• Өнөөдөр 2024-05-03

TЭР ЯМАР УЛС БҮТЭЭХИЙГ ЗОРИОД БАЙГАА ЮМ БЭ

2024-01-23,   761

      Хамгийн олон “дайсан”-тай хүн олоод ир гэвэл одоогоор Л.Оюун-Эрдэнэ л байх. Ерөнхий сайд болсноосоо, ерөөс анх  төр түшилцэж эхэлснээсээ хойш хэчнээн ч хүнтэй муудаж,  хэдэн ч бүлэглэлтэй нүүр тулав. Асуудлын гол нь тэр юуны төлөө ямбаа алдаж, ялд унахаас айхгүйгээр авлигачидтай амь хайргүй үзэлцэж, ах нарынхаа ч, анд нөхдийнхөө ч дайсан болчихсон суугаа юм бэ.Нарийндаа, түүний тэмцлийг хоёр жилийн өмнөөс биш, зургаан жилийн өмнөхөөс эхэлж тоолох ёстой.


      2017 онд, наадмын дараахан “60 тэрбумаас намаа цэвэрлэе” гэх шинэ хөдөлгөөн мэндэлсний санаачлагч нь Л.Оюу-Эрдэнэ байлаа. Ингэж эхлээд, 2018 оныг дамнуулан үргэлжлүүлж, 2019 оны нэгдүгээр сард “60 тэрбум”-ыг үндэслэгч М.Энхболдыг улс төрийн тайзнаас “түлхэн” унагасан. “Толгойлогч”-ийг нь унагаснаар төрийн дээр сандайлахыг завдаж асан “Хотын” гэх том бүлэглэл задарч эхэлсэн, түүний тэмцлийн түүх ч ингэж эхэлсэн. Түүний эхний эл тэмцэлд хүч хавсрахаар -30 хэмийн хүйтэнд 30 мянган хүн төв талбайд цуглаж байсныг эргэн сануулахад гэмгүй. Тэр тэмцлээ “Эрдэнэт”-ээр үргэлжлүүлсэн. Төрийг төлөөлөн “Эрдэнэт”-д очиж, онцгой дэглэм тогтоож, олон нийтэд “49 хувийнхны схем” гэх задаргааг анх танилцуулж байлаа. Улс төр, уул уурхай, банк гэсэн гурвалсан суурьтай, зэс гэсэн нэг ашиг сонирхолтой, Засгийн газрын тэргүүнийг ч унагах, томилох нөлөөтэй “49 хувийнхан” хэмээх том бүлэглэлээс “Эрдэнэт”-ийг салгах амар байгаагүй нь ойлгомжтой. Одоо ч тус бүлэглэлийнхэн түүнд сайныг ерөөдөггүй биз. “Эрдэнэт”-ийн дараа тэр “Оюу толгой”-н хөрөнгө оруулагчидтай хэлэлцээрийн ширээнд суух Ажлын хэсгийг ахалж байлаа. С.Баярын, Ч.Сайханбилэгийн “Оюу толгой”-н гэрээнүүдэд хувийн сонирхлоор хуруу, хошуу дүрсэн нөхдийг нэг хэсэг л шуугиулсан. Дараа нь, С.Зоригийн хэрэгтэй ч зууралдаж амжсан. Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг хууль хяналтынхан хэрхэн эрүүдсэн бичлэгийг анх цацаж байв. Дөнгөж 40 гарч яваа “шинэхэн” залуу гарч ирчихээд “Оюу толгой”-той орооцолдож, С.Зоригийн хэрэгтэй зууралдсан нь хууччуулд таалагдаагүй нь мэдээж.

      Харин Ерөнхий сайд болсноосоо хойш тэр тэмцлээ Хөгжлийн банк, Нүүрсний хулгай, төрийн сангуудаар үргэлжлүүлж байна. Ерөнхий сайд болсноосоо яг жилийн хойно Хөгжлийн банкны хулгайг ил болгож, найдваргүй зээлдэгчдийнх нь нэрсийг нийтэд зарлуулж байв. Анх ярьж эхэлсэн нь аль эрт буюу 2019 оны хоёрдугаар сард Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкийг шалгах Ажлын хэсгийг ахалж, тухайн үед тайлангаа УИХ-д танилцуулаад орхисон. Харин Ерөнхий сайд болсныхоо дараа албан ёсоор “дэлбэлсэн” нь энэ байв. Бүх зээл нь царцчихсан, Бондын өрөө төлж чадахгүй хэмжээнд данс нь улайсан Хөгжлийн банкийг хөл дээр нь дахин босгох тэмцэл жил үргэлжиллээ. Үр дүнд нь “Самурай” бондын өрийг бие даан төлж, бүрэн тэнхэрсэн гэдгээ Хөгжлийн банк албан ёсоор зарлав.

