• Өнөөдөр 2025-07-15

НИЙСЛЭЛИЙГ БУС НИЙСЛЭЛИЙН МАН-ЫГ ТӨВХНҮҮЛЭХ ДААЛГАВАРТАЙ Х.НЯМБААТАР

2023-10-05,   881

      Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Х.Нямбаатраас өөр итгэлт хүн, “Давс мэт шорвог” үгээ даах гэж тэмцэх зүтгэлээс өөр зүйл алга даа. Өөрөөр хэлбэл, энэ Засгийн газар ард түмний өмнө “шудрага тэмцэгч”-ийн дүртэй байхыг хүссэн ч, орилохоос өөрийг хийж чадахгүй байсаар буух нь.   Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ганц урдаа барьдаг, итгэлт хүн нь Х.Нямбаатар. Тиймээс МАН-ын бүх ажлыг сүүлийн үед Х.Нямбаатар хариуцах болсон. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатар хоёрын хоршил “бай”-гаа онохгүй харсан зүгтэй үсчсээр, хий сүржигнэхээр хэтэрэхгүй байсаар дуусах нь. 

 
   Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон даруйдаа Замын-Үүд боомтод ажиллаж, “До” яамны ногоон малгайтууд шиг л даналзаж байлаа. Харин “давхар дээл”-тэй сайдын суудлаа хүлээлгэж өгөөд нийслэлийн Засаг даргаар очиж буй тэрбээр Улаанбаатарчуудын өмнө “Давс шиг шорвог үгсээ хэлсээр байна” хэмээн мэдэгдээд буй.
 
      Ядравч ямбаа тавихгүй, ямаа унавч монцгоо тавихгүй гэгчээр Х.Нямбаатар аль ч салбарт байсан сүр дуулиантай, гол дүр байхыг хүсэгч хэвээрээ л байх  юм байна. Гэхдээ түүний энэ байдал хоосон сүржигнэлээс хэтэрдэггүй гэдгийг гадарлахтайгаа болсон биз монголчууд. Анх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан тушаалаа хүлээж аваад удалгүй Х.Нямбаатарын хамт “Боомтын үйл ажиллагаанаас шудрага ёсыг эхлүүлнэ” хэмээн мэдэгдэж Хууль зүйн сайдаар ахлуулсан бүхэл бүтэн баг томилж байв. Замын-Үүдэд очсон Х.Нямбаатар “Тэрийг барь. Засгийн газар эндэхийн том мафитай тэмцэж байна” гээд л камерын өмнө даналзаж байсныг олон нийт мартаагүй байна. Гэтэл тэр сүр дуулиантай баривчилгааны үр дүн чухам юу байв гэдэгт хариулт өгөх хүн ховор байна. “Мафи”-жих хүртлээ  хөл толгойгоо олохоо больсон гэх Замын-Үүдийн удирдлагууд одоог хүртэл үүрэгт ажлаа хийж байна. Мөнөөх сүр дулиант баривчилгааны эзэд тухайн үйл явдлаас ердөө хоёрхон сарын дараа суллагдсан байдаг. 
 
     Түүний дараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Оюутолгойн асуудлаар Арбитрын шүүхтэй маргаж, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхаасаа эхлүүлсэн ажлаа мөн л Х.Нямбаатар ба түүний ойрын туслахуудад хариуцуулж байлаа. Тодруулбал, УИХ-ын 92 дугаар тогтоолын хүрээнд Оюутолгой төслийн гэрээ хэлэлцээрийг сайжруулахаар Засгийн газраас байгуулсан ажлын багийн ахлагчаар Х.Нямбаатарыг томилсон. Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсон сайн мэдээтэй ч мөн л Арбитрын шүүх дээр учраа олоогүй татварын маргаантай хэвээр байна.  
 
Харин 2022 оны хоёрдугаар сараас Засгийн газар Хөгжлийн банктай холбоотой асуудлаар “бөмбөг” тэслэсэн. Ерөнхий сайд мөн л Хууль зүй, дотоод хэргийн сайд             Х.Нямбаатарыг урдаа барьж, “жадны” үзүүр хийж байлаа.
 
        Ингэхдээ түүнд Хөгжлийн банктай холбоотой 130 гаруй хавтаст хэргийг ил болгох даалгавар өгч Хөгжлийн банкийг хуу тоносон, хугацаагаа хэдэн жилээр хэтрүүлсэн, авсан зээлээрээ казино тоглосон, зээлээ төлөөгүй бултсан бүхнийг ил болгож, олны өмнө шүүх ажлыг мөн л хариуцуулсан. Бүтэн жилийн турш дуулиан тарьсан Хөгжлийн банкны хэрэг эцэстээ хэдхэн хүнээр “туг” тахих төдийхнөөр чимээгүй болж, найр наадамтай залгасан удаатай. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн бакны зээлээр казинодсон гэх зээлдэгчид Х.Нямбаатарын “өмнөөс” инээгээдээ барьж ядан, алгаа ташаад гарсныг олон нийт мартаагүй байна. Хөгжлийн банкны хэргээр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт зургаан жилийн хорих ял оноож, улс төрийн томчууд тэр чигтэй ялаас мултарсан удаатай. 
 
