныхан хэлээд буй. Харин буцахдаа “Эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэнэ” хэмээгээд БНСУ-аас эх орондоо ирэх хүсэлт гарган, өдөр шөнөгүй хариу хүлээн харуулдаж, онгоцны буудал дээр хонон өнжин хүлээж суугаа иргэдээ үлдээгээд нааш хөдөлсөн байдаг. Гэвч энэ онгоцоор өндөр дээд албан тушаалтнууд, тэдний ойрын хамаарал бүхий 38 хүн ирсэн нь олонд ил болсон. Эдгээр хүний нэг нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд гэх мэдээлэл байгаа юм.
Жил орчим хугацаанд тусгай үүргийн онгоцоор ирэх гэж хэд хэдэн удаа хүсэлт гаргаад, ирж чадахгүй байгаа иргэдээ үлдээж, “Нэг ч хүн тээвэрлэхгүй” гэх худлаа мэдээлэл түгээчихээд өндөр дээд албан тушаалтнууд өөрсдөө ирсэн нь маргаан дагуулаад байна. Эхэндээ тэд "Тусгай үүргийн нислэгээр хүн тээвэрлээгүй" хэмээж байснаа үнэнд гүйцэгдсэн юм. Тодруулбал, бид УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяраас энэ талаар лавлахад “Ачаа тээврийн онгоцоор хүн тээвэрлэх ёсгүй. Энэ тусгай үүргийн нислэгээр хүн ирсэн эсэхийг би мэдэхгүй байна. Одоохондоо мэдээлэл аваагүй байна” гэсэн юм.
Харин Ш.Раднаасэд гишүүн “Би өчигдөр шөнө ачаа тээврийн онгоцоор эх орондоо ирээгүй. БНСУ руу эрүүл мэндийн шалтгаанаар яваад, шинэ оны өмнө тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн. Би арваннэгдүгээр ч бил үү, арванхоёрдугаар сард ирсэн. Буруу, ташаа мэдээлэл гарсан байна. Миний тусгаарлалтын хугацаа хэдийн дуусаад, УИХ-ын чуулгандаа оролцож байгаа” гэх төөрч будилсан хариулт өгсөн.
Гэвч хэчнээн гүрийж, мэлзэх гэж оролдсон УОК-ынхон ч үнэнд гүйцэгдэж, ГХЯ-наас албан ёсны тайлбар хийсэн юм. ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Гадаад улсын захиалгат нислэгээр 38 хүн онгоцоор ирсэн нь үнэн. Энэ иргэдийг “Кемпински” зочид буудалд тусгаарлаад байна. Энэ нислэг нь МИАТ-ийн ачаа тээврийн нислэг байгаагүй. Өнгөрсөн хугацаанд БНСУ руу хийхээр товлосон тусгай үүргийн нислэг цуцлагдсан. Энэ сарын 15-нд БНСУ руу тусгай үүргийн нислэг товлолоо. Энэ удаагийн нислэгээр 150-160 орчим иргэн эх орондоо ирнэ. Арваннэгдүгээр сарын тийзээ баталгаажуулсан иргэдийг авахаар төлөвлөж байна. Дотоодод үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Гадаад харилцааны яамнаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн өргөдлийг авч байгаа. БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 4692 иргэн байна. Яаралтай ирэх 1600 гаруй иргэн байна” хэмээсэн юм.
Иргэдийн итгэлийг хөсөрдүүлж, ард түмнээ үл хүндэтгэсэн албан тушаалтан, УИХ-ын гишүүндээ ёс зүйн хариуцлага тооцооч, Ерөнхий сайд аа.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед олон нийтийг төөрөгдүүлсэн илт худал мэдээлэл түгээвэл Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээх зохицуулалттай. “Тусгай үүргийн нислэгээр хүн авч ирээгүй” гэх, “Тусгаарлалтын хугацаа дуусаж, чуулганы хуралдаанд суусан” гэж байгаа нь худал мэдээлэл түгээсэн хэрэг биш үү. Энгийн иргэд шийтгүүлээд, эрх мэдэлтнүүд бултаж үлддэг баймааргүй байна.
Тусгай үүргийн нислэгт багтсан Ш.Раднаасэд гэж хэн бэ
“Хөөрхий эхнэрийнх нь бие сайнгүй учир гадагшаа эмчилгээнд авч явсан гэнэ лээ” гээд Ш.Раднаасэдийн троллууд цахимд ажлаад эхэлжээ. УОК-ынхон ч ийм энэрэнгүй тайлбар хийсэн. Тэд “Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Ш.Раднаасэд гишүүн ирсэн” гэж нэр устай зарлаагүй ч түүнийг “Энэ нислэгт багтсан, зайлшгүй шалтгаантай” гэх агуулга бүхий тайлбар хийж байв. Уг нь бол гаднаас ирэх гэж байгаа иргэд боломж бололцоотой, зугаалж яваадаа эх орноо түшээгүй л байлтай.
Ш.Раднаасэдийн тухайд хууль тогтоох дээд байгууллагад хоёр дахь удаагаа сонгогдсон. Олны анхааралд өртөж, хэл ам тариад байдаггүй ч хуулийн цоорхой ашиглан цаагуураа чимээгүй “хор” найруулчихдаг хэмээн намынх нь нөхөд ярьдаг. Хамгийн сүүлийн тод жишээ нь Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа Эрүүгийн тухай хуулийн хөөн хэлэлцэх хугацаанд будлиан оруулж, авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд ял завших боломж олгосон гэгдэж буй. Одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар Үндсэн хууль зөрчсөн хууль батлуулчхаад бие бие рүүгээ асуудлыг бухаж, олонхиор хамгаалуулж байгааг учир мэдэх хуульчид сануулсаар байна.
Ш.Раднаасэд ийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуудуутай хууль батлуулсан нь оймсондоо боодол ам.доллар нуусан Н.Баярсайхан нарын хэрэгтэй холбоотой гэх мэдээлэл ч бий. Учир нь, Ш.Раднаасэд, Н.Баярсайхан нар багын найзууд гэгдэх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийн шинэчлэл энэ хэргийг хаахтай зэрэгцэн батлагдсан байдаг. Ийн хуудуудтай хуулийн шинэчлэлээрээ авлигын хэрэг үйлдсэн гэмт хэрэгтэн “найзууд”-ыгаа хамгаалж, асуудлаас эвтэйхэн бултаж чадсан зальжин нэгэн.
Тэрбээр УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдсон ч намдаа төдийгүй тойргийнхоо сонгогчдод тийм ч түшигтэй улстөрч байсангүй. Тэр бүү хэл, Говь-Алтай аймаг Ш.Раднаасэдийг гишүүнээр ажиллаж байх хугацаанд өрсөлдөх чадвараараа сүүл мушгиж байсан удаатай. УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө тэрбээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, ХЭГ-ын дарга, АТГ-ын хэлтсийн дарга, ЗГХЭГ-т шинжээч, референт, Ерөнхийлөгчийн Тамгын газар хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байжээ.
Худалч Ш.Раднаасэдэд ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГА тооцъё |
|