   “Урд хил дээр улстөрчдийн бий болгосон нүүрсний асар том далд эдийн засаг байна, ил болгоно” гэсэн Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэл жил хүрэхгүй хугацаанд Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн орвонгоор нь ингэж өөрчиллөө. “Нүүрсний хулгайчдын нэрсийг зарла” гэх жагсаал төв талбайг хотолзуулж, алдагдсан боломж, хулгайлагдсан баялгийнхаа араас Төрийн ордны төв хаалга, төмөр хашааг нь нураах хэмжээнд уурсаж, ундууцлаа, ард түмэн. Хууль хяналтынхан УИХ-ын 10 гишүүнийг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан шалгаж, УИХ-аас гурван гишүүнээ чөлөөллөө. Хууль, хяналтынханд нүүрсний хулгайгаар ээрэгдсэн 10 түшээгийн найм нь эрх баригч МАН, хоёр нь АН-ынх байсан. Атал Л.Оюун-Эрдэнэ Ардын намын дарга байтлаа хэнийг ч хамгаалж, хаацайлсангүй, харин ч “өөрсдийгөө шалгуул” гэж шахсан.

    Нүүрсний далд эдийн засгийг ингэж ил болгосноор энэ оны эхний хагаст экспорт анх удаа 12.5 тэрбум ам.долларт хүрч, төсвийн орлого түүхэндээ анх удаа 1.1 их наяд төгрөгөөр давлаа. Оны эцэст 1.7 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байна. Энэ хэмжээний мөнгө жил тутам улстөрчдийн нүүрсний далд эдийн засагт эргэлдэж, хэдхэн хүний халаас руу орж байжээ гэсэн үг. Хувийн халаасанд нь орох байсан мөнгийг хувьсгалынх болгож орхисонд олон хүн ууртай байгаа.Тэр 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” хэмээн албан ёсоор тунхаглаж, “Таван-Ш” ажиллагааг хэрэгжүүлж, авлигачдыг орогнох газаргүй, орох нүхгүй болгож байна. Шувуу ажиллагаагаар гэмт хэрэгт холбогдоод гадагшаа зугтсан 100 гаруй хүнийг эрэн сурвалжилж, эх оронд нь авчрахаа зарласан. Ардын намынхны дунд “Авлигачдын эцэг” гэгддэг Т.Бадамжунайгаар Шувуу ажиллагааны салхийг хагалж, “шүүрч” авчирлаа. Урьд нь манай томчууд Т.Бадамжунайг хорих байтугай харц тулгарахаас хайцгаадаг байсныг нь зориуд сануулах нь зүйтэй байх. Шүүр ажиллагааны хүрээнд төрийн албанд арын хаалгаар түлхүүрдэж орсон нөхдийг “цэвэрлэж” байна. Шилэн ажиллагаагаар улс төр,уул уурхайн бүлэглэлийнхний эзэмшдэг тусгай зөвшөөрлүүд, эдлэн газрууд зэрэг нууц байсан мэдээллүүдийг ил болголоо.

      Төсвөөс санхүүжүүлдэг төрийн сангуудыг хэн хэн тоносныг хайр найргүй зарлалаа. Төрийг тонож хөлжөөд, хүүхдээ хүртэл төсвийн мөнгөөр гадаадад сургаж байсныг нь нийтэд зарласанд олон улстөрчийн уур буцалж байгаа. Тэр бусадтайгаа бүлэглэн түрийвчээ түнтийтэл төрийг тонолцож, халаасаа хальтал хулгайлж, хумслалцаж болох л байсан. Хувьдаа хэдэн арван тэрбумын харштай, хилийн чанадад хадгаламжтай болж аваад, Засгаа огцруулж, зайгаа тавьж өгчихөөд яваад өгөх боломж ч байсан. Тийм замыг сонгосон Засгийн тэргүүнүүд бий. Гэтэл тэр тэгсэнгүй, авлигачдыг “агнаж”, амар заяаг нь үзүүлэхгүй тэмцэлдээд, тэр хэрээрээ өөртөө өчнөөн дайсан цуглуулчихсан яваа. Нэг нам гэж нялганасангүй, ах, анд нөхөр гэж ая тал зассангүй, төрийг тоноход оролцсон л бол түүний дайсан болчихож байна. 30 жил тонож болоод байсан төрийг, 30 жил хуурч болоод байсан түмнийг гэнэт нэг нөхөр гарч ирж хамгаалаад, тонуулчид, хулгайч, хууран мэхлэгчдийг нь ил цагаан зарлаад эхлэхээр хэн дуртай байх вэ. Тиймдээ ч түүний дайсан хэтэрхий олширч байна. “За, чамайг даа” гэх өс зангидаж, Засгийг нь унагахаар, улс төрийн карьерийг нь дуусгахаар хор хутгагчид Төрийн ордноор, Тусгаар тогтнолын байшингаар бишгүй бий. Хор хутгаж унагаад, хэрэг тохож, хонгилын шүүхээр яллах нь тэдний хамгийн сайн чадах зүйл. Тэгвэл тэр чухам юуны төлөө амин хувиа бодохгүй, албан тушаалаа алдахаас айхгүй, гал дундуур зүтгээд байгаа юм бэ. Түүний тэмцлийн агуулгыг бүхэлд нь харвал, тэр шинэ цагийн авлигагүй, ардчилсан Монгол Улс бүтээхийг зорьж, зогсолтгүй зүтгэж байна. Өөрөөр хэлбэл, өрөм болгоныг улс төр, бизнесийн бүлэглэлийн хэдхэн хүн хамж, харин хусам дээр нь ард түмэн “алалцдаг” бугшсан тогтолцоог бутлан хаяж, тэгш эрхтэй, тэгш боломжтой авлигагүй, ардчилсан улс болгохын төлөө зорьж байна. Монголыг морь гэвэл, авлига гэх чөдрөө мулталж хаячихаад хөгжил өөд салхи татуулан давхихыг хүсэж байна.

