Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг Монгол Улсын сайд, Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар томилсон захирамжаа танилцуулж, сайд нар . Тэд ийнхүү Засгийн газрын гишүүний тангаргаа өргөснөөр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинээр томилогдож буй сайд нараа УИХ-д танилцуулахдаа "Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилохоор танилцуулж байна.Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрхзүйн багц шинэчлэлүүдийг үргэлжлүүлэхэд төрийн албанд 23 жил ажиллаж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд байсан, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хороог удирдсан мэргэжлийн болон улс төрийн туршлагыг нь харгалзан үзэв.
Мөн мэргэжлийн Байнгын хорооны даргыг тухайн салбарын яаманд ажиллуулах сонгодог парламентын засаглалын мерит зарчмыг үндэслэл болголоо.
УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд анх удаа Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хорооны даргаар ажиллаж, гурван шатны нээлттэй сонсголыг зохион байгуулж, иргэдийн мэдэх эрхийг хангаж чадсан улс төрчийн эр зориг, тууштай байдлыг нь харгалзан үзлээ. Энэхүү туршлага нь нүүрсний хулгайн сонсголыг амжилттай зохион байгуулж, уул уурхайн системийн авлигыг илчлэх, цаашид ийм алдаа гаргахгүй байхад бодит хувь нэмэр оруулж чадна гэж итгэж байна.
Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын албан тушаалд Б.Дэлгэрсайханыг томилох үндэслэлдээ "Нийслэл хотын асуудал бол цогц асуудал тэр дундаа аж ахуйн ажил юм. Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нийслэлд Засгийн газрын зүгээс улс төрийн дэмжлэг үзүүлэх гүүр болох, нийслэлийн төвлөрлийг ажлын байр, аж үйлдвэржилт, эдийн засагтай уялдуулан шийдвэрлэхэд УИХ-д сонгогдон ажилласан улс төрийн туршлага, хувийн хэвшилд аж ахуй эрхэлж, авто зам, төмөр замын их бүтээн байгуулалтыг удирдаж байсан хувь хүнийх нь амьдралын туршлага, технократ хандлагыг нь харгалзан үзэж, энэхүү албан тушаалд томилуулахаар танилцуулж байна.
Салбар дундын уялдааг хангаж, төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.
Б.Дэлгэрсайхан, Б.Энхбаяр нар тангаргаа өргөж, Засгийн газрын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ |
|