• Өнөөдөр 2025-03-15

БАЙР СУУРЬ: ОУПХ Монгол Улсад хэрэг нээсэн нь улсын нэр хүнд, эдийн засагт сөрөг нөлөөтэй

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр цагдан хорьж, улмаар зургаан жилийн хорих ялаар шийтгэсэн. Тэгвэл энэ асуудлыг Олон улсын парламентын холбоо хууль зөрчсөн хэмээн үзэж Монгол Улсад хэрэг нээжээ.

ОУПХ нь дэлхийн 179 улс нэгдсэн олон улсын байгууллага аж. Тус байгууллага нь гишүүдийнхээ дунд ардчилсан засаглал тогтоох, хариуцлагыг нь нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг дэмжих, хууль тогтоох байгууллагуудын жендэрийн тэгш байдлыг дэмжих, улс төр дэх залуучуудын оролцоог бэхжүүлэх, тогтвортой хөгжүүлэх зорилготой аж. 1889 онд парламент хоорондын конгресс нэртэйгээр байгуулсан байна.
 
ОУПХ нь Байнгын Арбитрын шүүх, Үндэстнүүдийн лиг, НҮБ зэрэг олон улсын эрх зүйн байгууллагуудын хөгжилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг. НҮБ-ын Ерөнхий Ассамблейд байнгын ажиглагчийн статустай юм байна. Олон улсын парламентын холбоо Монгол Улсын шийдвэрлэсэн асуудалд оролцож, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эрх зүйн үндэсгүй. Гэвч эрх нь зөрчигдсөн парламентын гишүүнийг хамгаалж, олон улсын байгууллагуудад нөлөө үзүүлэх боломжтой аж. Энэ нь улс орны нэр хүнд, эдийн засгийн асуудалд сөрөг үр дагавартай юм. Манайд тус байгууллага 2018 онд С.Зориг асны хэргээр  анх хэрэг үүсгэж байжээ. Харин энэ удаад Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон явдлыг тэд “Парламентын гишүүний бүрэн эрхэд халдсан халдсан” хэмээн үзэж, хэрэг үүсгээд байгаа юм.
 
Тэгвэл энэ асуудалд УИХ-ын гишүүд дараах байр суурийг илэрхийлсэн.
 

УИХ-ЫН ГИШҮҮН Н.ЭНХБОЛД: Шүүхийн байгууллага өөрийн итгэл үнэмшлээр хуулийн дагуу шийдвэр гаргах эрхтэй

Энэ асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо хэд хэдэн удаа авч хэлэлцсэн. Холбогдох материалуудтай танилцсан. Шүүх, прокурорын байгууллагад хүсэлт хүргүүлээд байна. УИХ-ын сонгуулийн сурталчилгаа явж байх хугацаанд Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авч баривчилсан эсэхийг тодруулсан байгаа.
 
УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дуусаагүй, дахин сонгогдсон хүнийг баривчилсан асуудлаар тайлбар өгөх албан бичиг явуулсан. Бидэнд хариу бүрэн ирээгүй байна. Дэд хорооны гишүүд гишүүний бүрэн эрх зөрчигдсөн гэж үзсэн. ОУПХ парламентчдын эрх зөрчигдсөн эсэх асуудлаар хэрэг нээж, хянаж, шалгадаг дүрэмтэй. Тиймээс манай намын гишүүд, ар гэрийнхнээс нь ОУПХ-нд хүсэлт явуулсан. Энэ асуудлаар ОУПХ хуралдаж, Ж.Эрдэнэбатын эрхийг гурван үндэслэлээр зөрчсөн гэж үзээд хэрэг нээсэн. Халдашгүй байдлын дэд хороо тухайн хүний эрх зөрчигдсөн эсэхэд хяналт тавина. Шүүхийн байгууллага өөрийн итгэл үнэмшлээр хуулийн дагуу шийдвэр гаргах эрхтэй.
 

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХ-ОРГИЛ: Ж.Эрдэнэбатыг хорьсон нь ард түмний эрхэд халдаж байгаа хэрэг

 
Үндсэн хуулиар төрийн эрх барих дээд эрх мэдэл ард түмэнд байгаа. Ж.Эрдэнэбатын цаана ард түмний эрх мэдэл байгаа гэсэн үг. Халдашгүй байдлыг нь түдгэлзүүлэх эрх нь Ерөнхий прокурор тайлбарлаж, дэд хороо хэлэлцэж, УИХ олонхиороо шийддэг. Гэтэл энэ тохиолдолд прокурор энэ асуудлыг оруулж ирээгүй. УИХ үүнийг хэлэлцээгүй. Хувь хүн гэхээс илүү ард түмэнд хадгалагдаж байгаа эрхэд халдаад байгаа  юм.
 
Шүүх УИХ-ын гишүүнд биш, Ерөнхий сайдад нь холбогдуулж хэргийг нь шийдвэрлэсэн гэх тайлбар өгсөн байна лээ. Ингэж болохгүй. Бид энэ асуудлыг олон улсын байгууллагаас ирүүлсэн бичигт хариу өгч, холбогдох тайлбарыг авах гэж оролдож байна. Цаашид шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. ОУПХ хэрэг үүсгэнэ гэдэг нь аль нэг улсын парламентаар, парламентын гишүүний эдэлж байх ёстой эрхийг нь ямар нэг байдлаар зөрчсөн эсэхийг судалж, дүгнэлт гаргаж, Монгол Улсад шаардлага хүргүүлнэ. Энэ нь өөрөө бидний хувьд их бодууштай, сургамж авах ёстой зүйл. Сая Европын холбооноос шинэ дүрэм, журмууд гарсан. Европын холбоо шинээр баталсан хуульдаа “Бусад улс оронтой эдийн засаг, нийгэм, соёлын хамтын ажиллагааг хэрэгжүүлэхдээ хүний эрхийн асуудлыг нэн тэргүүнд тавина” гэсэн. Европын холбоо ОУПХ-ын дүгнэлтийг харгалзаж, шийдвэр гаргах байх” гэжээ. 
 
 
 
 

БАЙР СУУРЬ: ОУПХ Монгол Улсад хэрэг нээсэн нь улсын нэр хүнд, эдийн засагт сөрөг нөлөөтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188