       Хөгжилд хөтлөх том төслүүдээ төрийн түшээд нь хувийн ашиг сонирхлоор гацаадаг биш, гарц гаргалгаа эрэлхийлдэг байхыг тэр хүсэж байна. Хулгайлах төлөвлөгөө зохиодог биш, хөгжих бодлого боловсруулдаг, хамаг анхаарлаа түүндээ төвлөрүүлдэг, төлөвшсөн төрийн түшээдтэй болохыг тэр зорьж байна. Уул уурхайн бүтээгдэхүүнүүд, уран, алт, зэс, нүүрс бүлэглэлүүдийн оролцоогүйгээр бизнесийн зарчмаараа, зах зээлийн үнээр борлуулагддаг, хэн ч дундаас нь хулгайлдаггүй, хумсалдаггүй байх өөрчлөлтийн төлөө тэр зүтгэж байна. Хөгжлийн банкны зээл нь хөгжлийн төслүүддээ хүрдэг, төрийн сангуудын зээлийг зорилтот эзэд нь авдаг, төр нь тонуулчгүй байхыг тэр хүсэж байна. Хэрвээ чадвартай бол харц ардын хүүхэд байсан ч харьд өндөр боловсрол эзэмшиж, төгсөж ирээд төрийн албанд арын хаалгагүй ажилд ордог болохыг тэр хүсэж байна.

 


TЭР ЯМАР УЛС БҮТЭЭХИЙГ ЗОРИОД БАЙГАА ЮМ БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-23 18:26:09
    Zochin: Зассс битгий уянгалаад бай. Сонгууль дөхсөн чинь худлаа солиороод эхэллээ. Хаана байгаа юм тэмцээд байгаа нь. Нэг ч авилгач, нэг ч албан тушаалаа урвуулан ашигласан дарга сайд хариуцлага хүлээсэнгүй. 60 тэрбум ч гэх шиг. Үлгэр ярихаа боль. Тийм л том сүлжээ, бүлэглэл байсан юм бол ядаж ганц ч гэсэн хүн ял үүрч, хариуцлага хүлээсэн үү. Ёстой нөгөө битгий чаагаад бай гэдэг билүү. Ичиж амьдраасай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-23 16:10:14
    Зочин: Дараачийн ЕС бол оюун эрдэнэ. Энэ залуу л монголыг монголчуудыг өндийлгөнө.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-23 15:18:58
    Зочин: Коперникууд цөөн ч гэсэн ганцаардахгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-23 12:30:26
    Монгол хүн: Монголд жинхэнэ монгол эр хүн шиг эр хүн хэрэгтэй байна шдээ. Энэ хүн бол тэр хүн мөн гэж хардаг. Олон удаа Монгол эрчүүд хааччихсан юм бэ??? арай чдээ гэж бодож байсан. Эх орноо яагаад эзний ёсоор хандаж хөгжүүлж болохгүй гэж. Ард түмэн насаараа л итгэж байсан үе үеийн улс төрч дөд. Ингэж гэж нэг монгол эрийн жудагтай хүү гарч ирэх гэж. ДЭМЖДЭГ БИД
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-23 10:45:01
    Энхбат: ******** har psdashu
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188