УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон Л.Өлзийсайхан, О.Мөнхсайхан, Э.Энхтуяа нарт үнэмлэхийг нь гардуулан өглөө.
Тэрбээр, та бүхэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулахаас эхлээд хэлэлцэн, батлах хүртэлх бүх үе шатанд оролцож явсан. Үндсэн хуулийн үзэл санаа, үнэт зүйлийг сахин хамгаалах, бэхжүүлэхэд хичээн ажиллана гэдэгт итгэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлд Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага гэж тодорхойлсон.
Үндсэн хуулийн Цэц төвийг сахисан, бие даасан, хараат бус байх ёстой. Энэхүү үүргээ ухамсарлаж, чин үнэнчээр ажиллах мэдлэг чадвар, ёс суртахуунтай, эрх зүйч, хуульчид томилогдсон гэдэгт итгэж байна. Цаашид Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулиа төгөлдөршүүлэн, хүний үндсэн эрхийг хамгаалах эрх зүйн шинэчлэлийн эхлэлийг Та бүхэн тавьж байна гээд шинээр томилогдсон гишүүдэд амжилт хүслээ.
ЦЭЦИЙН ГИШҮҮН Л.ӨЛЗИЙСАЙХАН ГЭЖ ХЭН БЭ
Л.Өлзийсайхан нь 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хууль зүйн магистрын зэрэгтэй төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор цолтой.
Тэрбээр 1998-2002 онд Улсын багшийн их сургуульд багш, 2002-2016 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш, 2007-2012 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх, ахлах зөвлөх, 2012 онд Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөхөөр ажиллаж байв. 2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга, 2015-2017 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, 2017-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх болсон. Улмаар 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Стратегийн удирдлага, зохицуулалтын газрын дарга, 2019 оны 05 дугаар сараас УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй юм.
ЦЭЦИЙН ГИШҮҮН О.МӨНХСАЙХАН
О.Мөнхсайхан нь 1983 онд Ховд аймгийн Жаргалант сумд төрсөн. 40 настай, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. Тэрбээр Үндсэн хуулийн эрх зүйн судалгаа хийж, 2008 онд Япон Улсын Нагояагийн их сургуулийн Хуулийн сургуульд хууль зүйн магистрын зэрэг, 2011 онд хууль зүйн докторын зэргээ тус тус хамгаалжээ.
Түүнд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2019 оны 2 дугаар тогтоолоор дэд профессор цол олгосон байна. Англи хэлтэй. 2005 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд тэнхимийн туслах ажилтан, багш, дэд профессор, профессороор нийтдээ 18 жил ажилласан бөгөөд 2022 оны нэгдүгээр сараас МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирлын албан тушаалыг хавсран гүйцэтгэж байгаа юм байна. О.Мөнхсайхан нь МУИС-ийн Хууль зүйн сургууль болон хуульч, шүүгчийн үргэлжилсэн сургалтад Үндсэн хуулийн эрх зүй, хүний эрх, шүүх, хуульчийн ёс зүй, эрх зүйн болон улс төрийн философийн хичээлийг заадаг байна. Сүүлийн 10 жилд мэргэшсэн чиглэлээрээ 30 орчим судалгааны төслийг дангаараа болон багаар хэрэгжүүлж, есөн ном, сурах бичиг, 60 гаруй эрдэм шинжилгээний өгүүллийг англи, монгол хэлээр хэвлүүлсэн байна.
Түүнчлэн 60 орчим судалгааны илтгэл хэлэлцүүлсэн. Тэрбээр АНУ-д Вашингтоны их сургууль болон Жорж Вашингтоны их сургуульд зочин судлаач, Япон Улсын Нагояагийн их сургуульд гадаад судлаачаар ажиллаж байжээ.
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮН Э.ЭНХТУЯА ГЭЖ ХЭН БЭ
Э.Энхтуяа нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 46 настай, нөхөр хүүхийн хамт амьдардаг байна. 1995 онд Ховд аймгийн 10 жилийн I дунд сургуулийг, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. 2005 онд Япон Улсын Кюүшү их сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан, англи, орос хэлтэй.
Тэрбээр 1999-2000 онд Ховд аймгийн прокурорын газрын нарийн бичиг, 2000-2001 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газарт бичиг хэргийн эрхлэгч, 2001-2002 онд ХЗДХ-ийн дэд сайдын туслах, 2002-2012 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2012-2016 онд ХЗЯ-ны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн, 2016 оноос ХЗДХЯ-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байжээ. Хуульч мэргэжлээр 24 жил ажилласан
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛОГДСОН ГИШҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ |
|