-ЗУДЫН ЭРСДЭЛТЭЙ ТАВАН АЙМАГ, 70 ГАРУЙ СУМЫН 40 ГАРУЙ МЯНГАН ӨРХӨД 14.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТУСЛАМЖИЙГ ӨНӨӨДРӨӨС ОЛГОЖ ЭХЭЛНЭ-
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнгөрсөн даваа гарагт болж, хэд хэдэн шийдвэр гаргасан. Энэ үеэр Малын хөлийн татварыг 2021 оны долдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоох буюу чөлөөлөх чиглэлийг аймаг, сумдын ИТХ, ЗДТГ-т өгч байгаа талаар ХХААХҮ сайд Д.Мэндсайхан мэдээлсэн. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Малын тоо толгой, албан татварын тухай хуулийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 13-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан юм. Улмаар уг хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэв. Гэхдээ Засгийн газрын дээрх шийдвэртэй холбоотой бодитой судалгаа хийлгүй, яаруу баталсан хууль гэх шүүмжлэлд өртөөд байгаа. Тиймээс ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаас дээрх хууль болон хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Малын тоо толгой, албан татварын тухай хуулийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн баталсан. Уг хуулийн талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байдаг. “Албан татварын хэмжээг энэ хуулийн 6.1-д заасан хязгаарт багтаан сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал малын төрөл тус бүрээр тогтооно” гэж заасан. Түүнчлэн “Албан татвар төлөгч энэ хуулийн дагуу ногдуулсан татварыг тэнцүү хоёр хуваан тухайн жилийн долдугаар сарын 15, арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор өөрийн өмчилж байгаа малын тоо толгойгоор, бүртгэгдсэн сум, дүүргийн төсөвт төлнө” гэж хуульчилсан байгаа.
-Малын хөлийн албан татварын хуулийг өргөн барихдаа Монгол Улсын хууль, тогтоомжийн тухай хуулийн холбогдох заалт, журмыг зөрчиж, төсвийн төслийг дагалдуулан өргөн мэдүүлсэн гэх мэдээлэл гараад байгаа. Харин Засгийн газрын хуралдаанаар малын хөлийн татварыг тэг хувиар тогтоох буюу чөлөөлөх чиглэл өгсөн байна. Анхнаасаа судалж байж батлах ёстой хууль байсан юм биш үү?
-Малын тоо толгойн татварыг долдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоох талаар аймаг, нийслэлийн ИТХ-ын гишүүдтэй удаа дараа зөвлөлдсөн. Энэ нь улсын төсөвт төвлөрдөг татвар биш. Тухайн аймаг, сум нь бэлчээрийн даац, менежменттэй холбогдуулаад аймгийн ИТХ өөрсдөө татварын хувь хэмжээг тогтооно. Эндээс олсон татварын орлогоо орон нутагт төвлөрүүлж, сум орон нутагтаа бүтээн байгуулалт хийх учиртай. Татварын хувь хэмжээг дээд, доод хэмжээтэй нь заагаад өгсөн. Тиймээс хуульд асуудал үүсэхгүй гэж харж байна. Мөн цаг агаар, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, татвар авахгүй байж болно үзсэн.
-Зудын эрсдэлтэй аймгийн малчдад дэмжлэг үзүүлнэ гэж байсан. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?
-Зудын эрсдэлтэй таван аймаг, 70 гаруй сум бий. Тодруулбал, Өвөрхангай, Баянхонгор аймаг болон Дундговь, Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум орж байгаа. Эдгээр аймаг, сумын нийт 40 гаруй мянган өрхийн нэг өрхөд 300 мянган төгрөгийн өвс, тэжээл хүргэж өгөхөөр болсон.
Өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 6-наас аймгууд руугаа хөдөлж, малчдад өвс, тэжээлийг нь хүргэж өгөхөөр тусламжийн баг орон нутгийг зорьж байгаа. Засгийн газраас 14.2 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж олгож байгаа юм.
-Цар тахал гарсантай холбоотой хилийн боомтуудыг хаасан. Импортын бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд хүндрэл үүсэж байгаа юу?
-Импортын хүнсний хангамж хэвийн явж байгаа. Говьсүмбэр аймагт “Ковид-19”-ийн халдвар гарсантай холбоотой БНХАУ-ын тал хилээр нэвтэрч байгаа ачаа тээвэртээ хязгаарлалт хийгээд байсан ч УОК-оос шаардлагатай арга хэмжээг авч, асуудлыг шийдвэрлээд байна. Одоо ачаа тээвэр хэвийн үргэлжилж байна гэсэн үг.
-Хүнсний нарийн ногоо, өндөг зэрэг бараа бүтээгдэхүүний нөөцгүй боллоо гэх асуудал иргэдийн дунд нэлээд яригдаж буй. Манайх дотооддоо хүнсний хэрэгцээгээ хангаж байгаа гэж байгаа ч хил хаахаар нэр бүхий эдгээр бүтээгдэхүүн тасалдсан нь ямар учиртай юм бэ?
-Монгол Улс хүнсний ногооныхоо 50 орчим хувийг дотооддоо хангадаг. Хүлэмжийн ногоо, хүнсний ногоогоо тусад нь ялгаж ойлгох хэрэгтэй. Хүлэмжийн ногоо бол манайд бага тариалдаг учраас импортын хараат гэсэн үг. Сая хил хаасантай хүлэмжийн ногоо болох навчит байцаа зэрэг хүлэмжийн ногоонуудын хангамж тасалдсан. Гэхдээ үүнийг зохицуулсан. Өндөгний тухайд бид дотоодын зах зээлд 50 хувийг нь хангаж, үлдсэн 50 хувийг нь ОХУ-аас авдаг. Дотоодын үйлдвэрүүдээс өдөрт 500-550 мянган ширхгийг нийлүүлдэг. Сая баяр ёслол болсонтой холбоотой дотоодын үйлдвэрүүдэд тасалдал үүссэн. Одоо бол ямар ч тасалдал, доголдол үүсээгүй байна.
ХХААХҮ-ийн сайд З.МЭНДСАЙХАН: Зарим төрлийн хүлэмжийн ногооны импорт тасалдсан ч, одоо нийлүүлэлт хэвийн болсон |
|