-МАН-ынхны цэвэр явуулга манай намын асуудлыг улам дэвэргэж байна-
Ардчилсан нам X их хурлаа энэ сарын 18-нд зохион байгуулж, дүрэмдээ өөрчлөлт оруулсан. Үүнтэй холбоотой тус намын дарга асан С.Эрдэнэ УБЕГ-т намын тамга тэмдгээ хүчингүй болгох хүсэлт хүргүүлээд буй. Тэгвэл намын түр орлон гүйцэтгэгч Ц.Туваанд хүлээлгэж өгсөн тамга, тэмдгийг УБЕГ-аас хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Ардчилсан намд үүсээд буй нөхцөл байдлын талаар АН-ын ХЭГ-ын дарга Д.Нүрзэдтэй ярилцлаа.
-Ардчилсан нам УИХ-ын сонгуулийн дараа өдрөөс Их хурлаа хийж, намын дүрэмд өөрчлөлт оруулах талаар ярьсан. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж нэлээд хожим хийх шиг боллоо. X их хурлыг товлон зарлаж зохион байгуулсан нь нэлээд хэл ам дагуулсан. Цахим хэлбэрээр явуулсан хурал гишүүдийн оролцоог бүрэн хангаж чадсан уу. Хурлын үйл явцын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Манай нам Х их хурлаа амжилттай зохион байгуулж, хэлэлцэх асуудлаа бүрэн хэлэлцсэнээр зорилгоо биелүүлсэн. Намын Их хурал дүрмийн дагуу явсан. Ингэхдээ Монгол Улсын бүс нутаг гэлтгүй, гаднын оронд оршин суугаа гишүүд, дэмжигчээ хамруулсан томоохон хурал болсон. Анх удаа олон гишүүд оролцож, АН-ын Үндсэн дүрмээ баталсан юм. Манай намын албан ёсны саналын эрхтэй 1400 гишүүн, Ардчилсан намд бүртгэлтэй нийт 2100 гаруй гишүүн уг хуралд оролцсон. Энэ хурал албан ёсны хурал байсан гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Ардчилсан намын их хурал намын гэх тодотголтой боловч Монгол Улсын хэмжээнд анх удаа зохион байгуулсан том хурал болсон. Энэ туршлагыг бусад орон судалж байгаа талаар ч бидэнд мэдээлэл ирсэн.
УБЕГ-аас хууль бус шийдвэр гаргасан байна лээ. Энэ бол МАН-ын явуулга.
-Намын их хурлаар дүрэмд өөрчлөлт оруулсан. Тухайлбал, ямар өөрчлөлтүүд орсон бэ?
-"Ардчилсан нам ярьж байгаа зүйлсээ бодитоор нь хэрэгжүүлнэ" гэж энэ дүрмээ баталсан. Намын дүрэмд орсон нэг том өөрчлөлт нь намын даргын сунгааг зохион байгуулахаа больж байгаа. Намын даргын сунгаа нь барууны өндөр хөгжилтэй орнуудад явагддаг, Монгол орны амьдрал ахуйтай зохицохгүй байна гэдгийг намын нийт гишүүд үзэж байгаа юм. Үүний дагуу намын даргын сунгааныг больж байгаа юм. Хоёрдугаарт, намын санхүүг нээлттэй, ил тод болгосон. Ингэхдээ намд хандиваар өгсөн мөнгө нь хаана, юунд зарцуулагдаж байгааг тухай бүрт тайлагнана. Мөн нийгмийн оролцоог хангасан, шударга тогтолцоо бий болгож, хийсэн ажлаар нь албан тушаалд томилох зэрэг тодорхой заалт тусгасан. Ардчилсан намын шинэ дүрэм бол нийт гишүүдийг захиалгаар хийгдсэн. Гишүүдийн дундаас үүсэн гарсан олон асуудлыг шийдэж чадахуйц дүрэм болсон. Учир нь, уг дүрэмд хэн нэг даргын амбиц ороогүй, цэвэр ажил хэргийн шинж чанартай, анхан шатны бүх гишүүний саналыг тусгасан.
-Шинэ баталсан дүрмээ та бүхэн Улсын дээд шүүхэд өргөн барьсан. Гэтэл энэ үеэр Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ өөрийгөө "Намын дарга хэвээрээ байгаа" гэж мэдэгдээд УБЕГ-т шаардлага хүргүүлсэн байна. Мөн намын тамга, тэмдгийг хүчингүй болгосон гэдгийг УБЕГ мэдэгджээ. Энэ ямар учиртай вэ?
