... “Хар машиныг баталгаатай хакерддаг юм бол ДАВАЙ!...”,
...“Программ чинь өөрөө бүх юмаа зохицуулаад, та хэдийн нэр жагсаалтаараа урьдчилаад гаргачихна. Хэрэв бидэнтэй хамтраад хийе гэвэл бидний зүгээс бүх ажиллагаанд бэлэн. Зөвхөн Баянгол гэх юм уу, нийслэл дээр гэх юм уу...” гэх яриа өнгөрсөн орон нутгийн сонгуулийн үеэр МАН-аас НИТХ-д нэр дэвшигч Г.Гангамөрөн, Б.Сэжидмаа нар болон “Х” гэх иргэн гурвын хооронд өрнөсөн нь олонд ил болсон.
Тэд төрийн эрхийг хууль бусаар авах, наймаалцах талаараа ярилцаж байгаа нь ийнхүү хангалттай баримтаар олон нийтийн дунд цацагдсан. Гэвч ердөө өнгөрсөн аравдугаар сарын 15-ны орон нутгийн сонгуулийн үеэр гарсан энэ яриаг “Загасны ой санамжтай” хууль хяналтынхан төдийгүй иргэд хэдийн мартаж орхижээ. Тэдний хэрэг ил болохтой зэрэгцэн цагдаа, тагнуулын байгууллагаас тухайн үедээ яаран сандран ээлж дараалан мэдээлэл хийж, “Хар машин хакердуулагчид маань хохирогч” ухааны юм ярьж, бараг л өмөөрөөд өнгөрч байв. Сонгуулийн өдрүүдэд хууль, хяналтын байгууллага нь ийн сандарч, тэвдсэн нь МАН тэднийг бүрэн утгаараа чангахан “атгаж” буйг илчилдэг. Үүнийг илчилж буй өөр нэг зүйл нь төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархагчид өдгөө хуулийн хариуцлага хүлээх нь бүү хэл харин ч аль хэдийнээ дээд албан тушаалд томилогдсон явдал юм.
САНАЛ ТООЛОХ МАШИНЫГ ХАКЕРДУУЛАХЫГ САНААРХАГЧ, СОНГОГЧДЫН САНАЛЫГ МӨНГӨӨР ХУДАЛДАН АВАХЫГ ОРОЛДОГЧ Г.ГАНГАМӨРӨН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ НЬ БИТГИЙ ХЭЛ ДАРГА БОЛОН ДЭВШЖЭЭ
Тухайлбал, Дандарбаатарын зээ охин гэгддэг Г.Гангамөрөн сонгуулийн сурталчилгаа замын түгжрэлд машин дотроо хоол хийж байгаагаар эхэлж, сонгуулийн тооллогын машиныг хакердуулна хэмээн хүн хөлслөхийг завдсанаараа олны анхааралд өртсөн. Гэвч энэ хууль бус үйлдлийнх нь төлөө хууль хяналтынхан түүнийг яагаа ч үгүйгээр барахгүй тэр нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хуралд төлөөлөгчөөр сонгогдож, түүгээр ч зогсохгүй оны өмнө нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төвийн даргаар томилогджээ. Уг нь түүнд зөвхөн хакерийн хэрэг ч биш, сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Ж.Батбаясгалангийн хамт сонгогчдод мөнгө тараасан гэх дуулиан байгаа ч үүнийг нь АТГ ч, ЦЕГ ч, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба ч, СЕХ ч тоосонгүй. Тэрбээр “Улаанбаатар телевиз” ХХК-аас ажлын гараагаа эхлүүлсэн сэтгүүлч бөгөөд Ерөнхий сайд, УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байжээ. Мөн “Алаг морьт Дандарбаатар” ТББ-ын хамтран эзэмшигч аж.
Г.ГАНГАМӨРӨНГИЙН ХАМТРАГЧ Б.СЭВЖИДМАА ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГА БОЛЖ “ТОМОРЧЭЭ”
Г.Гангамөрөнтэй хамт хар машинд “гараа оруулах”-ыг завдсан Б.Сэжидмаа мөн л хариуцлага хүлээх нь битгий хэл, Баянгол дүүрэгт төлөөлөгчөөр сонгогдож, одоо дүүргийнхээ ИТХ-ын даргаар ажиллаж байна.
Б.Сэмжидмаа нь улс төр судлаач, багш мэргэжилтэй, МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгчөөр 2019 онд сонгогдож байжээ. Мөн тэрбээр “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга ажиллаж байсан нэгэн юм. 2016 онд УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж байсан ч өвдөг шороодож, хэсэгтээ нам гүм амьдарсан тэрбээр өнгөрсөн жил дүүргийнхээ ИТХ-д нэр дэвшихдээ ийн дуулиан тарьсан ч түүнийг нь хууль, хяналтын байгууллагынхан үл хэрэгсэн өнгөрүүлсэн бололтой.
Түүнийг “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын даргаар ажиллаж байхдаа нэгэн шинэ жилийн арга хэмжээний дараа дарга Х.Бадамсүрэнгийнхээ машинд нөхрийн хамт явж байхдаа хүн дайрсан гэх дуулиан байдаг ч уг асуудлыг тэр сайн “нууж” чадсан хэмээгддэг.
Ийн төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархагчид дээд албан тушаалд томилогдон ажиллаж байгаа нь зүйд нийцэх үү. Монгол Улсын Үндсэн хуульд “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” хэмээн заасан. Гэвч өнгөрсөн орон нутгийн сонгуулиар төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархагчдыг хууль хяналтын байгууллагынхан зүгээр явуулав бололтой. Явуулаад зогсохгүй албан тушаал, хэргэм зэргээр “шагнаж”, нөгөөдүүл нь иргэдийг төлөөлж сууна. Монгол Улсад хууль, дүрэм, журам, шударга ёс гэж байдаг бол төрийн эрхэнд хууль бусаар санаархсан дээрх нэр бүхий албан тушаалтнуудад хуулийн хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь татан буулгая.
“Хар машин” хакердагчдад ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЖ, албан тушаалаас нь татан буулгая |
|