    Ерөнхий сайд Засгийн газрын дараагийн дуулиан нь нүүрсний хулгайн гэх тодотголтой хэрэг байсан. Тодруулбал, өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн Ерөнхий сайд нүүрсний хулгай гэх асуудлыг сөхөж, олон нийтийн өмнө “УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгээр эхлээд албан тушаалтнуудыг зарлана” хэмээн мэдэгдсэн. Түүнээс ердөө зургаан сарын дараа буюу аравдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-д БЭТ томилж, онцгой дэглэм тогтоосноор нүүрсний хулгайн асуудал олны анхааралд орсон. Харин уг асуудал арванхоёрдугаар сард өндрөө авч, Ардын намынхан ч нэр холбогдож, 17 хүний нэр зарласнаар нүүрсний гэх хэрэг өнөөдрийг хүртэл дуулиантай сэдэв хэвээр байна. 
 
      Нүүрсний хулгайн жагсаалд хэдэн мянган иргэн нэгдэж, Төрийн ордон руу турхирч, Ерөнхий сайдыг гарч ирэхийг шаардаж байхад түүний хажууд Х.Нямбаатар хань болж байсан удаатай. Нүүрсний хулгайн сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг томилоход мөн л Х.Нямбаатараар ахлуулах даалгавар өгч байлаа. 
 
Ийн Ерөнхий сайдын урдаа барьдаг ганц хүн нь Хууль зүй, дотооп хэргийн сайд Х.Нямбаатар байв. Ямар сайндаа л энэ Засгийн газрын үед Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 51 ажлын хэсэгт багтаж, түүнээсээ 22-ыг нь ахалсан байх. Төрд хэрэгтэй зайран гэгчээр л Х.Нямбаатаргүй юм байхгүй байсаар өнөөдрийг хүргэлээ. Одоо ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарааас өөр хүнд итгэдэггүй нь илт байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг даргыг албан тушаалаа хүлээлгэж өгсөн даруйд эргэлзээгүйгээр Х.Нямбаатарыг сонгов. 
 
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албанд томилогдож буй Х.Нямбаатар нийслэл тойрсон хэдэн жили бугшсан асуудлыг нэг дор шийдэж чадахгүй нь тодорхой. Түүнд бүрэн эрхийнхээ хугацаанд өөрийнхөө багийг бүрдүүлж,  халаа сэлгээ хийсээр суутал хугацаа нь дуусах нь тодорхой. Харин энэ хугацаанд Х.Нямбаатар нийслэлийг биш нийслэлийн МАН-ыг төвхнүүлэх даалгавараа гүйцэтгэх нь тодорхой байна. 
 
      Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хугацаанд 16 аймагт очиж, иргэдтэй уулзах зууртаа ирэх сонгуулийн рейтингээ тандаж, хөдөө орон нутагт ухуулга хийх санаатай мордоод ирсэн. Гэвч очсон аймаг болгондоо базаахгүй дүн авч, иргэдэд шүүмжлүүлээд ирсэн. Тийм дээ ч орон нутгийн сонгуулийн “пи-ар”-аа тэр чигт нь анхан дунд шатны намын төлөөлөгч нартаа хариуцуулаад, өөрөө нийслэлээ тойглож, эхэлэхээр бэлтгэл ажилдаа орсон нь энэ биз.
Нэг ёсондо Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нийслэлийн МАН-ыд очижбуй “БЭТ” болох нь гэхэд хилсдэхгүй биз.
    
 

НИЙСЛЭЛИЙГ БУС НИЙСЛЭЛИЙН МАН-ЫГ ТӨВХНҮҮЛЭХ ДААЛГАВАРТАЙ Х.НЯМБААТАР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-05 15:45:15
    ХОТЫН дарга зам засварт анхаарна уу: ОРБИТ-НАЙРАМДАЛЫн нийтийн авто зам машин явахад түвэгтэй болоод удлаа. Мэдээж энэ замыг шинэчлэх мөнгө байхгүй. АДАГЛААД замын нүхнүүдийг бөглүүлэх арга хэмжээ авна уу? АЗЗ анги ажлаа хийхгүй юм даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-05 09:07:16
    Отро: Монголын ежов.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188