• Өнөөдөр 2024-04-25

Д.Бумдарь: Анхан болон дунд шатны сонгуульд нэр дэвшигчид намаас нэр дэвшихгүй байх зохицуулалттай болох нь зөв

Манайх мажоритар системийг төлөвшүүлнэ гэж байгаа бол  илүү сайжруулах ёстой

Улс төр судлаач Д.Бумдарьтай 2020 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн  ИТХ-ын сонгуулийн талаар ярилцлаа.

-Аймаг нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн сонгууль ирэх сарын 15-нд болно. Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн гол онцлог нь юу вэ?
-Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулийг тусдаа хуулиар зохицуулахаар болсон нь хамгийн том өөрчлөлт байлаа. Гэхдээ сонгуулийн хэлбэр нь ижил буюу мажоритараар болно. УИХ-ын сонгуулийг судлаачдад судалгаа, дүн шинжилгээ хийх боломжтой байхаар зохицуулж өгсөн ч орон нутгийн сонгуульд ийм боломж хязгаарлагдмал. 
 
-Сүүлийн жилүүдэд орон нутгийн сонгуулийн ирц буурсан гэх тоон мэдээлэл бий. Жишээ нь, 2016 оны сонгуулийн үеэр зарим тойрогт ирц хүрээгүй. ИТХ-ын сонгуулийн ирц буурч байгаа нь ямар шалтгаантай вэ. Хуулийн өөрчлөлтөөр үүнийг шийдвэрлэж чадсан уу?
 -Парламентын сонгууль болчихсон юм чинь засаг захиргааны нэгжийн удирдлагыг төрөөс томилж болдоггүй юм уу гэх хандлага олон нийтийн дунд байдаг. Тэр утгаараа орон нутгийн сонгуулийн ирц сүүлийн жилүүдэд буурах хандлагатай байна. Орон нутагт намын гишүүд л санал өгдөг байдал ажиглагдах болсон.
 
Монгол Улс нэгдмэл засаглалтай, босоо удирдлагатай орон. Тэгэхээр төрөөс гаргаж буй бүх бодлого, шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороонд хүргэх хэрэгтэй. Зөвхөн нийслэлээс бүх шийдвэрийг гаргаад байвал орон нутагт төрийн бодлого бүрэн хүрч чадахгүй. Иймд ИТХ-ын сонгуулиар сонгогдсон хүмүүс тухайн засаг захиргааны нэгжийн сайн сайхан, эрх ашгийг хангахын төлөө ажиллах ёстой. Ингэхдээ Засгийн газраас гаргасан мөрийн хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.
 
-УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй олонх болсон. Орон нутгийн сонгуульд бусад нам, эвсэл ялсан ч нэг нам олонх болж, бодлого тодорхойлж байгаа учраас шийдвэрт нөлөөлж чадахгүй гэх ойлголт иргэдийн дунд байдаг. Орон нутгийн сонгуульд иргэд яагаад идэвхтэй оролцох шаардлагатайг тайлбарлахгүй юу?
-Сонгууль явж байгаа бол хяналт, тэнцэл гэж байх ёстой. Орон нутагт хяналт, тэнцлийг ИТХ-аас сонгосон төлөөлөгчид хангана. Төлөөлөгчид Засаг даргаа нэр дэвшүүлж, олонхын санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал хүргүүлдэг. Улмаар Засаг дарга төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг бол ИТХ-ын гишүүд түүнийг хянадаг.
 
Тиймээс л иргэд үүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Засаг даргын тамгын газар нь төрөөс гаргасан шийдвэрийг биелүүлдэг боловч өөрийн мөрийн хөтөлбөрөө тухайн жилийнхээ төсөвт суулгаж, батлуулдаг. Орон нутагт мини парламент үүсээд Засаг дарга Ерөнхий сайд шиг эрх мэдэлтэй болж байна гэсэн үг. Үүнийг нь ИТХ-ын хянадаг байхын тулд аль болох хүчтэй байх хэрэгтэй. Гэтэл манайд ИТХ-ын сонгуулиар нэг нам олонх болчихвол тохироогоор Засаг даргаа сонгочихдог. Ингэхээр хяналт, тэнцэл байхгүй болчихож байгаа юм. Сонгогчдын хувьд орон нутгийн төсвөө хянах, орон нутгийн хэрэгцээ, шаардлагыг мэддэг төлөөлөгчөө сонгоход анхаарах хэрэгтэй.
 
УИХ-д олонх болсон намын төлөөлөгчийг дэмжнэ гэх ойлголт иргэдийн дунд байхыг үгүйсгэхгүй. Учир нь төрийн дээд шатны байгууллагатай хамтран ажиллаж, илүү бүтээмжтэй ажиллах боломж бүрдэнэ гэдэг ойлголт илүү байж магадгүй. Гэхдээ дээр хэлсэнчлэн хяналт, тэнцлийг хангах ёстой гэж байгаа бол бусад намын мөрийн хөтөлбөрийг харж, сонголтоо хийх шаардлагатай. 
 
