• Өнөөдөр 2024-04-20

Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайд нарын ХЭН НЬ ХЭН БЭ

2023-04-20,   914

Монгол Улсад гаднын улсын дипломат, консулын төлөөлөгчийн газар, НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн 42 газар байдаг. Үүнээс 25 Элчин сайдын яам, гурван консулын хэлтэс, газар, 14 олон улсын байгууллагийн суурин төлөөлөгчийн газар бий. Одоогоор Монгол дахь гадаадын Элчин сайдын яамдаас ОХУ, Болгарын ЭСЯ-ыг түр хамаарагч зохицуулан ажиллаж байгаа юм. Эргэлт.мн мэдээллийн сайт Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нараас онцолж, хэн нь хэн болохыг танилцуулж байна.

ПИ АРЫГ “ХАШРААДАГ” АНУ-ЫН ЭЛЧИН РИЧАРД БУАНГАН

АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган тус албан тушаалд томилогдохоосоо өмнө АНУ-ын Төрийн департаментын Дэлхий дахины олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн товчоонд Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогчийн үүрэг гүйцэтгэж байжээ. Түүнээс өмнө Иерусалем дахь Ерөнхий консулын газарт Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын яамны Хэвлэлийн атташе, Парис, Абиджанд дипломат ажилтнаар ажилласан туршлагатай аж. Мөн Ричард Буанган нь АНУ-ын Төрийн департаментын хэд хэдэн нэр бүхий шагнал хүртэж байв.

Элчин сайд Ричард Буанган АНУ-ын Калифорни мужийн Сан-Диего хотод төрж, өссөн бөгөөд Филиппин-Америк гаралтай. Тэрбээр ахлах сургуулиа төгсөөд Сан-Диего хотоо Техас мужийн Остин хотын Гэгээн Эдвардын их сургуульд сурч, улс төрийн шинжлэх ухаан, эдийн засгийн мэргэжил эзэмшсэн байдаг. Ричард Буанган АНУ-ын Төрийн департаментын ажлаа 1999 оноос эхлүүлсэн бөгөөд 20 гаруй жилийн турш олон нийтийн дипломат ажиллагааны чиглэлээр ажилласан туршлагатай мэргэшсэн дипломатч гэнэ.

                         АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган өнгөрсөн аравдугаар сарын 20-нд Монгол Улсад газардсанаасаа хойш л сошиал сүлжээгээр олны анхаарлыг татаж эхэлсэн. Элчин сайд Ричард Буанганы одоо идэвхтэй “Twitter” хаяг нь 2015 онд нээгдсэн өмнөх Элчин сайд Майкл Клеческигийн ашиглаж байсан хаяг. Харин Элчин сайд Ричард Буанганы өөрийн албан ёсны “Twitter” хаяг 10 мянган дагагчтай бөгөөд уг хаягаараа хэдэн сардаа ганц, нэг удаа жиргэдэг юм байна. Элчин сайд асан Майкл Клеческигээс “залгамжилж” авсан хаягаараа Р.Буанган очсон газар болгоныхоо сониныг бичиж, тааралдсан хүмүүстээ баяр хүргэх аж. Өнгөрсөн сар шинийн баяраар гэхэд Ричард Буанганы монгол хэлний цагаан толгой сурч, сар шинийн мэндчилгээ дэвшүүлэхээр бэлдэж байгаа тухай бичлэг цахим сүлжээнд гарч, олон хүнд хүрээд байв. Тэгвэл Элчин сайд Ричард Буанган нь манай оронд суугаа Элчин сайдуудаас хамгийн сошиалд идэвхтэй, пи ар сайтай гэдгээрээ танигдаж эхлээд буй бөгөөд тэрбээр өмнө нь албан ажил эрхэлж байсан БНХАУ, Изриал зэрэг оронд ч чамгүй нэртэй гэнэ.

ХӨНГӨН АТЛЕТИКЧ ЭЛЧИН САЙД КЭЙТИ СМИТ

Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смит Лондонгийн засгийн сургууль, Нью Саут Уэльсийн их сургуульд зэрэг хамгаалсан хүмүүнлэг, шинжлэх ухааны магистр. Тэрбээр уг албанд томилогдохоосоо өмнө Австрали Улсын Гадаад харилцаа, худалдааны яамны Номхон далай хэсгийн даргын ахлах зөвлөхөөс эхлээд Лаос, Индонези Австралийн Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

                         Сонирхуулахад, Элчин сайд Кэйти Смит дипломат алба хашихаас гадна хөнгөн атлетикаар хичээллэдэг нэгэн. К.Смит Монголд ирснээсээ хойш амралтын өдрөөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг газарт очиж, гүйдэг гэнэ. Мөн тэрбээр энэ жил зохион байгуулагдах “Улаанбаатар марафон”-д оролцохоор бэлтгэлээ хийж байгаа талаар “Twitter” хуудастаа жиргэсэн байна. Австралийн Элчин сайдын яам албан ёсны “Facebook” хаягаараа дамжуулан олон нийтэд идэвхтэй мэдээлэл хүргэдэг бөгөөд Элчин сайд Кэйти Смит ирснээс хойш тус яам хоёр орны хөгжил, монгол залуусыг Австралид тэтгэлгээр сургах асуудалд идэвхтэй ажиллах болжээ.