-Улсын дээд шүүхэд шинэ дүрмээ хүлээлгэн өгсөн байгаа. Үүнээс өмнө УИХ-ын ээлжит сонгуулийн дараа намын ҮБХ хуралдаж, намын дарга С.Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүний дараа Ц.Тувааныг намын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Улсын дээд шүүхэд материалаа өгч намын даргын түр орлон гүйцэтгэгчээр Ц.Тувааныг бүртгүүлсэн юм. Учир нь, "Улс төрийн нам Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байна" гэж хуульд заасан байдаг. Улсын дээд шүүхээс Ардчилсан намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр бүртгэсэн байгаа. Харин УБЕГ-аас хууль бус шийдвэр гаргасан байна лээ. Энэ бол МАН-ын явуулга. Ардчилсан намын сүр хүч, тамгандаа байдаггүй юм. Харин намынхаа хөх туг, намын мянга мянган партизанынхаа итгэл үнэмшилд сүр хүч нь оршдог юм.
Хотын дарга асан Э.Бат-Үүл зэрэг томоохон төлөөллүүд ч хуралд оролцсон гэдгийг хэлье
-УБЕГ-аас яагаад хууль бус шийдвэр гаргасан гэж байгаа юм бэ?
-Бид албан ёсоор хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хандсан. УБЕГ улс төрийн намын бүртгэлтэй холбоотой шийдвэр гаргах эрх бүхий байгууллага биш. Сая хэлснээр Улсын дээд шүүхэд энэ эрх мэдэл бий. УБЕГ-аас улс төрийн намын бүртгэлийг хийх үү гээд асуугаад үзээрэй. Хэн нь ч мэддэггүй юм. Харин миний авсан мэдээллээр намын тамга, тэмдгийг хүчингүй болгосон гээд байгаа хүн нь нэг улсын байцаагчийг дарамталж байгаад гаргуулсан юм билээ. Энэ бол МАН-ынхны цэвэр явуулга.
-МАН-ын явуулгаар танай нам хоёр хуваагдчихсан юм уу?
-Манай нам хоёр хуваагдаагүй. Бид өмнөх удирдлагуудтайгаа санал зөрөлдсөн, муудсан асуудал байхгүй. Намын дарга хуучин дүрмээрээ л албан тушаалаа хүлээлгэн өгсөн. Би хэн нэгнийг муулж, харлуулахыг хүсэхгүй байна. Бидэнд тийм цаг, зав ч алга.
-Ардчилсан намын сүр хүч тамга, тэмдэгтэй биш, гишүүдийнхээ итгэл үнэмшил дээр тогтдог гэлээ. Гэхдээ намын нөлөө бүхий лидерүүд Х их хуралдаа оролцоогүй юм биш үү?
-Ардчилсан намын Их хуралд нийт гишүүд тэгш эрхтэй оролцоно. УИХ-ын гишүүн байсан ч яг л ижил эрх мэдэлтэй оролцдог. X их хуралд УИХ дахь Ардчилсан намын бүлэг, нийслэлийн бүлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон. Хотын дарга асан Э.Бат-Үүл зэрэг томоохон төлөөллүүд ч хуралд оролцсон гэдгийг хэлье. Бид Их хурлаа яаруу, давчуу зохион байгуулчихсан юм биш. Хурлын тов гарчихсан байсан ч ковидын нөхцөл байдлаас шалтгаалж, хойшилчихсон байсан юм. Намын дүрмээрээ үйл ажиллагаа явуулсан.
-Ардчилсан намын зарим гишүүн намын даргын сунгааныг зохион байгуулах ёстой гэдэг дээр санал зөрөлдөөд байна гэж харж байна?
-Намын даргын сунгааныг сонгуульд ялагдаж байгаа гол шалтгааны нэг гэж нийт гишүүд үзсэн. Барууны өндөр хөгжилтэй оронд л байдаг жишиг. Манайд тохирохгүй байна гэдэгтэй нийт гишүүдийг 98 хувь нь санал нэгдсэн.
-Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн энэ үед нам доторх асуудлаа цэгцэлж, дараагийн шатны ажилдаа орох ёстой байтал тамга, тэмдгээ булаацалдсаар байна. Намынхаа ХЭГ-ын даргаар ажиллаж буй хүний хувь цаашид хэрхэх вэ?
-Бид удахгүй учраа олно. Хууль бус ажиллагаанд Ардчилсан намын гишүүд битгий автаарай гэж онцолмоор байна. Бид өнгөрсөн рүүгээ ухрахгүй. Өнгөрсөн үеийнхээ алдааг гаргаж ирээд байвал ирээдүйгээ харж, урагшаа явж чадахгүй. Мэдээж шинэ, хуучин, дунд гэсэн гурван үеийн хэлхээ холбоогоо хадгална. Бидний хичээснээс үл хамаарч, зорилготой явуулгууд их байна. Бид үе үеийн үүсгэн байгуулагч нараа үгүйсгэхгүй, хүндэлж явахаа мэдэгдье.
АН-ын гишүүн Д.НҮРЗЭД: Улсын байцаагчийг дарамталж, намын тамгыг ХҮЧИНГҮЙ болгуулсан гэнэ лээ |
|