-Орон нутагт намчирхал, улс төрөөс үүдсэн хуваагдал маш их байдаг. Үүнийг ч Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үеэр хэлэлцэж, ИТХ-д нэр дэвшигчдийг намын харьяалалгүй болгох хэрэгтэй гэх санал хүртэл гарч байсан. Гэтэл та хяналт, тэнцэл байх хэрэгтэй гэлээ. Хяналт, тэнцэл нь өөрөө намчирхал, хуваагдал үүсгээд байгаа юм биш үү?
-ИТХ-д сонгогдсон гишүүн төрийн албыг давхар хашиж болох хуулийн заалттай. Үүнээс шалтгаалж хуваагдал, нам дагах асуудал үүсдэг. Түүнчлэн уул уурхайн олборлолт эрхэлдэг, эдийн засгийн чадавхтай аймгуудад намчирхал харьцангуй бага. Учир нь ажлын байр олонтой. Гэтэл зарим аймаг, суманд ажлын байр хомс. 
 
Төсвөөс цалинждаг эмч, багш гэх мэт баталгаатай цөөн хэдэн ажлын байртай. Эрх барьж буй намаа удаан байлгаж чадсан нь ажлын байраа олон жил хадгалах боломжтой байдаг. Ийм гаж улс төрийн соёл тогтчихсон. Энэ нь сонгуулийн үр дүнд нөлөөлдөг нь нууц биш. Тиймээс төрийн албан хаагчдыг орон нутгийн сонгуулиас чөлөөлөх нь зүйтэй. Хэрвээ тухайн хүн оролцох хүсэлтэй бол албан тушаалаасаа огцордог байх зохицуулалтыг хийх шаардлагатай.
 
Ер нь цаашдаа анхан болон дунд шатны сонгуульд нэр дэвшигчид намаас нэр дэвшихгүй байх зохицуулалттай болох нь зөв. Тухайн орон нутгаа сайн мэддэг, иргэдийн саналыг дээд шатны байгууллагад уламжилж чаддаг, хөгжлийн бодлого ярьдаг хүнийг дэвшүүлдэг байх хэрэгтэй.
 
-Гурван шатны сонгуулийг тусдаа хуулиар зохицуулахаар болсон ч тогтолцоо нь ижил. Гэтэл энэ нь тийм ч оновчтой хувилбар биш гэдгийг УИХ-ын сонгуулиас харлаа шүү дээ?
-УИХ-ын сонгуулийн үр дүнгээс бид мажоритар системээр сонгууль явуулахад иргэдийн санал олноороо гээгддэгийг харлаа. Эрх баригчид нийт сонгогчийн 40 гаруй хувийн саналаар УИХ-д 62  суудал авсан. Өөрөөр хэлбэл, саналын жин гэдэг ойлголт Монголд байдаггүй юм байна. Орон нутгийн нэг иргэний санал нийслэлийн иргэдийн саналаас илүү нөлөөтэй байна гэсэн үг.
 
Энд сонгуулийн шударга байх зарчим, улс төрийн тэгш эрх алдагдаж байна. Тэгэхээр мажоритар системийг төлөвшүүлнэ гэж байгаа бол бид илүү сайжруулах ёстой. Цаашдаа сонгогчдын саналыг гээгдүүлэхгүй байхад анхаарах хэрэгтэй. Энэ талаар судлаачид холимог тогтолцоог оруулах хэрэгтэй гэдэгт санал нэгдэж байгаа. Ирэх дөрвөн жилийн хугацаанд улс төрийн зориг гаргаад энэ тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Хэдий Үндсэн хуульд мажоритар системээр сонгууль зохион байгуулахаар тусгасан ч 100 хувь ингэж явуулна гэсэн үг биш. Маш олон арга хэлбэр бий.
 
-Тэгэхээр энэ тогтолцоог хэрэглэж байгаа учраас орон нутгийн сонгуульд нэг нам олонх болох боломжтой гэсэн үг үү?
-Намын мөрийн хөтөлбөрөөс шалтгаална. Нийслэлийн тойргуудад өрсөлдөөн ихтэй сонгууль болох байх. Дээр нь эдийн засгийн эргэлттэй, татвар өндөр төлдөг аймгуудад өрсөлдөөн ширүүн байна. Бид энэ 30 жилийн хугацаанд мажоритар системээр сонгууль зохион байгуулахад орон нутгийн тойргоо усалдаг, дэмждэг, тэнд өөрийн сүлжээтэй болчихсон хүмүүст сонгуульд ялалт байгуулах магадлал өндөртэй гэдгийг ойлголоо. Энэ удаад ч тухайн орон нутагтаа илүү нэр хүнтэй, сайн ажиллаж чаддаг хүнээ л сонгох байх.
 

Д.Бумдарь: Анхан болон дунд шатны сонгуульд нэр дэвшигчид намаас нэр дэвшихгүй байх зохицуулалттай болох нь зөв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188