МОНГОЛ ДАХЬ БНХАУ-ЫН “ГОЛ ДҮР” ЦАЙ ВЭНЬРУЙ

Өдгөө 60 настай БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй бусад Элчин сайдаас илүү олны анхаарал өртөж явдаг нэгэн. Тэр дундаас 2020 онд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И ирэхээс өмнөхөн “БНХАУ-ын Үндсэн хуулиар иргэн бүр улсын нийтээр хэрэглэдэг хэл бичгийг сурах, хэрэглэх эрх үүрэгтэй. Холбогдох шийдвэр, арга барил маань хуульд нийцсэн бөгөөд энэ нь Хятад Улсын дотоод хэрэг”, “Манай гадаад хэргийн сайд Ван И айлчлалынхаа үеэр Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж олгох Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурна”, “Цар тахлаас шалтгаалж манай улсын эдийн засаг хумигдаж байна. Нүүрсний хэрэгцээ багасаж байна. Бараг нүүрсний хэрэгцээ байхгүй. Ний нуугүй хэлэхэд, та бүхний ашиг сонирхлыг харгалзан ажиллаж байна” хэмээж нэг хэсэг олны анхаарал дунд явсан байдаг.

                         Элчин сайд Цай Вэньруй гэр бүлтэй, нэг хүүхэдтэй бөгөөд БНМАУ-ын үед ч Элчин сайдын яамны ажилтан байв. Тэрбээр Монголд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад томилогдохоосоо өмнө Замын-Үүдэд суух ерөнхий консул байсан. Улмаар Элчин сайдын албанд томилогдоод дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа юм.

ИДЭВХТЭЙ ЭЛЧИН КОБАЯШИ ХИРОЮКИ

Монголд суух Элчин сайдуудаас очиж, хүрч болох газар бүрд очсон, хамгийн идэвхтэй нь Япон Улсаас Монголд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки гэдэг. Тэрбээр нийслэл дэх их, дээд сургуулиудаас эхлээд сургалт, судалгааны төв, хувийн компанийн ажилтан залуус дээр ч очиж, уулзалт, ярилцлага хийдэг юм байна. Олон нийт түүнийг Монголд явуулж байгаа япон соёлын уулзалт, өдөрлөг, арга хэмжээгээр нь мэдэх аж. Японы поп соёлын өдөрлөг болон анимэ, манга сонирхогч залуусын дуртай хөтөлбөрт Элчин сайд Кобаяши Хироюки сайн дураараа оролцдог. Тэрбээр хамгийн сүүлд буюу өнгөрсөн гуравдугаар сард Японы эзэн хаан Тэнногийн төрсөн өдөрт ёслох хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулсан байна.

ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛД СУУГАА АКСЕЛЬ НИКЭЙЗ

Европын холбооноос Монгол Улсад суух Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз холбоонд ажиллаж байсан 20 гаруй жилийн албан туршлагатай хүн юм байна. Тэрбээр 1998 оноос хойш Европын холбоонд ажиллаж байгаа бөөөд холбооны Брюссель дэх төв, Киргиз, Украин, БНХЭУ-д ажиллаж байжээ. Харин Монголд суух Элчин сайдаар томилогдохынхоо өмнө Европын холбооноос Вьетнам Улсад суух Төлөөлөгчийн газрын дэд тэргүүнээр ажиллаж байсан аж.

                         Тэрбээр Брюсселийн их сургуульд олон улсын харилцаа, эрх зүй, улс төрийн шинжлэх ухаан, бизнесийн удирдлагийн чиглэлээр тус тус магистр хамгаалсан бөгөөд франц, англи, орос хэлтэй гэнэ. Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз Монгол Улсад томилогдсоноосоо хойш Европын холбоогоор дамжуулан нэмүү өртөг шингээсэн бараа, бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх, Европын зах зээл рүү экспортыг нь нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, голлон ажиллаж байгаа аж.

БӨХИЙН “ХОРХОЙТОН” ФРАНЦЫН ЭЛЧИН СЭБАСТИЕН СҮРҮН

Энэ жил 50 нас хүрч байгаа Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүн Монгол дахь Элчин сайд нар дундаа хамгийн “залуу”-нуудын нэг нь. Тэрбээр 2021 оны наймдугаар сараас тус албанд томилогдон ажиллаж байгаа бөгөөд Парисын улс төр судлалын дээд сургууль, Германы Боннын хуулийн сургуулийг төгссөн, Францын Үндэсний гавьяаны одонгийн Хүлэг баатар буюу I зэргийн одон, гадаад хэргийн хүндэт медалтай нэгэн аж.

                         Элчин сайд Сэбастиен Сүрүн Монголд зохион байгуулж байгаа үйл ажиллагаануудад идэвтхэй оролцдог бөгөөд өөрөө ч бөхийн “хорхойтон” гэнэ. Спортын төв ордны гадаа байсан жүдо бөхийн тамирчидтай уулзаж, ярилцаж байгаа тухай нь нэг хэсэг сошиалаар түгж олон хүнд хүрч байв. Өөрөө ч бөхөд “хорхойтой” монгол бөхчүүдэд дуртай Элчин сайд Сэбастиен 2024 онд Парист зохиогдох олимпод Монголын багийг дэмжиж оролцохоо ч мэдэгдээд байв.

 

 

 


Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайд нарын ХЭН НЬ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188